Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1033

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

хохирогч Г.Л-,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаа хууль сахиулахын ажилтан мэргэжилтэй, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эргүүлийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 1, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Д.Б (РД:рэ9202...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ... тоот гэртээ байхдаа фэйсбүүк орчинд “Таван Толгой Цагаан хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Sanhuu ogno avna”, “Санхүү авна”, “Sanhuu avna ogno Санхүү авна өгнө”, “Өмнөговь Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй групп дээр “Red Falcon” гэсэн цахим хаягаас хохирогч Ч.Б-, Г.Л- нарын гэрэл зургийг “Huh ugzug saitai 2 ohin S awna urdchilgaa awahgui shuud call ...” гэсэн тайлбартай оруулсан, “savna ..., ...”, “Huh ugzug saitai 19tei ohin S avna urdchilgaa awahgui shuud call 9953****” гэх мэдээлэл тус тус байршуулж хохирогч нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн маргаанаас болсон. Уурласандаа буруу зүйл хийсэн” гэв.

Хохирогч Г.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 9 дүгээр сарын 03-нд фэйсбүүк хаягаас пост орсон. Б бид хоёрын зургууд орсон байсан. Үүний дараа дотуур хувцастай өөртэй нь харилцаж байсан зургуудыг оруулсан. Миний утсанд өдөрт 100-200 дуудлага ирэх болсон. Оноох ёстой шийтгэлийг нь оноож өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Гэм хорыг арилгуулах хүсэлтэй байна. Өнөөдрийг хүртэл арилаагүй, байсаар байгаа. Торгох ялыг зөвшөөрөхөд хэцүү байна” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ч.Б-ын: “Намайг Ханбогд суманд ажлаар явж байхад 2021 оны 09 сарын 03-ны өглөө хамт ажилладаг Г.Л-ын найз фейсбүүк цахим хуудсаар холбогдож “Таван Толгой Цагаан Хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар” гэх нэртэй групп хаягт “Huh ugzug saitai 2 ohin S awna, urdchilgaa awahgui shuud call 99531055” мэдээлэл оруулсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгсөн. “Red Falcon” гэсэн нэртэй хаягнаас 2021 оны 09 сарын 03-ны өдөр байршуулсан байсан. Энэ хаягийг мэдэхгүй, урьд өмнө харилцаж байгаагүй. Миний болон хамт ажилладаг Г.Л-ын зураг байсан. Нэг жилийн өмнө Улаанбаатар хот явж байх замдаа Г.Л-ын нөхөр Д.Б- авсан зураг байсан. 9953*** дугаар нь “А” ХХК-ний албаны дугаар Г.Л- эзэмшиж, ажилдаа хэрэглэдэг. Г.Л-ын нөхөр Д.Б- өөрийнхөө утсаар зургийг авсан тул Д.Б-т байх боломжтой. Д.Б- өөрийнхөө фэйсбүүк хаягаас эхнэр Г.Л-ын цахим хаяг руу өгсөн байсан. “Таван Толгой Цагаан Хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар” групп хаяг нь 50,000 хүний үздэг хаяг байгаа. Тухайн мэдээлэл байршуулснаас хойш таньдаг хүмүүс таарахдаа чиний зураг яагаад фэйсбүүк дээр байгаа юм бэ гэж асуудаг, ... дугаарын утсанд байнга залгаж зарын дагуу ярьж байна гэж хүндрэл учруулдаг, гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүссэн, сэтгэл санаагаар хохирсон, миний нэр хүндэд халдсан. Миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд байршуулж намайг биеэ үнэлдэг мэтээр ойлголт төрүүлэх мэдээлэл байршуулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Хохирогч Г.Л-ын: “2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр над руу хүн залгаад намайг “фэйсбүүк дээр пост оруулсан юм уу” гээд чатаар Б бид хоёрын хамт авахуулсан зургыг явуулсан. Би тухайн оруулсан зарыг харсан чинь “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авна” гээд миний 9953*** гэсэн дугаарыг тавиад “Red Falcon” гэх фэйсбүүк хаягнаас пост оруулчихсан байсан. “Цагаан хад, Ганц мод, Өмнөговь зарын нэгдсэн групп” дээр тухайн зарыг байршуулсан байсан. Д.Б- гэж манай нөхөр байсан, одоо шүүхээр гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэх гаргаад тусдаа амьдарч байгаа. Би тухайн зарыг Д.Б- тавьсан гэдгийг эхэндээ мэдээгүй, манай охины гар утаснаас Д.Б- фэйсбүүк ордог байсныг санаандгүй мэдсэн. Тэгээд охиныхоо утсаар Д.Б-ийн “Дэлгэрмөрөн Д.Б-” гэх фэйсбүүк рүү ороход тус хаягаас чатаар “Red Falcon” хаяг руу порно бичлэг явуулж, бичлэг буцааж явуулсан зэрэг чатууд байсан. Б бид хоёрын тухайн зар дээр тавигдсан зургыг Д.Б- утсаар дарж байсан, чатаар тухайн үед явуулж байсан, тухайн зарыг манай хуучин нөхөр Д.Б- тавьсан. Д.Б- намайг шүүхээс өргөдлөө буцааж аваад эвлэрээд хамт амьдрах, хүүхдүүдтэйгээ уулзах гээд байгаа юм, тэгээд би зөвшөөрдөггүй болохоор зураг пост оруулсан байх. Д.Б-т хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, нэр сэргээлгэж, залруулга хийлгүүлмээр байна.

...Д.Б- нь дээр постоос хойш Red Falcon” гэсэн хаягаас гадна “Анхаар анхаар” “Lham daimond “, “Анхзаяа Батзаяа” “Ба Пү “ ”Дэлгэрмөрөн Д.Б-” гэсэн хаягуудаас миний нэр хүндэд халдаж олон зарын групп дээр удаа дараа “А” ХХК-ний үнэлгэгч хүүхэн Г-гийн Г.Л-, биеэ үнэлэгч, “hi hotod irsen bna uulzah n zalga ...”, “Хувьдаа приус ЗО-тай сайхан хүүхэн бна, уулзана ...” гэх мэтчилэн олон удаа байнга пост оруулчихаад надтай мессежэзр харьцдаг. Анх бол гэрлэлтэй цуцлуулахаа боль, хүүхдүүдтэй утсаар яриул тэгэх юм бол пост оруулахгүй гэдэг байсан, тэгэхээр нь би блокыг нь гаргаад хүүхдүүдтэй яриулдаг байсан. Гэтэл одоо ч болихгүй янз бүрийн групп дээр миний нэр хүндэд халдсан пост оруулаад байхаар гайхаж байна. Үүнээс гадна би Д.Б-тэй фэйсбүүкийн чатаар дүрсээ харж ярьж байхад миний зургийг дарж аваад миний хөхний даруулгатай болон нуруу хэсгээрээ нүцгэн байгаа зургийг “Санхүү өгнө, авна” гэсэн групп дээр оруулсан байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 64-67 дахь тал),

Гэрч Г.Л-хүүгийн: “...2021 оны 9 дүгээр сараас хойш фейсбүүк орчинд Г.Л-ын фэйсбүүк хаягийн нэрээр онцлоод бусдад буюу фэйсбүүкийн найзуудад болон нийтэд харагдахаар “hi hotod irsen bna uulzah n zalga ... ...” гэх мэтчилэн Д.Б-ийн тавьсан 2-3 Г.Л-ын нэр хүндэд халдсан мэдээллийг харж байсан. Тухайн мэдээллүүдийг Г.Л-ын фейсбүүкийн бүх найз нөхөд, төрөл садангийн хүмүүс харсан байх. Их засаг их сургуулийн найзууд, нөгөө ангийн найзууд харсан байсан. Тэр мэдээллийнх нь доор найзууд, бусад хүмүүс олон комментууд бичсэн байсньг харсан. Анхзаяа Батзаяа, Red Falcon гэсэн хаягуудыг Д.Б- ашиглаж байсан, мэдээлэл тавьсан байсан. Г.Л- ч өөрөө Д.Б- ийм мэдээлэл тавиад байна гэж надад хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал),

Гэрч Ч.А-н: “...2021 оны 09-10 дугаар сарын үед “Өмнөговь аймгийн зарын нэгдсэн гурпп”-ээс мэдээлэл авахаар өөрийн фэйсбүүк хаягаас ороход Г.Л-ын хүүхдүүдийн нэрээр буюу Анхзаяа Батзаяа гэсэн нэртэй хаягаас “Г.Л-ын дотуур хувцастай зурагтай санхүү авна” гэсэн утгатай мэдээлэл тавигдсан байсан. Тэр пост дээр Г.Л-ын дугаарыг тавьсан байхаар нь би гайхаад Г.Л- руу холбогдож асуухад “нөхөр Д.Б-ээс салах гээд иргэний хэргийн шүүхэд өргөдлөө өгсөн байгаа, намайг өргөдлөө буцааж ав гээд дарамталж, ийм утгатай пост, мэдээллийг цахим орчинд байнга байршуулж байгаа” гэж хэлсэн. Тухайн үед манай найз бүүр дөжирчихсөн байдалтай ер нь ингээд байнга л тавиад байгаа гэж хэлсэн. Уг группээс гадна Г.Л-ыг мөн нэг залуутай явалддаг гэсэн утгатай постыг Д.Б- өөрийнхөө фэйсбүүк хаяг дээрээс олон нийтэд нийтэлсэн байсан. Энэ төрлийн мэдээллийг тухайн группэд байсан болон Д.Б-ийн найзууд бүгд харж байгаа. Үүнээс гадна дээрх мэдээллүүдийг олон гишүүнтэй группүүд рүү хуваалцах буюу тараасан байсан. Тэр мэдээллүүдийн доор янз бүрийн сэтгэгдэл бичсэн байсан. Санхүү авна гэсэн утгатай мэдээллийг олон, ямар ч гэсэн 20 гаран групп рүү хуваалцсан байсан. Г.Л-ын утас зогсоо зайгүй дуугараад байхаар нь би “утсаа авахгүй юм уу” гэхэд Д.Б- “санхүү авна” гэсэн утгатай пост фэйсбүүк орчинд тавиад миний дугаарыг биччихдэг юм, тэгэхээр олон хүмүүс залгаад байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),

Шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Миний бие хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 138-139 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-6), “Red Falcon” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Таван Толгой Цагаан хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Sanhuu ogno avna”, “Санхүү авна”, “Sanhuu avna ogno Санхүү авна өгнө”, “Өмнөговь Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй групп дээр оруулсан, пост зургийн болон чатны хуулбарууд (хх-27-33, 34-43, 72-78), Цагдаагийн ерөнхий газрын мэдэгдэх хуудас (хх-53-55, 82-85), Ерөнхий прокурорын газрын 2022.05.02-ны өдрийн 4/383 дугаар тогтоол (хх-58-59), Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал (хх-93-94), Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.05-ны өдрийн “Гэрлэлт цуцалсан” тухай шийдвэр (хх-69-71), “Мобиком”, “Юнител”, “Ашид Билгүүн” ХХК-ийн албан бичгүүд (хх-112-114), Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичиг (хх-116),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-118), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-79), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хх-119), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-120) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Б- нь ... тоотод байхдаа Фейсбүүк орчинд буюу “Таван толгой цагаан хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар” гэсэн группт “Red Falcon” гэсэн цахим хаягаас хохирогч Ч.Б-, Г.Л- нарын гэрэл зургийг “Huh ugzug saitai 2 ohin S awna urdchilgaa awahgui shuud call 99531055” гэсэн тайлбартай оруулж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б- нь ... тоот гэртээ байхдаа фэйсбүүк орчинд “Таван Толгой Цагаан хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Sanhuu ogno avna”, “Санхүү авна”, “Sanhuu avna ogno Санхүү авна өгнө”, “Өмнөговь Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй групп дээр “Red Falcon” гэсэн цахим хаягаас хохирогч Ч.Б-, Г.Л- нарын гэрэл зургийг “Huh ugzug saitai 2 ohin S awna urdchilgaa awahgui shuud call ...” гэсэн тайлбартай оруулсан, “savna ..., ...”, “Huh ugzug saitai 19tei ohin S avna urdchilgaa awahgui shuud call ...” гэх мэдээлэл тус тус байршуулж хохирогч нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Л-ын “...Би тухайн оруулсан зарыг нь харсан чинь “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авна гээд миний 9953***” гэсэн дугаарыг тавиад” Red Falcon гэх фэйсбүүк хаягнаас пост оруулчихсан байсан. Цагаан хад, Ганц мод, Өмнөговь зарын нэгдсэн групп дээр тухайн зарыг байршуулсан байсан. Тавигдсан зургыг Д.Б- утсаар дарж авч байсан...” гэх мэдүүлэг (хх-25-26), хохирогч Ч.Б-ын ““Таван Толгой Цагаан Хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар” гэх нэртэй групп хаягт “Huh ugzug saitai 2 ohin S awna urdchilgaa awahgui shuud call 9953***” мэдээлэл оруулсан байна гэж хэлсэн. ...Нэг жилийн өмнө Улаанбаатар хот явж байх замдаа Г.Л-ын нөхөр Д.Б- авсан зураг байсан...” гэх мэдүүлэг (хх-14-15), гэрч Г.Л-хүүгийн “...Г.Л-ын фэйсбүүк хаягийн нэрээр онцлоод бусдад буюу фэйсбүүкийн найзуудад болон нийтэд харагдахаар “hi hotod irsen bna uulzah n zalga ...” гэх мэтчилэн Д.Б-ийн тавьсан 2-3 Г.Л-ын нэр хүндэд халдсан мэдээллийг харж байсан...” гэх мэдүүлэг (хх-107-108), гэрч Ч.А-н “...Г.Л-ын хүүхдүүдийн нэрээр буюу Анхзаяа Батзаяа гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Г.Л-ын дотуур хувцастай зурагтай санхүү авна гэсэн утгатай /пост/ мэдээлэл тавигдсан байсан. Тэр пост дээр 8804*** гэсэн Г.Л-ын дугаарыг тавьсан байхаар нь би гайхаад Г.Л- руу холбогдож асуухад “нөхөр Д.Б-ээс салах гээд иргэний хэргийн шүүхэд өргөдлөө өгсөн байгаа, намайг өргөдлөө буцааж ав гээд дарамталж, ийм утгатай пост, мэдээллийг фейсбүүк цахим орчинд байнга байршуулж байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-110), шүүгдэгч Д.Б-ийн “Миний бие хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-138-139) Фэйсбүүк зарын групп дээр оруулсан, пост зургийн хуулбарууд (хх-27-33, 34-37, 72-78) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ийн хохирогч буюу эхнэр Г.Л-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас фэйсбүүк орчинд хохирогч Ч.Б-, Г.Л- нарын гэрэл зургийг “Huh ugzug saitai 2 ohin S awna urdchilgaa awahgui shuud call ...” гэсэн тайлбартай оруулж илт худал мэдээллийг тараасан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй...” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн хувьд хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл (Илт худал мэдээлэл гэж огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ, бэримт сэлтийг ойлгоно. Илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн буюу мэдээллийг цахим орчинд тараасан)-ийг олон нийтэд тараасан идэвхтэй үйлдэл хийжээ.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Л-, Ч.Б- нарын нэр төр, алдар хүндэд хохирол учирсан, хохирогч нарын “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой, хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хохирогч Г.Л- нар гэр бүлийн харилцаатай байсан, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч хохирогч Г.Л-, Ч.Б- нарын гэрэл зургийг цахим орчинд “санхүү авна” гэх утгатай тайлбартай оруулж хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хоёр хүний нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч нар “Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эргүүлийн цагдаа, жолооч ажилтай гэх, тодорхой орлого)-ийг харгалзан шүүгдэгч Д.Б-ийг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж шүүх дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Захчин овогт Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР