Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/500

 

 

 

 

 

 

 

 

    2022          06          20                                     2022/ШЦТ/500

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн

улсын яллагч Ч.Батбаатар

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Г.Даваахүү

хохирогч С.Б-гийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай, хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Солонгос-Монголын хамтарсан коллежийн Хүнд машин механизмын инженерийн сургуулийн 1 дүгээр дамжаанд сурдаг гэх, ам бүл 7; эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *** дугаарын регистртэй,

Ц овогт Э-ын М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.М нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сан, КFС хоолны газрын баруун урд замд 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01:59 цагийн орчимд “Мitsubishi Pajero” маркийн *** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Бг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би Ц гэж хүний *** УАХ улсын дугаартай, Мицубиши пажеро маркийн автомашины автомат кропыг нь засварлаж өгөхөөр болсон. Засварлаад тестэлж үзэхэд зүгээр байсан. Тэгээд намайг машинаа нэг мөр угаалгаад ажил дээр авчраад өгөөрэй гэж байсан юм. Тухайн шөнө буюу 2 дугаар сарын 24-ний шөнө би 25 дугаар эмийн сангийн KFC-н уулзвараас зүүнээс баруун тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож байсан.

Миний мэдүүлэг дээр намайг хараа муутай гэж бичсэн байна лээ. Энэ байдал миний жолоо барих чадварт нөлөөлөхгүй. 25-н уулзвар дээр байгаа машинууд эсрэг талын урсгалд холын гэрлээ асаасан байсан. Би гэрлийн гялбаанд ороогүй, хурдыг зохих хэмжээнд авсан явж байсан. Хэд хэдэн шинжээчийн дүгнэлтээр хурдыг тогтоосон байсан. Би өөрийгөө ямар нэгэн байдлаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Эвдрэл гэмтлийн тал дээр машины эзэн Ц гэх хүнтэй уулзаж машины бичиг баримт дээр тээврийн хэрэгслийн оношилгоонд тэнцсэн гэх бичилтийг нь харсан. Ямар нэгэн асуудалтай зүйл байгаагүй. Ослын шинжилгээ хийхэд би өөрөө хамт байлцсан.

Би явган зорчигчийг харсан, зогсоох арга хэмжээ ч авсан. Тухайн үед би н.Алтанжолоо гэдэг мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө өөдөөс ирж байгаа машинууд холын гэрэлтэй явж байсан. Миний хараа шөнө жолоо барихад нөлөөлөх хэмжээний тийм муу гэж хэлээгүй. Хяналтын камерын бичлэгтэй танилцсан. Хохирогчийн хохирол төлбөрийг нь барагдуулаагүй гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ийн Б “... 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 40 минутын орчимд би 25 дугаар эмийн сангийн “Тайж” зочид буудлаас гараад зам хөндлөн урдаасаа хойшоо гарахаар явсан. Тухайн үед замын хөдөлгөөн бараг байхгүй байсан. Замын хойд талын эхний 2 эгнээг гараад сүүлийн 3 дахь эгнээг яг гарахын өмнө хаанаас ч юм мэдэхгүй машин гарч ирээд миний баруун ташаа хэсэг рүү мөргөж зам дээр шидсэн. Зам хөндлөн гарах үедээ найз Э-ын хамт явсан. Э миний урд талд нэг алхмын зайтай явж байсан, надаас түрүүлээд зам хөндлөн гарсан. Ослын улмаас зүүн хөл хугарсан, тархинд цус хуралт үүссэн. Гомдолтой байна” /хх-н 16/ гэж,

