Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 245

 

Л.Н, Ц.С нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар магадлалтай, 201525020210 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Ц.С-н өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар хөрөнгөжсөний улмаас онц их хэмжээний орлого олох” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ы  С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар хөрөнгөжсөний улмаас онц их хэмжээний орлого олох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Н, Ц.С нарыг урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэж онц их хэмжээний орлого олсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар Ц.С-ийг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жил 1 сар хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35,240,400 төгрөгөөр торгох ялаар, Л.Н-г аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил 1 сар хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35,240,400 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.   

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч М.Хувцагаан, Д.Цэндсүрэн нарын саналыг сонсоод ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Л.Н нь Хадгаламж банкны 11 дүгээр тооцооны төвтэй албан ёсны гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсныхаа төлөө гэрээнд заасны дагуу ажлын хөлсөө банкнаас авсан. Үүнийг гэрээ байгуулсан албан тушаалтан болон Аудитын дүгнэлтүүд, банк, теллерүүд хуулийн дагуу гэрчилж байна. Л.Н-гийн банктай хийсэн гэрээнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс ямар ч холбоогүй, гэрээний нэг тал нь “Шинэ бичээч” ХХК, нөгөө тал нь Хадгаламж банкны хооронд харилцаа үүссэн байхад зөвхөн нэг талыг барьж хууль буруу хэрэглэж байгаагийн нэг бодит жишээ юм. “Шинэ бичээч” ХХК-д Хадгаламж банкнаас шилжүүлсэн мөнгө бол Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сангаас гараагүй, Хадгаламж банкны өөрийнх нь үйл ажиллагаанаас олсон гэрээний дагуу олгосон ажлын хөлс болно. Хадгаламж банк нь “Шинэ бичээч” ХХК-тай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны дагуу тус банкинд мөрдөгддөг журмын дагуу актив, пассивын удирдлагын хорооноос нэмэгдүүлсэн хүү, урамшууллын хүү олгох эрх олгох тухай шийдвэр гаргаснаа үндэслэн тус компанид урамшуулал олгосон нь гэмт хэргийн шинжгүй байна гэж прокуророос үзээд Хадгаламж банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Хадгаламж банк нь “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу орж ирсэн тодорхой эх үүсвэртэй, эх сурвалж нь хангалттай тогтоогдсон мөнгийг Ц.С-д холбогдуулан түүнийг хууль бус хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь илт хууль бус болсон гэж үзнэ. Хувийн хэвшлийн компанийн дансанд орж ирсэн тодорхой эх сурвалжтай мөнгийг хувь хүний тухайлбал Ц.С-д орж ирсэн орлого, түүнийг хууль бус орлого олсон гэж дүгнэх ёсгүй. Хадгаламж банкнаас “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, банкны журмын дагуу явагдсан гүйлгээ болох нь тогтоогдсон учраас хууль, журмын хүрээнд банкнаас үйл ажиллагаа явуулж “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу зохих журмаар шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь буруу юм. Тэр тусмаа Ц.С-ийг “Шинэ бичээч” ХХК-ийн захирал Л.Н-гийн эхнэр учраас хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Аливаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн гэмт хэргийн объектив талын шинж тогтоогддог. Анхан шатны шүүх Хадгаламж банкнаас “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд учирсан хохирол, үүссэн өглөг, авлага байхгүй гэж үзсэн байна. “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу шилжүүлгээр орж ирсэн 63,397,709 төгрөг нь Хадгаламж банкны зардлын сангаас гаргасан банкны үйл ажиллагааны зардал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Арилжааны банк өөрийн хууль ёсны үйл ажиллагааны орлогоосоо гэрээний үндсэн дээр хувийн компанийн данс руу шилжүүлсэн мөнгийг төрд төлөх үндэслэлгүй, энэ мөнгө арилжааны банкны өөрийн хөрөнгө бөгөөд компанийн данс руу шилжүүлсний улмаас банкинд учирсан хохирол байхгүй байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Мөн хуулийн 22.10 дугаар зүйлд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн ял нь хөнгөрсөн тул хууль буцаан хэрэглэх боломжтой. Уг зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол гэж гэмт хэргийн субъектийг шууд зааж өгсөн байна. Иймд Л.Н, Ц.С нарыг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж байгаа учраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Давж заалдах шатны шүүх Ц.С-ийг Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 хувийн хүү бодсон тооцоолол дээр нэмж давхар сарын 0.1 хувийн хүү бодуулж, Л.Н-гийн “Шинэ бичээч” ХХК-д мөнгийг шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн байна. Арилжааны банк болон Хадгаламж банк нь өөрийн дотоод эх үүсвэрээсээ Л.Н-гийн “Шинэ бичээч” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олгосон урамшууллын мөнгөн дүн нь энэ хуулийн этгээдийн орлого болох ба Ц.С нь хүү бодуулж авах үйлдлийг хийгээгүй, энэхүү хүү бодох үйл ажиллагааг банк явуулсан билээ. Хадгаламж банк нь “Шинэ бичээч” ХХК-тай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны дагуу тус банкинд мөрдөгддөг журмын дагуу актив, пассивын удирдлагын хорооноос нэмэгдүүлсэн хүү, урамшууллын хүү олгох эрх олгох тухай шийдвэр гаргаснаа үндэслэн компанид урамшуулал олгосон нь гэмт хэргийн шинжгүй байна гэж прокуророос  Хадгаламж банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Ц.С-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна. Хууль тогтоогч энэ гэмт хэргийн объектив талыг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон байх ба энэ хөрөнгийг олж авсан эх үүсвэр тодорхойгүй, эх сурвалж нь мэдэгдэхгүй байхыг шаардсан байна. Ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдоогүй, албан тушаалтан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй, хөрөнгийн эх үүсвэрийг шалгаад тогтоох боломжгүй тохиолдолд эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзнэ гэж тайлбарласан байна. Гэтэл энэхүү хууль бус орлого гэж үзсэн 63,397,709 төгрөгийн эх үүсвэр нь тодорхой, Хадгаламж банкнаас гэрээний дагуу “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд орж ирсэн орлого болох нь тогтоогдсон байхад энэ зүйл заалтад хамааруулан авч үзэх нь үндэслэлгүй байна. Аливаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн гэмт хэргийн объектив талын шинж тогтоогддог. Анхан шатны шүүх Хадгаламж банкнаас “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдлийн улмаас Нийгмийн даатгалын санд учирсан хохирол, үүссэн өглөг, авлага байхгүй гэж үзсэн байна. Мөн Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй боловч Ц.С-ийг нөхөр Л.Н-тай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болсон байна. Шүүгдэгч нар ямар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй байхад Ц.С-ийг нөхрийн хамт гэмт хэрэг үйлдэж 63,397,709 төгрөгийг олсон гэж үзэж түүнээс энэ мөнгөний талыг гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу шилжүүлгээр орж ирсэн 63,397,709 төгрөг нь Хадгаламж банкны зардлын сангаас гаргасан тус банкны үйл ажиллагааны зардал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Арилжааны банк өөрийн хууль ёсны үйл ажиллагааны орлогоосоо гэрээний үндсэн дээр хувийн компанийн данс руу шилжүүлсэн мөнгийг төрд төлөх үндэслэлгүй, энэ мөнгө арилжааны банкны өөрийн хөрөнгө бөгөөд “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгөний улмаас банкинд учирсан хохирол байхгүй байна. Ц.С нь нөхөр Л.Н-гийн “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд Хадгаламж банкны үйл ажиллагааны зардлын сангаас орж ирсэн 98,9 сая төгрөгийн талаар Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт мэдүүлээгүй үйлдэл гаргасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохгүй ба харин энэ үйлдлийг нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан албан тушаалтны үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан захиргааны арга хэмжээ авагдах зөрчил гэж тооцохоор байна. Шүүх Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн тайлбарт албан тушаалтан албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө орлогыг хууль ёсны дагуу олсон болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжих гэж үзнэ гэсэн байх тул энэ тайлбарын дагуу Ц.С-ийг хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг үйлдсэн мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Ц.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч М.Хувцагаан хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Л.Н нь Хадгаламж банкны 11 дүгээр тооцооны төвтэй санхүүгийн зуучлал хийх, зөвлөгөө өгөх албан ёсны гэрээ хийсэн. Санхүүгийн зуучлалын гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй ч, гэрээ хийсэн эсэхийг гэрч нарын мэдүүлэг болон “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу орсон мөнгөний гүйлгээний утгаар нотлох боломжтой. Банкны зохион байгуулалт болон өөрчлөлтийн улмаас бичиг баримтууд эмх цэгцгүй болсон, алга болсон тохиолдлууд ажиглагдсан. “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ хийсний дагуу ажлын хөлс төлсөн асуудлаар Хадгаламж банкны 11 дүгээр тооцооны төвийн захирал болон холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шүүгдэгч Л.Н-тай цуг шалгасан. “Шинэ бичээч” ХХК-тай байгуулсан гэрээ, тус банкны журмын дагуу  актив, пассивын удирдлагын хорооноос нэмэгдүүлсэн хүү, урамшуулал олгосон нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, прокуророос банкны албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний нэг талыг нь гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон атлаа нөгөө талыг нь хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.  2012 онд орсон хуулийн өөрчлөлтийн дагуу хууль бусаар хөрөнгөжих гэдэг заалт дээр нэгдүгээрт шүүгдэгч Л.Н нийтийн албан тушаалтан биш, хоёрдугаарт мөнгөний эх сурвалж нь тодорхой. Гэрээний дагуу арилжааны банк үйл ажиллагааны явцад олсон орлогоосоо ажлын хөлс гэж өгсөн. Гэмт хэрэг үйлдэх журмаар эх сурвалжаа тодорхойлж чадаагүй тохиолдолд хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзнэ гэж хуульд заасан байна. Хийсэн үйл ажиллагаа болон эх сурвалж нь тодорхой байгаа тул хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөө үндэслэл нь  “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ хийхэд шүүгдэгч Ц.С-ийн ямар нэгэн оролцоо байхгүй, хамтарч гэрээ хийгээгүй, гарын үсэг зураагүй байхад Ц.С-тэй бүлэглэсэн гэж үзсэн. Шүүгдэгч Ц.С нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй “Шинэ Бичээч” ХХК ямар ч хамаарал байхгүй. Зориудаар хамаатуулан авч үзсэн үйлдэл нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөнгө шилжүүлсэн, шилжүүлэн авсан баримт дээр талуудын хувьд ямар нэгэн маргаангүй. Шүүгдэгч Л.Н 65,000,000 төгрөг авсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэж үзэж байгаа тул Д.Цэндсүрэн өмгөөлөгчийн цагаатгаж өгнө үү гэсэн гомдолтой санал нэг байна гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Тухайн үед өндөр хэмжээний дансны үлдэгдэлтэй байгууллагуудтай хамтран ажиллах, бага хүүтэй хадгаламж байршуулж, өндөр хүүтэй зээл олгох бодлогоор Хадгаламж банк ажиллаж байсан учраас урамшууллын хувь олгох бодлогоор Хадгаламж банк, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тус гэрээний 5.6 дахь хэсэгт тэтгэвэр авагчийн тэтгэврийн харилцах дансны жилийн үлдэгдэлд 4.8%-ийн хүү олгохоор тохирсон байдаг. Өмгөөлөгчдийн гомдолд Л.Н болон Хадгаламж банкыг хамтран ажилласан гэсэн. Л.Н болон Ц.С хоёр бол гэр бүлийн хүмүүс. Шүүгдэгч Л.Н- 2011 оны 05 дугаар сарын 02-нд компаниа байгуулсан байх бөгөөд 0.1%-ийн мөнгө 06 дугаар сарын 01-ний өдрөөс компанийн дансанд орж эхэлсэн байдаг. Шинэ хууль 2012 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн тул прокурор хууль гарахаас өмнөх 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 63,000,000 төгрөг гэмт хэрэгт тооцогдсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийг сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүүнээс бүрдүүлэхээр заасан. Нийгмийн даатгалын сангийн хүүний орлого улсын төсвийг бүрдүүлдэг. Аливаа хэрэгт эхлэл болон төгсгөл бий. Гэмт хэргийн эхлэл нь Ц.С. Өмгөөлөгч хэлэхдээ Хадгаламжийн банкинд үйлчилгээ үзүүлэх гэрээ байсан гэсэн ч, Л.Н- мэдүүлэгтээ ямар ч үйлчилгээ үзүүлж байгаагүй гэж мэдүүлсэн. Хадгаламжийн банкнаас 0.1%-ийн урамшууллын эрхийг төвөөс нь олгосон учир тэдний олгосон урамшуулал бол хууль бус биш гэж шийдсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэв.

