Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46б байрны 24 тоотод оршин суух Х овогт Д Г /РД: /,

            Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух А овогт Т-йн  /РД: / нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 115 дугаар байрны 6 тоотод оршин суух Х овогт Д-ын Э /РД: /-т холбогдох

            хамтран ажиллах гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгч Д.Гын төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Т.Б болон нэхэмжлэгч Д.Гын төлөөлөгч Я.Баярсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2016 оны 4 дүгээр сард Д.Э, түүний эхнэр гэх Д.Янжинлхам  нартай  хамтран ажиллахаар болж, хонь, ямааны гэдэс бөөний үнээр авч хагас боловсруулалт буюу арилгаж цэвэрлээд жижиглэн зарж борлуулаад ашгаа хуваан тохиролцсоны дагуу ам хэлцэл хийж, Д.Эын хэлсэнээр  хөрөнгө оруулалт болгож 5 сая төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Э, Д.Янжинлхам нарт өгсөн.  Ингэхдээ 2.250.000 төгрөгийг дансаар Д.Янжинлхамд, үлдсэн 2.750.000 төгрөгийг бэлнээр Д.Э, Д.Янжинлхам нарт өгсөн. Ингээд эдний цехэд ажиллах байх үеийн үлдэгдэл бараа байсныг борлуултанд гарч үзье гээд явахад боломжийн санагдсан тул цувдайгаа авчихаад хэлээрэй, бид хоёр ОХУ руу явах ажилтай байна ирээд уулзъя гээд явсан. Ингээд ирээд маргааш нь утсаар залгахад Д.Э, Д.Янжинлхам нар бид хоёр очих боломжгүй байна, гадуур ажилтай байна гээд байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Д.Э луу залгаад цех дээр нь очоод цувдай хийчихсэн байгаа гэсэн хөргүүрээ онгойлгочихсон байхаар нь очиж харахад уг хөргүүрээс Д.Э мах гаргаж байсан. Тухайн хөргүүрт ямар ч цувдай байхгүй байсан. Тухайн үед Д.Э бид хоёрын өгсөн мөнгөнөөс нэг ч цувдай аваагүй байсан. Тэгээд Д.Э гуай орой Д.Янжилхам дөрвүүлээ уулзая гэж хэлсэн. Ингээд бид хоёр нэг их хэрүүл хийлгүй гараад явсан. Ингээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үүнээс хойш Д.Э, Д.Янжинлхам нар нь хоёулаа утсаа авахгүй, үйлдвэр дээр нь очиход манаач гээд нэг ах байдаг байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэлгүй, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Д.Э, Д.Янжинлхам нар нь хоёулаа цагдаагийн байгууллагад ирж Д.Э нь төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Иймд Д.Эаас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Д.Г, Т.Б нарын нэхэмжлэлд дурдсан Д.Янжинлхам гэх эмэгтэй миний гэр бүлийн хүн биш, манай компанид няраваар ажиллаж байсан эмэгтэй болно. Д.Г, Т.Б нарын хэлсэнчлэн Д.Янжинлхамтай гэр бүл болгож ярьсан үг яриа, үйлдлээс болж гэр бүл, хүүхдүүдэд эвгүй уур амьсгал болсон. Анх Д.Г, Д.Янжинлхам нар ярьж тохироод малын дайвар бүтээгдэхүүн буюу гэдэс дотор авах ажил эхлүүлж, манай цехэд тухайн худалдаж авсан гэдэс дотроо цэвэрлэн боловсруулж, боловруулсан бүтээгдэхүүнээс Д.Янжинлхам, Т.Б нар нь авч яваад борлуулж байсан. Гэтэл одоо болохоор би ажлаагүй гэж байна. Д.Г Д.Янжинлхамын дансаар мөнгө шилжүүлэн хонь, ямааны гэдэс авч ангилан ялгаж цэвэрлээд борлуулж эхэлсэн. Борлуулалтын үйл ажиллагаа эхлэхэд Д.Гын эхнэр гэх Т.Б хамтарч Д.Янжинлхамтай борлуулалтыг өөрийн машинаар хийсэн. Энэ ажилд би огт оролцоогүй. Ажиллах хугацаандаа энэ хоёр таарч тохироогүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хугацаанд бэлдсэн түүхий эд нь манай цехэд 2 сар хөргүүрт байсан. Дараа нь муудсан учир цагаан давааны хогийн цэг дээр хаясан. Энэ хугацаанд цагдаа сэргийлэхээр явж байна гэж сонсож байсан. Д.Гын нэхэмжилсэн шиг  мөнгө миний гар дээр  болон дансаар орж гарч байгаагүй. Д.Янжинлхамын дансанд хийсэн гэж байсан. Миний зүгээс цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ манай цехэд хадгалагдаж байгаа гэдэс дотрыг цэвэрлэж борлуулаад нэхэмжлэгч нарыг хохирлыг барагдуулна гэсэн тайлбар өгсөн. Үүнээс хойш 2016 оны 6 дугаар сард миний бие муудаж зүрхний хагалгаанд 2016 оны 6 дугаар сар, 2017 оны 8 дугаар сард тус тус орж, ажил хийх чадвараа алдаж, гэдэс дотрыг цэвэрлээд зарж борлуулах боломж надад байгаагүй. Гэтэл 2016 оны 7 дугаар сард халуунд тухайн бүтээгдэхүүн муудаж үнэр орсон тул би бүгдийг нь хаячихсан. Би Д.Янжинлхамтай очиж мөнгө авсан нь үнэн. Д.Г намайг цаасан дээр би төлнө гэж бичиж өгөхгүй бол энэ хэргийг цааш нь шалгуулна гэсэн тул би 5.000.000 төгрөгийг төлө гэж гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ Д.Г, Т.Б нар нь надад ямар ч мөнгө өгөөгүй. Тухайн үед миний бие өвдсөн байсан тул цехийнхээ үйл ажиллагааг зогсоочихсон байсан. Д.Янжинлхам хэлэхдээ эдгээр хүмүүстэй хамтран ажиллах гэж байгаа тул та надад цехээ ашиглуулаач гэсний дагуу би эдгээр хүмүүст цехээ тайлбарлаж өгөөд цехээ ашиглуулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.Г, Т.Б нар нь хариуцагч Д.Эт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Д.Г, Т.Б, хариуцагч Д.Э болон түүний мах боловсруулах цехэд нягтлангаар ажиллаж байсан Д.Янжинлхам нар хамтран ажиллахаар тохиролцож, Д.Гын өгсөн 5.000.000 төгрөгөөр хонь, ямааны гэдэс бөөний үнээр авч, Д.Эын мах боловсруулах цехэд хагас боловсруулалт буюу арилгаж цэвэрлээд жижиглэн зарж борлуулсны дараа ашигаа хуваан авахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Зохигчдын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.

            Учир нь нэхэмжлэгч Д.Г хамтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүтээгдэхүүн болох хонь, ямааны гэдэс худалдан авах  5.000.000 төгрөгөөр, хариуцагч Д.Э, Д.Янжинлхам нар худалдан авсан малын дотор гэдсийг боловсруулах цехийн үйл ажиллагаагаараа тус тус хамтран ажиллахаар тохирсон гэж үзэх үндэслэл болж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан  гэж үзнэ.

            Хамтран ажиллах гэрээний үр дүнд талуудын дундаа өмчлөх хөрөнгө бий болох бөгөөд гэрээний талууд ашиг, алдагдлыг оруулсан хөрөнгийн төлсөн хураамжийн хэмжээгээр хариуцах учиртай.

            Гэтэл талууд нэхэмжлэгч Д.Гын оруулсан 5.000.000 төгрөгөөр хэдий хэмжээний хонь, ямааны гэдэс худалдан авсан болох нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.Гоос ямар ч бүтээгдэхүүн худалдан авч үйл ажиллагаа явуулаагүй учир хөрөнгө оруулалт болгон өгсөн 5.000.000 төгрөгийг буцаан авахаар шаардаж байна гэсэн бол хариуцагч Д.Эаас ажиллах хугацаанд Д.Г, Д.Янжинлхам нар таарч тохироогүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хугацаанд бэлдсэн түүхий эд нь манай цехэд 2 сар хөргүүрт байгаад муудсан учир цагаан давааны хогийн цэг дээр хаясан. Би эд нарын хамтын ажиллагаанд оролцоогүй, Д.Гын өгсөн мөнгийг Д.Янжинлхам авч үйл ажиллагаа явуулж байсан, би зөвхөн цехээ ашиглуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагч Д.Э нь хамтран ажиллах гэрээний дагуу түүхий эд худалдан авч хөргүүрт хадгалж байгаад муудахаар нь аваачиж хаясан гэх байдал тогтоогдохгүй байна.

            Мөн хамтран ажиллах гэрээний нэг тал болох Д.Э, Д.Янжинлхам нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн боловч мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй тул хариуцагч Д.Эт холбогдуулан шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

            Түүнчлэн хариуцагч Д.Э нь зохигчдын хооронд үүссэн хамтын ажиллагаанд оролцоогүй, Д.Янжинлхам 5.000.000 төгрөгийг авч зарцуулсан гэсэн боловч тэрээр нэхэмжлэгч Т.Б, Д.Г нараас 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан 5.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тодорхойлолт бичиж өгсөнөөс үзэхэд талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, хариуцагч Д.Э нь гэрээний гүйцэтгэлийг нь биет байдлаар буцаан өгөхөөр зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. /хх-4/

            Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2 дахь хэсэгт зааснаар талууд шийдвэрлэсний үндсэн дээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон байх тул хариуцагч Д.Эаас нэхэмжлэгч Д.Г, Т.Б нарын  хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө  болох 5.000.000 төгрөгийг гаргуулан буцаан олгох нь зүйтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  94.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн  476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эаас 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г, Т.Б нарт олгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г, Т.Б нарт  олгосугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР