Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгчид Л.Б-, Х.З- /цахимаар/,

Шүүгдэгч А.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт А-ы Н-т холбогдох эрүүгийн 2113000170050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, М.х овогт А-ы Н, 1975 оны 10 сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... ажилтай, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр баг, Хөх толгойд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЖ......................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н- нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сейфуллиний нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн 0029942 дугаартай “Зоо-инженер” мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ашиглаж, 25.070.108 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Н- нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сакен Сайфуллины нэрэмжит Ахмола хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийг №0029942 дипломын дугаартай, Зоо инженер мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ашиглаж, төрд 25.070.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчээс энэхүү гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгчээс энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 25.070.108 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст буцаан төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

 

1.2. Шүүгдэгч А.Н- мэдүүлэхдээ: “Миний бие 1983-1993 оны хооронд Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Улмаар Бүгд Найрамдах Казахстан Улсын одоогийн Астана хотын Хөдөө аж, ахуйн их сургуулийн Зоо техникийн ангийг 1993-1998 он хүртэл  5 жил сурч төгссөн. 1993-1996 он хүртэл 3 жил биечлэн сурч, нэг жил завсарлаж, 1998 онд дахиж орж төгссөн. Гэхдээ Казахстан, Монгол улсын хооронд наймаа хийж байгаад давхар сурч байсан.  Бид нар анх очиход Хөдөө аж ахуйн дээд сургууль нэртэй байсан ба 5 жилээр төгсдөг байсан. Бид нарын дараах буюу 1994 оны элсэгчид элсэх үед их сургууль болон өөрчлөгдөж, 4 жилээр төгсдөг болсон байсан. Би 5 жилийн төгсөлтөөр төгссөн. Тухайн үед  Монгол Улсаас ганц би л байсан. Мерей надаас нэг жилийн дараа элсэж, 4 жилийн төгсөлтөөр төгссөн. Хоёулаа 2 дугаар курс хүртэл нэг байранд хамт байдаг байсан. Анх очиход 4 хүүхэд очсон. Баян-Өлгий аймгаас би, Ховд аймгийн Ховд сумаас 3 оюутан байсан. Мерей тусдаа төгссөн. Нэг оны төгсөлт байсан. Тухайн үед Бүгд Найрамдах Казахстан Улсын боловсролын салбарын нэгдсэн системд миний дипломын дугаар орсон эсэхийг мэдээгүй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн маань үнэн. Монгол Улсын боловсролын нэгдсэн системд миний мэдээлэл байгаа” гэв.

 

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэв.

 

1.5. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Аймгийн Засаг дарга сумын Засаг даргын цалинг тогтооно. Тэрний дагуу цалин авч байсан. Шүүгдэгч А.Н-ийн диплом хуурамч эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан ажиллаж байх хугацаандаа 25.070.108 төгрөгийн цалин авсан гэж үзэж байгаа” гэв.  

 

2. Эрүүгийн 2113000170050 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,

 

2.2. А.Н-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бөглөсөн Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 17-44 дэх тал/,

 

2.3. Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/441 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

2.4. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

2.5. Гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,

 

2.6. Хэрэг бүртгэлтийн 211300017 дугаартай хэрэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн гүйцэтгэл бүхий баримтууд /1 дэх хавтаст хэргийн 101-184 дэх тал/,

 

2.7. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-118, 165-169 дэх тал/,

 

2.8. Бүгд Найрамдах Казахстан Улсын Сакен Сайфуллины нэрэмжит Ахмола газар тариалангийн их сургуулийн 1998 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаартай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 120, 173-179 дэх тал/,

 

2.9. Бүгд Найрамдах Казахстан Улсын Целиноград аж ахуйн их сургуулийн 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 807 дугаартай тушаалын хуулбар зэрэг /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,

 

2.10. Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсролын эзэмшигчдэд үйлчилгээ үзүүлэх төвийн захирал Г.Жусуповагийн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

2.11. Мөрдөгчөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “ЖБ-II, №0186200 дугаартай диплом, хавсралт, ЖБ-II, №0029942 дугаартай диплом, хавсралт баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/,

2.12. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор /2 дахь хавтаст хэргийн 01-03 дахь тал/,

2.13. Тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22/20 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

2.14. Шүүгдэгч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг ” /1 дэх хавтаст хэргийн 240 дэх тал/ зэргийг,

2.15. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас:

2.15.1. Бүгд Найрамдах Казахстан Улсын Агротехникийн их сургуулийн 2 диплом /2 дахь хавтаст хэргийн 02-03 дахь тал/,

2.15.2. Бүгд Найрамдах Казахстан Улсын Агротехникийн их сургуулийг төгссөн 2 гэрчийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68, 115-118, 165,169, 2 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,

2.15.3. Аймгийн Онцгой байдлын газрын диплом галд шатсан талаарх баримт зэргийг,

 

2.16. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-оос:

2.16.1. Хэрэг бүртгэл хэрэг нээсэн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

2.16.2. А.Н-ийн хувийн хэргийн холбогдох материалыг аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,

2.16.3. Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны тогтоол /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

2.16.4. Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5 дугаар зүйлийн 26.5.1 дэх хэсэгт заасан дээд боловсролтой байна гэх шаардлага /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

2.16.5. Хохирогчоор тогтоосон баримт, хохирогч байгууллагын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 204-207 дахь тал/ зэрэг баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Харин хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.М- болон шүүгдэгч А.Н- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Н-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

    1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч А.Н- нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сейфуллины нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн 0029942 дугаартай “Зоо-инженер” мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ашиглаж, 25.070.108 төгрөгийн хохирол улсад учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...сумын Засаг даргаар ажиллах хүнд дээд боловсрол шаарддаг эсэхийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5 дугаар зүйлийн 26.5.1-д дээд боловсролтой гэж заасан байгаа. Дэлүүн сумын Засаг дарга А.Н- нь 2021 оны 01 дүгээр сараас одоор хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байгаа ба одоогийн байдлаар нийт 14.712.470 төгрөгийн цалин авсан байгаа. Яг өнөөдрийн байдлаар буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 21.992.402 /хорин нэгэн сая есөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийн цалин болон нийгмийн даатгал шимтгэл олгогдсон байна. Энэ талаар би жагсаалт гаргаж авч ирсэн байгаа. А.Н-ийн 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын дуустал авсан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг бодож гаргасан байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207, 2 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,

 

3.1.2. А.Н-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бөглөсөн Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 17-44 дэх тал/,

 

3.1.3. Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/441 дугаартай “Тус яамны дээд боловсролын удирдлага мэдээллийн системд А.Н- /БЖ........../ нь дээд боловсрол эзэмшсэн бүртгэлгүй байна” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

3.1.4. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа А.Н- нь Бүгд Найрамдах Казахстан улсад дээд боловсрол буюу Зоо инженер мэргэжлээр төгссөн гэж өөрөө ярьдаг бөгөөд сая сумын Засаг даргаар нэр дэвших санал авахад миний бие Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний хувьд мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой, сумын Засаг дарга болох шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах зорилгоор төгссөн гэх Бүгд Найрамдах Казахстан улсын Сакен Сейфуллин гэх дээд сургууль руу нь хүсэлт өгч явуулахад уг сургуулиас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1700/2230 дугаартай албан бичгийг мэйл хаягаар ирүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

3.1.5. Гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Н- бол 1993 оноос 1998 оны өвөл хүртэл Зоо инженер мэргэжлээр сурч байгаад 1998 оны өвөл наашаа ганзагын наймаа хийгээд нутагтаа ирээд 1998 оны хавар хүртэл байж байгаад буцаж сургуульд очиж дипломоо хөөцөлдөж бүтээж авна гээд 1998 оны зун 6 дугаар сард буцаад Бүгд Найрамдах Казахстан улсын Ахмола хотын Хөдөө аж ахуйн дээд сургууль руу явж байгаа талаараа уулзаад тухайн үед явж байсан. Тэгээд дараа нь таарахад дипломоо бүтээгээд авсан гэж надад хэлж байсан. Түүнээс биш 1998 оны төгсөлтөөр А.Н- байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

3.1.6. Гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Учир нь миний болон А.Н-ийн сурч байсан Хөдөө аж ахуйн дээд сургуулийг “дээд сургууль” байсныг “их сургууль” болгож өөрчлөлт оруулсан юм. А.Н- бид хоёр нэг танхимд сурч байсан ба “их сургууль” болгосноор би анхны 4 жилээр төгсөх оюутан болсон. Харин А.Н- 5 жилээрээ буюу 1998 онд бид нартай хамт төгсөх байсан боловч миний санаж байгаагаар А.Н- төгсөх курстээ ирж сураагүй учир сургуулиас хассан юм. Тэгээд бид А.Н-ийн ангийн оюутантай хамт сургуулиа төгсөж байсан. ...А.Н- 2020 оны намар надаас дипломоо өгч байгаач гэж гуйгаад байхаар нь би яах гэж байгаа юм бэ гэж асуухад надад хэрэгтэй байна гээд надаас утсаар гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Гэтэл нэг залуу ирээд аваад явсан. Тэгээд хоёр хоногийн дараа нөгөө залуу буцаад авч ирж өгсөн. Би уг миний дипломыг авч явсан залууг танихгүй юм байна лээ. Би улсын шалгалт өгөхгүйгээр дипломын ажил бичиж байсан ба дипломын ажлаа онц дүнтэй хамгаалж байсан. Би “Жогары сүт өнимде артүрли генотипти голштин будан сиырларынын этологиясы” буюу монголоор “Сүүний өндөр ашиг шимтний Толштин” үүлдрийн үхрийн генотивийн этологи” гэсэн сэдвээр дипломын ажил бичсэн байсан ба онц дүнтэй хамгаалсан байдаг юм. Энэ талаар дипломын хавсралтын арын хэсэгт бичсэн байгаа. Намайг энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт хэвтэж байхад А.Н-ийн ах нь болох А.М- ирээд уулзаж цагдаагаас дуудаж асуусан уу, асуувал манай дүү А.Н-ийг сургуулийг хамт төгссөн гэж хэлээрэй гээд гуйгаад явсан. Тэгэхээр нь би тэгж хэлж чадахгүй гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/

 

3.1.7. Хэрэг бүртгэлтийн 211300017 дугаартай хэрэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн гүйцэтгэл бүхий баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 101-184 дэх тал/,

 

3.1.8. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...1993 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1 дүгээр курст элссэн болон 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн төгсөгчдийн тушаалын баримтуудын хуулбарыг гаргаж өгөх болно. Монгол Улсын иргэн А.ы Ш- элсэн орсон тухай дурдсан. Гэхдээ 1998 оны төгссөн тухай тушаалын бүртгэлд байхгүй. Учир нь холбоо тасарсан учраас Зоо инженер факультетаас 1995 оны 11 дүгээр сарын 01-ний 807 дугаартай тушаалаар их сургуулийн 3 дугаар курсээс хассан. ...А-ы Н- нь 1993-аас 1995 оны хооронд суралцаж байсан, дараа нь түүнийг хассан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-118, 165-169 дэх тал/,

 

3.1.9. Бүгд Найрамдах Казахстан Улсын Сакен Сайфуллины нэрэмжит Ахмола газар тариалангийн их сургуулийн 1998 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаартай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 120, 173-179 дэх тал/,

 

3.1.10. Бүгд Найрамдах Казахстан Улсын Целиноград аж ахуйн их сургуулийн 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 807 дугаартай тушаалын хуулбар  /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,

 