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Л.Н, Ц.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан банкинд хадгалуулснаас бий болсон хүүгийн орлого нь санг бүрдүүлэх эх үүсвэрт хамаарч сангийн мөнгөн хөрөнгөд тооцогддог бөгөөд хууль тогтоомжид заасан болзол журмаар, зориулалтын дагуу зарцуулагдах байтал Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Ц.С нь албан тушаалын байдлаа ашиглан арилжааны банктай салангид гэрээ байгуулах замаар хүүгийн орлогын зарим хэсгийг өөрийн нөхөр шүүгдэгч Л.Н-гийн компаниар дамжуулан хувьдаа авч, төрийн санд хохирол учруулсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байна.

Шүүх Ц.С, Л.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж хэргийн үйл баримтад эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

Хууль тогтоогч энэ гэмт хэргийн объектив талыг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон байх, энэ хөрөнгийг олж авсан эх үүсвэр тодорхойгүй, эх сурвалж нь мэдэгдэхгүй байхыг шаардсан байна. Энэ нь уг эд хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсан боловч албан тушаалтан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдохгүй тохиолдолд эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэж тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

Харин шүүгдэгч, Ц.С нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн санд онц их хэмжээний хохирол учруулж Л.Н нь Ц.С-ийн дээрх хууль бус үйл ажиллагаанд мөнгийг өөрийн компаниар дамжуулан захиран зарцуулах боломж олгох байдлаар гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд тэдний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс тавин жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ... эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба хэдийгээр хорих ялын доод болон дээд хэмжээнд өөрчлөлт ороогүй боловч торгох ялын дээд хэмжээ нэмэгдсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Л.Н, Ц.С нарт гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн  нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч Ц.С-ийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Н-г албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож”,

“2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ийн нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 14,040,000 /арван дөрвөн сая дөчин мянга/ төгрөгөөр торгох ял,

“2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Л.Н-гийн нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 14,040,000 /арван дөрвөн сая дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн  нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР