Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

                  Нарийн бичгийн дарга                                С.Баянжаргал

                             Улсын яллагч                                               Д.Уранчимэг

                             Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ш.Цэдэн,          

                             Шүүгдэгч                                  Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нарт холбогдох 201624000388 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 9-р баг Ахуй үйлчилгээний 23 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сэчин овогт Даваажаргалын Дөлгөөнбаяр /УБ:98081536/.

 2. Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Ахуй үйлчилгээний 23 тоотод оршин суух хаягтай, урьд 1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169Б. 198А. 92В дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 2001 онд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар, 2004 онд Орхон аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дугаржавын Туул /М3:65102078/.

 3. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Ахуй үйлчилгээний 23 тоотод оршин суух хаягтай, 2013 онд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 жил 06 сараар хойшлуулсан, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сэчин овогт Шинэбаатарын Билгүүнжаргал /УП:96090531/

4. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ахуй үйлчилгээний 10-1Б тоотод оршин суух хаягтай, урьд 2007 онд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улам-Оргих овогт Алтангэрэлийн Баярцэнгэл /МЭ:84102674/.

Шүүгдэгч Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын ачааны вагоны засварын депогийн хашаанаас краны тэжээлийн 100 метр кабель утас хулгайлж 1000000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Дөлгөөнбаяр мэдүүлэхдээ: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хажуу айлын Баярцэнгэл ах, Билгүүнээ ах хоёр орж ирсэн. Ахын дүү юу хийж байна гэхээр нь гэр зуур гэхэд ахад нь ганц пиво байгаа тэрийг уучихаад амарлаа гэсэн. Түүнээс нь хуваалцаад хоёр хундагыг уусан. Тэр өдөр би мод ачих ажил хийх ёстой байсан юм. Тэгээд модондоо явлаа гээд гарсан. Би явж байгаад нэг харсан вагон депогийн хашаан дотор явж байсан. Тэгээд тэнд кабелын утас байхаар нь буцаж гэртээ очоод Билгүүнээ ах, Баярцэнгэл ах хоёрт тэнд нэг хуйлсан кабель утас байна гэж хэлсэн. Тэгтэл аваад ир гэхээр нь хамт явсан. Эхлээд би депогийн хашаанд ороод кабель утасыг татаж авч тасдаад чирээд явж байтал дийлээгүй. Тэгэхээр нь Билгүүнээ ахыг өргөлцөөд гаргаад өгөөч, маргааш хоолны мөнгөтэй болно гэсэн. Тэгээд  Билгүүнжаргал бид хоёр кабель утсыг вагон депогоос чирээд гаргасан. Даахгүй болохоор нь Баярцэнгэл ах өргөлцсөн. Тэгсэн Баярцэнгэл ах бид хоёр жаахан муудалцаад би хаяад явсан. Дараа нь Баярцэнгэл ах миний араас ирээд куртикээ надаас асуугаад байсан. Тэгээд би куртикийг нь өгчихөөд би унтлаа гээд гэртээ унтсан. Өглөө нь босоход Билгүүнээ ах надад нөгөөдөхийг чинь тушаачихсан гээд 50000 төгрөг өгсөн. Би 20000 төгрөгөөр нь гэртээ хоол унд аваад, үлдсэн мөнгөөр нь өөртөө хувцас аваад дуусгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Туул мэдүүлэхдээ: ... Тэр өдөр би гэртээ унтаж байхад Билгүүнээ ирээд аав та нэг юм тавилцаад өгөөч гэсэн. Тэгэхэд өглөө үүр л цайж байсан. Цаг 4 өнгөрч байсан байх. Тэгээд би яасан гэхэд нэг юм тавилцаад өгөөч гээд нэг шуудайтай зүйл заасан. Тэгэхээр нь өргөлцөөд машин дээр тавьсан. Тэгсэн ийшээ хамт явъя, суучих гэсэн. Тэгээд хамт яваад зэс авдаг газар очоод тушаасан. Эхлээд кабелыг нь шатаагаад дараа нь зэсийг нь гаргаад тушаасан. 160000 төгрөг л болсон. Билгүүнээ надад 20000 төгрөг өгөхөөр нь би хүнсний зүйл авсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ш.Билгүүнжаргал мэдүүлэхдээ: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-нд оройн 20 цаг болж байсан. Баяраа ах хашааны  гадаа таараад хоорондоо юм ярьж байгаад ганц нэг пиво уусан. Хоёр ширхэг 2.5 литрийн Боргиог манайд орж уусан. Тэгсэн Дөлгөөнбаяр босоод ирсэн. Тэгээд пивоноосоо жаахан өгсөн. Манай энд спиртийн байранд модонд явдаг нэг ах байдаг юм. Тэр ах Дөлгөөнбаярыг аваад явъя гэж байсан. Тэгээд Дөлгөөнөө модондоо явлаа гээд гарсан. Бид 2 сууж байгаад пивоо ууж дуусчихаад ахиад нэг пиво авсан. Удалгүй Дөлгөөнбаяр орж ирээд надад нэг ажил байна. Гурвуулаа явчихаад ирье гэсэн. Тэгээд Баярцэнгэл Дөлгөөнбаяр бид гурав вагон депогийн хашааны гадаа очоод та хоёр наанаа байж бай гээд Дөлгөөнбаяр өөрөө хашааны завсраар шургаж депогийн хашаан дотор орсон. Тэгээд Билгүүнээ ахаа ороод ир гэсэн. Тэгсэн шар өнгөтэй краны хажуугаас шуудайнд хийсэн зэс кабаль утас байсан. Нөгөөдөхийг нь өргөлцөөд аваад гарсан. Баярцэнгэл ах гаднаас нь татаж авсан. Тэгээд юу болсон юм Дөлгөөнбаяр, Баярцэнгэл ах хоёр мууталцаад Дөлгөөнбаяр явчихсан байсан. Би гэртээ оччихоод Дөлгөөнөөг кабелиа авчиръя гэхэд Дөлгөөнөө явахгүй унтлаа гэсэн. Тэгээд нөгөө зэс кабелиа авчиръя гээд аавыг босгоод дагуулаад явсан юм. Дагуулж яваад хашааны гадаа байсан кабелиа аваад дамжлаад гэртээ аваачсан. Би тэгээд унтаад өгсөн. Өглөө 8 өнгөрөөж босоод нөгөөдөхөө тушаах гээд хажуу айлын таксины ахыг дуудаад хойд хогийн цэг рүү аваачаад кабелыг шатаасан. Тэгээд таксины ахыг дуудаад замын урагшаа явсан. Дараа нь түүхий эд авдаг Аагий ахынд ирээд жинлүүлээд өгөхөд 175000 төгрөг болсон. Таксинд 10000 төгрөг, аавд 20000 төгрөг, Баярцэнгэл ахад 50000 төгрөг, Дөлгөөнбаярт 50000 төгрөг өгөөд өөрөө 45000 төгрөгийг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Баярцэнгэл мэдүүлэхдээ: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 10 цаг өнгөрч байхад Билгүүнжаргал над руу утасдаад 5000 төгрөг байна нэмэрлэчих юм байна уу, хоёулаа 2 пиво авч ууя гэсэн. Би тэгье гээд хувцасаа өмсөөд эхнэртээ модонд явлаа гэж худлаа хэлээд гарсан. Тэгээд бид хоёр пивоо аваад Билгүүнээгийнд орсон. Бид хэд пивоо ууж байтал Дөлгөөнбаяр ажилтай болчихлоо гээд гарсан. 30-аад минутын дараа орж ирсэн. Бид дахин нэг пиво авч уусан. Гэтэл Дөлгөөнбаяр нэг ажил санал болгоё, төмөр тушаая гэсэн. Вагоны төмөр байна, тэрийг тушаая гэсэн. Тэгээд хэдүүлээ зөвшөөрөөд Дөлгөөнбаярыг дагаж яваад депогийн хашааны гадаа ирсэн. Дөлгөөнбаяр шургаж ороод араас нь Билгүүнжаргал орсон. Тэгээд би араас нь орсон. Намайг захын вагоны хажууд зогсоолгоод хүн харж бай гэсэн. Удалгүй энэ хоёр хуйлаастай хар утас чирээд гаргаад ирсэн. Гарч ирчихээд би Дөлгөөнбаяртай мууталцаад Дөлгөөнбаяр гэрлүүгээ явсан. Гэтэл миний куртик байхгүй байхаар нь би Дөлгөөнбаярын араас явсан. Дөлгөөнбаяр дээр очоод чи миний куртикийг яасан бэ гэхэд энэ байна гээд гаргаж өгсөн. Би куртикээ аваад гэртээ хариад унтсан. Маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад утас дуугараад Билгүүнжаргал гараад ир гэсэн. Гараад очтол нөгөөдөхийг чинь тушаасан гээд 50000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь би гэртээ хүнсний зүйлс авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

                Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Шинэцэцэг мэдүүлэхдээ: … намайг манай байгууллагаас эрүүгийн 201624000388 тоот хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилж шийдвэрлэсэн... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай байгууллагын хашаан дотор байрлах уурын зуухны урд талын нүүрсний зам дээр байсан КЖДЭ-25 дугаарын краны цахилгаан моторын 100 метр зэс кабель алдагдсан. Энэ кабелийн утсаар 380 цахилгаанд холбож КЖДЭ-25 дугаарын краны цахилгаан моторыг асааж краныг хөдөлгөөнд оруулж ажиллуулдаг... Манай байгууллагад вагон дээр ачигдсан том ачааг өргөж буулгах зориулалт бүхий ганц кран байдаг бөгөөд одоо энэ краныг ажиллагаанд оруулдаг кабель утас алга болсон учир кран ажиллахгүй байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/

                Мөрдөн байцаалтанд гэрч Л.Алтангэрэл мэдүүлэхдээ: … 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өглөөний 09 цаг өнгөрч байхад манай хажуу айлын хүүхэд болох Билгүүнээ манай гэрт ирээд Алтангэрэл ахаа таксинд явах уу гэж асуухаар нь би явна одоо гэртээ нэг цай чанаад араас чинь очье гэж хэлээд Билгүүнийг гэр лүү нь явуулсан. Би тэдний гадаа очоод Билгүүнийг гэрээс нь явах уу гэж дуудаж гаргаж ирэхэд Билгүүнээ машиныхаа багажийг онгойлгож бай гэж хэлэхээр нь машиныхаа багажийг онгойлгоод бие засчихаад ирэх хооронд Билгүүнээ аав Туулын хамт саарал өнгийн хөнжил шиг зүйлд нэг юм ороосон байсан бөгөөд тэрнийгээ миний машины багаж дотор хийсэн. Тэр хоёр миний машинд суугаад бид гурав төмөр замын хойд талын призер гараад би та хоёр Баянхангай орох уу эсвэл Дунд-Өлөнт орох уу гэж асуухад Билгүүнээ та хогийн Хонхорын наад талд очоод зогс гэж хэлсэн юм... би багаж дотор байгаа юмыг нөгөө хоёрт авч өгөөд буулгасан... Нөгөө хоёр тэндээс гарч ирэхдээ том цагаан шуудайны талаас доогуурт нь юм хийсэн байсан ба би яг юу хийсэн байсан болохыг тухайн үед мэдээгүй тэр хоёр миний машинд орж ирээд та зах руу явах уу замд чинь бууна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би зах руу явж байгаад тэр хоёрын гэрийнх нь харалдаа ирээд та хоёр буух уу гэж асуухад нөгөө хоёр чинь энд буухгүй төмөр авдаг түүхий эдийн гадаа зогсоодох гэж хэлэхээр нь би түүхий эд авдаг газрын гадаа зогсоход нөгөө хоёр багаж дотор байсан шуудайтай эд зүйлээ аваад түүхий эд авдаг хүнд өгөөд гарч ирээд нөгөө хоёр дэлгүүрт ороод надад хэдэн төгрөг гарсан гэж асуухаар нь 8000 төгрөг гэж хэлэхэд Билгүүнээ 10000 төгрөг гаргаж ирээд өгсөн бөгөөд би 2000 төгрөг хариулж өгөх гэсэн боловч надад байхгүй болохоор нь тэр хоёрыг та хоёрт би хариултыг чинь өдөр өгье гэж хэлэхэд за за хариулт мөнгөө одоо авахгүй дараа нэг таксинд явна гэж хэлээд буусан ... Ингээд би зах руу явсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-40-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч Н.Батзориг мэдүүлэхдээ: … гэртээ хариад амарч байхад ээлж солилцсон суурин харуул болох Төмөрхуяг утсаар яриад нүүрсний краны кабель утас байхгүй байна гэж хэлэхээр нь Цогтгэрэл ахлахад хэлээд ахлахын хамт ажил дээрээ ирэхэд КЖДЭ-25 краны кабель утас алга байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн өдөр 12 цагийн үед хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод Туулын гэрт нь очиход тэднийд том хүү нь болох Билгүүнээ гэртээ байсан бөгөөд би Билгүүнээгээс ээж, аав нь хаана байгаа талаар асуухад ээж, аав хоёр гараад явсан гэж хэлсэн юм. Ингээд би тэрийг хулгай хийсэн байж болзошгүй гэж бодоод даргадаа хэлээд төмөр замын цагдаад мэдэгдсэн ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч Б.Алтансүх мэдүүлэхдээ: … би хувираа 2 дахь түүхий эд худалдаж авдаг ажилтай хүн байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед намайг ажил дээр байж байтал нэг залуу ирсэн юм. Ингээд би тэр зэс утсыг үзсэн чинь өглөөхөн шатаасан гэмээр халуун зэс утас байхаар нь энэ зэсийг чи хаанаас авсан юм бэ гэж асуухад нөгөө залуу хогийн толгой дээрээс олсон гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй байна наад зэсээ үлдээгээд явчих гэж хэлсэн чинь нөгөө залуу үгүй гэж хэлэхээр нь би за за авья гэж хэлээд хил дээр тавихад 36.5 кг болоод 175000 төгрөгөөр тэр зэс утсыг худалдаж авсан юм. Ингээд би тэр зэсийг аваад төмөр замын цагдаад энэ хулгайн зэс юм шиг байна гэж хэлээд нөгөө зэсийг цагдаа нарт хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг  /ХХ-ийн 45-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч Х.Төмөрхуяг мэдүүлэхдээ: … би 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07 цаг 45 минутын үед ажил дээрээ ирсэн бөгөөд ажиллах зааварчилгаатайгаа танилцаж гарын үсэг зураад байгууллагын лац, ломбыг шалгаж явсан. Намайг ВКМ-скаладын лац ломбыг шалгаж яваад төмрийн хашааны урдуур явж байхад нөгөө ээлжний суурин харуул Батзориг ВКМ-ын үүдэн дээр зогсож байсан бөгөөд би тухайн үед шар краны бүрэн бүтэн байдлыг үзэхгүйгээр орхиод явсан юм... Ингээд өглөөний 08 цаг 30 минутанд эд хариуцагч нар гарын үсэг зурж явж байтал краны жолооч Нэргүй ах дуудахаар нь яваад очиход краны кабель утас алга болсон байна гэж хэлэхээр нь уг кран дээр очиж үзэхэд кабель утас нь алга болсон байхаар нь ээлж хүлээлцэж суурин харуул Батзориг луу яриад краны кабель утас алга болсон талаар хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 47- 48-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч Д.Амарсайхан мэдүүлэхдээ: … 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 06 цагаас 06 цаг 20 минутын хооронд манай нохой байн байн хуцаад байхаар нь яагаад нохой хуцаад байгаа юм бол гэж бодоод гэрээсээ гарч ирээд хартал манай нохой гэрийн хажуу талд хуцаад зогсож байсан бөгөөд манай хашаан дотор 2 хүн зогсож байхаар нь би өөрийнхөө хашаан дотроос мод хулгай хийж байгаа юм байна гэж бодоод яваад очтол манай дээд хашааны хүн болох Туул ах өөрийн том хүү Билгүүнжаргалын хамт зогсож байхаар нь та ийм эрт юу хийж байгаа юм бэ гэж асуухад Туул, ах нь энд хүн хүлээж байна одоо ингээд явах гэж байгаа гэж хэлэхээр нь та битгий хар өглөө нохой хуцуулаад бай одоо эндээс яв гэж хэлчихээд гэртээ орж унтсан юм. Тухайн үед Билгүүнжаргал, Туул ах хоёр хажуу талдаа хар өнгийн бөөрөнхий утас 3 ширхэг болгоод хуйлаад тавьсан зогсож байсан бөгөөд намайг уурлаад хөөгөөд явуулах үед тэр хоёр нөгөө утсаа үүрээд аваад явсан .... гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51-р хуудас/

                Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Цогтгэрэл мэдүүлэхдээ: … би 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07 цагаас 08 цагийн хооронд ачааны вагон засварын депогийн 3 постны нийт 6 хүнийг ээлжийг солилцуулж үүрэг чиглэл өгч ажилд нь гаргасан юм. Ингээд тухайн өдөр бууж байгаа гурван харуулаа аваад анги руу хичээлд суухаар явсан юм. Тухайн үед ээлж солилцож байхад ээлжинд гарч байгаа харуулууд зөрчилгүй тайван хоносон талаар илтгэсэн болохоор нь би тайван хоносон юм байна гэж бодсон юм. Тухайн үед 08 цаг 30 минутаас анги дээр хичээлтэй байсан болохоор би байгууллагын ээлж солилцохыг биечлэн хянаж чадаагүй. Ингээд би анги дээр очоод хичээлд сууж байхад суурин харуул Төмөрхуяг миний утас руу залгаад нүүрсний шар краны кабель байхгүй байна гэж мэдэгдсэн. Туулыг хүүхдүүдийн хамт хулгай хийсэн талаар мэдэж барьж авсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53-р хуудас/

                Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Амгалан мэдүүлэхдээ: ... Манай байгууллагад ажиллаж байсан КЖДЭ-25 краны цахилгаан моторын тэжээлийн 3х35, 1х25 нийт 100 метрийн кабель утас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр алга болсон юм. Ингээд энэ асуудлаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тоног төхөөрөмжний гэмтлийн талаар ерөнхий инженер болон мастеруудын хамт хохиролын акт гаргасан юм ... гэх мэдүүлэг /Хх-ийн 54-55-р хуудас/

                Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нэргүй мэдүүлэхдээ: … хэрэг болсон өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өглөөний 08 цагийн үед кран дээрээ ирэх үед уг краны цахилгаан кабель утас алга болсон байсан. Би тухайн өдөр ажиллаж байсан ээлжийн харуул болох Төмөрхуягийг дуудаад краны цахилгаан кабель утас алга болсон байна гэж хэлэхэд Төмөрхуяг би өнөө өглөө ажлаа авсан энэ талаар мэдэхгүй байна гэж хэлээд нөгөө ээлж рүүгээ яриад төмөр замын цагдаа нарыг дуудсан юм гэх мэдүүлэг /Хх-ийн 58-59-р хуудас/

                Мөрдөн байцаалтанд А.Баярцэнгэл мэдүүлэхдээ: … Хашаан дотор ороод төмөр зам дээр улаан өнгийн ачааны вагонуудын хажуугаар явж байгаад Билгүүнээг энэ вагоны хажууд зогсоод хүн хараад байж бай гэж хэлэхээр нь тэр газарт зогсож байтал краны урд байсан кабелийн утсыг Дөлгөөнөө таслаад бид хоёр очиж өргөлцөөд кабель утсыг хашааны цаад талд гаргасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 97-р хуудас/

                Мөрдөн байцаалтанд Ш.Билгүүнжаргал мэдүүлэхдээ: … бид хоёр нөгөө кабелийнхаа утсыг очиж аваад гэртээ харьсан юм. Тухайн үед 04 цаг болж байсан. Маргааш өглөө нь аав бид хоёр нөгөө кабелиа цагаан өнгийн шуудайн дотор хийгээд хажуу айлын таксинд явдаг хүний машиныг гуйж хогийн хонхор орохоор явсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 90-р хуудас/

                Мөрдөн байцаалтанд Д.Туул мэдүүлэхдээ: … Билгүүнжаргал ааваа би хүнээс кабель утас авсан тэрийг авч ирэх гэсэн чинь даахгүй байна та надад туслаад хамт яваад өгөөч гэж хэлэхээр нь би чи юун утас хэнээс авсан юм гэж хэлэхэд юм хэлэхгүй байсан Билгүүнжаргал бид хоёр гэрээс гарч яваад Улаанбаатар төмөр замын ачааны вагон депогийн хашааны гадна ирэхэд хар өнгийн кабелийн утсыг таслаад тавьчихсан байхаар нь тэрийг нь аваад гэртээ ирсэн ... гэх мэдүүлэг /Хх-ийн 86-р хуудас/

                2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 20-р хуудас/,

                Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-4-р хуудас/

                Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд: Д.Туулын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 99 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 101 дүгээр хуудас/, А.Баярцэнгэлийн оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 106 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 108 дугаар хуудас/, Ш.Билгүүнжаргалын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 117 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 118 дугаар хуудас/, Д.Дөлгөөнбаярын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 113 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 111 дүгээр хуудас/, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын ачааны вагоны засварын депогийн хашаанаас краны тэжээлийн 100 метр кабель утас хулгайлж 1000000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан, мөн сэжигтэн, яллагдагчийг байцаахдаа хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ. 

Шүүгдэгч Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцож бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нарт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Шинэцэцэг нь хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Ш.Билгүүнжаргал урьд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №36 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жил 06 сараар хойшлуулсан, А.Баярцэнгэл урьд 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №77 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Шүүгдэгч Д.Туул урьд /сүүлд/ 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Орхон аймгийн Сум дундын шүүхийн №147 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг 2 жил тэнсэн харгалзаж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал арилж ялгүй болсон тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь ял хөнгөрүүлэх, шүүгдэгч Д.Дөлгөөнбаяр 18 насанд хүрээгүй үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Баярцэнгэлийн 24м2 өвлийн байшин, Д.Туулын Монгол гэр зэргийг шүүхээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж болзошгүй явдлыг хангах зорилгоор битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.       

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон                                             

                                                ТОГТООХ нь:

      

1.Шүүгдэгч Сэчин овогт Даваажаргалын Дөлгөөнбаяр, Боржигон овогт Дугаржавын Туул, Сэчин овогт Шинэбаатарын Билгүүнжаргал, Улам-Оргих овогт Алтангэрэлийн Баярцэнгэл нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Д.Дөлгөөнбаярыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Туулыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ш.Билгүүнжаргалыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, А.Баярцэнгэлийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар А.Баярцэнгэлийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ахуй үйлчилгээний 10-1Б тоот хаягт байрлах 24 м2 бүхий өвлийн байшин, Д.Туулын эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Ахуй үйлчилгээний 23 тоот хаягт байрлах Монгол гэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Дөлгөөнбаярт оногдуулсан 02 жил хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар, Д.Туулд оногдуулсан 02 жил хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар,  Ш.Билгүүнжаргалд оногдуулсан 02 жил хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар,  А.Баярцэнгэлд оногдуулсан 02 жил хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нарт хяналт тавихыг Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дөлгөөнбаяр, Д.Туул, Ш.Билгүүнжаргал, А.Баярцэнгэл нарт урьд авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.