Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00689/И |
Дугаар | 130/ШШ2017/00790 |
Огноо | 2017-12-20 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2017/00790
БӨаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БӨаймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суух, Ш овогт Т-ын Аы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БӨаймгийн Хгазар /дарга Б.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Т.А би анх БӨаймгийн Хний хэлтэст 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тушаалаар сахиулын ажилд томилогдсон юм. Түүнээс хойш уг байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байна. 2013 онд тус байгууллагын зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдсөн үед аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сахиулын ажилд ажиллаж байсан юм. Т.А би тус байгууллагад ажилдаа байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч буюу БӨаймгийн Хгазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С ажилтан Т.А намайг 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 49 дүгээр тушаалаар намайг орон тоо нь хасагдсан гэсэн үндэслэлээр сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Т.А би сахиулын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн асуудалд маргаж БӨаймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Анхан болон давж заалдах, хяналтын.шатны шүүхээр гомдол гаргагч Т.А миний гомдлыг ханган шийдвэрлэсэн юм. Ингээд БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн "Т.Аыг ажилд томилох тухай" 65 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон юм. Гэтэл ажил олгогч Т.А намайг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 79 тоот тушаал гарган сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн асуудалд гомдолтой байна. Ажил олгогчийн Т.А намайг сахиулын ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. БӨаймгийн Хгазрын орон тоо, бүтцийг баталсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ХЕрөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 тоот тушаалд өөрчлөлт ороогүй юм. Тухайн тушаалд үйлчилгээний ажилтан 4 байхаар зохицуулсан юм. Урьд гарч байсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол ёсоор тус байгууллагад үйлчилгээний 4 орон тооны нэгэнд сахиул Т.А ажиллах ёстой гэдгийг нотолсон юм. Иймээс тус байгууллагын, бүтэц, орон тоог тогтоосон ХЕрөнхий газрын 2016 оны Б/21 тоот тогтоол хүчинтэй байгаа учраас миний орон тоо албан ёсоор хасагдаагүй гэж үзэж байна.
2. Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан маргаан бүхий тушаалд надад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.-т зааснаар тэтгэмж олгох тухай асуудал тусгаагүй. Иймд БӨаймгийн Хгазрын 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 73 дугаар тушаалыг хүчингүй болгон тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч БӨаймгийн Хгазрын дарга Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус байгууллагад сахиулын ажилд эгүүлэн томилохыг хүссэн иргэн Т.Аы гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үндэслэл:
Т.Аы гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь:
1. Т.Аыг Шүүхийн Шийдвэрийг үндэслээд 2017 оны 09 дүгээр сарын 17ны өдрийн 65 дугаар тушаалаар сахиул гэх ажилд томилсон цалинг нь олгосон.Гэхдээ ажиллуулах ажлын байр байхгүй болохоор ажилласан гэж тооцож сул цалин олгосон.
2. Манай газар "А" ХХК-тай байр түрээслэх гэрээ байгуулсан болохоор тэр компани манай байгууллагын харуул хамгаалалтыг бас хариуцаж байгаа юм. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д тодорхой байна.
3. Манай байгууллагад 4 үйлчилгээний орон тоогоор ажилладаг ба манаач сахиулын орон тоо алга байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилд авсан боловч цаашид ажиллуулах боломжгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохих мэдэгдлээ өгч чөлөөлсөн. Урьд нь 3 сарын тэтгэмжээ авсан болно гэжээ.
Хариуцагч БӨаймгийн Хгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Т.Аыг ажилд авах боломжгүй гэж тайлбар ирүүлсэн. Шүүх хуралдаанд мөн адил ийнхүү тайлбар гаргахыг хүссэн. Үндэслэлийг тайлбарлахад аймгийн Хгазар “А” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд уг түрээсийн гэрээнд тухайн байгууллагын харуул хамгаалалтын асуудлыг түрээслүүлэгч хариуцна гэж заасан. Өөрөөр хэлбэл аймгийн Хгазар С төвөөс 270 м.кв талбайг түрээсэлж байгаа. Түрээслүүлэгч нь харуул, хамгаалалтыг бид нар өөрсдөө хариуцна, камержуулсан байгаа, гадаад дотоод хамгаалалтыг түрээслүүлэгч бид нар өөрсдөө хариуцна гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа Хөдөлмөр, халамжийн Ерөнхий газрын даргын 2016 оны тушаалын хавсралтаар БӨаймгийн Хгазрын бүтэц орон тоог баталсан бөгөөд үүнд үйлчилгээний ажилтан 4 гэж баталсан байгаа. Үүнд манаач 1, үйлчлэгч 1 гэх байдлаар тусгайлан тогтоож өгсөн асуудал байхгүй. Тус байгууллагад одоогийн байдлаар жолооч 1, нярав 1, цэвэрлэгч 1, дотоод заал зохион байгуулагч 1 гэсэн 4 хүн ажиллаж байгаа. Манаач гэсэн орон тоо байхгүй. Нэхэмжлэгч Т.А шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон үнэн. Ажилд орсны дараа нэг сар ажилласны дараа таныг 4 орон тоонд авч ажиллуулах боломжгүй гээд учир байдлыг ойлгуулж, цалинг олгоод 73 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Аймгийн Хгазрын бүтэц орон тоо 44 орон тоогоор батлагдсан. БӨаймгийн Халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэснээр энэ хоёр байгууллагын ажилтан 66 ажилтан болж байгаа. Ийм учраас батлагдсан орон тоонд багтаагаад зарим ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн. Эдгээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс дотор Т.А бас байгаа. Нэхэмжлэгч Т.Ад манаач гэсэн орон тоо байхгүй тул 1 сар ажиллуулаад ажлаас гараарай гэж хэлж ойлгуулж ажлаас чөлөөлсөн. Бүтэц орон тоогоор батлагдсан 4 үйлчилгээний албан хаагчийн орон тоонд манаач гэсэн орон тоо байхгүй. Хариуцагч байгууллага түрээсийн гэрээ хийсэн, уг гэрээгээр харуул, хамгаалалтын асуудлыг түрээслүүлэгчид хариуцуулсан байгаа. Нэхэмжлэгч Т.Аыг авч ажиллуулах манаачийн орон тоо байхгүй. Бүтэц орон тоогоор батлагдсан 45 орон тоонд 66 ажилтныг ажиллуулах боломж байхгүй. Хариуцагчийн хувьд хэрвээ цаашид ямар нэгэн орон тоо гарсан тохиолдолд авч ажиллуулна гэдгийг уламжилж хэлээрэй гэж хэлсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А нь БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай “Т.Аыг ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг үндэслэн тус газрын манаачаар Т овогтой Аыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн томилсон байна.
БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Херөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дугаартай тушаалыг тус тус үндэслэн аймгийн Хгазрын сахиул Т овогтой Аыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Т.А нь ажлаас чөлөөлсөн тушаалаа гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хуулийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Аыг БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тушаалаар ажилд томилж, мөн өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Т.Ад мэдэгдэх хуудас өгч, ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар БӨаймгийн Хгазрын сахиулын ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Т.Аыг сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн хариуцагч БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолуудыг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан байна.
БӨаймгийн Хгазарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн үндэслэл тогтоогдоогүй ба Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дугаартай “Аймаг, нийслэл, дүүргийн Хгазар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай" тушаалын “БӨаймгийн Хгазрын бүтэц, орон тоо-г баталсан жагсаалтын 8 дугаар баганад "үйлчилгээний ажилтан 4" гэсэн 1 дүгээр хавсралтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т.Аыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч ажилтанд олгох тэтгэмжийн талаар тусгаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.
БӨаймгийн Хгазрын дарга Б.С, “А” ХХК-ийн захирал А.К нарын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай “Байр түрээслэх, түрээслүүлэх тухай” гэрээг БӨаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай шийдвэрээр үнэлэн дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлогдохгүй гэж үзлээ.
БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 358 дугаартай “Түрээсний гэрээг тодруулах тухай” албан бичиг, “Ауылым” ХХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүд нь БӨаймгийн Хгазрын сахиул Т.Аыг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааралгүй нотлох баримт болно.
Учир нь ажил олгогч БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд энэ талаар тусгаагүй, уг үндэслэлийг тушаалд баримтлаагүй байна.
БӨаймгийн Хгазрын дарга Б.С, "А" ХХК-ийн захирал А.К нарын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай “Байр түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-ний 2.3-т “харуул хамгаалалтын асуудлыг түрээслэгч хариуцна” гэсэн боловч Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дугаартай “Аймаг, нийслэл, дүүргийн Хгазар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай" тушаалын БӨаймгийн Хгазрын бүтэц, орон тоо-г баталсан жагсаалтын 8 дугаар баганад “үйлчилгээний ажилтан 4” гэсэн 1 дүгээр хавсралтаар тогтоосноор БӨаймгийн Хгазрын үйлчилгээний ажилтанд сахиулын /манаач/ орон тоо орж байгаа тул энэ нь ажил олгогч нь ажилтан Т.Аыг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Аыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Т.Аыг БӨаймгийн Хгазрын сахиулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч БӨаймгийн Хгазрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Ад шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн мэдэгдэх хуудсаар /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан БӨаймгийн Хгазрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Т-ын Аыг БӨаймгийн Хгазрын сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч БӨаймгийн Хгазрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б