Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00179

 


Г.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01719 дүгээр шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1612 дугаар магадлалтай,

 Г.Ганболдын нэхэмжлэлтэй,

 Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохиролд 218,848,147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Г.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсан төлөөлөгч Г.Ганболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 13-42 тоотод надтай гэр бүлийн харилцаатай байсан Н.Эрдэнэчимэг бусдад зодуулж гадны нөлөөтэй амь хохирсон гэмт хэрэгт миний бие сэрдэгдэн, ШШГЕГ-ын 0461 дүгээр ангид 570 хоног цагдан хоригдон, мөрдөгдөн шалгагдсан. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар Цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 432 тоот тогтоолоор тус тус хилс хэрэгт яллагдагчаар татагдан 570 хоног цагдан хоригдож нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, бие, сэтгэл санаа, эд материалын хохирол, гэм хор учирсан болохыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймээс 570 хоног цагдан хоригдсоныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5,849,301 төгрөг, Улаанбаатар хотод төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн бараа материалыг ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги 44 гурвалжин гэх газарт хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллаж, өдөрт дунджаар 50,000-60,000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан учир амьжиргааны үндсэн эх үүсвэр орлогыг багаар нь буюу 50 000 төгрөгийг цагдан хоригдсон хоногт үржүүлэн 28,500,000 төгрөгөөр тооцсон. Хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Н.Намжилцогтод 4,500,000 төгрөг, Г.Ганболдод 27,500,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг, эрүүл мэндийн хувьд хохирч байнга өвдөж эмчилгээ хийлгэдэг тул эмчилгээ шинжилгээ, эмийн болон эмчлүүлэхэд унаа машинд хэрэглэсэн шатахууны зардал 2,463,446 төгрөг, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны асар хүнд тохуурхал доромжлол, сэтгэлийн шарх амссан учир хохирол 150,000,000 төгрөг, бичиг баримтын зардал 35,400 төгрөг, нийт 218,848,147 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулна гэжээ. 

Гуравдагч этгээд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор А.Баясгалан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 тоот цагаатгах тогтоолоор хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Г.Ганболд үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг цагаатгаж, мөрдөн байцаалтанд буцаасан. Цагаатгах тогтоолд Г.Ганболдыг 570 хоног хоригдсон гэдгийг дурдсан. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хэрэгт сэрдэгдсэн хангалттай баримт байгаа гэх үндэслэлээр баривчилж, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс мөн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан түүнийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээ 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн биеийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан гэмт хэргийн яллагдагч Г.Ганболдыг уг хэрэгт 570 хоног буюу 18 сараас хэтрэхгүй хугацаагаар цагдан хорьжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Дээд шүүхийн тогтоолд шүүгдэгч Г.Ганболдыг хууль бусаар цагдан хорьсон гэх нотлох баримт авагдаагүй. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьсон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарч, хугацааг хуулийн үндэслэлээр сунгаж байсан. Хуульд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагавар арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэсэн заалт байдаг ч хамаарахгүй гэж үзэж байна. Баривчилсан болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч энэ нь хууль зөрчсөн байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлнэ гэж заасан ч хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон гэж заасан байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Ганболдыг хууль бусаар цагдан хорьсон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, түүнд учирсан эд хөрөнгийн хохирол, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан, нөгөө талаас мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль бус шийдвэр үйл ажиллагаа байсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой гэж байгаа бол үүнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, энэ талаар баримтгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам тайлбартаа: Прокурорын хэлсэнтэй санал нэг байна. Энэ хүнийг хууль бусаар хорьсон гэдэг нь тогтоогдсон баримт хэрэгт байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01719 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 16.177.101 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод олгож, үлдэх 202.671.046 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1612 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01719 дүгээр шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын ...16 177 701 төгрөг... гэснийг ...26 177 101 төгрөг ... гэж, ...202 671 046 төгрөг ... гэснийг ... 192 671 046 төгрөг ... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганболд нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1612 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Дээрх магадлалын хянавал хэсэгт Г.Ганболдын хөдөлмөр эрхэлж байсантай холбоотой олох байсан орлого гэх 28,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Өөрөөр хэлбэл, Г.Ганболд нь тухайн хэрэгт шалгагдан, цагдан хоригдохоос өмнө гурвалжингийн 44 дүгээр зам гэх газарт ачаа буулгах ажил эрхэлдэг байсан гэх тайлбараа нотлох зорилгоор шүүхэд Улаанбаатар Төмөр замын тээвэр зохион байгуулалтын алба болон Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги, Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын албан бичгүүдийг ирүүлсэн. Энэхүү баримтуудаас үзвэл 44 дүгээр зам нэртэй газрын үйл ажиллагаа болон уг газарт ачаа ачих, буулгах болон түүний үнэ ханшийн талаарх мэдээллийг агуулсан байна. Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал өөрийн ажил хөдөлмөр эрхэлж байсантай холбогдуулан хүсэлт гаргаж иргэн Ц.Эрдэнэбаатар, Х.Батмөнх нарыг гэрчээр асуулгасан боловч тухайн гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь дээрх 44 дүгээр зам гэх газарт байнга ажил эрхэлж, өдөр бүр ачаа буулгаж, тогтмол орлоготой байсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлт нь Г.Ганболдыг ачаа буулгадаг, хөдөлмөр эрхэлж байсныг үгүйсгээгүй, байнга ажил эрхэлж, тогтмол орлоготой байсан эсэхэд эргэлзэж гэх ойлголтод хүрэв.