гэрч Г-ын Э “... Б бид хоёр зочид буудлын өрөөнд нэг шил 1 литрийн Эден нэртэй архи хуваан уугаад 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 40-45 минутын орчимд зочид буудлаас гараад зам хөндлөн урдаасаа хойшоо гарсан. Бид хоёр зэрэгцээд явж байгаад замын хойд талд яг зам гарахын өмнө би хоёр алхмын өмнө Бгээс түрүүлээд гарсан. Яг зам хөндлөн гарах үед Б замын 1 дүгээр эгнээгээр явж байсан цагаан өнгийн автомашинд мөргөгдөж зам дээр шидэгдсэн. Бг мөргөсөн автомашин зүүнээсээ баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээнд явж байсан” /хх-н 25/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор С.Бгийн биед зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзавчин хальсан доорх цус харвалт, зүүн тахилзуур ясны далд хугарал, дух, зүүн шанаа, хамрын нуруу, зулайн хуйх, баруун өгзөг, зүүн гуянд зулгаралт, баруун дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун шуунд, баруун мөр, хэвлий, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 4-5 хоногийн өмнө үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 3500 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 36-37/

 

Шүүх шүүгдэгч Э.Мд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт явагдсан болохыг дурдаж,

“... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ..., шүүгдэгч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Учир нь, шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурор нарт үүрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Э.Мын холбогдсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих энэ гэмт хэрэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байхыг шаарддаг эшлэл татсан (бланкет) диспозиц-той гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн үндсэн шинж нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, үүнээс улбаатайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг,

хүндрүүлэх шинж нь согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулсан байхыг тус тус,

онцлон хүндрүүлэх шинж нь хүний амь нас хохирсон байх зэрэг шинжүүд хамаарч, тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах шинжээч дүгнэлтээ гаргаснаар энэ гэмт хэргийн бүрдэл хангагддаг.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэж хуульчилсан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэж заасан байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалж, хууль зүйн болон эрх зүйн удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр Шинжээчдийн бүрэлдэхүүн буюу ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын шинжээч Ц.Цэвэгжав, Н.Мөнхзул, Д.Бадрах нарыг гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрээ гаргав.

Үүнд:

1. Mitsubishi Pajero маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а”-р заалт буюу “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Явган зорчигч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалт буюу “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

3. Явган зорчигч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.

4. Mitsubishi Pajero маркийн ** УАХ улсын дугаартай автомашины хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын үндсэн шалтгаан болохгүй бөгөөд осолд нөлөөлсөн байх магадлалтай.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 863 тоот шинжээчийн дүгнэлтээр камерийн бичлэгийг ашиглан Mitsubishi Pajero маркийн *** УАХ улсын дугаартай автомашины хурдыг тооцож гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Mitsubishi Pajero маркийн ** УАХ улсын дугаартай автомашины тоормосны мөр, түүний урт авагдсан байна. Тиймээс тоормосны мөрийг ашиглан автомашины хурдыг тогтоовол 51.14 км/цаг.

гэсэн байдлаар 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 03/17 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт[1] гаргасан байна.

 

Түүнчлэн шинжээч нар өмгөөлөгчийн асуултад хариулахдаа:

1. Явган зорчигч С.Б согтуу явсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх эсэх нь хариулт 2 болон 3-аар хариулагдсан.

2. Явган зорчигч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалтыг баримтлан ойртон ирэх автомашиныг өнгөрүүлсний дараагаар зам хөндлөн гарна.

3. “Зам тавьж өгөх” хийгээд дүрэмд заасны дагуу зам тавьж өгөх үйлдлийг зөв хийсэн бол тухайн осол гарах байсан эсэхэд хариулт 2-оор хариулагдсан.

4. Тоормосны мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой эсэхэд хариулт 5-аар хариулагдсан гэжээ.

 

Тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах Шинжээчийн энэ дүгнэлт нь шүүгдэгч Э.Мыг гэм буруугүйд тооцож, цагаатгах гол нотлох баримт болж байна.

 

Өөрөөр хэлбэл шинжээч нар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлж мэргэжлийн үүднээс дүгнэхдээ зам тээврийн осол гаргах “үндсэн” шалтгааныг явган зорчигч С.Бгийн буруутай үйлдэл мөн гэж,

харин жолооч Э.Мын жолоодож явсан тээврийн хэрэгслийн бүрэн бус байсан гэх байдал нь осол гарахад нөлөөлсөн байх “магадлалтай” гэж дүгнэжээ.

Шинжээчийн дээрх дүгнэлтэд эргэлзээтэй, тодорхой бус, ойлгомжгүй гэх нөхцөл байдлууд байхгүй байх ба “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, хэргийг прокурорт буцааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг давхар нотлох баримт сэлт шинээр бүрдэхгүй, ач холбогдол бүхий байдлыг сэргээн тогтоох нөхцөл үүсэхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах гэдгийг эдийн засаг-санхүүгийн шинжээч, хүний эрүүл мэндийн хохирлын /гэмтлийн/ шинжээч, техникийн шинжээч гэх мэт шинжээчдийг ойлгох бөгөөд дээр дурдсанчлан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаад хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байдаг бол шүүхийн хувьд тухайн асуудалд хөндлөнгийн байр суурьнаас хандаж, нотлох баримтын үнэлж, шинжлэн судлаад хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эсхүл гэм буруугүйд тооцож цагаатгах үйл ажиллагаа юм.

 

Үүнээс гадна шүүх прокурорын яллах дүгнэлтэд дараах байдлаар няцаалт хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор Ч.Батбаатар шүүгдэгч Э.Мыг буруутгахдаа

прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдаж

шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “Явган зорчигч С.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлттэй зөрчилдөж, гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг үгүйсгэж байх бөгөөд энэ нь гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтад нийцэж байна.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Мыг хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй гэж буруутгаж байгаа боловч шүүгдэгч Э.М Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй болох нь Шинжээчийн дүгнэлтэд мөн тусгагджээ.

 

Шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбаатарын гаргасан 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаартай дүгнэлтэд “... шинжилж буй “Ch19_20220224015823 mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:05:00 дэх секундэд дүрслэгдсэн цайвар өнгийн суудлын автомашин нь А цэгээс В цэгийн хоорондох 16.80 метр зайг ойролцоогоор ~(31.01 км/цаг – 33:00 км/цаг) хурдтайгаар туулж өнгөрсөн”[2] гэж бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримт, камерийн бичлэгээс үзвэл жолооч Э.М нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигтээ хөдөлгөөнд оролцож явахдаа 25 дугаар эмийн сан буюу KFC-гийн урд хэсгийн гэрлэн дохиотой, явган хүний гарцтай хэсгийг зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтэрч, улмаар тодорхой хэмжээний зай туулсны дараагаар явган зорчигч С.Бг мөргөсөн байх буюу явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёрын хөдөлгөөний чиглэл огтлолцсон цэг нь явган хүний гарцгүй газар байсан болох нь хэргээс тодорхой харагдаж байна.

 

Хэдийгээр явган зорчигч С.Б явган хүний гарцгүй газраар гарсан боловч гэрэл дохиотой, явган хүний гарцын наад хэсэгт явж байсан бол жолооч гэрэл дохиог анзаарч хөдөлгөөний хурдаа хасах байжээ гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Үүнтэй холбоотойгоор гэрч Г.Эын мэдүүлсэн “... 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр би 15.00 цагийн орчимд 25 дугаар эмийн сангийн замын урд талд байрлах “Тайж” зочид буудалд найз Бгийн дуудсанаар очсон. Б уг зочид буудалд өглөө нь орсон байсан. Бид хоёр зочид буудлын өрөөнд 1 шил 1.0 литрийн EDEN нэртэй архи хувааж уусан.

Б бид хоёр зам хөндлөн гарах үедээ явган хүний гарцаар гараагүй, зүүн талд KFC-н урд талд явган хүний гарц байдгыг сүүлд нь мэдсэн” /хх-н 25/ гэсэн мэдүүлгээс үзвэл гэрч, хохирогчийн хэн хэн нь согтуурсан байсан, орчноо мэдрэхгүй буюу явган хүний гарц хаана байсан, хаана байгаа эсэхийг, замын аль хэсгээр яаж гарахаа мэдэхгүй явж байжээ.

 

Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн хурдыг гаргахдаа тухайн автомашины тоормосны мөр, түүний урт авагдсантай харьцуулан томьёогоор бодож гаргасан байгаа нь жолооч Э.Мыг тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй гэдгийг нь үгүйсгэж байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн:

“Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байх, бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон” гэх мэт шалтгаанууд нь шүүгдэгч Э.Мд холбогдох энэ хэргийн хувьд ослын үндсэн шалтгаан болохгүй, осолд нөлөөлсөн байх магадлалтай гэж Техникийн шинжээч нар дүгнэсэнтэй нийцэхээс гадна

Mitsubishi Pajero маркийн, *** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг энэ үйл явдал /осол/ гарахаас 1 сар гаруйн өмнө буюу 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр техникийн үзлэг, оношилгоонд оруулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагджээ.[3]

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд нэгэнт техникийн үзлэг, оношилгоонд даруй хугацаанд хамрагдсан гэх тэмдэглэгээтэй тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, бүрэн бүтэн байдлыг жолооч тухайн үед шууд мэдэх боломжгүй хийгээд энэ үйлдлээр шүүгдэгчийг буруутгаж болохгүй.

 

Харин Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “согтуурсан”-ыг оруулж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Э.Мын хувьд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь “Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”-ээр 0.00% гэж бүртгэгджээ.[4]

 

Энэ хэргийн хохирогч С.Б нь 2.91%-ийн согтолттой байсан болох нь “Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”-д тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй.[5]

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э.М “... 2022 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би Mitsubishi Pajero маркийн ** УАХ улсын дугаартай автомашинтай 25 дугаар эмийн сангийн баруун талаас хүн гэнэт гараад ирсэн. Би харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй автомашиныхаа урд хэсгээр мөргөсөн. KFC хоолны газрын урд талын гэрлэн дохиотой гарцаар гарахдаа би бага зэрэг хурдаа хассан байсан. Осол болохын өмнө явган зорчигчийг мөргөхийн өмнө зүүн гар тийшээ дарах гэсэн чинь жижиг суудлын автомашин явж байсан” /хх-н 88/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь тухайн үед болсон үйл явдлыг нотолсон, шүүгдэгчийн гэм буруутайг нь үгүйсгэх нотлох баримт гэж үзэхээр байна.

 

Шүүх хуралдааны явцад улсын яллагч Ч.Батбаатар шүүгдэгч Э.Маас “... шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн гомдол, санал гаргаагүй тул энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна, зөв үү?” гэсэн агуулгатай асуулт асууж байгааг шүүгдэгчийн гэм бурууг өөрөөр нь нотлуулах гэсэн, тулгаж асуусан асуулт гэж ойлгогдохоор байгааг шүүхийн шийдвэрт тусгаж, тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирогч С.Бгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Бгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр өмгөөллийн үгэндээ

“... яг хэн нь буруутай вэ, хэрэг гарахад аль нь гол нөхцөл болсон бэ гэдгийг дүгнэлт гаргасан 3 шинжээч явган зорчигч буруутай гэсэн байна. Энэ 3 хүн хэргийг шүүдэг болсон юм уу. Энд шүүж байгаа асуудлыг тэр 3 шинжээч шүүхийн тогтоол шиг зүйл гаргачихаад явган зорчигчийг буруутай гэж байна. Тэр 3 шинжээчийн дүгнэлт дээр дараа нь гомдол гаргана” гэв.

Өмгөөлөгч П.Эрхэмбаярын энэ тайлбар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийн заалттай зөрчилдөж байгааг дурдая.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мыг гэм буруугүйд тооцож цагаатгасан тул хохирогч С.Бгийн хохирол, хор уршиг, нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхив.

 

Цагаатгагдсан этгээд Э.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалахаар шүүхийн шийдвэрт тусгалаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц овогт Э-ын М-ыг цагаатгасугай.

 

2. Э.М-д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Б-гийн хохирол, хор уршиг, нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Цагаатгагдсан этгээд Э.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Цагаатгагдсан этгээд Э.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Мд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас