Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Разбангүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00966 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Разбангүлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд холбогдох

 

            Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх эрхэлж байсан эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 6 747 846 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                       М.Долгорсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                      Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Разбангүл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Разбангүл нь 2009 онд Монгол улсын их сургуулийг Биологич-ургамал судлал мэргэжлээр төгссөн. Аймгийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвд нийт 5 жил, 9 сар тогтвор суурьшилтай ажилласан. Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 24.1.1, 38.1.2, төсвийн тухай хуулийн 10.1.10, Засгийн газрын 2015 оны шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай 27-р тогтоол, хүрээлэнгийн дүрмийн 3.3.2-ыг тус тус үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн юм. Уг тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, 100.1, 59.2 дахь заалтыг зөрчсөн. Монгол улсын засгийн газрын 2015 оны Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай 27 дугаар тогтоолд манай хүрээлэнг татан буулгаагүй ба нэгтгэн өөрчлөх талаар заасан боловч үүнийг эрхлэгч Г.Золбаяр байгууллага татан буугдсан тул чамайг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Миний бие 1 нас хүрээгүй хөхүүл хүүхэдтэй, мөн одоо 5 сартай жирэмсэн тул хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг үл тоомсорлон намайг ажлаас халж байгаад их гомдолтой байна. Миний бие өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо ханган ажиллаж байсан бөгөөд мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байсан. Ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон асуудал байхгүй, тус албанд ажиллаж байх хугацаанд зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Иймд шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өмнөх эрхэлж байсан эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоолгохыг даалгаж, 2015 оны 2  дугаар сарын дутуу авсан цалингийн зөрүү 346 044 төгрөг, 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3 407 698 төгрөг, 8 дугаар сард олгогдох байсан жирэмсний тэтгэмж 1 245 756 төгрөг, энэ хугацаанд учирсан бусад хохирол нотариатаар бичиг баримт гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг, нийт 5 361 507 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Үүнд, Тус газрын захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаал болох эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 5 361 507 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 5 361 507 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1 386 339 төгрөгөөр ихэсгэж, нийт 6 747 846 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч нь ажлаас халагдах үед 622 878 төгрөгийн үндсэн цалинтай байсан нь нийгмийн даатгалын дэвтрээс харагдах бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халаагүй бол тус хэмжээгээр тооцогдож нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгогдох байсан. Тэтгэмж тооцоологдох хугацааны хөдөлмөрийн хөлсний дундаж нь 622 878 төгрөг, 4 сарын хугацаанд 2 491 512 төгрөг болж байна. Иймд тус төлбөрийг Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.2 дахь заалтын дагуу ажил олгогч байгууллагаар төлүүлэх үндэслэлтэй болно. Ажил олгогч байгууллага нь 2015 оны 02 дугаар сарын цалингаас 346 044 төгрөгийг олгоогүй байна. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ажлаас халах тухай тушаалыг нэхэмжлэгчид тус сард танилцуулаагүйгээс нэхэмжлэгч нь 2 дугаар сард ажиллаж байсан. Иймд тухайн сарын цалингаа бүтнээр авах эрхтэй. Гэтэл 346 044 төгрөгийн цалинг дараа олгоно гэсээр байгаад олгоогүй байдаг. Иймд тухай цалинг гаргуулах үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс нь 622 878 төгрөг байна. Ажилтан нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас үндэслэлгүйгээр халагдаж ажилгүй байсан. Үүнд зургаан сарын хугацааны /622 878*6/ 3 737 268 төгрөгийн олговор шаардаж байна. Ажил олгогч байгууллагаас нийт 6 747 846 төгрөг шаардаж байна. Өмгөөллийн болон нотариатын үйлчилгээний зардлыг нэхэмжлээгүй болно. Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаал болох эрдэм шинжилгээний дэд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх 6 747 846 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Ажил олгогч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байгаагүй гэж маргадаггүй, гагцхүү дадлагажигч ажилтнаар ажиллаж цалинжих ёстой атал байгууллагын дотоод журам зөрчиж, эрдэм шинжилгээний дэд ажилтнаар томилогдон ажиллаж байсан хэмээн тайлбарладаг гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Чулуунбаатар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төмөрбаатар, М.Долгорсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж шинэчилэн баталсны дагуу Б.Разбангүлийн ажиллаж байсан салбар татан буугдсан тул философийн хүрээлэнд түүнийг мэргэжлийн хүрээнд ажиллуулах ажлын байр, орон тоо байхгүй. Б.Разбангүл нь ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж нийтлүүлээгүй, эрдэм шинжилгээний семинарт бүтээлээ хэлэлцүүлж байгаагүй, ажилдаа бараг ирдэггүй зэрэг зөрчил нь шинжлэх ухааны академийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн ажилтнуудын тодорхойлолтоор батлагдаж байна. Шинжлэх ухааны академийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т төсөл, сэдэвт ажил дуусч цааш үргэлжлэхгүй болсон тохиолдолд тухайн төсөл, сэдэвт ажилд ажиллаж байсан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсэн заалтын дагуу Б.Разбангүлийг ажилд эргүүлэн томилох боломжгүй юм. С-11-01 тоот гэрээтэй 2009-2011 онд хэрэгжүүлсэн Монгол алтайн уулархаг бүсийн бэлчээрийн талхлагдал, цөлжилт түүнийг сааруулах шинжлэх ухааны үндэслэл сэдэвтэй тайланг хүлээлгэн өгсөн 2012 оны 201100003 дугаартай акт, 2012 оны С-11-01 дугаартай шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Хүрээлэнгийн зүгээс Б.Разбангүлтэй тохиролцох санал тавьсан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Б.Разбангүл 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Цалин шинэчлэн тогтоох тухай 15 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан болсон эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй. Иймд нэхэмжлэгч Б.Разбангүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалын Б.Разбангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Разбангүлийг Баян-Өлгий аймаг дахь Шинжлэх ухааны академийн харьяа Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 302 808 төгрөгийг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 1 709 792 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Разбангүлд олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон жирэмсний болон амаржсаны тэтгэмжид ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 735 246 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Разбангүл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Разбангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 900 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Разбангүлд олгож, хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс 95 152 Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Чулуунбаатар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь заалтыг зөрчиж, ШУА-ийн Философийн хүрээлэн нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт оршин байрлаж, Баруун сэлбийн гудамж-15, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд үйл ажиллагаа явуулдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал харьяаллын бус шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж, хууль бус шийдвэр гаргасан. Тухайн үед шүүх хуралдаанд хэргийг харьяаллын бус шүүхээр хянан шийдвэрлүүлэхгүй гэж хүсэлтээ гаргасан боловч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, хүсэлтийг шийдвэрлэхгүй хууль зөрчсөн харьяаллын бус шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж шинэчлэн баталсны дагуу Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн "ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, бүтцийг шинэчлэн батлах тухай" 06 тоот тогтоолоор Б.Разбангүлийн ажиллаж байсан байгаль, экологийн салбар /ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2004 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн "Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн бүтцийн тухай" 4 дүгээр тогтоолоор баталсан байгаль, экологийн салбар/ татан буугдсан тул Философийн хүрээлэнд түүнийг мэргэжлийн хүрээнд ажиллуулах ажлын байр, орон тоо байхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал бий болсон нь батлагдаж байгаа болно. Нэхэмжлэгч Б.Разбангүлийг 2009 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн 04 тушаалаар зөвхөн 2009-2011 онд хэрэгжүүлэх "Монгол Алтайн уулархаг бүсийн бэлчээрийн талхлагдал, цөлжилт түүнийг сааруулах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах" суурь судалгааны сэдэвт ажлын зөвхөн гүйцэтгэлтэй холбогдуулан анх ажилд томилсон бөгөөд ШУА-ийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т "Төсөл, сэдэвт ажил дуусч цааш үргэлжлэхгүй болсон тохиолдолд тухайн төсөл, сэдэвт ажилд ажиллаж байсан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно" гэсэн заалтын дагуу Б.Разбангүлийг ажилд эргүүлэн томилох боломжгүй юм. С-11-01 тоот гэрээтэй 2009-2011 онд хэрэгжүүлсэн "Монгол Алтайн уулархаг бүсийн бэлчээрийн талхлагдал, цөлжилт түүнийг сааруулах шинжлэх ухааны үндэслэл" сэдэвтэй тайланг хүлээлгэн өгсөн 2012 оны 201100003 дугаартай акт, 2012 оны с-11-01 дугаартай шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт /үлгэрчилсэн загвар/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад эдгээр нотлох баримтыг шүүгч үнэлээгүй. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2012 онд эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн аттестатчилал явагдаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн "Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэв батлах тухай" Б/27-p тушаалын "Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн жагсаалт" хавсралт, Шинжлэх ухааны академи Баян-өлгий аймаг дахь нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Цалин шинэчлэн тогтоох тухай" 15 дугаар тушаалаар Б.Разбангүл эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан болж, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 3-р хавсралтын ТҮШУ-2 цалингийн сүлжээгээр эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны цалин авч ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалаар нотлогдож байхад шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ тус нотлох баримтыг үнэлээгүйн улмаас эрдэм шинжилгээний дэд ажилтны цалинг нөхөж олгохоор хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгч уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байсан, шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйл, 112 дугаар зүйлд заагдсан үйл ажиллагаанууд явагдаагүй, шүүх хуралдаанд асуулт, хариултын үйл ажиллагаа явагдаж дуусаагүй байхад шүүх хурал гэнэт дууссан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай, хууль зөрчиж, хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр гаргасан байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00966 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

 

Нэхэмжлэгч Б.Разбангүл нь хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд холбогдуулан тус байгууллагын захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Шинжлэх ухааны академийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 3 737 268 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2 491 512 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын цалингаас дутуу олгогдсон 346 044 төгрөг, алданги 173 022 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч “Нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан” гэж маргажээ.

 

Б.Разбангүл нэхэмжлэлийн үндэслэлээ ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, ажлаас чөлөөлөгдөх үед 1 нас хүрээгүй хүүхэдтэй, мөн жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Б.Разбангүлыг Шинжлэх ухааны академийн харьяа Баян-Өлгийн аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн Байгалийн шинжлэл, экологийн секторт эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байгаад Философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 42.1, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолыг үндэслэл ажлаас нь чөлөөлсөн байна. 

 

Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны академийн харьяа Философи, социологи, эрхийн хүрээлэн болон Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийг нэгтгэн Философийн хүрээлэн болгож, орон тоог 50-иар тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Байгалийн шинжлэл, экологийн секторын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Баян-Өлгий аймаг дахь нийгэм эдийн засгийн бодлогын салбар гэсэн нэртэй болсон, орон тоо цөөрсөн зэрэг үйл баримт тогтоогджээ. /хх-52-56/

 

Харин нэхэмжлэгч Б.Разбангүлийн ажиллаж байсан “эрдэм шинжилгээний дэд ажилтаны орон тоо хасагдсан болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосныг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Б.Разбангүл нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлсний дундаж 427 448 төгрөг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

            Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1, 192 дугаар зүйлийн 192.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 1 709 792 /427 488*4=1 709 952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Уг тэтгэмжийг ажил олгогч байгууллага бус, нийгмийн даатгалын сангаас олгох журамтай байх боловч ажилтны эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор зохих тэтгэмжээ авч чадаагүй байх тул ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалттай нийцжээ.

 

            Шүүх Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацаанд нь бодож нийт 3 302 808 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэл зааж байгаа боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй. Тэмдэглэлд тусгагдсанаар даргалагч шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан зохих журмын дагуу явуулж, дэгийг тогтоосон, шүүх хуралдааны дэг зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Мөн анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн харъяалал зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүх харъяаллын дагуу хүлээн авсан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.1.3-т тухайлан заасан нөхцөл байдал үүссэн, иргэний хэрэг үүсгэхдээ харьяалал зөрчсөн нь тогтоогдсон бол талуудын хүсэлт тайлбарыг авч шүүх хэргийг хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад өөр шүүхэд шилжүүлж болно. Хэргийг харъяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэхтэй холбоотой энэхүү асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх дээрх асуудлаар хэргийг шилжүүлээгүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэр гарсан, уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүх хоорондын харьяаллын талаарх гомдлыг шийдвэрлэх боломжгүй болно.

 

            Нэхэмжлэгч нь хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэлийн талаарх тайлбар гэж үзэхээр байх боловч анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг шаардлагад хэрэг үүсгэсэн энэ нь хэргийн эцсийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Чулуунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                              Ц.ИЧИНХОРЛОО