Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/00583

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Батчимэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... тоотод оршин суух ....... овогт   Ө.О /Регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах “Ө.Б” ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох

Нэр төр гутаасан мэдээллийг няцааж, нэр төр сэргээлгэх, нэр төр гутаасантай холбоотой гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, иргэдийн төлөөлөгч Э.Уранбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.О нь “Геологийн төв лаборатори” ТӨААТҮГ-ын захирлаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Ө.Б” ХХК-ийн Шуурхай.мн сайтад "Ө.Оыг эргүүлэн татах уу” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энэхүү нийтлэлд: Геологийн төв лабораторид Монгол ардын намын удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдон очсон Ө.О тус айлыг самарч байгаа болон урьд өмнө доголдолгүй ажиллаж байсан энэ айлыг нэг жил хүрэхгүй хугацаанд ийнхүү дампууруулахдаа тулсан, төрийн албыг хувийн сэдэл, зоргоор аашилан удирдсан, ямар ч мэдлэг боловсролгүй, эдийн засгийн хямралтай үед олон хүнд цалингүй чөлөө олгож бүтцийн өөрчлөлтөөр халж хохироосон, үйлдвэрчний эвлэлийн дарга цэргийг шахаж дарамталсан гэх мэтээр ямар ч баримт нотолгоогүй, үндэслэлгүй, худал, гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг Х.Баатар сэтгүүлч бичиж, шуурхай.мн сайтад тавьж олны хүртээл болгосон. Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолын дагуу тус газарт томилогдсноос гадна дээрх газраас баталсан бүтэц орон тоонд тулгуурлан ажилтныг томилж чөлөөлсөн. Гэтэл бүтцийн өөрчлөлтөөр дураараа халсан, намаас томилсон мэтээр бичсэн. Мөн уг нийтлэлд мэдлэг боловсролгүй гэх зэргээр иргэний хувьд нэр төрд халдаж улмаар зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг гэрэл зургийг ашиглажээ. 

Энэ нийтлэл нь бүхэлдээ Ө.О намайг гүтгэж, гутаан доромжилсон сонгуулийн үеийг далимдуулж нэр төрийг гутаах зорилготой байх бөгөөд олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч миний иргэний нэр төр болон ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаасан шинжтэй болсон. Цаашдын ажил хөдөлмөр, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сэтгэл санааны хувьд хохироосон учир гомдолтой байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу Шуурхай.мн сайтыг эзэмшдэг “Ө.Б” ХХК өөрийн гаргасан нийтлэлдээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаасныг сэргээж, “Ө.Б” ХХК-аас Шуурхай.мн сайтад тавигдсан "Ө.Оыг эргүүлэн татах уу” гэсэн гарчигтай нийтлэлийг няцааж, сайтад тавигдсан нийтлэлийг устгах, албан ёсоор залруулга гарган уучлалт гуйхыг даалгаж өгнө үү. Мөн өөрийн нэр төрийг 10.000.000 төгрөгөөр үнэлж байх тул эдийн бус гэм хорын хохиролд дээрх мөнгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компаниас эрхлэн гаргадаг шуурхай.мн сайтад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Ө.Оыг эргүүлэн татах уу” нэртэй нийтлэл гарсан нь үнэн. Тухайн үед Зууны мэдээ сонины сайтад энэ тухай мэдээлэл гарсан байсныг манай сэтгүүлч баяжуулан өөрийн сайтад тавьсан болно. Дээрх мэдээллийн үнэн зөвийг нягтлалгүйгээр сайтад тавьснаас Ө.Оын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд мэдээллийг устгаж, залруулга гаргахыг зөвшөөрч байна. Харин 10.000.000 төгрөгний тухайд хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Ө.О нь “Ө.Б” ХХК-д холбогдуулан нэр төр гутаасан мэдээллийг няцааж, нэр төр сэргээлгэх, нэр төр гутаасантай холбоотой гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр www.shuurhai.mn сайтад “Ө.Оыг эргүүлэн татах уу” нэртэй нийтлэл гарсан байх бөгөөд уг нийтлэлд “Геологийн төв лабораторид МАН-ын Удирдах  зөвлөлийн шийдвэрээр томилогдон очсон Ө.О тус айлыг самарч байгаа”, “ажлын дадлага туршлага, мэдлэг боловсрол дутсан уу”, ”бүтцийн өөрчлөлт нэрээр ажилтныг хууль бусаар халсан”, “шахах дарамтлах  маягаар хууль бус хурал зохион байгуулсан” гэх зэргээр бичигджээ.

Хариуцагч дээрх сайтыг “Ө.Б” ХХК эрхлэн гаргадаг гэдэгт маргаагүйгээс гадна нийтлэл бүрэн мэдээлэлд тулгуурлаагүйгээс алдаатай болсныг зөвшөөрч нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохоо хүлээн зөвшөөрөв.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.  

Иймд нэхэмжлэгч Ө.Оын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, залруулга гаргахыг “Ө.Б” ХХК-д даалгах нь зүйтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нэхэмжлэгч эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй байх хэдий ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар дээрх шаардлагаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл нийтлэгдснээр нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар хэр болох, өөрийн үнэлэмжийг хэрхэн мөнгөн хэлбэрт тооцон 10.000.000 төгрөг шаардаж байгаа, мэдээлэл тарсан хүрээг хэрхэн тооцсон зэрэг тус тус тодорхойгүй байна.

Иймд эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай  шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан “Ө.Б” ХХК-ийн эрхлэн гаргадаг www.shuurhai.mn сайтад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нийтлэгдсэн “Ө.Оыг эргүүлэн татах уу” нийтлэлд Ө.Оын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, залруулга гаргахыг “Ө.Б” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 245.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                       

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