Бидний зүгээс Иргэний хэрэгт Эрүүгийн хэргийн материалаас гэрчүүд болон сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, яллах дүгнэлт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, цагаатгах тогтоол, магадлал зэргийг нотлох баримтаар өгсөн. Энэхүү бичгэн нотлох баримтуудад 44 дүгээр зам буюу гурвалжин хэмээх газарт вагоноос ачаа буулгаж амьжиргааны эх үүсвэр орлогыг бүрдүүлж байсан, Хүнийг алах гэмт хэрэгт сэжиглэгдсэн хоногуудад дээрх хөдөлмөрийг бусад гэрч нарын хамтаар гүйцэтгэж байсан нь хөдөлбөргүй тогтоогдсоноор Г.Ганболд нь хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй, нотлогдохгүй байна гэж эрүүгийн шүүгч нар дүгнэн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн 44 дүгээр зам буюу Гурвалжин хэмээх газарт вагоноос ачаа буулгаж, хөдөлмөрлөж, тогтмол орлоготой болох нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт нь харин эсрэгээрээ эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн, хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, нотлогдоогүй гэж цагаатгах үндэслэл болсон. Бидний иргэний хэрэгт бичгэн нотлох баримтуудаар гаргаж өгсөн эрүүгийн хэргийн материал, бичгэн нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа.

Бидний зүгээс дээрх бичгэн нотлох баримтуудыг дутуу үнэлснээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй амжиргааны эх үүсвэр олох байсан 28,500,000 төгрөгийг хангалтгүй орхигдуулжээ гэж үзлээ. Иргэний хуулийн 9.1 дэх хэсэгт "Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэжээ. Гэтэл шүүхийн магадлалд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байгаа нь дээр дурдсанх хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байна. Дээрх гэрч нарын мэдүүлэгүүдэд 44 дүгээр зам дээр вагоноос ачаа буулгадаг байсан талаар болон гэмт хэрэг үйлдсэн гэх өдөрт тасралтгүйгээр хамт ажиллаж байсан талаар мэдүүлснээр эрүүгийн хэрэгт хамааралгүй холбогдолгүй болох нь тогтоогдож цагаатгагдсан. Гэтэл Иргэний анхан, давж заалдах шатны магадлалд тогтмол орлоготой байсан нь нотлогдоогүй байна гэсэн нь Эрүүгийн хэргийн 3 шатны шүүхийн магадлал, тогтоолын цагаатгах үндэслэлд амь хохирогчийн нас барсан хугацаанд Г.Ганболд нь гэмт хэрэг гарсан газарт байгаагүй, тогтмол ажиллаж, орлого олж, вагоноос ачаа буулгаж, байгууллагын гадна тохижилтын ажил хийж байсан нь тогтоогдсноор, түүнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэлтэй зөрчилдөж байна.  

Хоёр. ...Өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийн үнийн дүнд мал дүйцүүлж өгсөн гэх 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тэмдэглэл гэх баримт хэрэгт авагдсан. Үүгээр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний төлбөрийг нэхэмжлэгч тал төлсөн гэх боловч уг гэрээнд...10,000,000 төгрөгт бог, бод малыг тухайн үеийн нутгийн зах зээлийн ханшаар тооцож 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор Улаанбаатарт авчирч хүлээлгэн өгөхөөр тохиролцов... гэж тусгагдсан байна. Дээрх гэрээ болон тэмдэглэлийг харьцуулан үзвэл, 10,000,000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх малыг өмгөөллийн хөлсөнд тооцож бодитоор хүлээлгэн өгсөн гэж дүгнэх нь эргэлзээтэй байх тул энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ төгрөгтэй дүйцэх малаар төлбөрийн тооцоог хийсэн, хүлээн авсан тэмдэглэл үйлдэгдсэн, энэ талаар Өвөрхангай аймаг, Хархорин сумаас Гэндэнгийн Ганчимэг тодорхойлолт бичиж, нотариатаар гэрчлүүлж ирсээр атал хэрэгсэхгүй болгож байгаа нь хачирхал төрүүлж байна. Энэхүү дүгнэсэн хэсэгт гэрээ болон тэмдэглэлийг харьцуулан үзвэл 10,000,000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх малыг өмгөөллийн хөлсөнд тооцож бодитоор өгсөн гэж дүгнэх нь эргэлзээтэй байх тул гэжээ. Бид анх Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулахад үйлчлүүлэгчийн зүгээс бэлэн мөнгөөр төлбөрийг бүрэн барагдуулах боломж муутай байна гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн гэрээнд хөлс төлөх нөхцөл, хугацааг тодорхой зааж тусгасан. Тухайн үед мал оролцуулахгүйгээр бэлэн мөнгөөр гэрээг байгуулж болох байсан ч өнөөдрийн нййгэм, ард иргэдийн амьжиргааны түвшин, төлбөр хөлс төлөгдөх бодит нөхцөлийг харж, судалж энэхүү гэрээ байгуулагдсан юм.

Миний бие энэхүү гэрээг байгуулсан, хөлсөнд мал авсан өмгөөлөгч өө. Би үйлчлүүлэгчээсээ дээрх малыг гэрээний дагуу хүлээн авсан учир холбогдох бичиг баримтуудыг иргэний хэрэгт бичгэн нотлох баримтаар бүрдүүлэн өгч, үйлчлүүлэгчийнхээ хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргасан. Үүнд эргэлзэх зүйл огт байхгүй. Миний бие худал хуурмаг зүйлийг тэвчиж чаддагтүй, амьдралд тохиолдож буй агшин, үйлчлүүлэгч, хамаатан садны амьдралын нөхцөлийг бодитоор мэдэрч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан малыг хүлээн авсан учир тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан юм.

Гурав: ... Харин, нэхэмжлэлийн шаардлагаас эрүүгийн гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсны улмаас сэтгэл санааны хохиролд 500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Ганболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах хүнд гэмт хэрэгт нийт 570 хоног цагдан хоригдсон байна. Гэмт хэргийн ангилал, цагдан хоригдсон хугацаа, шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нөхцөл байдлыг харгалзан үзвэл, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ гэжээ. Энэ дүгнэлттэй санал нэг байгаа боловч сэтгэл санааны хохирлыг 10,500,000 төгрөгөөр үнэлж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хэсгийн заримыг бүхэлд нь, заримыг хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн зах зээлийн ханш үнэлгээнд дүйцүүлэн тодорхой хэмжээгээр хангаж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ 

Г.Ганболд хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохиролд 218,848,147 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлийг 570 хоног цагдан хоригдсоныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5,849,301 төгрөг, энэ хугацаанд олох байсан орлого 28,500,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 32,000,000 төгрөг, эмчилгээний зардал 2,463,446 төгрөг, нэр төр, сэтгэл санааны хохиролд 150,000,000 төгрөг, бичиг баримтын зардал 35,400 төгрөг гэж тайлбарлажээ. 

Г.Ганболд нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж 570 хоног буюу 18 сар цагдан хоригдож, мөрдөгдөн шалгагдсан байх ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар Цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 432 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Ганболдыг цагаатгажээ.

Г.Ганболд гэм буруугүй гэж цагаатгагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.  

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заажээ.  

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв боловч цагдан хоригдсон хугацаанд олох байсан орлого гэж тооцон 28,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтанд үндэслэгдээгүйгээс гадна эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой сонгон хэрэглээгүй, энэ талаар залруулах боломжтой байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т заасан зохицуулалт нь 511.1-д заасан зөрчлөөс үүсэх гэм хор бөгөөд нэхэмжлэгчийн хувьд мөн хуулийн 458.4-т заасан хохирол шаардах эрхтэй гэж үзнэ. 

Тэрээр цагдан хоригдож шалгагдахаас өмнө вагоноос ачаа ачиж буулгах хувийн хөдөлмөр эрхэлж өдөрт дундажаар 50,000-60,000 төгрөгийн орлого олдог байсан гэж шаардлагын үндэслэлийг тайлбарласан нь гэрч Ц.Эрдэнэбаатар, Х.Батмөнх нарын мэдүүлгээр үгүйсгэгдээгүй ба хэрэгт энэ талаар няцаасан баримт байхгүй байхад түүнийг амьжиргааны ямар ч эх үүсвэргүй байсан гэж үзэх боломжгүй энэ талаарх шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. 

Нэхэмжлэгч Г.Ганболд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлого олон амьдрал ахуйгаа хангаж байсан байх тул түүний сарын орлогын хэмжээг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олох байсан орлогын хэмжээг тогтоох боломжтой байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж заажээ. 

Хуулийн энэхүү агуулгаас үзэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэтийн энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ачаа ачих, зөөх, буулгах ажил эрхэлж байсан талаар баримтыг гаргажээ. 

Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд цагдан хоригдсон байх бөгөөд энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 192,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг сард 240,000 төгрөг гэж тогтоон цалин, хөлсний энэхүү доод хязгаарыг даган мөрдөж байжээ. 

Иймд Г.Ганболдын амьжиргааны орлогын дүнг тооцохдоо 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх 7 сарын хугацаанд сарын 192,000 төгрөгөөр тооцож 1,344,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 11 сарын хугацаанд сарын 240,000 төгрөгөөр тооцож 2,640,000 бүгд 3,984,000 төгрөгийг нэмж ханган энэ үндэслэлээр болон хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ : 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1612 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01719 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 30,161,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод олгож, нэхэмжлэлээс үлдэх 188,687,047 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганболд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ЗОЛЗАЯА     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧИД                                            Г.ЦАГААНЦООЖ

                                                                                     Д.ЦОЛМОН 

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД