Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/465

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч С.Энхтуул,

иргэдийн төлөөлөгч Ө.Эрдэнэбилэг,  

шинжээч Г.Ханхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяа, түүний өмгөөлөгч Ц.Агваандорж, Б.Мянган,

шүүгдэгч Ц.Мя, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 2205000000666 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “*********** үсчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын ******************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Мя нь 2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вийнс вэе” нэртэй бааранд “хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар Ц.Чий нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохин газарт толгойн ар хэсгээр нь унагааж түүний эрүүл мэндэд гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулайн духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, 2 талын сильвийн ховил, 2 талын зулай, чамархайн хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар Ц.Ч нь дээрх гэмтлүүдийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мя мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяа мэдүүлэхдээ: “... Миний дүүгийн амь насыг хохироосонд гомдолтой байна. Эмчилгээ болон оршуулгын зардалтай холбоотой нийт 54.093.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Ханхүү мэдүүлэхдээ: “...Өвчтөний эрүүл мэндийн байдал, насны байдлаас хамаарч эмчилгээний үр дүн харилцан адилгүй байдаг. Талийгаачийн хувьд харьцангуй залуу хүн байсан тул амь нас аврагдах боломж 5 хувь байсан гэж шинжээч үзсэн...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяагийн:

“...2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үүрээр 6 цагийн үед манай дүү Чулууны найз Баяраа над руу залгаад “Чулуун хүнд цохиулаад гэмтэл дээр ухаангүй ирсэн байна” гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиход “томографикт харуулах гэж байна” гээд дугуйтай орон дээр түрчихсэн явж байсан. Манай дүү Чулуун ухаангүй байсан бөгөөд эмч нар үзлэг шинжилгээгээ хийгээд 14 цагийн үед гэмтлийн сэхээн амьдруулах тасаг руу орсон. Тэгээд би сахиураар байсан. Улмаар сэхээн амьдруулах тасгаасаа өөр тасаг руу шилжээгүй, ухаан ороогүй байсаар байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны 10 цаг өнгөрч байхад нас барсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

2. Гэрч Д.Б-гийн:

“...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны 02 цагийн үед найз болох Ц.Ч, Н.Лхагважав нарын хамтаар Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “С Вэй” нэртэй бааранд орсон. Миний бие ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тэгээд ороод манай 2 найз жижиг шилтэй “Тайгер” нэртэй пиво тус бүр 4 ширхгийг уусан. Тэгээд Ц.Ч, Н.Лхагважав нар бүжгийн талбайд гараад бүжиглэж байсан. Би ерөнхийдөө хараад зогсож байсан. Тэгсэн бүжгийн талбай дээр байсан үл таних 3 эрэгтэй хүнтэй Ц.Ч бүжиглэж ойртоод байсан. Тэгэхээр нь би тэр 3 залуу дээр очоод “манай найз Ц.Ч согтсон байгаа юмаа. Янз бүрийн юм яриад байвал өөрсдөөсөө холдуулаад түлхчих” гэсэн. “Бүр болохгүй бол намайг дуудаарай” гэж хэлээд би ширээн дээрээ очиж суусан. Тэгээд ширээн дээр хараад сууж байсан чинь гэнэт манай 2 найзтай тус 3 залуу маргалдаад бүжиглэж байсан хүмүүс тарж байгаа юм шиг харагдаж эхэлсэн. Тэгээд дөхөөд очиход саарал цамцтай үл таних залуу Ц.Чыг хөлөөрөө жийж газар унагааж байгаа харагдсан. Тэгээд би саарал цамцтай залууг тэвэрч авахад миний нурууны ард талаар хар цамцтай эрэгтэй нь тойрч гараад Ц.Чыг баруун гараа атгаж байгаад зүүн нүдний доод хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь Ц.Ч тус байрны пелтан шалан дээр толгойны ар хэсгээрээ саваад хүчтэй унасан. Тэгээд ухаан алдсан байдалтай сэрээгүй. Тэгэхээр нь өргөж сандал дээр суулгаад нүүр рүү ус цацаж үзсэн сэрэхгүй байсан. Тэгээд 102 тоот утсанд дуудлага өгч цагдаа дуудсан. Би машинаа асааж Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж Ц.Чыг өргөж оруулаад эмчийн үзлэгт оруулсан. Эмч биеийг нь үзээд шууд тархины хагалгаанд оруулах шаардлагатай гээд өрөө рүүгээ аваад орсон. Удахгүй цагдаагийн алба хаагч нар гэмтэл дээр ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

3. Гэрч О.Ба:

“...2022 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Мя, Шинэ нарын хамт Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вийнс вэе” нэртэй бааранд ороод бид 3 хүний 2, 2 пиво захиалж уусан, тэгээд бид 3 бүжиглээд тамхины өрөөнд тамхилаад Шинэ ширээн дээрээ сууж байсан, Мя бид 2 бүжиглэж байсан тэгэхэд 1 танихгүй согтуу цагаан малгайтай цамц, гадуураа хар бомбор шиг хувцастай бор хүрэндүү өмдтэй залуу согтуурхаад бүжиглэхдээ хүмүүс мөрлөөд гараа саваад байсан, тэгээд 3-4 удаа бүжгийн талбай дээр тийм үйл явдал болсон. Тэгээд уг цагаан малгайтай цамцтай согтуу залуу манай найз Мятай муудалцаад маргаж байхаар нь яваад очиход Мяыг уг залуу гараараа нүүрнийх нь хацар орчим цохихоор нь би зүүн гараараа уг залуугийн нүүр, шанаа орчим нэг удаа цохисон тэгэхэд уг залуу над руу дайрсан, тэгэхэд нь уг залуугийн найз нь намайг тэврээд салгахад манай найз Мя хүн тойроод гүйж очоод уг цагаан малгайтай цамцтай залууг гараараа саваад цохиход уг залуу ар дагзаараа саваад уг баарны плитан шалан дээр хүчтэй унасан. Тэгээд ухаан алдаад сэргэхгүй байхаар нь сэргээх гээд Мя ус цацаад сэрээгүй, би мөн ус цацсан тэгэхэд сэргээгүй. Шинэ очоод уг залууг чагнахад “амьсгалж байна” гэсэн. Уг залуу хурхираад унтаад байсан тэгээд хэсэг байж байхад уг залуугийн эгч нь гээд хүн ирээд “гэмтэл явъя” гээд Мя, Шинэ бид 3 өргөөд баарнаас гаргаад машинд суулгаад Мя, Шинэ хоёр уг залуугийн сууж явсан машинд суугаад би уг залуугийн эгчтэй нь нэг машинд суугаад бид нар гэмтлийн эмнэлэгт очоод өргөж оруулахад уг залуу хурхираад унтаад байсан. Тэгээд “тусгаарлах өрөөнд оруулаад хэвтүүлчих” гээд оруулж хэвтүүлсэн тэгээд Мя бид хоёрыг “олон хүн байлгахгүй” гээд гаргасан. Шинэ үлдсэн тэгээд эгч нь эхэндээ “яаралтай хагалгаанд оруулна” гэсэн тэгэхэд эмч нь “архи нь гарахаар гайгүй болох байх эмчилгээ хийх шаардлагатай байна” гэсэн тэгээд байж байхад цагдаа нар ирээд цагдаагийн газар ирж эрүүлжүүлэх байранд Мя бид хоёрыг оруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

4. Гэрч Н.Лха:

“...2022 оны 02 дугаар сарын 16-нд Баяраа, Чулуун хоёрын хамт хорооллын “Вийнс вэйе” нэртэй бааранд ороод 4 шил пиво 1 ундаа аваад Чулуун бид 2 пиво уусан байсан. Баяраа огт архи, пиво уугаагүй Чулуун бид 2 өмнө 1, 1 шил пиво уусан байсан. Чулуун бүжиглэж байгаад хүмүүс шүргээд байсан би очоод холдуулаад хамт байж байсан тэгэхэд Чулуун ширээ рүүгээ алхсан, би араас нь дагаад явж байсан тэгэхэд саарал малгайтай цамцтай залуу ширээний өнцөг багана хоёрын зайгаар гарч Чулуун дээр очиж чадаагүй байхад Чулуун саарал малгайтай цамцтай залууг шүргэсэн, би араас нь алхаж очоод уг саарал малгайтай цамцтай залууд “согтуу хүн битгий тоогоорой хажуугаар чинь гарах гэж байгаад шүргэчих шиг боллоо” гээд Чулуун руу эргээд харахад, араас намайг татаад цохисон, би газар унасан тэгээд гараараа толгойгоо хаагаад мөлхөөд боссон, тэгээд харахад Чулуун газар толгойны ар дагзаараа саваад унасан, тэгэхэд нь би “хүн алчихлаа” гэхэд баарны ая зогссон тэгээд би очоод амьсгалж байна уу гэж шалгаж үзэхэд амьсгалж байсан, хөдлөхгүй ухаангүй болчихсон байсан. Тэгээд сандраад нэг хүнтэй сандал дээр суулгаад гар хөлийг нь бариад сэргэхгүй байсан. Тэгээд саарал малгайтай цамцтай залуу, найз 2 нь ирээд өргөөд гарсан. Үүдний сандал дээр суулгаад байж байсан тэгээд намайг зөөгч нь “тооцоо хий” гэхээр нь буцаж ороод гарч ирсэн тэгээд уг намайг цохисон саарал малгайтай цамцтай залуу найзтайгаа өргөөд гарсан ба би уг бааранд үлдсэн. Миний толгойны ар хэсэгт жижиг зүсэгдсэн юм шиг шархтай, баруун эрүү бага зэрэг хөндүүр байна. Би Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

5. Гэрч Д.Шинэ-ын:

“...2022 оны 02 дугаар сарын 16-нд найз Батгэрэл, Мя 2 ирээд бид 3 баар орохоор ярилцаад Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вийнс вэйе” бааранд ороод хүний 2, 2 шил пиво авч уугаад, сүүлд 1, 1 шил пиво авч уугаад бүжиглэж байхад цагаан цамцтай согтуу залуу бүжиглэж байхдаа хүмүүс өдөөд мөрлөөд яваад байсан. Намайг нэг мөрлөхөд найз нь ирээд “согтуу байгаа битгий маргаарай, битгий тоогоорой” гэсэн тэгээд би ширээ рүүгээ очоод суусан. Тэгэхэд хүмүүс овоороод байхаар нь очиход цагаан цамцтай залуу газар уначихсан, ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан “хэн цохисон бэ” гэж найз нараасаа асуухад Мя “би цохисон чинь уначихлаа” гэсэн. Тэгээд уг ухаангүй залууг сандал руу Мя, Батгэрэл 2 суулгаад сэрэхгүй байхаар нь ус цацсан, тэгээд баарнаас гаргаад уг залууг машинд суулгаад Мя бид 2 уг залуутай хамт, Батгэрэл өөр машинд суугаад бид нар гэмтлийн эмнэлэгт очиход дээшээ толгойны зураг авхуул гээд орон дээр хэвтүүлээд авч явсан. Тэгээд зургийг нь аваад эмч нь “хагалгаа хийх шаардлагагүй, өглөө архийг нь гартал нь эмчилгээ хийгээд гайгүй бол явуулна” гэсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд цагдаагийн газар ирсэн Мя, Батгэрэл хоёрыг эрүүлжүүлээд би ирж мэдүүлэг өгөх баталгаа бичиж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3150 дугаартай:

“...Ц.Ч-ы биед гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулайн духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, 2 талын сильвийн ховил, 2 талын зулай, чамархайн хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл авсан даруйд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61- 63 дахь тал/,

7. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 760 дугаартай:

“...Талийгаачид дагз яснаас доош зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хатуу хальсны доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Талийгаач нь эмчлэгдэж байсан тул мансуурал, согтуурлын зэргийг тогтоох боломжгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Амь нас аврагдах боломж муутай байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,

9. Шинжээч эмч Г.Ханхүүгийн:

“...эмчилгээнээс хамаарч хүмүүс харилцан адилгүй байдаг. Ийм төрлийн гавал ясны гэмтэлтэй хүн суурь өвчингүй, харьцангуй залуу хүний хувьд амь нас аврагдаж болдог учир уг хариултыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дахь тал/,

10. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэт авиан оношилгооны дүгнэлт тус эмнэлгийн компьютерт томографын дүгнэлтүүд, тус эмнэлгийн хүний их эмч Ө.Бямбаринчиний гаргасан Ц.Ч-ы биеийн байдлын талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 55-59 дэх тал/,

11. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 91-94 дэх тал/,

12. Шүүгдэгч Ц.Мя-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 16-ны орой Батгэрэл надаар үсээ засуулсан. Тэгээд ажлаас гараад Баянгол дүүргийн 10-р хороолол ороод Шинэтай уулзаад Батгэрэл, Шинэ бид 3 хорооллын “Вийнс вэй” нэртэй бааранд ороод бүжиглээд хүний 2, 2 пиво захиалж авч уусан. Тэгээд бид 3 бүжиглэж байхад нэг танихгүй цагаан цамцтай залуу ирээд уг залуу бүжиглэж байгаад намайг мөргөсөн. Би тоохгүй байсан, тэгэхэд дахин ирээд биеэрээ мөргөсөн. Тэгэхээр нь би уг залууг бариад “чи яагаад байгаа юм бэ, хөгшөөн” гэхэд цаанаас нь уг залуугийн найз нь гэх залуу ирээд “наад хүнээ мөргөөд байвал түлхээд холдуулаарай” гэсэн. Тэгээд би дахин бүжиглэж байхад уг цагаан цамцтай залуу ирээд дахин мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр залууг бариад чихэн дээр нь “яагаад байгаа юм бэ” гэх зүйл ярьсан. Тэгээд нэг нэгэн рүүгээ орилсон. Тэгээд би нүүрээрээ орилолдоод очиход уг залуу миний зүүн шанаа орчим 1 удаа цохисон. Тэгээд хойшоо алхсан, тэгэхэд хүмүүс голоор орсон. Тэгээд би хүмүүсийг тойрч гүйж очоод баруун гараараа уг залуугийн зүүн шанаа орчим 1 удаа цохисон. Тэгэхэд толгойны ар дагз хэсгээрээ саваад пелтан шал руу унасан. Тэгээд уг залуу сэргэхгүй байсан. Тэгээд сэргээх гээд ус цацаж босгож сандал дээр суулгасан, тэгэхэд сэргэхгүй байсан. ...би гэм буруугаа ухаарч байгаа, маш их гэмшиж харамсаж байна, тухайн үед би уг хүнийг 1 удаа л цохисон, түүнийг гэмтээх ухаан алдуулъя, алчихъя гэж бодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 176-178 дахь тал/,

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд,

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Мя нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой нэхэмжилсэн 54.093.000 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаж байгаа 10.422.774 төгрөгийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мянган “Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай байгаа. Шүүгдэгч Ц.Мя-ын үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж байна. Улсын яллагч хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь буруу. Мөн энэ хэрэгт гэрч О.Ба үйлдлийг шалгаагүй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр “амь хохирогчийн амь насыг аврах боломж муутай байжээ” гэсэн дүгнэлт гарсан. Хүнд гэмтэл учруулсны улмаас нас барах гэх ойлголт нь тусдаа ойлголт юм. Гэтэл амь хохирогч нь 12 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэж байх явцдаа нас барсан байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Агваандорж “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь амь хохирогч нь биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн талийгаачийг Ховд аймагт аваачиж нутаглуулсан бөгөөд хохирол төлбөрт нэхэмжилж байгаа 54.093.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, прокуророос оруулж ирсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Мяын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Мя нь:

2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вийнс вэе” нэртэй бааранд “хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар Ц.Чий нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохин газарт толгойн ар хэсгээр нь унагааж түүний эрүүл мэндэд гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулайн духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, 2 талын сильвийн ховил, 2 талын зулай, чамархайн хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар Ц.Ч нь дээрх гэмтлүүдийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяагийн “...2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үүрээр 6 цагийн үед манай дүү Чулууны найз Баяраа над руу залгаад “Чулуун хүнд цохиулаад гэмтэл дээр ухаангүй ирсэн байна” гэсэн. ...Манай дүү Чулуун ухаангүй байсан, ...Улмаар сэхээн амьдруулах тасгаасаа өөр тасаг руу шилжээгүй, ухаан ороогүй байсаар байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны 10 цаг өнгөрч байхад нас барсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Б-гийн “...Тэгсэн бүжгийн талбай дээр байсан үл таних 3 эрэгтэй хүнтэй Ц.Ч бүжиглэж ойртоод байсан. Тэгэхээр нь би тэр 3 залуу дээр очоод “манай найз Ц.Ч согтсон байгаа юмаа. Янз бүрийн юм яриад байвал өөрсдөөсөө холдуулаад түлхчих” гэсэн. “Бүр болохгүй бол намайг дуудаарай” гэж хэлээд би ширээн дээрээ очиж суусан. Тэгээд ширээн дээр хараад сууж байсан чинь гэнэт манай 2 найзтай тус 3 залуу маргалдаад бүжиглэж байсан хүмүүс тарж байгаа юм шиг харагдаж эхэлсэн, ...саарал цамцтай үл таних залуу Ц.Чыг хөлөөрөө жийж газар унагааж байгаа харагдсан. Тэгээд би саарал цамцтай залууг тэвэрч авахад миний нурууны ард талаар хар цамцтай эрэгтэй нь тойрч гараад Ц.Чыг баруун гараа атгаж байгаад зүүн нүдний доод хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь Ц.Ч тус байрны пелтан шалан дээр толгойны ар хэсгээрээ саваад хүчтэй унасан. Тэгээд ухаан алдсан байдалтай сэрээгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Ба “...цагаан малгайтай цамцтай согтуу залуу манай найз Мятай муудалцаад маргаж байхаар нь яваад очиход Мяыг уг залуу гараараа нүүрнийх нь хацар орчим цохихоор нь би зүүн гараараа уг залуугийн нүүр, шанаа орчим нэг удаа цохисон, ...Мя хүн тойроод гүйж очоод уг цагаан малгайтай цамцтай залууг гараараа саваад цохиход уг залуу ар дагзаараа саваад уг баарны плитан шалан дээр хүчтэй унасан, ...ухаан алдаад сэргэхгүй байхаар нь сэргээх гээд ус цацсан, ...Шинэ очоод уг залууг чагнахад “амьсгалж байна” гэсэн. Уг залуу хурхираад унтаад байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Лха “...Чулуун саарал малгайтай цамцтай залууг шүргэсэн, би араас нь алхаж очоод уг саарал малгайтай цамцтай залууд “согтуу хүн битгий тоогоорой хажуугаар чинь гарах гэж байгаад шүргэчих шиг боллоо” гээд Чулуун руу эргээд харахад, араас намайг татаад цохисон, би газар унасан тэгээд гараараа толгойгоо хаагаад мөлхөөд боссон, тэгээд харахад Чулуун газар толгойны ар дагзаараа саваад унасан, тэгэхэд нь би “хүн алчихлаа” гэхэд баарны ая зогссон тэгээд би очоод амьсгалж байна уу гэж шалгаж үзэхэд амьсгалж байсан, хөдлөхгүй ухаангүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Шинэ-ын “...хүмүүс овоороод байхаар нь очиход цагаан цамцтай залуу газар уначихсан, ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан “хэн цохисон бэ” гэж найз нараасаа асуухад Мя “би цохисон чинь уначихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3150 дугаартай “...Ц.Ч-ы биед гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулайн духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, 2 талын сильвийн ховил, 2 талын зулай, чамархайн хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл авсан даруйд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 760 дугаартай “...Талийгаачид дагз яснаас доош зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хатуу хальсны доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Талийгаач нь эмчлэгдэж байсан тул мансуурал, согтуурлын зэргийг тогтоох боломжгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Амь нас аврагдах боломж муутай байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт,  

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэт авиан оношилгооны дүгнэлт тус эмнэлгийн компьютерт томографын дүгнэлтүүд, тус эмнэлгийн хүний их эмч Ө.Бямбаринчиний гаргасан Ц.Чы биеийн байдлын талаарх тодорхойлолт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэл тохироогүй тул зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой байсан” гэж маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Мя нь “хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар Ц.Чий нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохин газарт толгойн ар хэсгээр нь унагааж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, улмаар Ц.Ч нь дээрх гэмтлүүдийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 12 хоног эмчлэгдэж байгаад гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.

Шүүхээс шүүгдэгч Ц.Мя-ын амь хохирогч Ц.Ч-ыг цохисон үйлдэл нь хохирогчийг алах, түүний амь насыг хохироох гэсэн шууд санаа зорилго агуулаагүй буюу хохирогчтой ямар нэгэн өс хонзонгийн болон урьдын хувийн таарамжгүй харилцаа байгаагүй гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Ц.Мя нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” бөгөөд харин уг хүнд хохирлынхоо улмаас хохирогч нас барсан нь хүнд гэмтэл гэсэн хохирлын улмаас үүссэн хор уршиг нь байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар хүний биед халдаж хүнд гэмтэл учруулсан, түүний улмаас хохирогч нас барснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.    

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Ц.Чы төрсөн эгч Ц.Үүрийнтуяаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяагаас хохирол, хор уршигт нийт 54.093.000 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар тогтоогдож байгаа 10.422.774 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяад олгох нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Мя нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6.375.744 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул уг хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс хасаж, үлдэх 37.294.774 төгрөгийн хохирол буюу “талийгаачийн ажилд явдалд оролцсон хүмүүсийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс”, “талийгаачийн түрээсэлж ажиллуулж байсан машин угаалгын газрын түрээсийн төлбөр”, “Авто тээврийн үндэсний төвийн татвар”, “Гантиг зам” ХХК-ийн төлбөр зэргийг хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Мя-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Ц.Мя нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөрийг баримтын хүрээнд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан тухайн зүйл заалтын хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Мя нь нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Мя-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ц.Мя-ын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 116 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000000666 дугаартай хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ Мя-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Мя-ыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мят оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мя-ын энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 116 /зуун арван зургаан/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мя-аас 10.422.774 /арван сая, дөрвөн зуун хорин хоёр мянга, долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.294.774 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрийнтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Мя-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мя-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ДАЛАЙХҮҮ

                    ШҮҮГЧ                                                          Ц.ДАЙРИЙЖАВ

                     ШҮҮГЧ                                                          Ч.ОТГОНБАЯР