Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2017/01924/И |
Дугаар | 181/ШШ2018/00498 |
Огноо | 2018-03-02 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2018/00498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....тоотод байрлах, “ЗИ” ХХК /Регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... тоотод оршин суух .....овогт Т.Г /Регистрийн дугаар:./-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрөх тухай" А-62 дугаар захирамжаар “Энх тайвны өргөн чөлөө-2020” хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслүүдийг зөвшөөрч, батлагдсан зураг төслийн дагуу газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэснийг үндэслэн, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44, 45 дугаар байрнуудыг холбон 0.05 га газрыг орон сууцны зориулалтаар 480 мкв газрыг эзэмших эрхийг “ЗИ” ХХК-д олгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар баталгаажуулж, Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээ олгосон. Уг архитектор төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор батлуулан мэргэжлийн байгууллагаас холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд олгогдсоны дагуу Улсын мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Мөн шинээр барилгын зураг төслийг төлөвлөхдөө Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбд 30.01.04-ийн 9.19”-д заасныг зөрчөөгүй, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн холбогдох заалтын галын аюулаас хамгаалах шаардлага болон архитектор орон зайн зохиомжийн зарчимд нийцсэн болох нь Улсын мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 07/165/62 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дугаар захирамжаар “ЗИ” ХХК-д холбогдох хэсгийн 44, 45 дугаар байрнуудын хооронд байрлах 240 мкв газрыг эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 292 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор дүгнэсэн. Ийнхүү уг газрыг эзэмшүүлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж чадахгүй байгаа бөгөөд уг газар дээр иргэн Т.Гын зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилга 60 м.кв хэсгээр давхацсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон. Улмаар зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн манай газартай давхацсан 60 мкв хэсгийг буулгуулахыг Нийслэлийн газрын алба, Сүхбаатар дүүргийн газрын албанд хандсан. Улмаар эс үйлдэхүй гаргаж давхацсан хэсэг болох газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль бус үйлдлийг шүүхээр тогтоолгож, уг газрыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсний эцэст Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж чөлөөлөх тухай” захирамж гарсан. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамжаар Дүүргийн газрын албыг газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгасан боловч өнөөг хүртэл биелүүлээгүй. Иймд дахин шүүхэд хандаж Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 608 дугаар шийдвэрээр “Сүхбаатар дүүргийн Газрын алба нь дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/296 захирамжийг биелүүлэхгүй, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэлийг хууль бус болохыг тогтоож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхэд удаа дараа хандсаны эцэст Дүүргийн газрын албанаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйл заалтад нийцсэн “Мэдэгдэл”, шаардах хуудсыг гардуулж, зөвшөөрөлгүй өргөтгөлөө буулгаж, газрыг чөлөөлөхийг шаардаж, боломжит хугацааг удаа дараа олгосон боловч иргэн Т.Г нь өргөтгөлөө буулгаж, хууль болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөг хүрсэн.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, мөн зүйлийн 57.4-т “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэлийн, сум, дүүргийн Засаг дарга уг газрын албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан. Үүний дагуу Т.Гыг зөвшөөрөлгүйгээр өргөтгөлийг барих үед нь захиргааны байгууллагаас 2004 оны 9 дүгээр сарын 03, 2004 оны 10 дугаар сарын 06, 2004 оны 10 дугаар сарын 07, баригдсаны дараа 2006 оны 12 дугаар сарын 18-нд гэх мэтээр удаа дараа мэдэгдэл, “Шаардах хуудас” зэргийг гардуулж байсан байдаг. Хариуцагч анх зөвшөөрөлтэй байсан гэх боловч түүнд зөвхөн өөрийн өмчлөлийн орон сууцныхаа зориулалтыг дэлгүүрийн зориулалт болгож өөрчлөх зөвшөөрөл олгосноос орон сууцнаас илүү гаргаж өргөтгөл барихыг зөвшөөрсөн зөвшөөрөл олгоогүй байдаг.
Удаа дараагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр “ЗИ” ХХК-ийн эрх бүхий газрыг иргэн Т.Г нь хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тэрээр миний хөрөнгө байгаа гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, уг барилгыг бусдад түрээслүүлж ашиг орлого олж, энэхүү хууль бус үйлдлээрээ “ЗИ” ХХК-ийн газар эзэмших эрхийг 13 жилийн турш хязгаарлаж, барилга барих ажиллагааг саатуулан хохирол учруулж байна. Харин дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэж байна гэсэн хариу өгдөг.
Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байвал өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тогтоох хэсэгтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 2 тоот орон сууцны зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн нэхэмжлэгч байгууллагын эзэмшил газартай давхцаж буй 60 мкв талбай бүхий хэсгийг буулгуулж, “ЗИ” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү. Уг нэхэмжлэлийг өмнө шийдвэрлэсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1737 дугаар шийдвэрийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 29-ний 350 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Ийнхүү буцаасны дараа хариуцагч нар дахин олдохоо больж улмаар нэхэмжлэлийг буцаасан. Ингээд хариуцагч Т.Г, гуравдагч этгээд Т.У нарыг эрэн сурвалжилсан шийдвэр гарсан байдаг. Иймд энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дээрх газар эзэмшил газар байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч шаардах бөгөөд нэхэмжлэгчийн өмч биш. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл өөрөө тодорхойгүй байна. Т.Гоор өөрийнх нь юмыг буулгуулах үйлдэл хийлгэх гэж байгаа эсхүл даалгуулах гэж буй нь тодорхойгүй. Өргөтгөл хэсгийн 60 мкв хэсэг нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа гэдэгт маргахгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Харин зөвшөөрөлгүй өргөтгөл гэдэгт анхнаасаа маргаж байсан. Анх хариуцагч Т.Год мөн зөвшөөрөл өгсний дагуу өргөтгөлөө барьсан. Гэтэл сүүлд зөвшөөрөлгүйгээр барьсан гэх асуудал үүссэн. Мөн нэхэмжлэгч нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүх 2009 онд шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Гэхдээ тус хэрэг цааш хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч энэ нэхэмжлэлээсээ өмнө татгалзсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гуравдагч этгээд Т.У шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЗИ” ХХК нь хариуцагч Т.Год холбогдуулан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“ЗИ” ХХК нь Нийслэлийн засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэгт байрлах нэгж талбарын 8003/0024 дугаар бүхий 480 мкв газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 76/
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор “Соёлч-40000” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээжээ. Дээрх тогтоолд Нийслэлийн Засаг дарга 2004 оны 164 дүгээр захирамжаар “ЗИ” ХХК-д Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44, 45 дугаар байрны хооронд 480 мкв газар эзэмшүүлж гэрчилгээ олгосон нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг дурджээ. /хх 7-8/
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-нын өдрийн 24 дүгээр тогтоолоор “ЗИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 441 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээжээ. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 608 дугаар шийдвэрээр “ЗИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэжээ. /хх 9-15, 19-23, 49, 98-100/
Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд хариуцагч Т.Г, гуравдагч этгээд Т.У нар өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 44 дүгээр байрны 2 тоот орон сууцаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадагш сунгаж 124 мкв талбайд өргөтгөл барьсан, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа, дээрх барьсан өргөтгөл “ЗИ” ХХК-д олгосон газартай 60 мкв талбай хэсгээр давхацсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тухай тус тус дурджээ. Мөн Т.Угийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч байгууллагад газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй, Т.Угийн чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах эрхэд харшлаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурдсан байна.
Дээрх үйл баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгчийг маргааны зүйл болсон газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх тул мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1737 дугаар шийдвэрт “ЗИ” ХХК нь Т.Уд холбогдуулан орон сууцны өргөтгөлийн барилга буулгуулах тухай шаардлагаа Захиргааны хэргийн шүүхээр хянагдаж байгаа “Соёлч-40000” СӨХ-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлүүлсний эцэст жич шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай дурджээ. /хх 157-159/
Иймд дээрх нэхэмжлэлийг шийдэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хяналтын шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 1737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан явдал Т.Год холбогдуулан нэхэмжлэл гаргахад хамааралгүй гэж дүгнэв. Нөгөөтэйгүүр хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Дээрх орон сууц Т.У, Т.Г нарын өмчлөлийнх болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон ч нэхэмжлэгч зөвхөн Т.Год холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй гэж үзэв. Мөн өргөтгөл хэсэг эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй гэдэгт зохигчид маргаагүйг дурдав.
Иймд хариуцагчийг өргөтгөлийн хувьд хууль бус эзэмшигч гэж үзэх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Гуравдагч этгээд Т.Уд өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргэсэн, түүнчлэн шүүх хуралдааны танхимыг орхин гарсан тул зохигчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 44 дүгээр байрны 2 тоот орон сууцны өргөтгөлийн “ЗИ” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8003/0024 дугаар бүхий газартай давхацсан 60 мкв талбай хэсгийг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч Т.Год даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