Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж, 

            улсын яллагч Ц.Осоржамаа,                         

            шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /үнэмлэхийн дугаар 0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ид холбогдох 201626030687 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******-******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Нийслэлийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 9 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийг ялыг тэнсэж суллагдсан,

-2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* дүүргийн шүүхийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 20******* оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

-20******* оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 20******* оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 778 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 сар 14 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн ял шийтгэлтэй, ******* овогт ******* ******* /РД:ЧВ/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Л.******* нь ялтай байхдаа буюу давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны байрны грашид модон хайрцагт байсан иргэн Г.ын эзэмшлийн Haro маркийн хар өнгөтэй 27,5 инчийн /эрэгтэй/ унадаг дугуй, Marushi маркийн хар өнгөтэй 26 инчийн /эмэгтэй/ унадаг дугуй, Star Wars маркийн хар өнгөтэй хүүхдийн унадаг дугуй зэргийг улсын дугаар, марк тодорхойгүй машин механизм хэрэглэн хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ ажилд 5-6 удаа л ээлжийн харуулаар гарсан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой хайрцагийг очоод шалгахад цоожийг нь нааш татсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би уг хайрцагийг онгойлгоод үзтэл унадаг дугуй байсан. Би хохирогч т 3 дугуйг нь буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Ю.т 350.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Л.******* мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би үлдсэн дугуйгаа аваад шууд гэртээ харьсан. Гэрийнхээ хажууханд байдаг ТҮЦ-нд суудаг нэг охин дээр түр үлдээчихээд өөрөө буцаагаад авчихсан ба сүүлд нь цагдаа уг хүүхдийн унадаг дугуйг манай гэрээс хурааж авсан юм. Манай харуулууд ээлж хүлээлцэхдээ граш дахь эд зүйлийг хүлээлцдэггүй юм. ******* хотхоны гадна 1 хяналтын камер байдаг. Гэхдээ тэр камерын тусгал нь хотхоны зам хэсгийг харж байдаг болохоор миний дугуй ачуулж байгаа нь харагдах боломжгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/,

Хохирогч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би гэрийнхээ доод талын грашид буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхоны байрны доод талын грашид өөрийнхөө зогсоолд унадаг дугуйгаа хийгээд хадгалах зориулалттай модон хайрцаг тавьсан. Уг хайрцаганд өөрийн Haro маркийн хар өнгөтэй 27,5 инчийн /эрэгтэй/ унадаг дугуй, эхнэр хүүхдийн Marushi маркийн хар өнгөтэй 26 инчийн /эмэгтэй/ унадаг дугуй, Star Wars маркийн хар өнгөтэй хүүхдийн унадаг дугуйг хийсэн. 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ дугуйгаа унах гэтэл дугуйнууд байхгүй болсон байсан. ...Хулгайд алдсан 3 ширхэг дугуйгаа бүрэн бүтэн эргүүлж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18, 75-76-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ю. мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би Нарантуул зах дээр наймаагаа хийгээд байж байтал өдөрхөн тийш нэг өндөр залуу ирээд унадаг дугуй авах уу гэхээр нь ямар дугуй байгаа юм бэ гэсэн чинь нэг цагаан өнгийн Аксент маркийн машины арын багаж, суудалд нь миний авсан 2 унадаг дугуйг салгаж, жижиглээд машиндаа хийчихсэн, эрэг боолтыг нь кармалчихсан байсан. Тэгээд би тэр 2 дугуйг үзэж байхад намайг 400.000 төгрөгөөр ав гэхэд нь би ахад нь байгаа нь 350.000 төгрөг байна гэчихээд үнэ дээрээ тохирохгүй яваад өгсөн. Тэгсэн чинь араас манай лангуун дээр ирээд за за та хэлсэндээ ав гээд тэр дугуйнуудыг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад өөрт 250.000 төгрөг байсан болохоор охин Х.оос 100.000 төгрөг нэмж аваад дугуйнуудыг авсан юм. Эрэгтэй дугуй нь хар өнгөтэй Haro гэсэн бичигтэй, нөгөө дугуй нь эмэгтэй рамтай Marushi гэсэн бичигтэй, эрэгтэй том хар дугуй нь шингэн тормостой, эмэгтэй нь энгийн тороосон тормостой дугуй байсан. Би унадаг дугуй зарсан залуугийн нэрийг одоо санахгүй байна, гадаа байсан цагаан өнгийн таксины улсын дугаар жолоочийг нь мэдэхгүй, надад нэрээ хэлэхгүй байсан. Наадах чинь надад хамаагүй, наад хүнтэйгээ ярь гээд байсан. Тэр хүн зарж байгаа дугуйгаа манай найзын хүүхдийнх нь дугуй би найзаасаа авчихсан юм гэж хэлсэн. Тэр дугуйнууд манай гэрийн хашаанд грашид байгаа, би тэр хүнээс худалдаж авсан 350.000 төгрөгөө буцаан авч хохирлоо барагдуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 Дахин мэдүүлэхдээ: ...Би хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Х. мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би Нарантуул зах дээр аав ын хамт унадаг дугуй зардаг наймаагаа хийгээд байж байтал 14 цагийн үед нэг өндөр, бордуу царайтай ах ирээд манай аавтай уулзаж байсан. Тэгээд аав надад би гараад дугуй үзчихээд ирье гээд тэр хүнтэй гараад явсан. Удалгүй орж ирээд 2 гайгүй дугуй байна, хямдхан өгнө гэж байна, энийг авчихъя 100.000 төгрөг байвал өгөөч гээд надаас 100.000 төгрөг аваад гарсан. Тэгээд нөгөө дугуй зарах гэж байсан хүнтэй цуг гадагшаа гараад 2 дугуй түрээд орж ирээд 350.000 төгрөгөөр тэр 2 дугуйг худалдаж авч байсан. Нэг дугуй нь 9 араатай, шингэн тормостой, 26 инчийн размертэй, хар өнгийн дугуй байсан. Харин нөгөө дугуй нь саарал өнгийн Япон улсад үйлдвэрлэсэн эмэгтэй рамтай шинэвтэр дугуй байсан...гэх /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Д. мэдүүлэхдээ: Тэр өдрийн 14 цагийн үед манай урд талын лангууны ах нэг залуутай ярьж зогсож байгаад гараад явсан ба гаднаас орж ирэхдээ 2 унадаг дугуй түрчихсэн орж ирсэн. Тэр 2 дугуйны нэг нь 26-ийн рамтай, шингэн тормостой хар дугуй байсан. Нөгөө дугуй нь япон саарал дугуй байсан. Тэр дугуй зарсан хүн та нартай хамт яваа өндөр туранхай бор залуу мөн байна. Би энэ хүнийг хараад таньж байна. Тэр дугуй зарсан хүн ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч М. мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын *******-ны өглөө манай нөхөр дугуйгаа унахаар гарсан. Тэгээд 2 цаг орчим дугуйгаа унаж байгаад орж ирээд хүү та хоёрын дугуйг наад талд нь тавьчихлаа гэж хэлчихээд манай нөхөр хөдөө явсан. Тэгээд хүү бид хоёр дугуйгаа унаагүй байж байгаад 21-ний өдрийн ******* цагийн орчимд дугуйгаа унах гээд дугуйны хайрцагаа онгойлгож үзэхэд дугуйнууд байхгүй хоосон байсан. Манай нөхрийн дугуй хар өнгийн 20******* оны 4 дүгээр сард БНХАУ-аас авч байсан, миний дугуй саарал өнгийн Япон стандартын дугуй 20******* оны 05 дугаар сард мөн БНХАУ-аас авч байсан, хүүгийн дугуй тод цэнхэр өнгийн жижиг дугуй ба 2016 оны 06 дугаар сард хөгжим бүжгийн коллежийн замын урд талын дугуйны төрөлжсөн дэлгүүрээс авч байсан юм. Намайг дугуйгаа авах гээд ирэхэд, дугуй хийдэг модон хайрцагны хятад хар өнгийн цоожинд ямар нэгэн эвдрэл байхгүй түгжээтэй байсан, би түлхүүрээр онгойлгосон. Цоожны түлхүүр нь бүгд манай гэрт байсан, хэн нэгэн хүнд өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Н. мэдүүлэхдээ: Би *******ийг танина, түүнийг ах, дүү нарынх нь зуучлалаар Өлхөн сайр хамгаалалтын албанд түр хугацаагаар 20******* оны 05 дугаар сарын 05-аас би ажилд авсан юм. Гэхдээ манай албан ёсны ажилтан биш, хөдөлмөрийн гэрээгүй туршилтын журмаар ажиллаж байсан. Л.******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхоны харуулаар нийт 6 удаа гарсан. Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн үед шалгахад ******* постондоо сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

...дахин мэдүүлэхдээ: ******* хотхоны граш дотроос гарч байгаа хэсгийг харуулсан хяналтын камер байдаг, гэхдээ хяналтын камер нь бичлэг муу хийдэг, дүрс нь сайн харагдахгүй их муу камертай юм. Тэгээд ч бичлэгээ 14 хоног хадгалаад өөрөө автоматаар устчихдаг юм. Грашийн гадна талын үүдний хэсгийг харуулсан, мөн хотхоны гадна такси зогсдог хэсгийг харсан камер байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* нь гараатай байсан, тэр шөнө харуулаар ажиллаж байхдаа 3 ширхэг унадаг дугуйг хулгайлсан байсан. Би маргааш нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд ******* нь граш дотор 1 жижиг дугуй, 1 том дугуй түрчихсэн явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр бичлэгийг үзчихээд энэ ойлгомжтой юм байна ******* авсан юм байна гэдгийг шууд мэдсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, одоо 05 дугаар сарын хяналтын камерын бичлэг байхгүй, устсан...гэх мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Нийдэндаг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хар өнгөтэй Haro гэсэн бичигтэй, Marushi гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн Star Wars гэсэн бичигтэй унадаг дугуйнуудыг хураан авч М.т хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6-р хуудас/,

Эд зүйл хуураан авч, хүлээлгэн өгсөн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

             шүүгдэгч Л.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь ялтай байхдаа буюу давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны байрны грашид байсан хохирогч Г.ын эзэмшлийн Haro маркийн хар өнгөтэй 27,5 инчийн /эрэгтэй/ унадаг дугуй, Marushi маркийн хар өнгөтэй 26 инчийн /эмэгтэй/ унадаг дугуй, Star Wars маркийн хар өнгөтэй хүүхдийн унадаг дугуйг машин механизм хэрэглэн хулгайлж, 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Г.ын ... Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны байрны грашид өөрийнхөө зогсоолд унадаг дугуйгаа хийгээд хадгалах зориулалттай модон хайрцаг тавьсан. Уг хайрцаганд өөрийн Haro маркийн хар өнгөтэй 27,5 инчийн /эрэгтэй/ унадаг дугуй, эхнэр хүүхдийн Marushi маркийн хар өнгөтэй 26 инчийн /эмэгтэй/ унадаг дугуй, Star Wars маркийн хар өнгөтэй хүүхдийн унадаг дугуйг хийсэн. 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ дугуйгаа унах гэтэл дугуйнууд байхгүй болсон байсан. ...Хулгайд алдсан 3 ширхэг дугуйгаа бүрэн бүтэн эргүүлж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18, 75-76-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ю.ын ...2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би Нарантуул зах дээр наймаагаа хийж байтал нэг өндөр залуу ирээд унадаг дугуй авах уу гэхэд нь би тэр 2 дугуйг үзэж байхад намайг 400.000 төгрөгөөр ав гэсэн. Би ахад нь байгаа нь 350.000 төгрөг байна гэчихээд үнэ дээрээ тохирохгүй яваад өгсөн. Тэгсэн чинь араас манай лангуун дээр ирээд за за та хэлсэндээ ав гээд тэр дугуйнуудыг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад өөрт 250.000 төгрөг байсан болохоор охин Х.оос 100.000 төгрөг нэмж аваад дугуйнуудыг худалдаж авсан юм. Тэр дугуйнууд манай гэрийн хашаанд грашид байгаа, би тэр хүнээс худалдаж авсан 350.000 төгрөгөө буцаан авч хохирлоо барагдуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 Дахин мэдүүлэхдээ: ...Би хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Гэрч Х.ын ...би Нарантуул зах дээр аав ын хамт унадаг дугуй зардаг наймаагаа хийгээд байж байтал нэг өндөр, бордуу царайтай ах ирээд манай аавтай уулзаж байсан. Тэгээд аав надад би гараад дугуй үзчихээд ирье гээд тэр хүнтэй гараад явсан. Удалгүй орж ирээд 2 гайгүй дугуй байна, хямдхан өгнө гэж байна, энийг авчихъя 100.000 төгрөг байвал өгөөч гээд надаас 100.000 төгрөг аваад гарсан. Тэгээд нөгөө дугуй зарах гэж байсан хүнтэй цуг гадагшаа гараад 2 дугуй түрээд орж ирээд 350.000 төгрөгөөр тэр 2 дугуйг худалдаж авч байсан. Нэг дугуй нь 9 араатай, шингэн тормостой, 26 инчийн размертэй, хар өнгийн дугуй байсан. Харин нөгөө дугуй нь саарал өнгийн Япон улсад үйлдвэрлэсэн эмэгтэй рамтай шинэвтэр дугуй байсан...гэх /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч ын ...21-ний өдрийн ******* цагийн орчимд дугуйгаа унах гээд дугуйны хайрцагаа онгойлгож үзэхэд дугуйнууд байхгүй хоосон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Н.ын ...2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* нь гараатай байсан, тэр шөнө харуулаар ажиллаж байхдаа 3 ширхэг унадаг дугуйг хулгай хийсэн байсан. Би маргааш нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд ******* нь граш дотор 1 жижиг дугуй, 1 том дугуй түрчихсэн явж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,

Эд зүйл хуураан авч, хүлээлгэн өгсөн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 3 ширхэг унадаг дугуй нийт 1.170.000 төгрөг  /хх-ийн 6-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Л.******* нь хулгайлсан 3 ширхэг унадаг дугуйгаа бусдын тээврийн хэрэгслийг ашиглан зөөж, тээвэрлэсэн байх тул түүнийг машин механизм хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар тодорхойгүй, уг тээврийн хэрэгслийн жолооч гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураах шаардлагагүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Л.******* нь 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж /хх-ийн 52-54-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  20******* оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 778 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 сар 14 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн /хх-ийн 54-55-р хуудас/ ба уг Өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж зааснаар Л.*******ид оногдуулсан баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заасан ялтай байдал дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.*******ийг бусдын эд хөрөнгийг давтан, машин механизм хэрэглэж хулгайлсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Л.******* нь хохирогч Г.Хобаярт 3 ширхэг унадаг дугуйг хүлээлгэн өгсөн /хх-ийн 75, 80-р хуудас, иргэний нэхэмжлэгч Ю.т 350.000 төгрөг төлсөн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.*******ид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжээг харгалзан түүнд баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Л.*******ийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл баривчилсан 03 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                    

ТОГТООХ НЬ:

 

1.  ******* овогт ******* *******ийг давтан, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын /зургаан сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Л.*******ид оногдуулсан 6 сарын /зургаан сар/ баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* *******ид авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Л.*******ийн цагдан хоригдсон 03 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР