Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 111/ШШ2021/001

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч С.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээд Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар холбогдох  “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар “Иргэн, аж ахуй нэгжүүдэд газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Т.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Ж  надад Баянхонгор аймгийн  Бөмбөгөр сумын 3 дугаар багт байрлах Умгар гэх өвөлжөөний газрыг эзэмшүүлэх гэрчилгээг олгохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож, С.Ж  надад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт байрлах Умгар гэх өвөлжөөний газрыг эзэмшүүлэхийг даалгах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Ж  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. Миний бие Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар баг Умгар гэх газар 30 орчим жил өвөлжиж байна. 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдөр гэнэт Бөмбөгөр сумын газрын албаны мэргэжилтэн цагдаагийн хамт ирж манайхыг нүү эсвэл торгоно гэсэн албан бичиг авчирч өгсөн. Ямар учиртайг нь асуухад С гэж хүний эзэмшилд шилжүүлсэн талаар хэлсэн. Энэ талаар бид огт мэдээгүй. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр сумын төв орж засаг дарга болон мэргэжилтэнтэй ямар учиртай юм болоод байгаа талаар уулзахад манай өвөлжөөний газрыг Хүнхэр гэсэн нэртэйгээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2005 оны 09 дугаар сарын 14 ний өдрийн 22 дугаар захирамжийн дагуу 2008 оны 2 сарын 26-ны өдрийн 0410-02000 дугаар гэрчилгээгээр Т.С гэх хүн эзэмших эрхтэй болсныг мэдлээ. Манай гэр бүлийн хүн энэ газрыг умгар гэдэг юм яагаад хүнхэр гэж нэрлэсэн талаар С гэх хүнээс асуухад өөрөө нэр зохиож өгсөн талаараа хэлсэн байсан. С гэгчид манай газрыг эзэмшүүлсэн гэрчилгээ нь засаг дарга А.Х гэсэн хүний нэртэй гарсан боловч тамга тэмдэг гарын үсэг байхгүй бөгөөд тус газрыг эзэмшүүлэх тухай Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын захирамж нь 2005 оны 09 дүгээр сарын 14 ний өдрийн 22 дугаартай гарсан байдаг юм байна. Энэ захирамжийг бидний хувьд урьд өмнө харж байгаагүй. Миний хувьд энэ захирамжид маш их гомдолтой байх бөгөөд бидний 30 орчим жил өвөлжиж амьдарсан өвөлжөөний газрыг гэнэт л тамга тэмдэггүй гэрчилгээгээр бусдад эзэмшүүлж биднийг төрийн албан хаагчидтай Т.С гэгч нь нийлж хөөж тууж байгаад гомдолтой байна. Миний бие тус захирамжийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр анх мэдэж 2020 оны 5 сарын 1 ний өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч Баянхонгор аймгийн Засаг даргад өргөдөл гомдол гаргасан боловч тус захирамжийг хуулийн дагуу гарсан гэсэн хариуг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсээс ирүүлснийг 2020 оны 5 сарын 29-ний өдөр хүлээн авсан. Иймд дараах  нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие болон миний гэр бүлийн эрхийг зөрчиж байгаа тус захирамжид маш их гомдолтой байна. Иймд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар Иргэн аж ахуй нэгжүүдэд газар эзэмшүүлэх тухай”  захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ж  нь тухайн газарт 30 жил нутагласан гэх боловч ямар нэгэн гэрчилгээ байхгүй. 2017 онд сум багийн Засаг даргад гомдол гаргасны дагуу багийн иргэдийн нийтийн хурлаар оруулж байсан. Мөн аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу шалгаж үзээд эзэмшлийн гэрчилгээтэй С-ын талд шийдвэр гарч, Газрын тухай хуулиар С.Ж г тухайн газрыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж ажилласан. Т.С-ын гэрчилгээ 2007 онд А.Х Засаг дарга ажиллаж байх үед захирамжаар олгогдсон юм байна. Бөмбөгөр сумын Засаг даргын 2005 оны 22 дугаар захирамжаар Төмөрийн С эзэмшүүлсэн байдаг. Энэ шийдвэрүүд нь хууль ёсны дагуу гарсан байгаа тул С.Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Гуравдагч этгээд Т.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие төмөр овогтой С нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын гуравдугаар багт оршин суудаг.  Тус багт байдаг Хадны нурууны хүнхэр гэр газрыг 2005 оны 9 сарын  14-ний өдөр хаваржааны зориулалтаар авсан. Гэтэл энэ С.Ж  гэх иргэн манайх гэж булаалцалдах болсон. Тэгээд гэрчилгээгээ үзүүлтэл хуурамч гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Ингээд баг, сумын Засаг дарга нарт мэдэгдэж, багийн хурлаар орж Т.С миний талд шийдэгдсэн боловч энэ Жавхлан гэх хүн газрыг чөлөөлж өгөөгүй тул Сумын Засаг дарга, багийн Засаг дарга, цагдаагийн байгууллага нар чөлөөлөх талаар үүрэг өгсөн боловч одоо болтол чөлөөлөөгүй байна, тийм учраас энэ хүний нэхэмжлэлийг үндэслэхгүй байна. Энэ Ж гэх хүн нь Бөмбөгөр сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд хүний эзэмшлийн хаваржааг булаалцалдаж байгаад гомдолтой байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг зарим  хэсгийг хангаж, зарим хэсгийг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Ж  нь Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар” Иргэн аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх” тухай захирамжид “Хадны нурууны хүнхэр”  нэртэйгээр  Т.С хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга миний газар эзэмших хүсэлтийг хүлээн авдаггүй, шийдвэрлэж өгдөггүй эс үйлдэхүй байгааг тогтоож,   Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын  3-р багийн нутагт байдаг “Хадны нурууны умгар” гэдэг газарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхийг даалгаж  өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч “Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар  захирамжийн Т.С холбогдох хэсэгт  “Хадны нурууны хүнхэр”   нэртэй газрыг хаваржааны журмаар олгосон байна.Гэтэл Т.С нь   ...миний өвөлжиж байгаа “Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газрыг манай “Хадны нурууны хүнхэр” гэдэг нэртэй газар юм гээд Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын тамгын газрын газрын даамал цагдаагийн хамт ирж нүү”... гэсэн мэдэгдэл өгсөн. Манай өвөлжөө нь “Хадны нурууны умгар”   нэртэй газар юм. Би “Хадны нурууны хүнхэр”  гэдэг газрыг мэдэхгүй бөгөөд өөр өвөлжөөний нэр заасан байхад “Хадны нурууны умгар”   нэртэй өвөлжөөг эзэмших гээд байгаа нь  хууль бус юм “...гэв.

Гуравдагч этгээд Т.С ... С.Ж гийн өвөлжиж байгаа газар нь “Хадны нурууны умгар”   гэдэг нэртэй газар биш бөгөөд  “Хадны нурууны хүнхэр”  гэдэг газар юм .Энэ нэрээр  нутгийнхан нэрлэдэг бөгөөд  би “Хадны нурууны хүнхэр”   гэж нэрлэн зааж захирамжид энэ нэрээр тусгуулж авсан юм. Манай аав энэ газар хаварждаг байхдаа хуулийн дагуу эзэмшиж аваагүй байсан .Тийм учраас анх эзэмшиж авахдаа  би өөрөө “Хадны нурууны хүнхэр”  гэж нэрлэж эзэмшиж авсан юм. “...гэв.

     Нэхэмжлэгчийн өвөлждөг,өвөлжиж байгаа газар нь Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын  3 дугаар багийн “Хадны нурууны умгар”  гэдэг нэртэй газар  болох нь гэрч Т. У-ийн  ...”би 61 настай 1981 оноос хойш энд нутаглаж байна. С.Ж гийн өвөлждөг газар нь “Хадны нурууны умгар”   гэдэг газар  бөгөөд олон жил нутгийнхан энэ нэрээр нэрлэж байна “...гэсэн мэдүүлэг , Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын тамгын газрын “Гал түймэрт нэрвэгдсэн тухай  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  “Хадны нурууны умгар”   нэртэй газарт С.Ж гийн гэр, машин шатсан тухай илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.  Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар” Иргэн аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх” тухай захирамжид “Хадны нурууны хүнхэр”  нэртэйгээр  Т.С өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь С.Ж гийн өвөлждөг газар “Хадны нурууны умгар”    нэртэй  газартай ямар ч хамааралгүй бөгөөд өөр нэртэй газар байх тул уг захирамж нь  нэхэмжлэгч С.Ж гийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хөндөөгүй  байна. Иймд Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар” Иргэн аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх” тухай захирамжийн “Хадны нурууны хүнхэр”  нэртэйгээр Т.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар” Иргэн аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх” тухай захирамжид “Хадны нурууны хүнхэр”  нэртэйгээр   уг газрыг Т.С өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн байна. Харин 0410-02000 дугаар  газар эзэмшүүлэх гэрчилгээг олгохдоо хаваржааны зориулалтаар олгожээ. Захирамжаар уг газрыг Т.С өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн байтал гэрчилгээг хаваржааны зориулалтаар олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д ...”энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”..., мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д ...”энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”..., мөн хуулийн 27 дугаар зүйлийн  27.1-д ...”Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”... гэж заасныг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй.          

С.Ж г энд олон жил нутаглаж байсан нь, Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга нь С.Ж гийн  “Хадны нурууны умгар”   гэдэг өвөлжөөний газрын эзэмших хүсэлт, өргөдлийг хүлээж авдаггүй, шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй  гаргадаг байсан нь, уг өргөдлийг шийдвэрлэх эрх хэмжээгүй этгээд болох 3 дугаар багийн иргэдийн нийтийн хуралд хүргүүлсэн болох нь,  нэхэмжлэгчийн ...” манай өвөлжөөний газар нь “Хадны нурууны умгар”   гэдэг газар, энэ нэрийг би өгөөгүй нутгийнханы өгсөн нэр юм. Байнга өвөлждөг “Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газраа өвөлжөөний зориулалтаар эзэмшиж авахаар бичгээр болон амаар удаа дараа хандаж байсан боловч эхэн үедээ хүлээж бай гэдэг байсан сүүлдээ танай өвөлжөөг Т.С олгосон гэсэн тэгээд  би тэр даруй, удаагүй  шүүхэд хандсан. Энэ газарт 1980 оноос хойш нутаглаж байна малчин болоод энэ газарт өвөлжиж хаваржиж байна.Энд манай эхнэрийн А-ын ах нас барж байсан 2017 онд манай гэр, машин шатсан. энэ газар нь дээр үед  мод ихтэй байсан, одоо модгүй болсон. Мод ихтэй учраас гачиг их буудаг газар байсан тэгээд хавар их дулаахан газар, тийм учраас манайх 3 сарын  эхээр нүүдэг тэгэхгүй бол гачганд малаа бариулдаг байсан. 4 сараас С-ын аавынх буудаг байсан гэдэг нь худлаа .  Мал нь гачганд бариулна шүү дээ. Манайхыг нутагладаг гэдгийг энэ хавийн бүх айлууд мэднэ. С-ын аав нутаглаж байгаагүй, С ч нутаглаж байгаагүй“...гэх тайлбар, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бөмбөгөр сумын Засаг даргын тамгын газрын Газрын даамал О.М-ийн ...”С.Ж  гуай өвөлжиж байгаа “Хадны нурууны умгар”   гэдэг нэртэй газраа өвөлжөөний зориулалтаар эзэмшиж авахаар өргөдөл миний санахын 2 удаа өгсөн. Түүнийг яг хэзээ өгснийг санахгүй байна. Энэ газраа эзэмшиж авмаар байна гэж байнга ирдэг  байсан, ирэх болгондоо чамайг ажилгүй болгоно  гэх мэтээр  дарамталдаг байсан.  Ж гуайн өгсөн өргөдлийг  би бүртгэж аваагүй учраас Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт энэ хүний өргөдөл байхгүй. Ирсэн бичгийн бүртгэлд байхгүй учраас яг хэзээ өргөдөл гаргасныг мэдэхгүй  байна. Тухайн үед 3-р Багийн Иргэдийн Нийтийн Хуралд өргөдлийг 1 удаа хүргүүлсэн. Гэхдээ хэзээ би 3-р Багийн Иргэдийн Нийтийн Хуралд өргөдлийг  хүргүүлснээ санахгүй байна. Хүргүүлснээ бас явсан бичгийн бүртгэлд бичээгүй. Багийн Иргэдийн Нийтийн Хурал С.Ж  гуайд ямар хариу, хэзээ хэрхэн өгснийг мэдэхгүй байна. Засаг даргаас болон би энэ хүнд ямар нэгэн байдлаар албан ёсоор энэ газрыг танайд эзэмшүүлэхгүй гэсэн бичгээр шийдвэр гаргаж өгч байгаагүй. Би 2005 онд одоо эрхэлж буй Бөмбөгөр сумын засаг даргын тамгын газарт газрын даамлын ажилд орсон. 2005 оноос хойш энэ газарт С.Ж  өвөлжиж байгаа нь үнэн .Энэ газар нь “Хадны нурууны умгар”  гэдэг газар юм уу “Хадны нурууны хүнхэр”  нэртэй газар юм уу би сайн мэдэхгүй байна.  Т.С нь энэ намар шүүхийг очиж үзсэн газарт намарждаг ,хаварждаг байх би сайн мэдэхгүй  байна. Т.С-ын одоо намаржиж байгаа газрыг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй байна. “... гэсэн тайлбар, гэрч Уранчимэгийн ...” би 61 настай 1981 оноос хойш энд нутаглаж байна. С.Ж гийн өвөлждөг газар нь “Хадны нурууны умгар”   гэдэг газар  С.Ж гийнх олон жил нутагласан, өөр айл нутаглаж байгаагүй ”...   гэсэн мэдүүлэг, Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын тамгын газрын Гал түймэрт нэрвэгдсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  илтгэх хуудас,  шатсан машины зураг,шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ний үзлэгийн тэмдэглэл, С.Ж гийн бууцны зураг ,хаваржааны малын хашааны зураг, өвс хадгалдаг чулуун хашааны зураг ,төл малаа хашдаг хашааны зураг, С.Ж гийн хүүхдүүдийн “Хадны нурууны умгар”  нэртэй өвөлжөөнийхөө хилийг тогтоож уул хадаар  тойруулж барьсан жижиг чулуун овоолго зэргээр тогтоогдож байх бөгөөд  Иргэдээс төрийн байгууллага  албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын тухай хуулийн    5 дугаар зүйлийн 5. 1-д ...” Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.”...12 дугаар зүйлд ...”Өргөдөл гомдол хүлээн авах бүртгэх”...,16 дугаар зүйлийн 16.1-д ...”Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. “... , Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д ...”энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”...,мөн хуулийн 32 дугаар зүйлд ...” Газар эзэмших тухай хүсэлт гаргах”..., 33 дугаар зүйлийн 33.1.1-д ...”энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”...,мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д...”Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”...,22 дугаар зүйлийн 22.1.1-д...”нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах”..., 22 дугаар зүйлийн 22.1.2-д...”баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах”... 22 дугаар зүйлийн 22.1.3-д...”газар ашиглалт, хамгаалалтын талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэнэ”... гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

 Гуравдагч этгээд Т.С нь  манай аав 1999  оноос хойш  энэ газарт хаварждаг байсан би 2005  онд гэр бүл болоод энэ газраа  хаварждаг болсон.  Манайхан олон жил хаваржиж байна.  Энэ намар шүүхийг очиход өөр газар намаржиж байсан үнэн. Өөр газар 2 удаа  л намаржиж байна.  Гэхдээ манай намаржаа биш юм. Ж гуайнх манай газарт буугаад нүүхгүй байгаа учраас би энэ газар буудаг юмаа. Энэ Ж-гийн өвөлжиж байгаа газар нь “Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газар биш “Хадны нурууны хүнхэр”  гэдэг нэртэй газар байгаа юм .Би энэ газрыг хуулийн дагуу эзэмшиж авсан юм гэж тайлбар гаргаж байгаа   боловч маргаж буй газарт өвөлжиж  хаваржиж байсан нь тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь:

               1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар” Иргэн аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх” тухай захирамжид “Хадны нурууны хүнхэр” нэртэйгээр Т.С хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Иргэдээс төрийн байгууллага  албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын тухай хуулийн   5 зүйлийн 5.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга С.Ж гийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авдаггүй, шийдвэрлэж өгдөггүй эс үйлдэхүй гаргаж байсан болохыг тогтоож, С.Ж д  Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын  3-р багийн нутагт байдаг “Хадны нурууны умгар” гэдэг газарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхийг даалгасугай .

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

 ШҮҮГЧ                                   С.САЙНБИЛЭГ