3.1.11. Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол эзэмшигчдэд үйлчилгээ үзүүлэх төвийн захирал Г.Жусуповагийн “А-ы Н- нь манай их сургуульд суралцаагүй, түүнчлэн манай төгсөгчдийн бүртгэл дээр байхгүй болно” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

3.1.12. Мөрдөгчөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “ЖБ-II, №0186200 дугаартай диплом, хавсралт, ЖБ-II, №0029942 дугаартай диплом, хавсралт баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл”-д “...Харин яллагдагч А.Н-ийн гаргаж өгсөн ЖБ-II, №0029942 дугаартай дипломын хавсралт буюу дүнгийн хэсгийг харахад түр хураан авсан ЖБ-II, №0186200 дугаартай дипломын хавсралтын дүнтэй бүгд адилхан ба дипломын ажил хамгаалсан сэдэв нь хүртэл адилхан байв.” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/,

3.1.13. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор /2 дахь хавтаст хэргийн 01-03 дахь тал/,

3.1.14. Тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22/20 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 17-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “Шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй” гэж тайлбарлах боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/441 дугаартай “Тус яамны дээд боловсролын удирдлага мэдээллийн системд А.Н- /БЖ........../ нь дээд боловсрол эзэмшсэн бүртгэлгүй байна” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/, гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа А.Н- нь Бүгд Найрамдах Казахстан улсад дээд боловсрол буюу Зоо инженер мэргэжлээр төгссөн гэж өөрөө ярьдаг бөгөөд сая сумын Засаг даргаар нэр дэвших санал авахад миний бие Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний хувьд мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой, сумын Засаг дарга болох шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах зорилгоор төгссөн гэх Бүгд Найрамдах Казахстан улсын Сакен Сейфуллин гэх дээд сургууль руу нь хүсэлт өгч явуулахад уг сургуулиас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1700/2230 дугаартай албан бичгийг мэйл хаягаар ирүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/, гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд дараа нь таарахад дипломоо бүтээгээд авсан гэж надад хэлж байсан. Түүнээс биш 1998 оны төгсөлтөөр А.Н- байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/, гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Намайг энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт хэвтэж байхад А.Н-ийн ах нь болох А.М- ирээд уулзаж цагдаагаас дуудаж асуусан уу, асуувал манай дүү А.Н-ийг сургуулийг хамт төгссөн гэж хэлээрэй гээд гуйгаад явсан. Тэгэхээр нь би тэгж хэлж чадахгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/, хэрэг бүртгэлтийн 211300017 дугаартай хэрэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн гүйцэтгэл бүхий баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 101-184 дэх тал/, гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...А-ы Н нь 1993-аас 1995 оны хооронд суралцаж байсан, дараа нь түүнийг хассан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-118, 165-169 дэх тал/, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сакен Сайфуллины нэрэмжит Ахмола газар тариалангийн их сургуулийн 1998 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаартай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 120, 173-179 дэх тал/,  Бүгд Найрамдах Казахстан Улсын Целиноград аж ахуйн их сургуулийн 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 807 дугаартай тушаалын хуулбар  /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол эзэмшигчдэд үйлчилгээ үзүүлэх төвийн захирал Г.Жусуповагийн “А-ы Н- нь манай их сургуульд суралцаагүй, түүнчлэн манай төгсөгчдийн бүртгэл дээр байхгүй болно” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/, мөрдөгчөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “ЖБ-II, №0186200 дугаартай диплом, хавсралт, ЖБ-II, №0029942 дугаартай диплом, хавсралт баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл”-д “...Харин яллагдагч А.Н-ийн гаргаж өгсөн ЖБ-II, №0029942 дугаартай дипломын хавсралт буюу дүнгийн хэсгийг харахад түр хураан авсан ЖБ-II, №0186200 дугаартай дипломын хавсралтын дүнтэй бүгд адилхан ба дипломын ажил хамгаалсан сэдэв нь хүртэл адилхан байв” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22/20 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 17-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд шүүгдэгч А.Н-ийг цагаатгах боломжгүй гэж үзлээ.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

4.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-оос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлах боловч хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөрөөр тогтоогдож болно.

 

Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

 

4.3. Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

 

4.4. Шүүгдэгч А.Н- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар  2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед томилогдож одоо хүртэл ажиллаж байх тул тасралтгүй ажиллаж цалин авч байгаа гэж үзнэ.

 

4.5. Шүүгдэгч А.Н- нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Сайфуллины нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн 0029942 дугаартай “Зоо-инженер” мэргэжлээр төгссөн дипломтой байх боловч энэ нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргад тавигдах “дээд боловсролтой” байх шаардлагыг хангаагүй тул А.Н- уг албан тушаалд томилогдохын тулд дээд боловсролын бакалавр зэрэгтэй гэх хуурамч дипломыг ашиглан, улмаар тухайн албан тушаалд томилогдон одоо хүртэл ажиллаж хууль бус санаагаа хэрэгжүүлсэн байна.

 

4.6. Шүүгдэгч А.Н-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байна.

 

4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заажээ.

 

4.8. Шүүгдэгч А.Н- нь дээд боловсролын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ашиглаж, улмаар тухайн гэмт үйлдлийн үр дагавар нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт үйлдэл төгсөөгүй, өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг нь үргэлжилсээр байгаа явдал нь тухайн гэмт хэргийг төгсөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж дүгнэлээ.

 

4.9. Шүүгдэгч А.Н- нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сейфуллины нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн 0029942 дугаартай “Зоо-инженер” мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохын мэдсээр байж,  2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо сумын Засаг даргад тавигдах “дээд боловсролтой“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд  хуурамч бакалаврын дипломыг ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Н-ийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

            

             5.2. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Н- нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед томилогдож, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

 

             5.3. Уг гэмт хэргийн улмаас 25.070.108 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын СТСХ-ийн төсвийн мэргэжилтэн Б.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тооцоогоор тогтоогдож байна.

 

             5.4. Шүүгдэгч А.Н-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан хөлсийг авч эдийн хөрөнгийг шууд олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч А.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25.070.108 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Хоёр Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацгаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах” дүгнэлтийг гаргасан.

 

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-оос: “Шүүхээс А.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгөхийг хүсэж байна” гэж,

 

2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас: “Л.Б- өмгөөлөгчийн саналтай санал нэг байна” хэмээн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно.

 

2.4. Шүүхээс шүүгдэгч А.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Н-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.6. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

2.7. Шүүгдэгч А.Н- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

2.8. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

2.9. Шүүгдэгч А.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

2.10. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

2.11.  Шүүгдэгч А.Н- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.12. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргасан хуурамч дипломын хуулбарыг хэргийн хамт хадгалж, дээд сургуулийн оюутны үнэмлэх 1 ширхэг, альбом 15 хуудастай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

2.13. Мөн улсын яллагчаас яллах дүгнэлтэндээ шүүгдэгч А.Н-ийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх санал гаргаж ирүүлээгүй тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны 2 дахь мэтгэлцээнд албан тушаалыг нь түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах санал гаргасныг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь нэмэгдэл ялаар хасаж, ял оногдуулахаар хуульчлагдаагүй. Харин үүнтэй холбогдуулан цаашид төрд учрах хохирол гарна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар прокурор төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч М.х овогт А-ы Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч А.Н- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Н-ээс 25.070.108 /хорин таван сая далан мянга нэг зуун найм/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргасан хуурамч дипломыг хэргийн хамт хадгалж, дээд сургуулийн оюутны үнэмлэх 1 ширхэг, альбом 15 хуудастай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

6. Шүүгдэгч А.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, прокурорын шүүх хуралдааны шатанд шүүгдэгч А.Н-ийн албан үүргийг нь түдгэлзүүлэх санал гаргасныг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК