Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/552

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Чинзориг

шүүгдэгч А.Н-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж, Ц.Жавхлантөгс

гэрч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Н-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103002740144 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Н-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

 Шүүгдэгч А.Н- нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 07 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн баруун талын замд “mitsubishi minicab” маркийн 00-00 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг “...согтууруулах ундаа... хэрэглэсэн,...үедээ жолоодох”, мөн дүрмийн 16.3 дахь заалт “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т тус тус заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Б-ыг мөргөн түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагт ажилдаа явсан. 17 дугаар хорооноос *********** гэх хамт ажилладаг дүүгээ очиж аваад явж байсан. 70 давхрын урд замаар яваад хорооллын эцэс орсон. Хорооллын эцсээс яваад явган хүний гарцан дээр осол болсон. Тухайн осол болох үед 09 цаг болж байсан. Alphard машинд хаагдаад би гарцаар гарч байгаа хүнийг хараагүй. Би тоормос гишгээд жолооны хүрдээ зүүн тийш нь дараад боржур мөргөөд зогссон. Alphard машин хохирогчийн дээгүүр нь гарч байсан. Тэгээд Alphard машинд хохирогчийг авч суугаад гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед үзэгдэх орчин цаг агаарын байдал хэвийн байсан. Осол болох үед 3 эгнээтэй замаар явж байсан. Зэрэгцээ эгнээнд Alphart маркийн автомашин явж байсан.  Alphart маркийн автомашин хурдаа сааруулаад хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан, би гарц дөхөж байгааг мэдсэн. Замын тэмдэг тэмдэглэгээ байсан. Би хурдаа хасаагүй. Би хэрэг гардаг өдрийн өмнөх орой нь хадам дүүгийн хамт 0.5 граммын архи уусан. Согтолтын зэрэг 0.52 байсан. Мөргөсөн нь миний буруу. Осол миний буруугаас болж гарсан. Осол маш хурдан болж өнгөрсөн. Мөргүүлээд унахад нь би машинаа зогсоосон. Тэгтэл Alphard машин хоёр дугуйгаараа дээгүүр нь дайраад гарсан. Надад нэгдүгээр эгнээнд ямар машин явж байгаа нь мэдэгдэхгүй байсан.  Хохирогч гэнэт урдуур гүйгээд гараад ирэхэд би тоормос гишгэсэн боловч амжилгүй гарцан дээр хохирогчийг жолооч талын баруун талаас хохирогчийн биеийн зүүн талаас мөргөсөн. Хохирогч миний машинд мөргүүлээд 5 метр орчим зайд шидэгдэж унасан. Хохирогч талд эхлээд 5.000.000 төгрөг, дараа нь 2.060.000 төгрөг өгсөн. Ийм явдал болсонд харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “ Би талийгаач хүүхдийн нагац ах нь байгаа юм. Аав нь хөдөө байдаг тул намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилуулсан. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий нэг талыг барьж явагдсан. Тухайн үед мөрдөгч санаатайгаар сидиг зориулалтын флаш дискт хуулж аваагүй. Нотлох баримтыг санаатай болон санамсаргүй байдлаар аваагүй байна гэж үзэж байна. Хэрэг гарсан өдрийн үдээс хойш буюу 17 цагийн үед холбогдох бүх бичлэгийг мөрдөн байцаагч руу явуулсан. Өмгөөлөгчийн зүгээс албан ёсны бичиг хийж өгөөд сидид байгаа бичлэгийг хуулуулж авъя гэх хүсэлтийг гаргасан. Гэтэл байцаагч тухайн үед боломжгүй. Ажлынхаа шугамаар өөрсдөө бичлэгээ авна гэдгээ хэлсэн. Нотлох баримтыг санаатайгаар аваагүй гэж үзэж байна. Осол 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг 05 минутаас 09 цаг 20 минутын орчимд болсон. Үүнийг үнэн зөвөөр шалгаж тогтоогоогүй. Сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байгаа. Тухайн осол болсон газарт хоёрдугаар эгнээгээр явж байсан Alphard маркийн авто машины жолооч Д.С- гэх хүн байгаа. Тэр хүн талийгаачийг хоёр дугуйгаараа дайраад явсан гэдэг. Тиймээс хоёр тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан байна гэж үзэж байгаа. Оршуулгын зардалд 7.060.000 төгрөгийг шүүгдэгч А.Н- өгсөн. Өмгөөллийн зардалд 3.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнээс 1.500.000 төгрөгийг хохирогч тал төлсөн байгаа. Одоо хохирогч тал өмгөөлөгчдөө 1.500.000 төгрөгийн төлөөгүй үлдэгдэлтэй байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Талийгаач 3 хүүхэдтэй айлын дунд хүүхэд. Ээж нь 2 жилийн өмнө нас барсан. Одоо аав, ах, дүү гурав нь үлдсэн байгаа. Гэр бүлийн сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Хохирогчийн аавтай нь ярилцсан. Сэтгэл санааны хохирлыг 40.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Хүсэлтийг хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг, 

Гэрч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт “Осол гарах үед 10 км цагийн хурдтай явж байсан. Явган хүний гарц ойртоход би хурдаа сааруулсан. Хохирогч миний урдуур гараад явсан. Хохирогч алхаж эсхүл гүйж гарсан эсэхийг би сайн санахгүй байна. Гарц дөхөхөөр нь би хурдаа сааруулахад миний урдуур гараад явсан. Би хүн дайраагүй. Хохирогч нь миний урдуур гараад явсан. Цаашаа жаахан явж байтал  ард тас хийх чимээ гарсан. Сүүлд би машинаасаа гараад хартал машины ард хүүхэд хэвтэж байхыг харсан. Гэтэл хойно тас хийх чимээ гарсан. Би араас ирээд мөргөчихлөө гэж бодсон. Тэгээд би машинаа зогсоосон. Намайг машинаа зогсоотол А.Н- “пизда пизда хүн алчихлаа” гэж байсан. Машинаас нь нэг залуу гарч ирсэн. Тэнд байсан хүмүүс “Наад хүнээ эмнэлэг рүү яаралтай аваад яваач. Эмнэлэг ойрхон байна” гэж байсан. А.Н- өөрөө хохирогчийг өргөж аваад миний машинд суусан. Эмнэлгийн үүдэнд очсон. Түрдэг тэргэн дээр тавиад аваад орсон. А.Н- хүн алчихлаа гээд  байсан. Тэнд маш олон хүн байсан. Ах аа эмнэлэг рүү аваад яваач гэмтлийн эмнэлэг ойрхон байна ш дээ гээд байсан. Талийгаач хүүхдэд би гарцан дээр зам тавьж өгөхөд гарцаар зүгээр гараад явсан. Би дайрч мөргөөгүй. Ах нь худал хэлэх хүн биш.” гэж мэдүүллээ.

Хоёр. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  А.Н-ийг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг 05 минут орчимд Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын замын баруун талаас зүүн тийш чиглэлд харсан байрлалтай ба 1-р эгнээгээр замын хөдөлгөөнд оролцсон  “Toyota Alphart” маркийн 00-00 УБМ улсын дугаартай автомашины жолооч Д.С- нь явган зорчигч буюу амь хохирогч Б.Б-д зам тавьж өгсөн байх ба **********-ын эзэмшлийн “mitsubishi minicab” маркийн 00-00 УАА улсын дугаартай  автомашиныг жолоодон явсан А.Н- нь  замын 3-р эгнээгээр хойноос урагшаа чиглэлд явж амь хохирогч Б.Б- толгой биеийн зүүн хэсгээр мөргөж, улмаар амь хохирогч Б.Б- нь 1-р эгнээ рүү шидэгдэж, “Toyota Alphart” маркийн автомашины урд талд унахад “Toyota Alphart” маркийн автомашин нь амь хохирогч Б.Б-ы бие дээгүүр дайрч гарсан хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх тогтоолоо.         

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Н-  тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг “...согтууруулах ундаа... хэрэглэсэн,...үедээ жолоодох”, мөн дүрмийн 16.3 дахь заалт “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т тус тус заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Б-ыг мөргөсний улмаас Б.Б-ы амь нас хохирсон нь:

1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн зүүн дээд буланд 2022-9-21 гэсэн бичвэр гар эхлэх ба гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын замын баруун талаас зүүн тийш чиглэлд харсан байрлалтай ба “Toyota Alphart” маркийн 00-00 УБМ улсын дугаартай автомашин явган зорчигчид зам тавьж өгч байгаа хэсгийг харуулав. “mitsubishi minicab” маркийн 00-00 УАА улсын дугаартай автомашин замын 3-р эгнээгээр хойноо урагшаа чиглэлд явж явган зорчигчийг мөргөж байгаа хэсгийг харуулав. Явган зорчигч автомашинд мөргүүлж “Toyota Alphart” маркийн автомашины урд харалдаа унаж байгаа хэсгийг харуулав. Дараагийн бичлэгийг эхлүүлэхэд гэмтлийн эмнэлгийн баруун талын замын зүүн талаас баруун хойш чиглэлд харсан байрлалтай байх ба явган зорчигч болон “Toyota Alphart” “mitsubishi minicab” маркийн автомашинуудын байрлалуудыг харуулав.” (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал)

2. Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудаст бичигдсэн дуудлагын утга хэсэгт “...00-00 УБН, 00-00 УАА хоёр машин хүн мөргөчихлөө” гэсэн тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 09 дэх тал)

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “Осол хэрэг болох гэх газар нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо Сайн ломбард”-ны урд зам байх ба хэргийн газрын үзлэгийн баг бүрэлдэхүүн дуудлага мэдээллийн хүлээн авч ослын” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 12-23 дахь тал)

4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 24-30 дахь тал)

5. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дэх тал)

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 35-40 дэх тал)

7. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “А.Н- нь 0.52 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Т-гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутын үед талийгаачийн эмээгээс утсаар мэдээд Бумсайханы аавтай нь ярихад зам тээврийн осолд орчихсон юм шиг байна гээд баттай мэдээлэл аваагүй байсан. Тэгэхээр нь би тээврийн цагдаагийн албан дээр ирж мөрдөгч Дэмбэрэлтэй уулзаад нагац дүү Б.Б-ыг 08:30-09:00 цагийн үед Гэмтлийн эмнэлгийн баруун талын замд явган хүний гарцаар гарч яваад 2 машинд дайрагдаж нас барсан гэдгийг мэдээд яагаад ар гэрийнхэнд нь цаг алдаж мэдэгдсэн юм бэ гэдэг асуулт тавихад хариулаагүй. Би ослын газарт очоогүй болохоор тухайн үед болсон ослын талаар мэдэхгүй байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь хэлж 24 цагийн дотор аав Батхишиг болон ах дүү нар нь Баянхонгор аймгаас ирээд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд байсан дүүгийнхээ цогцсыг орж харахад нүд халтирмаар байдалтай нүүр ам, тархи толгой танигдахгүй няцралттай, гар, хөл маш их гэмтэлтэй хугарсан юм шиг байдалтай байсан.Тэгэхээр нь Гэмтлийн эмнэлэгт байрлах цагдаатай орж уулзаад “өчигдөр танай эмнэлгийн баруун талын зам дээр аймшигтай осол болсон байна, би нас барсан хүний ар гэрийг төлөөлж явна, манай дүү гэмтлийн эмнэлгийн хаалгаар хэдэн цагт орж ирсэн, жижүүр эмчтэй нь холбогдмоор байна” гэж хэлэхэд тухайн үед гарч байсан жижүүр эмчийн утсыг аваад ярихад “манай эмнэлгийн хаалгаар орж ирэх үед зүрх зогссон байдалтай байсан” гэдгийг хэлсэн. Би тэндээс гараад осол болсон газарт очиж ойр орчмын хяналтын камертай байгууллагуудын гэрэл зургийг утсаараа аваад мөрдөгчтэй уулзаад камер байрлаж байгаа газруудыг хэлэхэд Сайн ломбардаас хяналтын камерын бичлэг авсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохоор танд үзүүлэх боломжтой гэхээр нь шаардлага хангасан байдалтай бичлэгийн аваарай гэж захиж байсан. Тухайн үед би албан ёсоор дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан боловч заавал овог нэгтэй хүн оролцох ёстой гээд миний хүсэлтийг хүлээн аваагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийг аав Батхишигийг тогтоож мэдүүлэг авсан. Би мөрдөгчтэй хэд хэдэн удаа ярихад та албан ёсны оролцогч биш болохоор танд мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн. Бид осол болсноос хойш удаагүй өмгөөлөгч авсан байгаа. Тэрнээс хойш хэрэг ямар байдалтай байгааг сайн мэдэхгүй байгаа...Бидний зүгээс шүүх шинжилгээний газраас гаргасан албан тоотод дурдсан талийгаачийн оршуулсан газраас гаргаж дахин шинжилгээ хийлгэхийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би ослын талаар мэдсэн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр танил дүү болох А.Н миний эзэмшлийн “mitsubishi minicab” маркийн 00-00 УАА улсын дугаартай автомашиныг хөөс зөөнө гэж хэлээд миний зөвшөөрлөөр аваад явсан. Тэгээд утас нь холбогдохгүй байж байгаад 2 хоногийн дараа утас нь холбогдоод ярьтал болсон зам тээврийн ослын талаар надад хэлсэн...Миний автомашинд 240.000 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал),

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О-ын иргэний хариуцагчаар өгсөн: “Би ослын талаар мэдсэн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр танил дүү болох А.Н миний эзэмшлийн “mitsubishi minicab” маркийн 00-00 УАА улсын дугаартай автомашиныг хөөс зөөнө гэж хэлээд миний зөвшөөрлөөр аваад явсан. Тэгээд утас нь холбогдохгүй байж байгаад 2 хоногийн дараа утас нь холбогдоод ярьтал болсон зам тээврийн ослын талаар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал),

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-ын гэрчээр өгсөн: “Би тухайн өдрийн өглөө Баянгол дүүргийн 14-р хороо 12-48 тоотод байх гэрээсээ өөрийн эзэмшлийн 00-00 УБМ улсын дугаартай “Toyota Alphart” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гэмтлийн эмнэлгийн хажуу талд байх Горкийн 16-н 368 тоотод байх хашаандаа очиж нохойгоо хооллох гээд гэмтлийн арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгээд явж байтал явган хүний гарц ойртон ирсэн, тэр үед миний жолоодож явсан автомашины баруун гар талд буюу зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд том оврын автобус давхар зогсож байсан. Тэгэхэд замын хойноос урагш чиглэлд явган хүний гарцаар нэг залуу гарсан би зогсоод зам тавьж өгөөд өөр явган зорчигч байхгүй болохоор нь би хөдөлгөөнөө эхлүүлээд урагшлахад тас гээд чанга дуу гарсан тэр үед миний жолоодож явсан автомашины зүүн хойд дугуй овгос гээд хөдөлсөн тэгэхээр нь би машин араас мөргөчихлөө гэж бодоод машинаасаа буугаад машиныхаа араар тойроод харахад нэг эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Тухайн үед гуравдугаар эгнээнд хүмүүсийн ярьж хэлдгээр амьжиргаа цагаан гэх нэртэй автомашин ертөнцийн зүгээр баруун хойшоо хөндөлдөөд зогссон байсан тэр машины кабинаас 2, 3 хүн бууж ирсэн, жолооч нь бууж ирээд машиныхаа дугуй руугаа  өшиглөөд хүн алчихлаа гээд хараал хэлээд зогсож байсан. Би сандраад цагдаа түргэн дуудъя гэтэл хажууд байсан хүмүүс орилоод та нар юу хийгээд байгаад байгаа юм бэ наад хүнээ амьд байгаа дээр нь эмнэлэг рүү аваад яв гэж орилоод байсан. Амьжиргаа цагаан автомашины жолооч машинд машинд мөргүүлсэн залууг миний автомашины арын суудалд тэврээд суусан би машинаа жолоодоод шууд гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын хаалган дээр очиж машинтайгаа зогсоод шууд хойд талын хаалгаа онгойлгоод нөгөө автомашины жолоочтой явган зорчигчийг тэврээд ороход эмч нар нь та маскгүй байна, гээд нөгөө жолооч бид хоёрыг буцаагаад гаргасан тэгтэл эмнэлгийн ажилчид машинаа холдуул дуудлагатай байна гэж хэлсэн би машинаа холдуулаад буцаад ирэхэд нөгөө жолооч байгаагүй. Тэгээд буцаад эмнэлэг рүү ороход цагдаа хувцастай хошууч цолтой хүн намайг тосож уулзаад саяны хүнийг та авчирсан уу гэж асуусан тэгэхээр нь би тиймээ мөргөсөн жолоочтой нь ирсэн гэж хэлэхэд тэр жолоочийгоо олж ирээ нөгөө хүн чинь нас барсан гэж хэлсэн тэгэхээр нь би осол болсон газар гүйгээд очиход замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Нөгөө автомашины жолооч ослын газар ирсэн байсан. Тэр залуутай хамт машинаас буусан хүмүүс бас байсан нөгөө жолооч зам дээр байсан цусан дээр кола ундаа асгаад байсан. Замын цагдаа нар ослын газар хэмжилт хийсэн, нөгөө автомашины жолооч залууг эхлээд драгер үлээлгэх гэхэд үлээж чадахгүй байсан дараа нь намайг драгер багаж үлээлгээд тэр жолоочид ингэж үлээ гээд хэлсэн. Дараа нь тэр залууг дахиж драгер багаж үлээлгэхэд согтолтын зэрэг гарч байсан хэдэн хувьтай гарсан гэдгийг нь санахгүй байна. Би эмнэлэг рүү нөгөө автомашины жолоочтой явахад тэр хүнээс архи үнэртэж байсан. Тэгээд цагдаа нар надтай хамт гэмтлийн эмнэлэг рүү яваад миний машины зогсож байсан газар очоод машины зургийг нь дараад  ачилтын машинд ачуулсан. Гэмтлийн эмнэлэг рүү ороод нөгөө жолооч бид хоёрын зөвшөөрснөөр бид хоёроос хуруу шилэнд цус авсан юм. Тэгээд дараа нь тээврийн цагдаагийн албан дээр ирсэн. Миний санаж байгаагаар 2,3 метр орчим зайнаас харсан тэгээд явган зорчигчийг өнгөрөөгөөд урагшлахад л тас гээд дуугарсан. Би хурдны милээ хараагүй болохоор хэдэн км цагийн хурдтай явсан гэдгээ мэдэхгүй байна, багцаагаар 10 орчим км цагийн хурдтай явсан байх...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал),

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Э-ны гэрчээр өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 21-нд Чингэлтэй дүүрэгт байрлах 17-д төрсөн эгчийндээ байж байхад хамт ажилладаг А.Н ах өглөө 08 цаг өнгөрч байхад ирж намайг аваад бид хоёр Сонсголонд байрлах ажил руугаа явж байсан. Бид хоёр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн урдуур гараад гудамжаар орж явсаар байгаад Нарантуул-2 урдуур гараад Зурагтын зам руу орж урагшаа уруудаад гудамжаар орж явсаар байгаад Өргөө-1 кино театрын арын зам руу гараад хорооллын эцсийн баруун талд E mart-ын баруун талын замаар ороод уулзвараар баруун эргээд чигээрээ явсан. Нацагаа ах тухайн үед гуравдугаар эгнээгээр явж байтал баруун талаас гэнэт хүн гүйгээд гараад ирэхэд тоормос гишгээд зогсолгүй нөгөө хүнийг машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөөд газар унагасан. Тэгээд мөргөх үедээ А.Н ах замын хажуу талын боржур мөргөөд хойшоо хараад зогссон. Бид хоёр машинаас бууж ирэхэд зам дээр хоёр гутал нь сугарсан хөл нүцгэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүс хүн дайрчихлаа гээд орилоод мөн “Toyota Alphart” маркийн машиныг нөгөө хүний дээгүүр гарчихлаа гээд байсан. Би нөгөө хүнийг харж чадалгүй буруу хараад зогсож байхад А.Н ах нөгөө машины жолоочтой маргалдаад байх шиг байсан. Удалгүй “Toyota Alphart” маркийн машинд мөргүүлсэн гэх хүнийг суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь түргэн ирээд, цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хийж байсан. Баруун урд талаараа явган хүний зүүн тал руу нь мөргөсөн. Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Яг нарийн км заалтыг нь хараагүй. Түгжрэл багатай байсан. Гадаа нартай, тогтуун цаг агаартай, үзэгдэх орчин хэвийн байсан. Харсан. Тэгэхдээ гэнэт гарч ирэх үед харсан. Хажуу талын машин миний сууж явсан машинтай зэрэгцээд явж байсан. Тэгээд сууж яван машины урдуур гүйх үед харсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал),

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын гэрчээр өгсөн: “Би Гэмтлийн арын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг. Тэгээд хажуу талын тос масло зардаг ТҮЦ-нд ороод дүү Б-тай хамт цай уугаад юм яриад сууж байтал 09 цагийн үед түс хийх чимээ гарахаар нь би юу болов гэхэд Б зам дээр машинтай хүмүүс хүн дайраад алчихлаа гэхээр нь бид хоёр ТҮЦ-ээс гарч харахад 2 машины жолооч хоорондоо маргалдаад зогсож байсан. Би өөрийнхөө 0000000 дугаарын утсаар 102, 103-т залгаж ослын дуудлага өгчхөөд нөгөө хоёр жолооч дээр очиж хэрэлдэж байхаар наад хүнийгээ эмнэлэг рүү хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгтэл амьжиргаа цагааны жолооч нь явган хүнийг зам дээрээс өргөөд “Toyota Alphart” маркийн машиныг ард талд нь суулгаад нөгөө жолооч нь машинаа бариад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Удалгүй түргэн, цагдаа нар ирсэн. Тэгэхдээ би ослын талаар мэдэхгүй харин дараа нь болсон асуудлыг бол мэдэж байгаа. Би ТҮЦ-ээс гарч ирэхэд амьжиргаа цагаан машин замын 3 дугаар эгнээн дээр баруун хойшоо харсан байдалтай зогсож байсан. Харин “Toyota Alphart” маркийн машин нь харин зүүн тийшээ голын эгнээн дээр зогсож байсан. Би яг юу болсныг хараагүй. Намайг ТҮЦ-ээс гарч ирэхэд осол болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал),

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн гэрчээр өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн хойд талд байрлах Сайн ломбардын урд талын автобусны буудал дээр байрлалтай тос масло ТҮЦ-нд борлуулагч хийдэг. Манай ажил нь 24 цагаар байрлаж гардаг. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд би ТҮЦ-ны цонхоор хараад сууж байтал гарцаар гарч байсан эрэгтэй хүнийг цагаан өнгийн амьжиргаа цагаан гэдэг машин ирээд мөргөсөн. Нөгөө залуу тэр машинд мөргүүлээд хойшоо 1 дүгээр эгнээнд унасан. Зам дээр явган хүнийг хэвтэж байх үед нь 1 дүгээр эгнээгээр явж байсан “Toyota Alphart” маркийн машин нөгөө хүнийг дээгүүр нь гараад арын дугуйгаараа чирээд хэсэг яваад зогссон. Би тэр үед гүйж гарч ирэхэд жолооч нар нь мөн адил машинаасаа гүйж гарч ирсэн хоёр жолооч нь хоорондоо маргалдаад чи дайрсан үгүй би дайрааргүй чи дайрсан гэх байдлаар хэрэлдээд байхаар нь би та нар чинь хэрэлдэж байхаар түргэн дуудаач гэхэд “Toyota Alphart”-ын  жолооч дуудлага өгч байх шиг байсан. Тэгэхдээ автобусны буудал дээр гэж хэлсэн. Амьжиргаа цагааны жолооч нь би гар утас байхгүй гэж хэлэхэд “Toyota Alphart”-д байсан хүмүүс дуудлага өгсөн байж магадгүй. Дараа нь манай эгч Б өөрийнхөө гар утсаар дахин дуудлага өгөөд байж байтал амьжиргаа цагааны жолооч нь энэ хүн нас барчих шиг боллоо гэж хэлэхэд нөгөө хүний амнаас нь цус гоожиж татганаж эхэлсэн. Тэгтэл тэнд байсан улсууд эмнэлэг рүү авч яваач гэж хэлэхэд “Toyota Alphart”-д явган хүнийг суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү хоёр жолооч явсан. Дараа нь цагдаа нар ирээд хамгаалалт авч байх шиг байсан. “Toyota Alphart” маркийн машины дугаар нь 00-00 гэж харсан. Тэгэхдээ сайн санахгүй байна. Харин амьжиргаа цагааны дугаарыг хараагүй. Жолооч нь амьжиргаа цагааны жолооч нь 30 гаран насны туранхай, 170 гаруй метр өндөртэй хүн байсан. Харин нөгөө машины жолооч нь 50 гаруй насны махлаг, 160 гаруй метр өндөртэй эрэгтэй хүн байсан. Ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гэрлэн дохио байхгүй явган хүний гарцаар гарч байсан. Тухайн үед явган хүнийг гарч байхад урд талд нь хүмүүс явж байсан. Зам түгжрэлгүй машинууд хэвийн явж байсан. Харин гадаа нартай, тогтуун цаг агаартай, үзэгдэх орчин хэвийн байсан. Амьжиргаа цагааны жолооч нь явган хүний зүүн тал руу машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөсөн. Уг машин нэлээн хүчтэй мөргөсөн. Явган зорчигч машины урд хэсэг рүү орж ирэх үед машин тоормос гишгэх чимээ гараад нөгөө хүнийг мөргөөд хэсэг яваад зогссон. “Toyota Alphart” маркийн машин нь зүүн талын дугуйгаар газар хэвтэж байсан хүний толгой дээгүүр нь гараад хойд талын дугуйгаараа 5 метр гаруй чирсэн. Хоёр машин нэлээн хурдтай явж байсан. Би яг нарийн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал),

15. Автотээврийн үндэсний төв Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн “mitsubishi minicab” автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос, зүүн,баруун талын холын гэрэл зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн, баруун ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй , баруун талын оврын гэрэл, дохионы гэрэл асахгүй, урд баруун талын дохионы гэрэл хагарсан, салхины шил баруун талын голын хэсгээр бяцарч хагарсан, урд нүүрний баруун талын дээд хэсгээр 50х60мм хэмжээтэй хонхойсон, баруун талын толь, суурь хэсгээр хугарсан зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол болоход, нөлөөлсөн үгүйг тодорхойлох боломжгүй. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автомашин нь шингэн дамжуулгат тоормосны системтэй. Уг автомашин нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан.” гэсэн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүгнэлтийн хуудаснууд (1 дүгээр хавтаст хэргийн 126-134 дэх тал),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4322 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цайвар ягаан өнгийн цамц, улаан өнгийн бичигтэй хар өнгийн футболк, цайвар хар саарал өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн хос оймсон дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Цайвар ягаан өнгийн цамц, улаан өнгийн бичигтэй хар өнгийн футболк, цайвар хар саарал өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн хос оймсон дээрх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Саарал өнгийн дотоожин дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Саарал өнгийн дотоожин дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 177-179 дэх тал),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 853 дугаартай “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1982 дугаартай 1,3,5,6,7-р хариултууд үндэслэлтэй, 2,4-р хариулттай санал нийлэхгүй байна. Талийгаачид гавлын баруун дагз, зулай, чамархайн ясны заадасны уулзвараас дээш баруун зулайн гадна хэсэг хүрсэн, доош чулуулгийн араар дотор хэсэг рүү чиглэж турк эмээл хүрэн урагш үнэрийн мэдрэлийн ялтас, зүүн урагш зүүн ухархайн ар ханын дээд ирмэг дагуу үргэлжлэн дээд ханын гадна ар хэсэг рүү орсон ташуу, салаалсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, дагзны дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доор цус харвалт, гүүр хэсгийн тархины эдэд няцрал, цэгчилсэн цус харвалт, баруун зулай ар, дагзны баруун доод талын хуйхны дотор талын цус хуралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, уушгины хоёр талын няцрал, зүүн шилбэний шаант ясны бампер хугарал гэмтлүүд автомашинд мөргөгдсөнөөс учирсан байх боломжтой. Харин нүүрний зүүн тал, чихний зулгаралт, доод эрүү ясны хугарал, элэгний няцрал, хэвлийн хөндийн цусан хуралт, цээж, хэвлий, нуруу, мөчдийн зулгаралт гэмтлүүд нь автомашинд дайрагдах эд ангид цохигдох, үрэгдэх, дарагдсанаас үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2021.09.21-нд өдөр үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд дайрагдах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл гавлын ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт. Хэвлийн битүү гэмтэл элэгний няцрал, хэвлийн хөндийн цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт. Эрүү ясны хугарал, зүүн шилбэ ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт. Бусад нүүр, бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 234-240 дэх тал),

18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн: “Дээрх дурдагдсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр буюу мөргөгдөх үед үүссэн байх боломжтой. Энэ талаар дүгнэлтийн 2-р хэсэгт тодорхой бичсэн байгаа. Тархины гэмтлийн хувьд толгойн баруун дээд хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн хүч үйлчилж цохилт доргилтын улмаас үүсэх боломжтой ба дайрагдсан гэж үзвэл ийм хэмжээний няцрал доргилтын шинж илрэх боломжгүй гэж үзсэн.  Үрэлтийн улмаас үүсэх боломжгүй, дээрх гэмтэл тархины гэмтэл нь нэг удаагийн цохилт мөргөлтийн улмаас үүснэ. Их тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, нүүр хэсгийн цус харвалт, няцралт гэмтэл нь амь насанд аюултай үхэлд хүргэх боломжтой гэмтлүүд юм. Дээрх их биеийн мөчрийн зулгаралт гэмтлүүд нь дайрагдах үед үрэх, шүргэх үйлчлэлээр үүснэ. Үрэлтийн үед үүсэх боломжтой. Дээрх зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шаант ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлт хамаарна. Дээрх гавлын ясны хугарал гэмтлүүд нь дээр дурдагдсан тархины аалзан хальсны цус харвалт нүүр хэсгийн няцрал цус харвалт гэмтлүүдийн хамт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу мөргөгдөх, цохигдох үед үүснэ. Гавлын ясны хугарал гэмтэлтэй хамт үхэлд хүргэсэн, тархины гэмтэл нэг хүчин зүйлээр үүсэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн шаант ясны пампер хугарал нь автомашинд мөргөгдөх үед үүсэх хөнгөмөл гэмтэл юм, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх 2 гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно, үхэлд хүргээгүй гэмтэл болно. Гавлын ясны хугарал нь тархины няцралт, цус харвалт гэмтэлтэй нэг удаагийн үйлчлэлээр мөргөгдөх үед үүснэ. Эрүү ясны хугарал нь дайрагдах үед үүснэ. Эрүү ясны хугарал нь дайрагдах үед үүснэ. Эрүү ясны хугарал гэмтлээс тархины гэмтэл үүсэж болно. Гэхдээ дээрх гавлын ясны хугарал нь тархины гэмтэлтэйгээ харалдаа нэг проекцод үүссэн, нэг удаагийн үйлчлэлээр хамтдаа үүснэ. Талийгаачид учирсан хоёр талын уушгины няцрал гэмтэл нь автомашинд мөргөгдөх үед доргилтын улмаас үүснэ. Элэгний няцрал хэвлийн хөндийн цусан хураа нь дайрагдах үед үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд үхэлд хүргэх боломжтой ба хүнд гэмтэл юм. Дээрх гавал тархины гэмтлийг авсан үед эмнэлгийн тусламж авсан байсан ч амь нас аврах боломжгүй. Ихэнх тохиолдолд газар дээрээ буюу тэр даруйдаа нас бардаг. Уушгины няцрал, элэгний няцрал гэмтлүүд нь дангаараа учирсан тохиолдолд эмнэлгийн тусламжаар амь нас аврагдах боломжтой.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 248-2 дугаар хавтаст хэргийн 01 дэх тал)           

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Амартүвшингийн өгсөн: Дээрх гэмтлүүд нь мөргөгдсөнөөс мохоо зүйлийн нэг удаагийн хязгаарлагдмал бус хатуу биет дээр унах үед үүсэх боломжтой. Үрэлтийн хүчнээс үүсэх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр автомашинд дайрагдах үед эд ангид цохигдох, үрэгдэх, чирэгдэх үед үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэвэл ясны хугарал нь мохоо зүйлийг үйлчлэл, тухайлбал автомашинд мөргөгдсөнөөс толгойн баруун зулай, дагзны хэсгээр хатуу биет дээр унах үед үүссэн байх боломжтой. Учир нь хугарлын харалдаа зулайн дагзны хуйхны дотор талд цус хуралт үүссэн, хугарал нь баруун дагз, зулайн ясны уулзвараас доош суурь руу үргэлжилж салаалсан, ташуу хугарал үүссэн нь уналтын хүчний улмаас үүссэн байх боломжтой гэж үзсэн. Хэрэв толгой дайрагдсанаас үүссэн гэвэл ясны хугарал нь хоёр талдаа болон, хөнгөн хугарал үүссэн байх боломжтой. Нүүрний зүүн талын зулгаралт, эрүү ясны хугарал нь дайрагдах үед үүсэх боломжтой, харин баруун нүдний зовхи, баруун хөмсөгний зулгаралт нь мөргөгдсөнөөр унах үед үүсэх боломжтой. Эрүү ясны хугарал нь хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Өмнөх хариултад тайлбарласан, автомашинд мөргөгдөөд газар унах үед гавал тархины битүү гэмтэл үүссэн байх боломжтой, харин эрүү ясны хугарлын улмаас гавал тархины битүү гэмтэл үүсээгүй гэж үзнэ. Эрүү ясны гэмтэл нь дангаараа хүндэвтэр гэмтэлт хамаарна. Уушгины 2 талын няцрал гэмтэл нь автомашинд мөргөгдсөнөөс, элэгний няцрал хэвлийн хөндийн цусан хураа нь автомашинд дайрагдах, эд ангид дарагдах, шахагдах, үрэгдсэнээс үүссэн байх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл нь элэгний няцрал хэвлийн цусан хуралт гэмтэл нь хүнд зэрэгт уушгины няцрал /2 талын/ цус хуралт гэмтэл нь мөн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно...Талийгаачид гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлүүд учирсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Хяналтын камерын 1 бичлэгтэй танилцсан, хэргийн материалыг бүрэн танилцаж дүгнэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 02-05 дахь тал)

 20. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Б.А-н гаргасан мөрдөгчийн “mitsubishi minicab” маркийн 00-00 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....эсхүл согтууруулах ундаа       хэрэглэсэн,  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Toyota  Alphard маркийн 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа (2 дугаар хавтаст хэргийн 07-08 дахь тал)

21. Техникийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03/12 дугаартай “mitsubishi minicab” маркийн 00-00 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/"... согтууруулах ундаа, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно;”, 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл ... хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.  Toyota  Alphard маркийн 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. “... гэрэл бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг зөрчсөн байна. Гэвч жолооч Д.С-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Жолооч А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/, 16.3. гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл ... хурдаа хасаж байхад жолооч А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан. Жолооч Д.С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. заалтын дагуу тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, явган зорчигчид зам тавьж өгсөн байна. Явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан жолооч А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан. Явган зорчигч нь “mitsubishi minicab” маркийн автомашинд мөргүүлэн шидэгдсэнээс Alphard автомашины доогуур орж унасан. Иймд Alphard автомашины жолоочид явган зорчигчийг мөргөлгүйгээр зогсох самбаачлах хугацаа байгаагүй гэж үзэж байна. Явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан жолооч А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 61-63 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 484 дугаартай “ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1982 дугаартай дүгнэлтийн 1.3.5.6.7-р хариултууд үндэслэлтэй, 2.4-р хариултууд үндэслэлгүй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №853 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид гавлын баруун дагз, зулай, чамархайн ясны заадасны уулзвараас дээш баруун зулайн гадна хэсэг хүрсэн, доош чулуулгийн араар дотор хэсэг рүү чиглэж турк эмээл хүрэн урагш үнэрийн мэдрэлийн ялтас, зүүн урагш зүүн ухархайн ар ханын дээд ирмэг дагуу үргэлжлэн дээд ханын гадна ар хэсэг рүү орсон ташуу, салаалсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, дагзны дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доор цус харвалт, гүүр хэсгийн тархины эдэд няцрал, цэгчилсэн цус харвалт, баруун зулай ар, дагзны баруун доод талын хуйхны дотор талын цус хуралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, уушгины хоёр талын няцрал, зүүн шилбэний шаант ясны пампер хугарал гэмтлүүд автомашинд мөргөгдсөнөөс учирсан байх боломжтой. Харин нүүрний зүүн тал, чихний зулгаралт, доод эрүү ясны хугарал, элэгний няцрал, хэвлийн хөндийн цусан хуралт, цээж, хэвлий, нуруу, мөчдийн зулгаралт гэмтлүүд нь автомашинд дайрагдах эд ангид цохигдох, үрэгдэх, дарагдсанаас үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины гэмтлүүд нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 150-157 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, амь хохирогч 18 насанд хүрээгүй байсан тул түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч сонгосон нь Хууль Зүйн Сайдын тушаалд нийцэж байх тул хохирогч талаас өмгөөллийн хөлсөнд тохирсон 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Харин сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал дүгнэлтийг;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, Г.Жавхлантөгс нараас  “...гэрч Д.С-ын мэдүүлэг болсон үйл явдлаас зөрүүтэй, Alphard машин хэчнээн км цагийн хурдтай явж байсныг тогтоох бүрэн боломжтой байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс “...А.Н-ийн хувьд Alphard машинд хаагдаад явган зорчигч ирж байгааг хараагүй. Зогсоогүй учир хүн явж байгааг ойлгоогүй. Гурав дахь эгнээнд явж байсан машинд дайруулаад амиа алдсан. Хоёрдугаар эгнээнд явж байсан Alphard машины жолоочийн буруу байна. Alphard машин зогсохгүй шахаад байсан. Үүний улмаас хохирогчийг гүйхэд хүргэсэн. Гүйхэд хүргэсэн учир энэ хүн амиа алдсан...Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй эргэлзээтэй нөхцөл байдал байна. Мөн миний үйлчлүүлэгчид холбогдуулан зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирохгүй байна.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Явган зорчигч Б.Б-ыг Alphard автомашинд халхлагдсан эсэхээс үл шалтгаалан явган хүний зохицуулдаггүй гарцын өмнө Alphard автомашины жолооч Д.С- хурдаа хасаж явган зорчигчид зам тавьж өгсөн нь камерын бичлэгт авагдсан байх ба “mitsubishi minicab” автомашины жолооч А.Н- нь тухайн цаг хугацаанд хурдаа мөн адил хасах ёстой байсан боловч хурдаа хасалгүйгээр явган хүний гарцыг хурдтайгаар өнгөрч байгаа үйлдлийн улмаас явган зорчигч Б.Б- нь “mitsubishi minicab” автомашинд мөргүүлж, шидэгдсэний улмаас Alphard автомашины урд гэнэт унаснаас Alphard автомашин дээгүүр нь гарсан цаг хугацаа нь хяналтын камерын бичлэгт 01-02 секундэд өрнөсөн байна.

Явган зорчигч Б.Б- нь “mitsubishi minicab” автомашинд мөргүүлж, шидэгдсэний улмаас Alphard автомашины урд гэнэт унаснаас Alphard автомашин дээгүүр нь гарсан, тухайн автомашины жолооч зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан эсэх талаар тусгай мэдлэгийн хүрээнд мэргэшсэн шинжээчдийн дүгнэлтээс авч үзвэл;

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик, Тээврийн сургуулийн 10-44 жил ажиллаж байгаа багш нараас бүрэлдэхүүнтэй 3 шинжээчийн дүгнэлтээр “...явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан жолооч А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан. Явган зорчигч нь “mitsubishi minicab” маркийн автомашинд мөргүүлэн шидэгдсэнээс Alphard автомашины доогуур орж унасан. Иймд Alphard автомашины жолоочид явган зорчигчийг мөргөлгүйгээр зогсох самбаачлах хугацаа байгаагүй гэж үзэж байна. Явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан жолооч А.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан.” гэж дүгнэжээ.  (2 дугаар хавтаст хэргийн 61-63 дахь тал)

Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтүүд болон шинжээчдийн мэдүүлгүүдээр“...гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан...энэ гэмтэл нь автомашинд мөргөгдөх, шидэгдэхээс үүсэх боломжтойг тогтоосон байна.

Ийнхүү тусгай мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг болон хэргийн үйл баримт хэргийн нөхцөл байдлаас үзэхэд явган зорчигч Б.Б- зам тээврийн осолд орсон, уг ослын улмаас амь нас нь хохирсон үйлдэл  Alphard автомашиныг жолоодож явсан жолооч Д.С-тай шууд холбоогүй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч А.Н- нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг 05 минутын орчимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг “...согтууруулах ундаа... хэрэглэсэн,...үедээ жолоодох”, мөн дүрмийн 16.3 дахь заалт “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т тус тус заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ...” гэснийг тус тус зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн ослын улмаас хохирогчийг  үхэлд хүргэсэн гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу автомашинд мөргөгдөх, шидэгдэж унах механизмаар үүсгэгдэх боломжтойг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 853, 484 дугаартай “...амь хохирогч Б.Б-ы нь...гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан” гэсэн өөр хоорондоо зөрүүгүй дүгнэлтүүд болон шинжээч эмч Т.Амартүвшин, Г.Ханхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоосон байх тул шүүгдэгч А.Н-ийг  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохирсон гэж үзэв.

Монгол хэлний хэл зүйн тайлбарт “мөргөгдөх” гэдэг нь  мөргөх үйлд өртөх гэсэн, “дайрагдах” гэдэг нь унаа тэргэнд мөргүүлэн осолдох, тэргэнд дайрагдах (давхиж явсан тэргэнд өртөн бэртэх) гэхчилэнгээр тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдлийн улмаас амь хохирогч Б.Б- нь явган хүний гарцаар гарахад Alphard автомашин хурдаа сааруулж зам тавьж өгсөн байх ба амь хохирогч Alphard автомашины урдуур гараад дараагийн эгнээ рүү шилжиж зам хөндлөн гарч байх үед “mitsubishi minicab” автомашинаар амь хохирогч Б.Б-ы толгой, биеийн зүүн хэсгээр мөргөсөн үйлдлийн улмаас Б.Б-ы амь нас хохирсон шалтгаант холбоотой байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч  А.Н- “ 0.52 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэлээр шүүгдэгч А.Н- нь зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тул гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний энэ шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Н- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б-ы амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь нотлогдож тогтоогдсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан агуулга бүхий хүсэлтүүдийг шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Н-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирол хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-гаас өмгөөлөгчийн хөлсөнд 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дугаартай тогтоолын  2.6.6-д “насанд хүрээгүй,...хохирогч,...өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” олгоно гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Н-оос 3.000.000 төгрөгийг амь хохирогч насанд хүрээгүй, төрсөн эцэг ах, дүү нь орон нутагт байдгаас шалтгаалж амь хохирогчийн нагац ах нь хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан  гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар тогтоож тооцоолох боломжгүй гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж хохирогч сэтгэл санааны хохиролтой холбоотой болон энэ хэрэгтэй хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Н-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл завсарлуулав.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон  шүүгдэгч  А.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч талаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмгөөлөгчийн зардалд 3.000.000 төгрөг төлсөн байгааг дурдаж байна.

         Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх;  

   шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ гэмт хэрэг санаатайгаар үйлдэгдээгүй бөгөөд хохирол төлбөрөө нөхөн төлсөн, үлдсэн хохиролоо нөхөн төлхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

А.Н-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний нөхцөл байдал нөлөөлсөн байх ба явган зорчигч Б.Б-ы амь насыг хохироосон хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

          А.Н- анх удаа гэмт хэрэг үйлдсэн (эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хавтаст хэргийн 20 дахь тал), үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 07 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг  хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолно.    

        Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч А.Н-ийн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ******* дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхээр хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мичидмаад даалгав.

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14.1,  36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.А.Н-ийг “ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн”  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Н-ийн цагдан хоригдсон 07 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Н-ийн цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч А.Н-ийн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ******* дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхээр хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мичидмаад даалгасугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т- сэтгэл санааны хохиролтой холбоотой болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Н-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.ДАЙРИЙЖАВ