Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/528

 

 

 

 

 

 

 

 

    2022         6            24                                    2022/ШЦТ/528

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Оюунцэцэг

шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 9 дүгээр гудамж, ** тоот, Б овогт Э-гийн Н-ний /РД: ***/ гэрт түүнтэй хамтран амьдарч байгаа гэх,

ял шийтгэл:

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай захирамжаар 1 жил 9 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацааг дуусч суллагдсан,

5. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

**** регистрийн дугаартай, Т овогт Цын З

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.З нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр байрны хойно байрлах хохирогч Г.Агийн хариуцан ажиллуулдаг “Ачмаг нуур” дэлгүүрийн цонхоор орж, 2.028.008 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, үйл ажиллагаан явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,

 

2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 40 дүгээр дунд сургуулийн орчим хохирогч Б.Бын Самсунг эс-7 загварын гар утас, түрийвч, мөн бэлэн 15.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авч, хохирогчид 275.000 төгрөгийн хохиролж учруулсан “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

 

Шүүгдэгч Ц.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би яллах дүгнэлтэд бичсэнийг хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн, дээрэм хийсэн гэдэг дээр маргах зүйлгүй. Хулгайн эд зүйлээс зарим хэсгийг буцааж биетээр өгсөн. Үлдэгдэл төлбөр хэд байгааг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ төлж барагдуулах болно. Мөн дээрмийн хэргийн хохирогч Б.Бын хохирлыг төлж барагдуулах болно. Би одоо Төмөр замын ойролцоох барилга дээр ажиллаж, плита нааж байгаа. Тийм учраас хохирогч нарын хохирлыг 6 сарын дотор төлж барагдуулна гэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, хорооллын эцэст найзынхаа гэрээс гараад “Өргөө” кинотеатрын ард талаас такси бариад явж байтал таксины жолооч танилцъя гэхээр нь үгүй гээд түүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд 40 дүгээр сургуулийн ойролцоох гараашны завсар машинаа зогсоохоор нь тэнд буусан. Үүний дараа алхаад явж байтал нэг залуу урдаас хурдан хурдан алхаж ирснээ “чи яасан янхан минь” гэж хэлэхээр нь айсандаа зугтаагаад гүйсэн. Гэтэл миний араас хөөгөөд 40 дүгээр сургуулийн доошоо ордог гүнзгий шатны хэсэгт намайг оруулж миний хоолойг боогоод “мөнгөө өг” гэхээр нь байгаа нь энэ гээд би өөрт байсан мөнгөө гаргаж өгсөн. Миний гар утсыг аваад 2-3 удаа цохисон. Би авраарай гэж орилоход хажуугаар явж байсан 1 эмэгтэй, 2 залуу гарч ирэхэд би дээшээ гараад автобусны буудал руу гүйсэн. Нэг залуу нь энэ залууг барьж аваад цагдаа дуудсан. Цагдаагийн байгууллага надаас мэдүүлэг авсан. Намайг шүүх эмнэлэгт үзүүлээрэй гэсэн. Би тухайн үед их айсан байсан. Цагдаагийн байгууллагад очиж харахад тухайн хүн мөн байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дахин байцаалт авсан. Энэ хүнийг хоёр дүүрэг дамжсан хэрэгтэй байгаа, таныг дуудна гэж хэлсэн.

Миний гар утсанд кейс байгаагүй, хөх өнгөтэй Самсунг С-7 маркийн гар утас байсан. Мөрдөн байцаалтын шатанд миний гар утас, түрийвчийг хүлээлгэж өгөөгүй. Цагдаа дээр надад нэг гар утас үзүүлсэн боловч миний гар утас биш байсан. Бэлэн мөнгө гэвэл 10.0-тын дэвсгэртээр 1 ширхэг, 1000-тын дэвсгэртээр 5 ширхэг нийт 15.000 төгрөг байсан. Миний гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Жолоочийн үнэмлэхээ 12.500 төгрөгөөр дахин гаргуулж авсан, мөн ХААН банкны картыг дахин гаргуулахад 5000 төгрөг, надад нийт 212.500 төгрөгийн хохирол учирсан. Түрийвчээ бол буцааж авсан. Хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Хохирлоо авах юм бол гомдол санал гэх зүйлгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ын А “... 2020 оны 7 дугаар сарын 16-ны 00 цагт хүнсний дэлгүүрээ хааж, 00 цаг 20 минутад дэлгүүрээ цоожлон гарч явсан. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 08:00 цагт дэлгүүрээ онгойлгоод орж ирэхэд газарт бараанууд буулгасан байдалтай байсан. Тэгээд хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн” /хх-н 1-р хх-н 30-31/ гэж,

хохирогч Б-ийн Б “... миний араас хөөж байсан эрэгтэй гүйцэж ирээд миний амыг дараад чамайг дуугарвал ална шүү, чи дуугараад ямар амжилтад хүрэх юм гээд намайг алгадаад, боогоод, чамд хэдэн төгрөг байгаа юм бэ гэхээр нь надад 15.000 төгрөг байна, чи энийг ав гэсэн чинь чиний гар утас хаана байгаа юм гэхээр нь миний халаасанд байгаа гэж хэлээд халаасаа үзэхэд миний утас түрийвч байхгүй болсон байсан” /1-р хх-н 168-170/ гэж,

гэрч Ц-ийн О “... 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.Энхбаярын хамт Бэгэр-115 чиглэлийн авто эргүүлд Баянгол дүүргийн 11, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 40 дүгээр сургуулийн орчимд бусдад дээрэмдүүлсэн гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч хэрэг гарсан гэх газарт очиход дээрэмдүүлсэн гэх нэг согтуу эмэгтэй гадуур хувцас нь шороо болчихсон сууж байсан ба дээрэмдсэн гэх согтуу залууг нь дуудлага өгсөн хүмүүс нь барьчихсан зогсож байсан” /2-р хх-н 79-80/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 04/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 06-09/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 10-13/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 14/, хулгайд алдагдсан гэх эд зүйлийн бүртгэл тооцоо /1-р хх-н 15-17/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-н 18-19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-н 20-24/, гэрэл зургууд /1-р хх-н 25-27/, “хулгайлах” гэмт хэргийн хохирогч Г.Агийн эд хөрөнгийг 2.028.008 төгрөгөөр үнэлсэн Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-н 37-40/, Цагдаагийн албан хаагчийн Илтгэх хуудас /1-р хх-н 59/,

“дээрэмдэх” гэмт хэргийн таньж олуулах ажиллагаа /1-р хх-н 179/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 180-181/, “дээрэмдэх” гэмт хэргийн хохирогч Б.Бын Samsung S7 маркийн гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-н 87-88/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгч Ц.З

“... би 2020 оны 7 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 02 цагаас 04 цагийн хооронд Баянзүрх дүүрэг 16 дугаар хороонд байрлах “Ачмаг нуур” хүнсний дэлгүүрийн арын сараалжийг эвдэж цонхоор нь орсон” /хх-н 1-р хх-32-33/,

“... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрмийн хэрэгт би хохирогч Баас ямар нэгэн эд зүйл гар утас авсан зүйл байхгүй. Харин бэлнээр 15.000 төгрөг авсан” /2-р хх-н 35-36/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байжээ.

 

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаарддаг буюу уг гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр нууцаар авахыг хэлдэг.

Харин “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” гэсэн хүндрүүлэх шинжийн хувьд гэмт этгээд өөрт хамааралгүй орон байр, агуулах сав, өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч бусдын эд зүйлсийг авч байгаа үйлдлээр илэрнэ.

 

Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг, заналхийлж довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ц.Зд холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь эдгээр гэмт хэргүүдийн аль аль шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Т овогт Ц-ын З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.З-ын хувийн байдалтай холбоотой;

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 64, 200/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 65/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-н 66, 187/, Цагдаагийн хайлтын систем /1-р хх-н 67, 188-189/, шүүхийн шийдвэрийн хуулбарууд /1-р хх-н 72-73, 74-77, 78-79, 79 ар тал-80, 81-82, 87-88, 89-90, 90 ар тал-91, 94-110/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 500 дугаартай тогтоол /1-р хх-н 165/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 173, 174/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /1-р хх-н 177-178/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Ц.З 2020 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “хулгайлах” гэмт хэргийг, 2020 оны 10 дугаар сарын 04-ноос 05-нд шилжих шөнө “дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн заалтад хамаарч байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.З урьд өмнө “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг 5 удаа үйлдэж шүүхээс ял авахдаа 2 удаа шүүхийн шийдвэр биелүүлэхийг хойшлуулж, 3 удаагийн шүүхийн шийдвэрээр хорих ялыг биечлэн эдэлж, тус бүрийн хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл хоригдол Ц.З хорих ял эдэлж байх хугацаандаа ямар нэгэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хаалт болохгүй тул

шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солив.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, ... шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, ... дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж заасан байх тул нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоосон болно.

 

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо нийт хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоосон шалтгаан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл Зорчих эрхийг хязгаарлах ял”, энэ зүйлийн 1 дэх хэсэгт

 заасан “... нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэсэн зохицуулалтад нийцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.З нийт 360 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 360 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 4 жил 5 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Ц.З-ын хувийн байдалтай холбоотой баримтуудаас үзвэл тэрээр Иргэний үнэмлэхийн лавлагаагаар “Дархан-Уул аймаг, Дархан сум, * дугаар баг”[1] гэсэн хаягтай боловч Дархан-Уул аймагт очихгүй, тэнд амьдардаггүй байгаа, Улаанбаатар хотод байнга амьдарч, ажил хийж байгаа, “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 9 дүгээр гудамж, *** тоот, Б овогт Э-гийн Н /РД: ***/ гэгчтэй хамтран амьдардаг гэх тул иргэн Э.Н-ний оршин суух хаягаар буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Харин шүүгдэгч Ц.З зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсэн болно.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч Ц.З нь “хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ад нийт 2.028.008 төгрөгийн хохирол учруулснаас өнөөдрийн /2022.06.24/ шүүх хуралдааны явцад улсын яллагч Б.Оюунцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нар хохирлын тооцоог тулгаж үзээд 451.510 төгрөгийн эд зүйл биет байдлаар хохирогчид буцаан олгогдсон байна, үлдэгдэл хохирол нь 1.576.498 төгрөгийн төлбөртэй гэж тооцоо нийлсэн тул энэ мөнгийг шүүгдэгч Ц.Заас гаргуулж хохирогч Г.Ад,

 

“дээрэмдэх” гэмт хэргийн хохирогч Б.Б шүүх хуралдаанд биечлэн оролцож, “... бэлэн мөнгө гэвэл 10.0-тын дэвсгэртээр 1 ширхэг, 1000-тын дэвсгэртээр 5 ширхэг нийт 15.000 төгрөг байсан. Миний гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Жолоочийн үнэмлэхээ 12.500 төгрөгөөр дахин гаргуулж авсан, мөн ХААН банкны картыг дахин гаргуулахад 5000 төгрөг, надад нийт 212.500 төгрөгийн хохирол учирсан. Түрийвчээ бол буцааж авсан. Хохирлоо гаргуулж авах юм бол гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Заас 212.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэр бүхий хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулах, шүүгдэгч Ц.З нь өөрийн хувийн байдалтай анхаарч, цаашид хэрэг, зөрчилд холбогдохгүй байх үүднээс хорих ялыг дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах 4 жил 5 хоногийн ялын хугацаанд түүнд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсан болно.

 

Өөрөөр хэлбэл ялтан Ц.З нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй бол хуульд заасны дагуу хариуцлага тооцогдохыг түүнд анхааруулья.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.З 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан /1-р хх-н 191-194/, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс /1-р хх-н 223-225/ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг /2-р хх-н 62-64/ хүртэл 358 хоног, нийт 360 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41/ө дугаартай захирамжаар Ц.Зд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлэх үүднээс 4 жил 5 хоногийн хугацаанд дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 472 дугаартай захирамжаар[2] “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлээр,

мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 430 дугаартай захирамжаар[3] “шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй” үндэслэлээр Ц.З-д холбогдох хэргийг тус тус прокурорт буцааж байсан.

Энэ удаад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

         1. Т овогт Ц-ын З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

         3. Шүүгдэгч Ц.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

         4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг журамлан “хулгайлах” гэмт хэрэгт оногдуулж дүйцүүлэн сольсон 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, “дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулж дүйцүүлэн сольсон 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

         5. Шүүгдэгч Ц.З 360 /гурван зуун жар/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 360 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 4 /дөрөв/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

         6. Шүүгдэгч Ц.Зын дүйцүүлэн сольсон 4 жил 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 7. Шүүгдэгч Ц.З зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-аас:

1.576.498 /нэг сая таван зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөг гаргуулж хохирогч Г-ын А-д,

212.500 /хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б-ийн Бд тус тус олгосугай.

 

9. Хорих ялыг дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах 4 жил 5 хоногийн ялын хугацаанд шүүгдэгч Ц.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,

мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

10. Шүүгдэгч Ц.З шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүн гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болохыг,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дууссаны дараа тухайн хүнд ял оногдуулах эсэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг тус тус түүнд мэдэгдэж, анхааруулсугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.З-д урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ[4] болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудас