Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0965/Э |
Дугаар | 2022/ШЦТ/962 |
Огноо | 2022-07-26 |
Зүйл хэсэг | 26.1.1., |
Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/962
2022 7 26 2022/ШЦТ/962
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Отгончимэг /томилолтоор/,
шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох эрүүгийн 2008 02875 1124 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд:
- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан
А, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Л нэртэй фэйсбүүк хаяг руу хууль бусаар халдаж, түүний фэйсбүүкт бүртгэлтэй найз Д.Ц-ээс “...мөнгө зээлээч...” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдал зориудаар бий болгон залилж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 847 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Х.А.
1. Шүүгдэгч Х.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Х.А нь бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, тухайн цахим хаягийг ашиглан хохирогч Д.Цээс 700.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан үйл баримт тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.
3. Шүүгдэгч Х.А нь дараах байдлаар хохирогчийг залилжээ:
- хохирогч Д.Цийн “...2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Манай том бэрийн аав Б.Л-ын фэйсбүүк хаягаас над руу маргааш 11 цаг хүртэл 700.000 төгрөг зээлээч гэж чат бичсэний дагуу Хаан банкны 5171237143 дугаарын данс руу мобайл банкаар 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь худ Б.Л руу залгахад юу гэж тийм юм байх юм бэ, миний фэйсбүүк алдагдаад миний танил хүмүүсээс мөнгө гуйсан байна лээ. Би юу гэж хүнээс мөнгө гуйх юм бэ гэж хэлээд чи цагдаад ханд аа гэж хэлсэн. ...Н гэдэг хүний данс руу асууж шалгаалгүй явуулчихсан юм...”, дахин мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний Хаан банкны 5076153442 дугаартай данс руу 350.000 төгрөг “Шагай” гэсэн утгатай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх38-39, 128/,
- хохирогч Б.Лийн “...миний охин Ч над руу залгаад та фэйсбүүкийнхээ кодыг алдчихсан юм уу, хүмүүсээс мөнгө гуйгаад байна гэж хэлсэн. Үүний дараа манай охин Ч өөрийнхөө фэйсбүүк хаягаар манай аавын фэйсбүүк хаягийг хакердсан байна, мөнгө гуйвал өгч болохгүй шүү гэсэн утгатай нийтлэл нийтэлсэн байна лээ. Дараа нь манай худ Ц миний алдсан фэйсбүүк хаягтай харилцаж байгаад 700.000 төгрөг залилуулсан талаар мэдсэн. ...анх миний фэйсбүүк хаягийг миний охин нээж өгч байсан. Миний ашигладаг гар утасны дугаарууд л байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх126-127/,
- гэрч Г.Гын “...Манай найз Мгийн ах У над руу залгаад ах нь ажлынхаа хөлсний урьдчилгааг авах гэсэн юм аа. Чиний данс руу хийлгүүлээд авчих уу гэж асуусан. ... эхнэрийнхээ дансыг өгсөн. Тэгээд нэг хэсэг над руу залгахгүй алга болчихоор нь би больсон юм байх гэж бодоод байж байтал орой 19, 20 цагийн орчимд над руу залгаад мөнгө орсон уу гэж асуухаар нь эхнэрээсээ асуухад орсон байсан. Тэгтэл гялс авчих, гялс аваад ахдаа авч ирээд өгчих гэж хэлээд байхаар нь гэрийнхээ ойролцоох АТМ-ээс ганцаараа очиж аваад Нарангийн голд У ахад өөрт нь бэлнээр мөнгийг нь өгсөн. Тэр үед У ах бага зэрэг согтуу байсан. Тэгээд гарч ирээд мөнгөө авчхаад ах нь ерөөсөө чамтай хамт яваад Мгийнд очьё гээд надтай хамт суугаад Мгийнд хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 48-49/,
- гэрч М.Нийн “...нөхөр Г.Гын найз М-ийн ах нь гэх хүн манай нөхөр рүү байн байн залгаад ахдаа дансны дугаараа өгчихөөч, ахынх нь цалин буух гээд байна. Чи төр мөнгийг оронгуут АТМ-аас аваатах. Мөнгө шилжиж ирэхээр нь аваад л болоо гээд байсан. Тэр үед манай нөхөр Г.Гын Хаан банкны карт нь болклогдсон байсан юм. Тэгээд манай нөхөр тэр найзынхаа ахыг байн байн залгаад байхаар нь миний Хаан банкны 5171237143 дугаарын дансыг өгчих үү гэж асуухаар нь би үнэхээр л цалин нь орох гээд байгаа бол өгчих гэж хэлсэн. Тэгээд дансны дугаараа 18 цагийн үед өгсөн. Мөнгө нь тэр дороо орсон. Мөнгө орчихлоо гээд нөгөө хүндээ хэлэхэд нөгөө хүн нь яаралтай наад мөнгөө аваад ахдаа авчраад өгчих гэхээр нь манай нөхөр нөгөө мөнгийг АТМ-аас аваад нөгөө хүнд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх52-53/,
- гэрч М.Ба-гийн “...Тэр өдөр би өглөө ажилдаа явчихаад орой 17 цагийн орчимд ажпаасаа тараад Нарангийн гол руу шууд гэрлүүгээ яасан. Гэрлүүгээ явж байгаад Грашын буудал гэх автобусны буудал дээр манай хажуу айлын Мө-ын найз А гэх залуутай таарсан. ...Атай таараад юм яриад байж байтал А нэг том пиво аваад бид хоёр түүнийг нь гудамжинд уусан. Тэрийг ууж байхдаа А надаас данс асуусан. ... Би ууж байхдаа Ад данс олж өгөхөөр дүүгийн найз Га- руу залгаад ахдаа дансаа өгч байгаач ээ ах нь мөнгө хийлгээд авчихъя аа гэхэд Га- надаас юун мөнгө юм бэ гэхээр нь би ах нь хүнээс цалингаа авах гэсэн юм аа гээд хэлчихсэн юм. ...Тэгээд А надад мөнгө орчихсон гэнэ гэж надад хэлэхээр нь Га- руу залгаад мөнгө орсон гэнээ, чи надад авч ирээд өгчих үү гэж хэлэхэд Га- за тэгье гээд утсаа тасалсан. Удалгүй Га- бэлэн 700.000 төгрөг аваад ирсэн. Би тэгээд Ад мөнгийг нь өгөх гэсэн чинь нэлээн согтчихсон байсан учир мөнгийг нь маргааш өгье гэж бодоод мөнгийг нь аваад явсан. Би тэр өдрөө төрсөн Мгийнд очиж хоноё гэж бодоод Га-д суугаад Мгийх руу хүргүүлсэн. А хамт архи уусан газраа үлдсэн. Тэгээд Га-д сууж яваад би тасарчихсан байна лээ. Маргааш өглөө нь Төв аймаг руу ажил хийхээр явсан. Дүү Мгийнд очиж хонодог өдрөө тасарчихсан байхад М намайг мөнгөө хаячихаж байж магадгүй гээд миний халааснаас авчихсан юм байна лээ. Тэгээд өглөө сэрээд утсаа үзтэл мөнгө байхгүй болохоор нь дүүгээсээ асуухад манай дүү би авсан гэж байсан. Тэгэхээр нь би дүүдээ хүн ирж авна шүү гэж хэлээд хөдөө явсан. Тэгээд манай дүүгээс маргааш нь ирж А ирж авсан гэсэн. Би тэр өдрөө согтуудаа дүү Мгийх руу очиж байхдаа дэлгүүр ороод юм авчихсан юм байна лээ. Манай дүү Ад 500.000 гаран мянган төгрөг үлдээсэн гэсэн. Тэгээд сүүлд 2020 оны 12 сарын сүүлээр А над руу фейсбүүкээр холбогдож байгаад 200.000 төгрөгөө авсан. Мөнгөө авахдаа бид хоёр Орбитод уулзаад надаас бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх57-58/,
- гэрч М.Дэ-ын “...Нэг орой манай ах М.Ба ирсэн. Тэр үед согтуу байсан. Тэд манай эхнэр Б.Нд бэлнээр 500.000 төгрөг үлдээсэн байсан. ... Тэгээд 12 цагийн орчимд Тахилтын эцэс дээр ирчихлээ, гараад ир гэж Мөын эхнэр залгасан. Би гараад очтол нэг бүдүүн эгч би Агийн төрсөн эгч нь байна. Би мөнгийг нь авах гэж ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэний мөнгийг хэнд өгч байгаагаа мэдэхгүй байна. А гээд дүүгээ авч ирж ав гэж хэлсэн. Би төрсөн эгч нь байгаа юм аа. Танай ах манай дүүгийн мөнгийг хулгайлаад аваад явсан мэтээр надтай ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 62-63/,
- гэрч М.Мөын “...би найз Ан гэрт очсон бөгөөд намайг очиход нэлээн согтчихсон ганцаараа надад хандаж, Ба миний цалинг аваад мурьчихлаа чи гэрийг нь мэднэ биз дээ надад заагаад өг би чамд 20.000 төгрөг өгье гээд хоёулаа ганц нэг пиво ууя гэж надад хэлсэн бөгөөд би тэр үед нь их юм бодолгүйгээр зааж өгсөн юм. Тэгээд би гэрийнх нь гадаа очтол хүн байгаагүй бөгөөд хаана байж болох вэ гэж надаас асуухаар нь би найз Га-гийн гэрт байж магадгүй гэж хэлтэл шууд явж очоод хаалгыг нүдтэл онгойлгохгүй байхаар нь А шууд хашааг нь даваад орсон. Тэгсэн дотор хүн байхгүй болохоор нь буцаад даваад гараад ирсэн. ...Ба гэртээ байна гэнээ чи цалин мөнгөө авсан юм уу гэж асуухад аваагүй гэж хэлсэн бөгөөд Ба ирсэн бол чи наад мөнгөө авсан ч яахав гэж хэлсэн. ..тэгээд тухайн үед 400.000 төгрөгийг Оц эгчийн данс руу шилжүүлээд авсан. ..үлдсэн 100.000 төгрөгөө Ад өгч таарсан юм...би тухайн мөнгийг гэмт хэргийн замаар олж авсан мөнгө гэж мэдээгүй...би энэ талаар огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх65-66/,
- гэрч С.Дгийн “...Оц эгч би Шагайгийн төрсөн эгч нь байгаа юм гэж хэлээд 400.000 төгрөгийг Оц эгчийн данс руу шилжүүлээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх 76/,
- Х.Ан яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд гэртээ байх үедээ суурин компьютерээс интернэт орж байхдаа фэйсбүүкийн нэвтрэх нэр нууц үг оруулах хэсэгт ижилхэн нэг гар утасны дугаар оруулж шалгахад нэг эрэгтэй хүний хаяг руу орчихсон тэгээд тухайн хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцаж байгаад бүртгэлтэй найзууд руу нь “түр мөнгө зээлэх үү” гэсэн утгатай зурвас явуулж эхэлсэн тэр дундаж нэг эмэгтэй 700.000 төгрөг зээлэхээр болсон. Тэгээд хамт пиво ууж байсан Багөөс түр хэрэглэх Хаан банкны данс олдох уу гэхэд надад данс олж өгсөн бөгөөд тэр данс руу нь мөнгө хийлгэсэн. Тэгээд Ба нөгөө мөнгийг аваад ирье гэж хэлээд яваад ирээгүй, би гэртээ ороод дахиж пиво уугаад унтсан.Тэрнээс хойш Батэй уулзаагүй байж байгаад өөрөө хэрэгт холбогдоод шоронд явсан. ..би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирлын 700.000 төгрөгөө бүрэн төлөөд барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх144-145/,
- М.Нийн Хаан банкны 5171237143 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх30/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4. Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг хэд хэдэн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нь цахим орчин дахь хүний хувь хүнийг тодорхойлогч фэйсбүүк цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийн эзний өмнөөс бусад хүмүүстэй харилцаж, түүний өмнөөс бусдаас мөнгө зээлж буй үйлдэл нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжийг давхар хангаж байна.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэж байсныг Кибер орчинд хууль бусаар халдах гэж гэмт хэргийн нэршлийг өөрчилсөн боловч мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдан нэвтэрсэн үйлдэл гэмт хэвээр байхаар заасан. Улмаар энэхүү өөрчлөлтөд гэмт хэргийн шинж болон эрүүгийн хариуцлагын талаар өөрчлөлт ороогүйг дурдаж байна.
5. Тиймээс шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэйгээр цахим сүлжээнд хууль бусаар халдаж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
6. Хохирогч Д.Цэд хохирол бүрэн төлөгдсөн /хх150/, мөн хохирогч нь энэ талаар илэрхийлжээ. Мөн хохирогч Б.Л нь хохирол нэхэмжлээгүй болно.
Иймд шүүгдэгч Х.Аг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, хохирогчид хохирол төлсөн, хувийн байдлыг нь харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.
9. Хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.
11. Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан 2 санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнсэж шийдвэрлэх боломжгүйг дурдаж, Х.Ан хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоов.
13. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах үүрэг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргүүд дотроос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг сонгон үүрэг хүлээлгэв. Тиймээс шүүгдэгч нь 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрсний үндсэн дээр зорчих, мөн зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Тодруулбал, хуульд заасан “оршин суух газраас явахыг хориглох” үүрэг нь тухайн этгээдийн оршин суугаа газар болох гэрээсээ эсвэл баг, хороо, сум, дүүргээс явахыг хориглох гэдэг утгаар, харин “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих” гэдгийг оршин суугаа засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг, нийслэлийн хүрээгээр зорчих буюу тухайн засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна гэсэн өргөн утга агуулгын хэрэглэх нь зөв байна.
14. Түүнчлэн шүүгдэгч Х.Ан үйлдсэн гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр зорчих, мөн зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР