Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар

           Нарийн бичгийн дарга                    С.Баянжаргал

            Улсын яллагч                                  Э.Ариунболд

           Иргэдийн төллөөлөгч                     Б.Алтангэрэл

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ч.Мөнгөнцэцэг

            Хохирогчийн өмгөөлөгч                  С.Сувдаа

            Шүүгдэгч                                              Г.Тэмүүжин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Галбадрахын Тэмүүжинд холбогдох 201618020037 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр  сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Халх, 1990 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн Байдлагийн 11-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Галбадрахын Тэмүүжин /РД:МБ:90070918/

                                              

Шүүгдэгч Г.Тэмүүжин нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, 3 дугаар хэсэг 3 дугаар гудамжинд Б.Баттөртэй маргалдан Б.Баттөрийн хэвлий тус газар нь хутгаар хатгаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тэмүүжин мэдүүлэхдээ: ... энэ хэрэг 2016 оны  02 дугаар сарын 15-ны өдөр болсон. Би байцаалтанд үтрэмийн гүүрний хажууд болсон гэж байцаалт өгсөн. Баттөрийг мэдүүлгэндээ болсон бүх зүйлээ ярих байх гэж бодсон. Гэтэл араас хөөж явж орилоод байсан, хоорондоо зодолдсоноо ердөөсөө яриагүй байна билээ. Би гэр лүү очоод буцаад ирэхэд Баттөр хоёр хүнтэй цуг зогсож байсан. Нөгөө хоёр хүнийг би сайн мэдэхгүй. Бид нар гүүрний тэнд алхаж явж байгаад нэг нь машин зогсоогоод дэлгүүр лүү явсан. Тэгээд л хүнгүй газар луу очоод архи уусан. Тэр үед эд нар “чи уу, чи уу” гээд байхаар нь би та нар бас архинаасаа уугаач гэхэд ууж байна гээд байсан. Бараг ихэнх архийг нь би уусан. Би ч нэлээд согтоод ирсэн чинь Баттөр намайг чи жоохон банди байсан чинь яасан том болчихсон юм бэ. Танайхан хэзээ ийм том болчихсон юм бэ гэх зэргээр хэлээд бид хоёр мууталцсан. Би түлхэж унагачихаад гэр лүү явахад хойноос хөөж ирээд бид хоёр зодолдсон. Яг яаж хутгалсанаа сайн санахгүй байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баттөр мэдүүлэхдээ: ...  2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г.Тэмүүжин, ах Ган-Эрдэнэтэй тээрэм дээр байхдаа маргалдаад Ган-Эрдэнэ Тэмүүжинг 2, 3 удаа цохиод авсан юм. Тэгээд Тэмүүжин гараад явсан, тэгээд би тээрэмний байрнаас гарч хашаан дотор байж байхад хашааны гаднаас Тэмүүжин хутга барьчихсан орж ирээд “алнаа та нарыг” гээд над руу дөхөхөөр нь “юу болоод хутга бариад ална” болоод явчихваа гэсэн чинь “Ганаа ахыг ална” гээд байхаар нь аргадаж жоохон тайвшруулаад байж байхад хашааны гадна Тэмүүжин мөнгө гаргаж ирээд “дахиад нэг шил архи ууя, надад мөнгө байна” гээд мөнгө гаргаж ирэхэд нь Одхүү мөнгийг нь авч яваад ирэхдээ 0,5 литрийн “Ерөөл” архитай ирсэн. ... Будааны пүүний хашааны гадаа 1 шил 0,5 литрийн “Ерөөл архийг Одхүү, Гантөмөр, Тэмүүжин бид хувааж уучихаад Г.Тэмүүжинг ах Ган-Эрдэнэтэй нь уулзуулахгүй байх санаатай шууд гэрт нь хүргэж өгөх зорилготой Ган-Эрдэнийн хашааны урдуур явж байхдаа “чи наад хутга, шөвөгөө оруулж тавь” гээд урд нь ороод алхаад явж байхад миний араас татсан эргээд хартал миний хэвлийн тус газар хутгалаад зугтаасан. Тэмүүжингийн гэрээс 850000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй. Гурван cap ажилгүй байгаа тул гурван сарын цалин болох 3600000 төгрөг, мөн эмчилгээ, үйлчилгээний зардал баримтаар 2080484 төгрөг, нийт 5680484 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч М.Аззаяа мэдүүлэхдээ: ... 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Баянгол сумын эмнэлэгээс ярьж байна. Нөхөр чинь хүнд хутгалуулаад ухаангүй ирсэн Дархан-Уул аймаг руу түргэний машинаар авч явах гэж байна гэхээр нь яваад очсон. ... Нөхрийгөө ухаан орсны дараа юу болсон талаар нь асуухад Г.Тэмүүжин гэх залуу хутга барьчихсан ирээд ахыгаа ална гээд байхаар нь тэгж болохгүй ээ ахын дүү гээд аваад гарсан гэсэн. Г.Тэмүүжинг ахынх нь гэрт хүргэж өгчихөөд буцаад алхаж байхад нь Г.Тэмүүжин араас нь дуудаад татах шиг болсон. Эргээд хартал гэдэс рүү хутгалаад зугтаагаад явсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/

         Мөрдөн байцаалтанд гэрч Б.Энхцэцэг мэдүүлэхдээ: ... Баттөр ухаан ороод надад ярихдаа ах, дүү хоёр мууталцаад байхаар нь салгасан чинь Тэмүүжин гэх залуу гэрээсээ хутга авч гарч ирээд хутгалсан гэж ярьж байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/

         Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ариунжаргал мэдүүлэхдээ: ... танай дүү Тэмүүжин чинь гадаа хүнтэй зодолдоод байна гэхээр нь би ганцаараа гэрээс гарахад манай гудамжинд Баттөр, Тэмүүжин 2 хоёулханаа байсан. Баттөр газар дөрвөн хөллөчихсөн доошоо харсан суугаа байдалтай байсан. Тэмүүжин цээжин дээр нь дарчихсан сууж байхаар нь салгаад Баттөрийг өөрийнхөө дүү шиг хүнтэй архи уулаа, Тэмүүжинг ах захаа мэдэхгүй ямар учиртай юм гэж загнаад Тэмүүжингийн газар унагасан цамцыг авах гээд цаашаа явахад Баттөр нэг үг хэлэх шиг болсон чинь Тэмүүжин эргээд Баттөр дээр очоод хоорондоо барилцаад авахаар нь дахин салгахад Тэмүүжин манай гэр лүү чиглээд явахаар нь араас нь дагаад явсан. Намайг гэр лүүгээ явж байхад араас Баттөр миний нэрийг дуудаад “би үхлээ” гэхээр нь Баттөр дээр очиход гар нь цус болчихсон байсан. Тэр хоёрыг салгаад эргээд харах хооронд л хутгалчих шиг боллоо гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р хуудас/

Шинжээчийн №242 тоот дүгнэлт: ... дүгнэлт хэсэгт

          1. Б.Баттөрийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний гадна хана, чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, гялтан доогуурхи цусан хураа, сэмж хэвлийн өмнө хананд гадагш унжсан шарх тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. /ХХ-ийн 49-р хуудас/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-7-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн

12-13-р хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-66 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 63 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Тэмүүжин нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, 3 дугаар хэсэг 3 дугаар гудамжинд Б.Баттөртэй маргалдан Б.Баттөрийн хэвлий тус газар нь хутгаар хатгаж, Б.Баттөрийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний гадна хана, чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, гялтан доогуурхи цусан хураа, сэмж хэвлийн өмнө хананд гадагш унжсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Шүүгдэгч Г.Тэмүүжин нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжүй харьцааны улмаас хохирогч Б.Баттөртэй маргалдан хутгалж хохирогчийн хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний гадна хана, чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, гялтан доогуурхи цусан хураа, сэмж хэвлийн өмнө хананд гадагш унжсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул прокурорын ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон, энэ зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна.

Хохирогч Б.Баттөр нь хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан тул гомдол, саналгүй болно гэсэн хүсэлтийг нотариатаар гэрчлүүлж шүүх хуралдаанд ирүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Г.Тэмүүжингийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч шүүгдэгч нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, бусдад учирсан хохиролыг бүрэн төлсөн, хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Г.Тэмүүжин нь  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж хорих ял оногдуулах,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг  хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11.2 см урт бариултай 16.4 см урт ажлын хэсэгтэй бор шаргал өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь:

          

1. Шүүгдэгч Боржигон овогт Галбадрахын Тэмүүжинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Тэмүүжинг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.                       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Г.Тэмүүжинд оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Г.Тэмүүжин бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11.2 см урт бариултай 16.4 см урт ажлын хэсэгтэй бор шаргал өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Хохирогч Б.Баттөр нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

           7. Г.Тэмүүжинд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Г.Тэмүүжингийн эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй.

            Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Тэмүүжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ

                                                                  

                                     ШҮҮГЧИД                          Б.ХЭРЛЭН

                                                                                                                             

                                                                                Д.РЕНЧЕНХОРОЛ.