Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/485

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          15                                   2022/ШЦТ/485

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг

хохирогч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205004070718 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******-  хохирогч Н.Б-гээс 2021 оны 9 дүгээр сарын 23-наас  2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө...хүүтэй мөнгө зээлье...” гэх мэтээр хуурч 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өмнө нь ийм асуудалд орж байгаагүй болохоор өөрийнхөө шуналаасаа болж ийм байдалд орсондоо  маш их харамсаж байна. Манай эгчид мөнгө хэрэг болоод надаас асууж байсан. Би Баттүвшинээс асуугаад над руу шилжүүлсэн. Эгчдээ өгөх гэж байгаад эгчид мөнгөний хэрэг байхгүй болсон гэхээр нь өөрөө авч хэрэглэсэн. Бооцоот тоглоомыг хамт тоглоно гэдэг зүйл байхгүй, *******-надтай хамт тоглоогүй. Сэргэнэ гэдэг нь мөнгөө өсгөөрэй гэсэн утгатай үг юм. Койн авна гэдгээ сүүлд нь хэлсэн. Би мөнгөний хэрэгт гараад 3 хувийн хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэж асуусан чинь юу хийх гэж байгаа юм бэ гэхээр нь койн авна гэж хэлсэн. 5.000.000 төгрөгийг мөнгөний хэрэг гараад байна зээлчих гэж хэлээд 2-3 хоногийн дараа өгье гэж хэлээд авсан. Намайг тоглоод мөнгө алдаад байгааг *******-мэдэхгүй байсан. Би Баттүвшинд 55.000.000 төгрөг төлсөн. Төлөгдөөгүй 26.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй үүнийгээ төлнө.” гэв.

 

            Хохирогч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оноос хойш хамт ажилладаг. Найз нөхдийн харилцаатай байсан. Амьдарч байгаа байр, эдэлж хэрэглэж байгаа зүйл, эцэг, эх, ах, эгчийнх нь унадаг машин зэргээс нь хараад энэ хүнд  итгэж байсан. Өөрийнхөө дансны хуулгыг орлого, зарлагын баримтаар харуулж байсан. Тэр байдлыг нь хараад би итгэсэн. Би энэ хүнд маш их итгэсэн болохоор “койн авч өсгөнө, интернэт худалдаа хийнэ” гэж хэлэхээр нь том бизнес хийдэг хүнтэй хамтраад өөрийнхөө мөнгийг өсгөж болох юм байна гэж бодож байсан.  Би 10-11 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг *******-ын данс руу шилжүүлсэн. *******-нь надад “би бол их мөнгөтэй харьцдаг, чи бол бага мөнгөтэй харьцдаг хүн, мөнгөнд хандах хандлагаа өөрчил, битгий намайг мөрдөөд бай” гэж хэлдэг байсан. Сүүлдээ би цагдаад гомдол гаргаж мэдүүлэг өгснөөс хойш надад 55.000.000 төгрөг  төлсөн байгаа. Одоо 26.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 26.600.000 төгрөгийг гурав хувааж төлнө гэж хохирол төлбөр барагдуулах гэрээ хийсэн. 6 дугаар сарын 10-ны өдөр 5.000.000, 7 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, 8 дугаар сарын 10-ны өдөр 11.600.000 төгрөг төлнө гэж байсан. Яаж төлөхийг мэдэхгүй байна. 6 дугаар сарын 10-нд төлөх мөнгөө төлөөгүй байгаа. Би үлдэгдэл хохирлоо төлүүлж авмаар байна.”  гэв.

 

Хоёр.Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт  заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

*******-, Н.Б- нар 2016 оноос бие биесээ мэдэх найз нөхдийн харилцаа холбоотой гэх ба  *******- нь Н.Б-гээс;

1.“SPC койн авч өгнө” гэж хэлж 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 7.100.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5031667704 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2. “9.000.000 төгрөгийг сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлээч, ETH гэх койн авна” гэж хэлж 9.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банк дахь өөрийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

3.“Манай эгч 28.000.000 төгрөгийн зээлээ дараад дараа нь 150.000.000 төгрөгийн зээл авах эрх үүсэхээр байна. Одоо 11.000.000 төгрөг дутаад зээлэх хэрэгтэй байна.” гэж хэлж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11.000.000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн 3635145977 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

4. “NFT гэх койн худалдаанд гарах гэж байна ашгаа 80/20 гэж хувааж авъя” гэж хэлж 2021 оны 11дүгээр сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

5. “Цахимаар бүх төрлийн спортод бооцоо тавьдаг сайт байна. Энд би өөрөө 30-40 хувийн өсөлт хийж чаддаг юм. Чи 10.000.000 төгрөг уг бооцоонд оруулбал 12.000.000 төгрөг болгож өгье” гэж хэлж 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

6. “Би чиний өгсөн 10.000.000 төгрөг дээр 3.000.000 төгрөг нэмээд  SPC койн аваад дарчихсан байгаа одоо 5.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлээч” гэж хэлж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

7. “SPC гэх койн дахиад авъя, койноо хабынхаа данс руу хийгээд ханшийн зөрүүн дээр нэмж  мөнгө олж болдог юм гэж хэлж 2021 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр 12.000.000 төгрөгийг Хаан банкны 5041468747 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

8. “100.000 төгрөг зээлээч гэж хэлж 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 100.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

9. “400.000 төгрөг зээлээч гэж хэлж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 400.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

10. “Найзыгаа уучлаарай хадам аавдаа 30.000.000 төгрөгийн өртэй байснаа өгчихлөө. Дахиад форексээс авах гэтэл би бичиг баримтаа гээчхээд авч чадахгүй байна. И Монголиа гэх апликейшнээс цахимаар иргэний үнэмлэхийн хуулбараа аваад форексээс мөнгөө татаж авч болдог юм байна” гэж  худал хэлж Хаан банк дахь өөрийн 0000000000 дугаартай дансаар, 900.000 төгрөгийг бэлнээр авч нийт 81.600.000 төгрөг авсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Н.Б-гээс 2021 оны 9 дүгээр сарын 23-наас  2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө...хүүтэй мөнгө зээлье...” гэх мэтээр хуурч залилан мэхэлж 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан нь:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-гийн хохирогчоор өгсөн: “Би Болдбаатарын Хосбаяртай 2016 онд таньдаг болсон. Тэр үед бид 2 хамт ТНГРИ ИНВЕСТ компанид ажилладаг байсан. 2016 оноос хойш 6 жилийн хугацаанд найз нөхдийн холбоотой болсон. *******-2021 оны 6 дугаар сард ажлаасаа гарсан бөгөөд тэрнээс хойш хааяа уулздаг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр *******-над руу утсаар яриад манай гэрийн гадаа уулзсан. Ингээд ярилцахад хувьцааны интернэт худалдаа хийж байгаа одоо миний дансанд 100 мянган ам доллар байна гэж яриад байсан. Надад яг мөнгөн дүнгээ бол харуулаагүй бөгөөд энийг хараа гэж яриад байсан юм. Тухайн үед *******- дансанд 100.000 ам доллар байсан гэж ойлгосон. Надад хандан мөнгөө өгсөх боломж байна. Форекс буюу хувьцаа авч зардаг интернэт худалдаанд орвол 30-40 хувийн ашиг олох боломж байна гэсэн. Бас SPС, NFT гэх койн байна. Эдгээр койныг аваад цаашид үнэд хүргэж зарах ажил байна гэсэн. Энэ саналыг би сонсоод зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр над руу залгаад SPS койн авах гэж байна. Би 20.000.000 төгрөгөөр уг койныг авч байгаа. Чи нэмээд 7.100.000 төгрөгөөр койн авах уу гэсэн. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр *******- 0000000000 тоот данс руу 7.100.000 төгрөгөөр SPС койноос 1 ширхгийг нь 0.6 төгрөг байхад нь авахаар болоод мөнгөө Баянгол дүүргийн 5-р хороо Тэмүүлэл хотхоны 103-89 тоотод байх гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн. Би Хосбаяраас миний койныг авсан уу гэтэл аваад дарчихсан байгаа. Удахгүй үнэ хүрэхээр нь зараад мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний над руу утсаар залгаад NFT гэх койн худалдаанд гарах гэж байна. Уг койноос авах хэрэгтэй байна. Надад мөнгө байхгүй байна. Чи мөнгөө гаргачихаа хоёулаа ашгаа 80/20 гэж хувааж авъя гэсэн. Ингээд би NFT койн авахаар 15.000.000 төгрөгийг *******- 0000000000 тоот дансанд мөн гэртээ байхдаа шилжүүлсэн. Уг мөнгийг *******-аваад NFT койн аваад дарчихлаа гэж хэлсэн. 1 койныг 0.3 төгрөгөөр бодож авч байсан. Энэ нь 50 сая койн болж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******-утсаар залгаад SPС гэх койн дахиад авъя. Үнэ нь унаад байгаа учир аваад далд хийчхээд үнэ хүрэхээр нь эргээд зарах санал тавьсан. Тэгэхээр нь би өмнөх койнуудыг чиний хаягаар авсан. Надад чи нэг ч койн шилжүүлж өгөөгүй байна. Тийм учраас энэ койныг би өөрийнхөө дансаар авна гэж хэлсэн. Ингээд би ажилтай байсан учир өөрийнхөө худалдааны койн хаягийн нэвтрэх код, интернэт банкны нэвтрэх кодоо өгсөн. Тэр өдөр нь *******-нь миний нэвтрэх кодуудыг ашиглаад 12.000.000 төгрөгөөр SPС койн худалдаж авсан. Тэгээд миний койны дансанд байсан 12.000.000 төгрөгийн койныг 5 минутын дотор эргүүлээд өөрийнхөө койны дансанд шилжүүлж авсан. Үүнийг нь мэдээд би яагаад өөрийнхөө дансанд миний койныг авчив гэтэл койн хабынхаа данс руу хийгээд ханшийн зөрүү дээр нэмж мөнгө олж болдог юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд өнгөрөөсөн. Тухайн үед 1 ширхэг SPС койн 1.2 төгрөгөөр бодож 10 сая койн авч байсан. Койн авахаар мөнгө шилжүүлсэн асуудлууд ингээд дуусан байна. Одоо надаас зээлсэн мөнгөний талаар ярья. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр *******-над руу залгаад гэрт хүрээд ир гэсэн. Гэрт нь очиход 9.000.000 төгрөгийг сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлэх хүн байна уу. Олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хадам ах Батхуягтай утсаар яриад манай найз Хосбаярт мөнгөний хэрэг гараад байна та хүүтэй мөнгө зээлэх үү гэтэл тэгье гэсэн. Ингээд би Батхуяг гэх ахаасаа Хаан банкны картыг нь аваад *******- 0000000000 тоо данс руу 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 9.000.000 төгрөгөөр *******-ЕТН гэх койн авна гэж хэлж байсан. Ингээд үнэд хүргэж зараад мөнгийг нь өгнө гэж байсан. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******-над руу утсаар залгаад манай эгчид мөнгөний хэрэг гараад байна. Манай эгч 28.000.000 төгрөгийн зээлээ дараад дараа нь 150.000.000 төгрөгийн зээл авах эрх үүсэхээр байна. Одоо 11.000.000 төгрөг дутаад зээлэх хэрэгтэй байна гэсэн. Ямар эгч нь гэдгийг сайн мэдээгүй. Надад манай ээжийн дүү гэж яриад байсан. Тухайн үед би цалингийн зээл авсан байсан бөгөөд мөнгөтэй байсан учир 11.000.000 төгрөгийг *******- Голомт банкны 3635145977 тоот данс руу гэртээ байхдаа өөрийн 3635146037 тоот данснаас 11.000.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******-над руу утсаар залгаад цахимаар бүх төрлийн спортод бооцоо тавьдаг сайт байна. Энд би өөрөө 30-40 хувийн өсөлт хийж чаддаг юм. Чи 10.000.000 төгрөг уг бооцоонд оруулбал 12.000.000 төгрөг болгож өгье гэсэн.  Би 0000000000 тоо дансанд нь 10.000.000 төгрөгийг гадуур явж байхдаа шилжүүлсэн. Хаанаас шилжүүлснээ санахгүй байна. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******-надтай уулзаад 10.000.000 төгрөгийг чинь цахимаар спорт бооцоонд оруулаад өсгөсөн, ашигтай ажилласан. Одоо би чамд ашиг болгож 2.000.000 төгрөг өгье гээд 2.000.000 төгрөгийг миний 0000000000 тоот дансанд 2 хувааж 1.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Онцын шаардлагагүй бол 10.000.000 төгрөгөөр надад түр хэд хоног хэрэглүүлчих гэсэн. Ингээд энэ мөнгийг одоо болтол өгөөгүй. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр над руу залгаад 5.000.000 төгрөгийн хэрэг байна зээлээч гэсэн. Чи өмнө нь авсан 10.000.000 төгрөгөө яасан бэ, одоо би бүх мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл би чиний өмнө өгсөн 10.000.000 дээр 3.000.000 төгрөг нэмээд SPС койн аваад дарчихсан. Одоо мөнгөгүй байна. 5.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлээч гэсэн. Би одоо форексийнхоо /хувьцааны интернэт худалдаа/ мөнгөнөөс 20.000 ам доллар татна. Тэгээд чиний бүх мөнгийг гаргаж өгнө гэж хэлсэн. Ингээд би 5.000.000 төгрөгийг *******- 0000000000 тоот дансанд 10-р хороололд явж байхдаа шилжүүлж өгсөн. Хосбаярт хандан өөрийнхөө мөнгийг авмаар байна. Би машинаа солих гээд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгтэл чи Toyota Land Cruiser-100 автомашин 30.000.000 төгрөгт багтаагаад авчих. Би форексээс мөнгө татаж гаргаж өгье гэсэн. Би зөвшөөрөөд зараад харж байгаад 29.000.000 төгрөгөөр 44-54 ТӨА улсын дугаартай Toyota Land Cruiser-100 автомашиныг худалдаж авсан. Худалдаж авахдаа өөрт мөнгө байхгүй байсан учир найз Отгонбаяраас 29.000.000 төгрөг зээлээд /тухайн үед Хосбаяраас мөнгө орж ирэхээр буцаагаад өгнө гэж хэлсэн/ уг машиныг авсан. Гэтэл *******-форексээс мөнгө татаж өгнө гэж хэлчхээд алга болчихсон. Тэгээд байж байтал *******-утсаар залгаад за найзыгаа уучлаарай хадам аавдаа 30.000.000 төгрөгийн өртэй байснаа өгчихлөө. Дахиад форексээс авах гэтэл би бичиг баримтаа гээчхээд авч чадахгүй байна. Гэхдээ И-Монголиа гэх апликейшнээс цахимаар иргэний үнэмлэхийн хуулбараа аваад форексээс мөнгөө татаж болдог юм байна. Дахиад надад мөнгөний хэрэг гарчхаад байна. Араг чарга байвал туслаач гэсэн. Би худалдаж авсан Toyota Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгслээ 12.000.000 төгрөгөөр Сайн ломбардад барьцаанд тавиад 12.000.000 төгрөг аваад *******- 0000000000 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 11.100.000 төгрөгийг гэртэй байхдаа шилжүүлсэн. 900.000 төгрөгийг нь уулзаад бэлнээр өгсөн. Яг хаана өгснөө одоо санахгүй байна. Надад 3 хоногийн хугацаанд өгнө гэж хэлсэн. Энэ 12.000.000 төгрөгөөр спортын сайтад бооцоо тавиад өсгөнө. Мөн эгчдээ өгсөн 28.000.000 төгрөг орж ирнэ, форексээс мөнгө татчихна тэгээд бүх мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Энэ хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөнгөгүй байна 100.000 төгрөг зээлээч гэхээр нь өгсөн. Бас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахиад 400.000 төгрөг зээлээч гэхээр нь гэртэй байхдаа дансаар шилжүүлж өгч байсан. Нийтдээ 81.600.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгөнөөс надад 25.000.000 төгрөг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 56.600.000 төгрөгөө авсан тохиолдолд гомдол санал байхгүй. Надад *******-сар бүр 2.000.000 төгрөг өгье тохиролцъё гээд байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-гийн хохирогчоор дахин өгсөн: “Би анх 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 103-89 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан 7.100.000 төгрөг *******- 0000000000 тоот данс руу шилжүүлэн өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвгэр болох Бичилийн урд талд гудамжинд явж байхдаа 15.000.000 төгрөг интернэт банк ашиглан *******- 0000000000 тоот данс руу шилжүүлэн өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******-өөрийн гэр болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 3-23а тоотод байхдаа миний интернэт банк болон койн хаягийн нэвтрэх нэр нууц кодыг аваад 12.000.000 төгрөг шилжүүлэн койн авч өөрийн данс руугаа шилжүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо 4-р хорооллын замын баруун талд байрлах Хаан банкны АТМ-ээс *******- 0000000000 дугаарын данс руу 9.000.000 төгрөг шилжүүлсэн.  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 103-89 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан *******- Голомт банкны 3635145977 тоот данс руу 11,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хосбаяртай утсаар ярьж байгаад гэрийнх нь гадна буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 3-р байрны гадна уулзаад өөрийн данснаасаа интернэт банк ашиглан *******- 0000000000 данс руу 10.000,000 төгрөг шилжүүлэн егсөн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 103-89 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан *******- хаан банкны данс руу 5.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд 100.000 төгрөг болон 400.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4-р хороо Хермэс худалдааны төвийн гадна байхдаа мөн *******- Хаан банкны данс руу интернэт банк ашиглан шилжүүлэн өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 11.100.000 төгрөгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 103-89 тоот гэртээ байхдаа *******- Хаан банкны данс руу интернэт банк ашиглан шилжүүлэн өгөөд дараа нь гэрийнх нь гадна очиж 900.000 төгрөг бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Батхуягийн гэрчээр өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай дүү *******-над руу залгаад манай найзад мөнгөний хэрэг гарчхаад байна, та надад хүүтэй мөнгө түр хугацаагаар зээлэх үү гэхээр нь би хэдэн төгрөг хэдий хугацаанд зээлэх хэрэгтэй вэ гэтэл 9.000.000 төгрөг хэрэгтэй байгаа юм, түр хугацаагаар байхад болно, хэлж мэдэхгүй байна 1 сар орчим болох байх гэхээр нь би за тэг тэг ирээд миний картыг гэрт ирээд авчих би шилжүүлж чадахгүй болохоор миний картыг аваад чи аваад өгчих  гэсэн. Тэгээд тэр өдрөө *******-21-р хороололд байрлах манай гэрт ирээд миний Хаан банкны 5137070090 дугаарын данстай виза картыг аваад явсан. Тэгээд удалгүй миний данснаас 9.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдлээ гэсэн мэдээлэл ирсэн. Би шилжүүлэг хийж чадахгүй байсан тул Баттүвшинг миний виза картыг ирж аваад мөнгөө шилжүүлээд өгчих өө гэж хэлсэн. Тэглээ ч тийм их мөнгө интернэт банкаар гүйлгээ хийгдэхгүй лимит заагддаг тул ирээд карт аваад мөнгөө аваад өгчих гэж хэлээд картаа өгсөн. *******-надад буцааж мөнгийг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 

4. Н.Б-гийн 0000000000 тоот Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр  “2021.9.23-нд 0000000000 тоот *******-ын данс руу 7.100.000 төгрөг зарлага, 2021.11.04-нд 0000000000 тоот *******-ын данс руу 15.000.000 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот *******-ын данс руу 10.000.000 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот *******-ын данс руу 10.000.000 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот *******-ын данснаас 1.000.000 төгрөг орлого, 2021.11.07-нд 0000000000 тоот *******-ын данснаас 1.000.000 төгрөг орлого, 2021.11.10-нд 0000000000 тоот *******-ын данс руу 5.000.000 төгрөг зарлага, 2021.11.14-нд 5041468747 тоот Эксчейэж монголиа гэх данс руу 12.000.000 төгрөг зарлага, 2021.11.25-нд 5007200949 тоот Ж.Отгонбаяр гэх данснаас 9.000.000 төгрөг орлого, 2021.11.25-нд 5029304024 тоот У.Амирхан гэх данс руу 9.000.000 төгрөг зарлага, 2021.11.25-нд 5007200949 тоот Ж.Отгонбаяр гэх данснаас 20.000.000 төгрөг орлого,2021.12.02-нд 0000000000 тоот *******-ын данс руу 100.000 төгрөг зарлага, 2021.12.03-нд 0000000000 тоот *******-ын данс руу 400.000 төгрөг зарлага,  2021.12.04-нд 0000000000 тоот *******-ын данс руу 11.100.000 төгрөг зарлага” гэсэн тэмдэглэл, дансны хуулгууд (хавтаст хэргийн 44-45, 46-52 дахь тал)

 

            5. *******-ын 0000000000 тоот Хаан банкны дансанд үзлэг хийсэн “2021.9.23-нд 0000000000 тоот данснаас 7.100.000 төгрөг орлого, 2021.9.23-нд 0000000000 тоот данс руу 2.500.000 төгрөг зарлага, 2021.9.23-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.9.23-нд  0000000000 тоот данс руу 501.000 төгрөг зарлага, 2021.9.23-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.9.23-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.9.23-нд 0000000000 тоот данс руу 900.000 төгрөг зарлага, 2021.9.23-нд 5137070090 тоот данснаас 9.000.000 төгрөг орлого, 2021.9.24-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.9.24-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.9.24-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.9.24-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.9.24-нд 0000000000 тоот данс руу 1.600.000 төгрөг зарлага, 2021.9.25-нд 0000000000 тоот данс руу 1.030.000 төгрөг зарлага, 2021.9.25-нд 0000000000 тоот данс руу 50.000 төгрөг зарлага,  2021.9.25-нд 5057294690 тоот данс руу 500.000 төгрөг зарлага, 2021.9.25-нд 0000000000 тоот данс руу 800.000 төгрөг зарлага, 2021.9.25-нд 0000000000 тоот данс руу 1.030.000 төгрөг зарлага, 2021.11.04-нд 0000000000 тоот данснаас 15.000.000 төгрөг орлого, 2021.11.06-нд 0000000000 тоот данснаас 10.000.000 төгрөг орлого, 2021.11.06-нд 0000000000 тоот данс руу 24.800 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот данс руу 600.000 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот данс руу 2.000.000 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот данс руу 600.000 төгрөг зарлага, 2021.11.06-нд 0000000000 тоот данс руу 50.000 төгрөг зарлага, 2021.11.07-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.11.07-нд 0000000000 тоот данс руу 14.000 төгрөг зарлага, 2021.11.07-нд 0000000000 тоот данс руу 14.000 төгрөг зарлага, 2021.11.07-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.11.08-нд 0000000000 тоот данс руу 30.000 төгрөг зарлага, 2021.11.08-нд 5422334552 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.11.10-нд 0000000000 тоот данснаас 5.000.000 төгрөг орлого, 2021.11.10-нд 0000000000 тоот данс руу 3.000.000 төгрөг зарлага, 2021.11.10-нд 0000000000 тоот данс руу 7.00.000 төгрөг зарлага, 2021.11.10-нд 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөг зарлага, 2021.11.10-нд 5033271115 тоот данс руу 500.000 төгрөг зарлага, 2021.12.02-нд 0000000000 тоот данснаас 100.000 төгрөг орлого, 2021.12.02-нд 0000000000 тоот данс руу 53.000 төгрөг зарлага, 2021.12.02-нд 0000000000 тоот данс руу 40.000 төгрөг зарлага, 2021.12.03-нд 0000000000 тоот данснаас 400.000 төгрөг орлого, 2021.12.03-нд 0000000000 тоот данс руу 400.000 төгрөг зарлага, 2021.12.04-нд 0000000000 тоот данснаас 11.100.000 төгрөг орлого” гэсэн тэмдэглэл, дансны хуулгууд (хавтаст хэргийн 55-77 дахь тал)

 

            6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “Би ТНГРИ Инвест ХХК-д 2015 оны 12 дугаар сард ажилд ороод 2021 оны 4 дүгээр сард ажлаасаа гарсан. Тэгээд манай ээжийн төрсөн дүү Тогтох эгч надад хувийн бизнесээ эхлүүл гээд 50.000.000 төгрөг зээлүүлсэн бөгөөд би өгсөн мөнгөөр нь ямар бизнес хийх талаараа бодож байгаад форекс буюу хувьцаа, валютын өсөлт уналтаас ашиг олох боломжтой олон улсын брокер, диллерийн аппликейшнд 2021 оны 5 дугаар сарын эхээр орсон. Тухайн үед хувьцаа болон валютын өсөлтөөс ашиг хийж чадахгүй алдах үедээ алдаад олох үедээ бага ашиг олж байсан. Тэгээд би давхар койны бизнес рүү орсон. 2021 оны 09 дүгээр сард *******-утсаар чат бичээд надаас койны талаар асуухаар нь би Баттүвшинг койны бизнест ор гээд Баттүвшингийн гэрийн гадна уулзаад койн авах талаар ярилцаж Баттүвшинг койны бизнест орох гэж байгаа бол надад хөрөнгө оруулалт хийгээд явбал яв гэсэн. Тэгээд би Баттүвшинд Винанс гэх апплэйкешн татаад аккуант нээгээрэй гэж хэлсэн. Тэгтэл *******-надад одоо 7,100,000 төгрөг байна гэхээр нь за тэгвэл чи миний 0000000000 тоот дансанд мөнгөө шилжүүлчихээ би оруулчихъя гэсэн Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр *******-миний 0000000000 тоот дансанд 7.100.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд би тухайн үед мөнгөний асуудал ихтэй байсан тул уг мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад тэр өдрөө ээжийн төрсөн дүү Баярмагнай эгч рүү өрөндөө 2.600.000 төгрөгийг гэртээ байхдаа интерьер банк ашиглан шилжүүлсэн. Мөн тэр мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг 1Хbit-ын аккаунтад байршуулж цахимаар спорт бооцоот тоглоом тоглож бүх мөнгөө алдсан. Мөн 501.000 төгрөгийг өртэй байсан Одончимэг гэх эгчийн 5026233917 тоот дансанд шилжүүлж өрөө дарсан. Тэгээд 12 цаг 29 минутад 1Хbit нэртэй цахимаар спортын тэмцээнд бооцоо тавьдаг апп-аар орж 1.000.000 төгрөг шилжүүлж тоглоод алдсан бөгөөд дахин 12:40 цагт мөн 1Хbit нэртэй цахимаар спортын тэмцээнд бооцоо тавьдаг апп-аар орж 1.000.000 төгрөг шилжүүлж тоглосон, дахин 12:45 цагт 1Хbit нэртэй цахимаар спортын тэмцээнд бооцоо тавьдаг апп-аар орж 1.000.000 төгрөг шилжүүлж тоглосон. Ингээд дансны үлдэгдэл 104.000 төгрөг байсныг хэрэглээд дуусгасан. Тэгээд тухайн үед Баттүвшинд АDA гэх нэртэй койн аваад дарчихлаа үнэ нь өсөхөөр зараад ашгаа хүртэнэ гэж худлаа хэлээд өнгөрсөн. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний орой би *******-рүү залгаад манай гэрт хүрээд ир гэж дуудаад ирэхээр нь надад 9,000,000 төгрөгийн хэрэг байна, койн аваад өсөхөөр нь зараад мөнгийг нь өгье 3 хувийн хүүтэй мөнгө зээлчхээч гэтэл *******-намайг дагуулаад 214-р хороололд очиж ахаасаа Хаан банкны картыг нь аваад буцаж яваад модны 2-н Хаан банкны АТМ орж 9,000,000 төгрөгийг миний 0000000000 тоот дансанд шилжүүлж өгсөн. Тэгээд би уг мөнгөнөөс 4,000,000 төгрөгөөр нь спортын цахим бооцоо тавиад тоглоод дуусгасан. Тэгээд мөн эгч Баярмагнайн данс руу 1.600.000 төгрөгийн өр өгсөн. Мөн найзын эхнэр Мөнхтуяагаас 1,000,000 төгрөг зээлсэн байсан тул өрөндөө 1.030.000 төгрөг данс руу нь шилжүүлж өгсөн. Мөн тухайн үед найз Чойжил надаас мөнгө байвал зээлээч гэхээр нь 50.000 төгрөгийг 0000000000 гэх дансанд нь шилжүүлж зээлүүлсэн. Мөн эхнэр Анужинд 500.000 төгрөг шилжүүлж өгөөд эгч Баярмагнайн данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед эгч Баярмагнайд өртэй байсан болохоор өрөө бага багаар төлөөд байсан юм. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө 11 цаг өнгөрч байхад ээжийн бага дүү Тогтох эгчээс зээлсэн мөнгөний хүү болгож 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баттүвшинд мөнгөний хэрэг гараад мөнгө хэрэгтэй байна. Эгч 28.000.000 төгрөгийн өрөө дараад 150.000.000 төгрөгийн зээл гарахаар буцаагаад өгнө гэж худал хэлээд өөрийн Голомт банкны 3635145977 тоот дансанд 11.000.000 төгрөг авсан. Тэгээд Эрдэнэсайхан гэх өртэй хүндээ 1.596.500 төгрөг өгсөн. Уг данснаас өөрийн хаан банкны 0000000000 тоот дансанд 2.900.000 төгрөгийг шилжүүлэн авч 2.500.000 төгрөгөөр нь койн авсан. Ямар койн авснаа одоо санахгүй байна. Дахиад өөрийн хаан банкны данс руугаа 3.000.000 төгрөг шилжүүлж аваад 1.500.000 төгрөгийг 1Хbit спорт бооцоонд тавиад алдсан. Үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан. Одоо хэрхэн үрсэн талаараа санахгүй байна. Бас 1.500.000 төгрөгийг Голомт банкны данснаасаа спортын цахим бооцоонд тавиад алдсан. Дахиад 1.500.000 төгрөгийг нь Голомт банкнаасаа спорт бооцоонд цахимаар оролцоод алдсан. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр спорт бооцоонд цахимаар оролцоод мөнгө олох боломж байна гэж Баттүвшинд хэлээд 10.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны 0000000000 тоот дансанд авсан. Уг мөнгөнөөс хувьдаа зарцуулаад, эгч Баярмагнайд 600.000 төгрөгийг өрөндөө өгөөд, 2.000.000 төгрөгийг нь спорт бооцоонд цахимаар мөнгө тавьж тоглоод, 1.000.000 төгрөгийг нь Баттүвшинд буцааж өгсөн. Тэгээд би тэр өдрөө спорт бооцооноос 20.000.000 төгрөг хожоод уг мөнгөнөөс 19.000.000 төгрөгийг нь найз Тэмүүжинд өрөндөө өгсөн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үлдэгдэл мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь Баттүвшинд өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******-рүү залгаад 5.000.000 төгрөгийн хэрэг байна гэж хэлтэл өмнө нь авсан 10.000.000 төгрөг яасан юм бэ гэхээр нь койн аваад дарчихсан байгаа. Удахгүй би форексоос 20.000 ам доллар авахаараа бүх мөнгийг чинь өгнө гэж худал хэлээд 5.000.000 төгрөг дансандаа авсан. Уг мөнгийг дансны үлдэгдэлтэйгээ нийлүүлээд спорт тоглоомын цахим бооцоонд оролцоод дуусгасан. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр *******-машин авах хэрэгтэй байна гээд мөнгөө нэхээд эхлэхээр нь чи 30 сая төгрөгт багтаагаад машин авчих. Би форексоос мөнгө орохоор өгнө гэж хэлээд машин авхуулсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөнгөний хэрэг гарлаа форексоос удахгүй мөнгө орно, эгч надаас авсан мөнгөө өгнө тэгэхээр бүх мөнгийг чинь өгнө гэж худлаа хэлээд Баттүвшингийн Toyota Land Cruiser-100 маркийн машиныг 12.000.000 төгрөгт барьцаанд тавиулаад 11.100.000 төгрөгийг нь өөрийн хаан банкны дансандаа шилжүүлж аваад 7.800.000 төгрөгөөр спорт бооцоонд цахимаар оролцоод алдсан. Мөн үлдэгдэл мөнгөнөөс нь 900.000 төгрөгөөр пүүз худалдаж авсан. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь хувьдаа хэрэглээд дуусгасан. Би Баттүвшингээс авсан мөнгөнөөс хааяа нэг удаа л койн авсан. Тэгээд үлдсэн мөнгөөр нь өрөө дараад цахимаар бооцоот тоглоом тоглоод Баттүвшинд койн аваад дарчихсан байгаа үнэ нь өсөхөөр зараад ашгаа олно гэж хэлээд мөнгө авдаг байсан. Би өөр хүнээс мөнгө авч залилсан үйлдэл байхгүй. Би ээжийнхээ дүү нараас түр мөнгө зээлээд цахим бооцоот тоглоом тоглоод дараа нь Баттүвшингээс авсан мөнгөнөөсөө эгч нар руугаа шилжүүлэн өрөө бага багаар дарж байсан. Би Баттүвшингээс өөрийн дансаар нийт 81.600.000 төгрөг авсан бөгөөд эргүүлэн 39.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 42.600.000 төгрөг өгөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-40 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

            Гурав.Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт.

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг хохирогчийн өмгөөлөгч Б.Солонго дэмжиж оролцсон,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгээс “Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад койн авна гэж авсан мөнгө нь 34.100.000 төгрөг болсон. Гэрчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр койнтой холбоогүйгээр 3 хувийн хүүтэй зээл өгөөч гэж  9.000.000 төгрөг өгсөн. Хохирогчоос 24.500.000 төгрөг зээлсэн. Энэ нь хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. 22.000.000 төгрөгийг  хохирогчтой хамтарч тоглосон. Койны талаар ямар нэгэн мэдлэг мэдээлэл байхгүй гэж хохирогч мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч койны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Хамтарч тоглосон мөнгийг хохирлын хэмжээнээс хасаж тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч *******- хохирогч Н.Б-гийн мөнгийг өсгөж өгөх мэт сэтгэгдлийг төрүүлэн залилж удаа дараа “койн авна...” гэх мэтээр худал хэлж хуурч мөнгө авдаг үг хэллэгээ өөрчилж “хүүтэй мөнгө зээлье...” гэх нэрийдлээр нийт 24.500.000 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь бодит байдалдаа хохирогчийг үргэлжлүүлэн хууран мэхэлж үйлдлийн аргаа өөрчилж  хохирогчоос мөнгө авахын тулд үгээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулсан залилах гэмт хэргийн шинжид хамаарна.  Иймд иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хохирогч Н.Б- нь *******-т мөнгө шилжүүлэхдээ “амжилт андаа, сэргэе андаа” гэх үгийн утгатайгаар нийт 22.000.000 төгрөг шилжүүлснийг спорт тоглоом хамтарч тоглосон гэж үзэх тул хохирлын хэмжээнээс хасаж тооцно”  гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Учир нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгч *******-ын мэдүүлсэн “ хохирогч Н.Б- надтай хамт спорт тоглоом тоглоогүй. Над руу мөнгө шилжүүлэхдээ амжилт, сэргэе андаа гэсэн нь надад л амжилт хүссэн...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Н.Б-гийн “...надад койн болон спорт тоглоомын талаар ямар ч мэдлэг байхгүй бөгөөд хамт тоглосон асуудал огт байхгүй. Харин *******-ыг миний мөнгийг өсгөж байгаа гэж ойлгож итгэсэн учраас амжилт хүсч бичсэн үгийн утга юм” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд *******-тай Н.Б- хамтарч спорт тоглоом тоглосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” талаар агуулга бүхий санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно. 

 

Энэхүү хэргийн тухайд *******-, Н.Б- нар урьд нь 2016 оноос нэг байгууллагад хамт ажиллаж бие биеэ мэдэх болсон 6 жилийн хугацаанд найз нөхдийн харилцаатай байсан гэх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шүүгдэгч *******- нь хохирогч Н.Б-гээс 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө...ашгаа 80/20 гэж хувааж авъя...цахимаар спорт бооцоо тавьж мөнгийг 30-40 хувиар би өсгөж чаддаг 10.000.000 төгрөг оруулбал 12.000.000 төгрөг болгож өгье...өмнө өгсөн 10.000.000 төгрөг дээр чинь 3.000.000 төгрөг нэмээд койн аваад дарчихсан байгаа...5.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй зээлээч...койн дахиад авъя ханшийн зөрүүн дээр нэмж мөнгө олж болдог...100.000 төгрөг зээлээч...форексээс мөнгө татаж авч болдог юм байна...” гэх мэт үгээр худал хэлж бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурч, хохирогчийг төөрөгдүүлж, итгэлийг нь эвдэн хууран мэхэлж 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь Залилах гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байна.

 

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч *******-ыг  хохирогч Н.Б-д 81.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэх  залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд  *******-ыг үргэлжилсэн үйлдлээр  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

    

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хоёр бага насны хүүхэдтэй. Бага хүүхэд нь хоёр сартай. Ажил хийж ар гэрээ авч явдаг. Хохирол төлбөрийн хувьд гурав хувааж төлнө. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, их хэмжээний хохирол учруулсан хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

            *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч *******- үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан нийт 81.600.000 төгрөгийн хохирлоос ихэнх хэсгийг буюу 55.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 26.600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй нөхцөл байдал, урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэв. 

 

            *******-т шүүхээс оногдуулсан хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Тав. Бусад асуудлын талаар

          Шүүгдэгч *******- залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч  Н.Баттүвшид нийт 81.600.000 төгрөгийн хохирол учруулснаас 55.000.000 төгрөг нөхөн төлөгдөж 26.600.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас  26.600.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                     

                                                       ТОГТООХ нь:

 

1. *******-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. *******-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ыг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас хохиролд 26.600.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгосугай.

 

7. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ц.ДАЙРИЙЖАВ