Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1654

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/01654

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай 0 дүгээр баг, Богдын гол цэнгэлдэх 0 гудамж, 00 тоотод оршин суух Б овогт Ж Ө /РД:00000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, өөрийн байранд байрлах Ит холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговорт 6 181 350 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Монгол Улсын иргэн Ж.Ө намайг Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын үүрэгт ажлаас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Б\4б тушаалаар хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгосон. Миний бие өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183\ШШ12017\01146 тоот шийдвэрээр Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай шийдвэр гарсан. И нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул тус шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 183/Ш32017/07604 "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж гарч 183/ГХ2017/00702 дугаар "Гүйцэтгэх хуудас"-ыг хариуцагчид хүргүүлсэн билээ. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг яаралтай гүйцэтгэхгүй байсаар дээрх гүйцэтгэх хуудасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговорт 4.688.250 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт шүүхийн шийдвэр гараад биелэгдэх хүртэлх 2017 оны 6, 7, 8 дугаар сарын нөхөн бичилтыг хийлгүй дутуу хийсэн юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183\ШШ2017\01146 тоот шийдвэр гарснаас хойш 4 сарын дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б\321 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Энэ хугацаанд миний бие цалин хөлсгүй ажилд эгүүлэн тогтоолгох тухай тогтоолыг хүлээсээр байгаад 05 сарын 17-ноос 09 сарын 18 хүртэл ажлын 87 хоног ажилгүй, 3 сар эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт ямар ч бичилт хийлгүүлсэнгүй.

Иймд эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны олговорт 6.181.350 төгрөгийг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдаад шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан боловч ажилд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр томилсон. Иймд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 87 хоногийн цалин болох 6 181 350 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Танай шүүхээр хянагдаж байгаа Ж.Ө ажилгүй байсан хугацааны мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Ө шаардлага гаргах гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                                 

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч Ит холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 6 181 350 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

 Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговорыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Ж.Өг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2017/01146 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 618 250 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Өгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу ажил олгогч И нь нэхэмжлэгч буюу ажилтан Ж.Өг өмнө эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Завхан аймгийн Доной нисэх буудлын даргын ажилд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/321 дүгээр тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/321 дүгээр тушаалаар нотлогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарласан боловч 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Өг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/321 тоот даргын тушаалаар Ж.Өг нисэх буудлын даргын ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд нэхэмжлэгч  энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийг хариуцагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажилд эгүүлэн томилоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарч, ажилд эгүүлэн томилсон 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн дундаж цалинг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01146 дугаар шийдвэрээр 1 527 586 төгрөгөөр тооцож гаргуулсныг нэхэмжлэгч маргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 1 527 586 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 3-4-р хуудас/  

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэгч Ж.Ө ажилгүй байсан 4  сарын хугацааны цалинд 6 110 344 төгрөгийг /1 527 586 төгрөг х 4сар =6 110 344/ гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд Ит Ж.Ө нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Хариуцагчийн төлөөлөгчид 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг түүний 99163617 дугаарын утсаар нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

    1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны олговорт 6 110 344 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Өд олгосугай.     

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ж.Өгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ит даалгасугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 113 852 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112 715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН