Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2422

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01838 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч К-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх тухайн байгууллагад 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр орчуулагчийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажилд орсон. Тухайн байгууллага ажилд орсон хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, тушаал гаргадаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, төлсөн ч дутуу бодож төлдөг, захиргааны зүй бус дарамтыг маш их үзүүлдэг. Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалаад үг хэлэхээр дандаа тайлбар тавьдаг гээд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захирлын эхнэр, менежер Т.О “чи захирал руу яагаад мессеж бичээд байгаа юм гээд чи сайн гэсэн биз дээ халлаа” гэж гэсэн. Миний бие орчуулагчаар ажилд орсон ч гэсэн энэ байгууллагын бүх ажлыг хийж байсан. Захирал тухайн үед Монголд байгаагүй нутагтаа байсан учраас би ажил үүргийнхээ хувьд ажил байдлаа танилцуулсан. Миний бие ажлаас халсан тушаал шийдвэрээ өгөөч гэхэд өгөхгүй гэсэн болно. Иймд менежерийн хууль бус үйлдлийг ажлаас халсантай адилтган үзээд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О- нь тус компанид 2016 оны 4 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Бичгээр байгуулсан гэрээ байхгүй, сарын хөлсийг тогтмол 600 000 төгрөгөөр тохиролцон олгож байсан. Харин 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оффис менежерээр ажиллах хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж ажилласан. Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлсөн ба тушаалыг Ц.О-т гардуулах гэтэл тушаалыг гардаж авалгүй хэрүүл маргаан хийж, улмаар ажил албан тушаал болон хариуцан хэрэглэж байсан эд хөрөнгө, өрөөний түлхүүр, компьютер зэргийг хүлээлгэн өгөлгүй ажлын байрыг орхин явсан. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр явахдаа өөрийн ажил үүргийн хүрээнд хэрэглэж байсан компьютерт байгаа бүх мэдээлэл, файл, өөрийн хийж гүйцэтгэж байсан мэдээ, тайлан бусад холбогдох баримтыг бүгдийг устгаж явсан нь маш ёс зүйгүй үйлдэл болсон. Ц.О-т ажлаас чөлөөлөх тушаал гардуулсан баримт байхгүй ба өөрт нь цаашид гэрээг сунгахгүй талаар урьдчилж хэлсэн байсан тул ажил албан тушаалаа ч хүлээлцэхгүй орхин явж дээрх ёс зүйгүй үйлдэл гаргасан болно. Иймд Ц.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.О-ийг урьд эрхэлж байсан ажил буюу “Х б к” ХХК-ийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 762 694 төгрөгийг хариуцагч “Х б к” ХХК-аас гаргуулж нэхэмжпэгч Ц.О-т олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 59 153 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрөхөөр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ12017/01838 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрт “...Иймд нэхэмжлэгч Ц.О-ийг оффис менежерийн ажилд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй байна”, мөн “...Ажил олгогч ажилтантай гэрээ байгуулахдаа 4 сарын туршилтын хугацаа тохирсон байх бөгөөд түүнийг ажилд томилсон тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна. Энэхүү тохиролцоо нь тухайн үед хүчин төгөлдөр байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын “Туршилтын болон сургалтын хугацаа 6 сараас илүүгүй байна.” гэсэнтэй нийцсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.” хэмээн дүгнэсэн байна.

Ингэж дүгнэсэн атлаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр туршилтын хугацааг дуусгахдаа дан ганц хугацаа дуусах хууль зүйн үйл явдлаар бус мөн туршилтын хугацаанд ажилласан үр дүнгийн байдлыг давхар харгалзаж үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ зүйл, заалтыг туршилтын хугацаанд хэрэглэхдээ хугацаа дуусах урьдчилсан нэг нөхцөл хангагдахаас гадна туршштын хугацаанд ажил олгогчийн шаардлага шалгуурт тэнцэхгүй байгаа тухай үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт байх нь зүйтэй юм.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй хууль бус шаардлага, үндэслэлийг тайлбарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-г буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-ыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тайлбарлаагүй ба харин Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 1.3-ийн в, г дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн хугацаатай байгуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-г хэрэглэж болохыг зөвлөсөн байдаг.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, Ц.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.О-ээс хариуцагч “Х б к” ХХК-д холбогдуулж гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Х б к” ХХК нь нэхэмжлэгч Ц.О-ийг оффис менежерээр 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллуулахаар тохиролцож, талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан байна. Уг гэрээнд гарын үсэг зурсан талаар нэхэмжлэгч маргаагүй. /хэргийн 63-64 дүгээр тал/

 

Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдахгүй болсон гэж түүнийг оффис менежерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 62 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэсэн зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн хугацаатай гэрээний аль нэг тал санал гаргаснаар тухайн гэрээний харилцаа дуусгавар болохоор байх тул хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хугацааг цааш үргэлжлүүлэхгүйгээр нэхэмжлэгчийг оффис менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч Ц.О- нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр оффис менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах хүртэл тус компанид орчуулагчаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байх ба түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд орчуулагчийн албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн байгууллагад байнгын ажлын байранд ямар ажил, үүрэг гүйцэтгүүлэхээ өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд шүүхийн зүгээс хариуцагчийн ажлын байр байнгын ажлын байр байх ёстой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийг ажлаас халах тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй, туршилтын хугацааг дуусгахдаа дан ганц хугацаа дуусах хууль зүйн үйл явдлаар бус туршилтын хугацаанд ажилласан үр дүнгийн байдлыг давхар харгалзаж үзнэ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Ажил олгогч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулах эрхтэй тул дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Х б к” ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Х б к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 153 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                            С.ЭНХТӨР