Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 01859

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхим хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  тоотод оршин суух,  Мөнхөөгийн Хүдэрбат /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо Саруул орд констракшн ХХК-ийн байр  давхарт  тоотод үйл ажиллагаа явуулдаг, Энхбагана констракшн ХХК /РД:/-нд холбогдох

Luxury-13, apartment орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 139.424.041 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах гэрээний захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 630.500.000 төгрөг гаргуулах

сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Хүдэрбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг /ШТЭҮД 1866/, Б.Батбаяр /ШТЭҮД 1960/, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч А.Сэргэлэнтуяа /ШТЭҮД 2270/, шинжээч Г.Мөнхболд, Ц.Хэрлэн, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрт учирсан хохирол 139.424.041 төгрөг гаргуулах, 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2015.07.10-ны өдрийн Энхбагана констракшн ХХК, М.Хүдэрбат нарын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн актыг хүчингүйд тооцуулахаар шаардсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн. Ингэхдээ орон сууц захиалгын 7 байрны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч компанийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 139.424.041 төгрөгөө багасгаж 123.243.193 төгрөг гаргуулах. Энхбагана констракшн ХХК-ийн захирал Б.Энхболдын тулган шаардаж, байгуулсан гэрээ дүгнэсэн актыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар үнэн санаанаасаа бус хөнгөмсөгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэдгийг илтэд мэдэж байсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл тооцуулахыг хүссэн. Би анх Б.Энхболд гэх хүнийг таньдаггүй байсан. Манай ах М.Хүдэрбаатар цагдаагийн албанд ажилладаг, Б.Энхболд өмнө цагдаагийн албанд ажиллаж байсан гэдгийг би сүүлд сонссон. Б.Энхболд надтай 2015 оны 9 дүгээр сард манай ахаар дамжуулж, уулзсан. Тухайн үед Б.Энхболд компаниа танилцуулж, надад ямар ч асуудалгүй гэж итгүүлж чадсан. Б.Энхболд надад 4.200.000.000 төгрөгөөр барилга барина гэж үнийн санал өгсөн. Би үнийн санал хүлээн зөвшөөч 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Энхболдын Энхбагана констракшн ХХК-тай орон сууц захиалгаар бариулж ашиглалтад өгөх гэрээ байгуулсан. Газар тэгшилтийн ажил 9 дүгээр сарын эхээр эхэлж, бетон цутгалтын ажил 9 дүгээр сарын 20-ны үеэр эхэлсэн. Тухайн үед Энхбагана констракшн ХХК инженер техникийн ажилтан, хөдөлмөр хамгаалалтын инженергүй байсан. Хятад 23 ажилтан, Өвөр Монгол 1 залуу байсан. Тэдгээр хүмүүстэй хэл ойлголцоход хэцүү, миний шаардлагыг тэр хүмүүс хүлээж авдаггүй. 10 дугаар сарын 30-наас хүйтний улирал эхэлж барилгын ажил зогссон. Б.Энхболд барилга дээр мөнгө авах гэж л ирдэг байсан байх. Б.Энхболд намайг гэрээнд заасан шаардлага тавихад хүлээж авдаггүй, сонсдоггүй, барилгын ажилд хариуцлагагүй хандаж байсан. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээний дагуу барилгын ажил эхлэх ёстой байсан. Би 9 дүгээр сард Энхбагана констракшн ХХК-д бэлнээр 400.000.000 гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн байсан. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин 465.000.000 төгрөгийн санхүүжилт хийсэн. Барилга 1.300.000.000 төгрөг болохоос би 100.000.000 төгрөгийн илүү санхүүжилт хийсэн байсан. Тухайн үед би барилгын ажилд нийт 1.438.221.450 төгрөгийн санхүүжилт хийсэн байсан. Барилгын гүйцэтгэл 70 хувьтай байх ёстой байсан. 7 дугаар сарын 25-ны өдөр дараагийн санхүүжилт 900.000.000 төгрөг өгөхөд барилгын гүйцэтгэл 70-80 хувьтай байх ёстой байсан. Гэтэл тухайн үед барилгын ажил 41 хувьдаа ч хүрээгүй, 11 давхарт цутгалт хийгдээгүй байсан. Б.Энхболд надад краны голын стек олдохгүй, кранаа сунгаж чадахгүй байна, мөнгө байхгүй гэдэг тайлбар өгдөг байсан. Би Б.Энхболдод хөрөнгө оруулалт хангалттай хийсэн, ажлаа хурдан хий гэж хэлж байсан. Б.Энхболд мөнгө өг гэж гэрээний хугацаанаас өмнө намайг дарамталж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт орж ирэхэд Б.Энхболдод үзүүлж харуулах юм юу ч байгаагүй. Захиалагч талаас барилгын бичиг баримт хууль ёсны дагуу байсан учраас би шалгалтынханд үзүүлж харуулсан. Мэргэжлийн хяналтын байцаагч барилгын инженер, техникийн ажилтан байхгүй байна. Барилгын ажил ямар хүн хариуцаж байгаа юм бэ, гүйцэтгэгч компанийн инженер, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер хаана байгаа юм бэ гэж асуусан. Би 4 дүгээр сард М.Мартбаяр гэх хүнтэй гэрээ байгуулж, инженерээр ажиллуулсан. 5 дугаар сард барилгын ажил эхэлж, 6 сараас надаас мөнгө нэхэж, Хаан банкны ажилтантай хуйвалдаж, миний дансыг шалгуулсан. Тухайн үед би Б.Энхболдод яагаад хууль бус зүйл хийснийг асуухад би чиний дансыг хаанаас л бол хаанаас шалгаж чадна гэж намайг дарамталсан. Б.Энхболд намайг утсаар ч, амаар ч олон удаа дарамталсан. Тухайн үед Б.Энхболд Өмнөговь, Сүхбаатар аймагт барилга барьж байсан. Миний өгсөн мөнгөний заримыг тийшээ хийсэн гэж би хардаж байгаа. Би 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Энхболдод 1.438.221.450 санхүүжилт хийгдсэн, гэрээний зөрчсөн заалтуудыг дурдаж мэдэгдэл өгсөн. Энхбагана констракшн ХХК инженер, техникийн ажилтан, хөдөлмөр хамгаалалтын ажилтан байхгүйгээс барилгын хэв хашмал задарч, иргэн н.Заяа, н.Эрдэнэбатын эд хөрөнгөд хохирол учруулсан. Гэтэл энэ хохирлыг хариуцагч төлж барагдуулаагүй, нэг машины төлбөр хагас дутуу төлсөн, нөгөө машины төлбөр төлөөгүй. Би энэ 2 хүний хохирлыг барагдуулж өгсөн. Ийм байдлаар барилгын ажил цаашид үргэлжилбэл хүний амь нас ч эрсдэж болзошгүй байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2, 3 удаа Энхбагана констракшн ХХК-д хариуцлага тооцсон. Б.Энхболд энэ барилгыг цагдаагийн газрын ажилчдын орон сууц гэж ярьсан байсан. Тийм зүйл байхгүй, энэ барилга иргэн М.Хүдэрбатын өмчлөлийн 66 айлын орон сууц гэсэн албан ёсны тамга, тэмдэгтэй. Энхбагана констракшн ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч надад миний тооцоогоор барилга 2.050.000.000 төгрөгөөр боссон. М.Хүдэрбат 1.438.221.450 төгрөг өгсөн байна. Үүний зөрүү 600.000.000 төгрөг өгчих гэсэн. Би тийм юм байхгүй гэж маргасан. Гэтэл энэ хүн намайг дарамталж эхэлсэн. Намайг 2 удаа хариуцагчид гэрээнээс татгалзаж, барилгын ажил зогсоох мэдэгдэл өгчхөөд байхад энэ хүн утсаа салгаад алга болчихсон. Б.Энхболд намайг багшийн дээдийн ойролцоох хуулийн фермд дуудсан. Б.Энхболд надад гэрээ дүгнэсэн акт өгөөд уншиж танилцуулалгүй, гарын үсэг зуруулсан. Надад гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй. Хэрвээ би Б.Энхболдтой маргалдаж явсан бол өөрөө дампуурч, надад итгэл хүлээлгэсэн олон захиалагч нарын итгэлийг эвдэх байсан. Энэ асуудал дараа дахин үүснэ гэж үзээд би актад гарын үсэг зурж, Б.Энхболдоос салсан. Надад барилга хугацаанд нь хүлээлгэж өгөхөд 3 сар хүрэхгүй хугацаа байсан. Тухайн үед барилгын карказ ч дуусаагүй, захиалагч нар надаас барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгөхийг шаардаж байсан. 2016 оны 2 дугаар сард улсын комисс барилга хүлээж авахад Энхбагана констракшн ХХК улаан дэвтэр хөтлөөгүй, комиссод танилцуулах зүйлгүй байсан. Захиалагчийн өмнөөс барилгын инженер хийж байсан М.Мартбаяр 3-4 хүний ажил хийж гүйцэтгэсэн байсан. Би М.Мартбаярт цалин өгсөн. Энхбагана констракшн ХХК-иас М.Мартбаярт сохор зоос ч өгөөгүй. Б.Энхболд надад Алтай нутгийн хүчин ХХК-иас гурвалсан гэрээгээр 1312 куб бетон авсан, Шахмал ХХК-д 30.000.000 төгрөг өгөхөөс үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна. Чи тэр асуудлыг шийдээд өгчих тэгвэл би барилгын өдөр тутмын үйл ажиллагааны улаан дэвтэрт тамга дарлаа гэж дарамталсан. Барилгын гүйцэтгэгч компанийн тамга, тэмдэг улаан дэвтэрт дараагүй бол улсын комисс барилгыг хүлээж авахгүй байсан. 1.438.221.450 төгрөг барилгын ажлын явцад гарсан тооцоо, үүнээс хойш барилгын ажил дуусах хүртэл гарсан тооцоо шинжээчийн дүгнэлтээр гарсан. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Сүүлд өгсөн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгаар мөнгөн дүн багассан. Хэрвээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, ажлаа цаг хугацаанд нь дуусгасан бол надаас дулаан, инженер, техник, ус хэрэглээ, харуул хамгаалалтын болон бусад зардал нийт 123.243.193 төгрөгийн төлбөр гаргахгүй байсан гэв.

Хариуцагч тайлбартаа: Би 2003 онд Цагдаагийн акедим төгсөж, 3 жил мэргэжлээрээ ажиллаад барилгын салбар руу орсон. Би М.Хүдэрбатыг танихгүй, энэ хүний ах М.Хүдэрбаатарыг танина. Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга н.Халиунбаяр надтай хамт ажиллаж байсан учраас Эрүүгийн цагдаагийн газрын ажилчдын орон сууц барих гэж байна гэж холбогдсон. Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах М.Хүдэрбаатартай уулзаж, цаашлаад байрны захиалга М.Хүдэрбаатарын дүү М.Хүдэрбат хариуцах учраас гэрээ байгуул гэж хэлсэн. М.Хүдэрбат намайг үнийн санал өгөөч гэснээр би 4.400.000.000 төгрөгийн барилгын үнийн санал өгсөн. Нэхэмжлэгч талаас үнийн саналаа буулгаач гэсний дагуу би 4.200.000.000 төгрөгөөр барилга барихаар үнээ буулгасан. 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Хүдэрбат, М.Хүдэрбаатар 2 надтай ирж уулзаж, М.Хүдэрбаттай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт худал ярьж байна. Бодит байдал дээр М.Хүдэрбатын өгсөн мөнгөөс барилгын карказад оруулсан хөрөнгө 2.050.000.000 төгрөг болж давчихсан. Энэ талаарх анхан шатны бүх баримтыг би шүүхэд гаргаж өгсөн. Анх М.Хүдэрбаттай бэлэн мөнгөөр гэрээ байгуулсан ч сүүлд бэлэн мөнгөний боломжгүй болж зарим газраас артомур зуурмаг авсан. Бартерын төлбөр 800.000.000 төгрөг болсон. Би боломж бололцоогоо ашиглаж 11 давхар хүртэл барьсан. Нэхэмжлэгчийн ярьснаар Хятад ажилчид Засгийн газрын шийдвэрээс болж Монголд хоцорч орж ирсэн. Тэр хугацаанд л барилгын ажил 14 хоног саатсан бусад барилгын ажил хэвийн хугацаандаа явж байсан. Барилгын ажлын явцад кран нэг айлын хашаа мөргөж, нэг машины цонхон дээр жижиг чулуу унасан нь үнэн. Тухайн үед 2 хүний хохирол бид нар өөрсдөө барагдуулсан. Би М.Хүдэрбатад барилгын карказ дууслаа, хийгдэх ёстой ажлын 50 хувь хийгдсэн байна. Чиний өмнө өгсөн мөнгө хүрэхгүй байна. Мөнгө өгөхгүй бол барилгын ажил цааш явахгүй байна гэж хэлсэн. Би санаандгүй байдлаар М.Хүдэрбатын дансанд мөнгө байгааг гэдгийг Хаан банкны ажилтнаас сонссон. Би М.Хүдэрбатад чамд 30.000.000 төгрөг байна гэж хүн хэллээ. Чи тэр мөнгөө өгөхгүй яагаад ажил уяад байгаа юм бэ гэж маргалдсан. Удалгүй М.Хүдэрбат гэрээ цуцална гэхээр нь би гэрээ цуцална гэж байхгүй, хамаг хүнд ажлаа надаар хийлгэж, барилгын ажил 50 хувьдаа хүрчихсэн. Надад 1.438.221.450 төгрөг өгчхөөд үлдсэн мөнгөө яаж өгөх гэж байгаа юм бэ гэж хэлсэн. Гэрээ цуцална гэж байгаа бол цуцлая. Гэхдээ надад учирсан 700.000.000 төгрөгийн асуудлаа шийд гэж хэлсэн. М.Хүдэрбат мөнгөний оронд 7 байр өгье, 2-лаа гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлье гэж хэлсэн. Би уг нь мөнгөө авна гэж хэлсэн. Гэвч хэн хэндээ чирэгдэл учруулахгүй тулд хуулийн ферм дээр очиж 7 байр төлбөр өгөх гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн. М.Хүдэрбат намайг өөрөө дагаж явж, гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. М.Хүдэрбатыг дарамталж гэрээ байгуулсан гэдгээ нотлох хэрэгтэй. Надад М.Хүдэрбатыг айлган сүрдүүлж гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, М.Хүдэрбат намайг өөрөө дагуулж явж гэрээ байгуулсан. М.Хүдэрбат байрны түлхүүр удахгүй өгнө гэж явсаар байгаад нэг өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн үед надад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилгын ажил дуусгаж, эсвэл дараагийн компанид хүлээлгэж өгч, гэрээ дуусгавар болж, гэрээ дүгнэсэн акт үйлдсэний дараа кранаа буулгаж, ажилчдаа гаргах үүрэг байсан. Гэтэл 11 давхар дуусаж, 12 давхрын карказын ажил дутуу байхад М.Хүдэрбат ахтайгаа нийлж барилгын талбайд баахан ажилчин оруулж ирээд шууд ажил эхлүүлж, хамгаалалт тавьж, манай ажилчдыг хөөж гаргасан. Барилгын инженер байхгүй байсан бол барилгын карказ босохгүй байсан. М.Хүдэрбат тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчдаас мөнгө хурааж, надад шилжүүлэх үүрэгтэй байсан. Зөвхөн барилгын газар л чиний нэр дээр байсан. Чамд барилга барих талаар анхан шатны мэдлэг байгаагүй учраас би М.Мартбаяр гэх инженерийг авч ажиллуулсан. Энхбагана констракшн ХХК барилгын карказын ажил 100 хувь гүйцэтгэж танайд өгсөн. Барилгын карказ босоход 2.135.000.000 төгрөгийн төлбөр гарсан. Би энэ талаар хэлэхэд М.Хүдэрбат ахтай хамт ирээд наад төлбөрөө 2.050.000.000 төгрөг болгочих гэж хэлээд 7 байр надад зааж өгсөн. Нэхэмжлэгч мөнгө байхгүй учраас гуйж надтай 7 гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 7 орон сууцны захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, тус өдөр байгуулсан гэрээ дүгнэсэн акт хүчин төгөлдөр эсэх, хариуцагч талын гэм буруутай үйл ажиллагаанаас 129.000.000 төгрөгийн хохирол учирсан эсэх асуудал юм. Түүнээс 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, түүний дагуу гарсан зөрчлүүд өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал биш. Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээнд зааснаар 9 дүгээр сарын 03-ны өдөр барилгын ажил эхлэх ёстой байсан. Хариуцагч гэрээнд зааснаар барилгын ажил эхлүүлж, өвлийн улирал эхэлсэнтэй холбогдон 10 дугаар сард барилгын ажил зогссон. Засгийн газрын тогтоол 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарч, Энхбагана констракшн ХХК дээрх хугацаанд барилгын ажил хойшлуулж эхлүүлсэн боловч гэрээний дагуу 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл барилгын ажлыг 41-70 хувьтай байлгах үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал төлбөр зориулалтын бус ашигласан, чанар стандартын шаардлага хангахгүй бараа материалаар ажил гүйцэтгэсэн гэдэг. Гэрээний 4.5-д төлбөрийг зөвхөн үндэсний мөнгө тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж талууд тохирсон. Гэтэл нэхэмжлэгч тал бэлэн мөнгөний төлбөрийн чадвар муу байгаагаас бараа материалаар буюу бартераар төлбөр барагдуулах санал тавьсан. Талууд барилгыг чанарын шаардлага хангасан материалаар хийсэн гэж 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дүгнэж акт үйлдэж, улсын комисс барилгыг хүлээж авсан. Мэргэжлийн хяналтын газрын шаардлагын дагуу бид зөрчил дутагдлаа хугацаанд нь арилгаж, албан бичиг хүргүүлж байсан. Тухайн үед барилгын ажил дээр хөдөлмөр хамгааллын 2 ажилтан ажиллаж байсан. Тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч тал 1.435.000.000 төгрөг бэлэн, бэлэн бус өгсөн гэдэг нь шинжээчийн 2 дүгнэлт, нэхэмжлэгч талын мэдэгдэлд ч дурдсан байдаг. Энхбагана констракшн ХХК барилгын 12 давхар карказ дуусгасан. Энхбагана констракшн ХХК-ийн 12 давхар карказ хэдэн төгрөгөөр боссон талаар 2 шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд: Уран асар ХХК 2.100.000.000 төгрөг, Барилгын хөгжлийн төв 1.900.000.000 гэж талуудын өгсөн бодит зардалд үндэслэхгүйгээр төсвийн аргаар дүрэмд заасны дагуу жишиг үнээр тооцсон байдаг. Шүүхээс аль ч шинжээчийн дүгнэлт үнэлсэн байлаа гэсэн 2.100.000.000 төгрөг юм уу 1.900.000.000 төгрөгийн зардал Энхбагана констракшн ХХК-иас гарсан гэдэг нь тодорхой. Энхбагана констракшн ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 800.000.000 төгрөг хэрэгтэй талаар нэхэмжлэгч талд хүргүүлэхэд нэхэмжлэгч тал гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Энхбагана констракшн ХХК захиалагчийн өгсөн 1.435.000.000 төгрөг аль хэдийн зарцуулагдаж, 2.100.000.00 төгрөгийн карказ боссон. Цаашид захиалагч төлбөрийн чадваргүй болсон гэж үзээд нэхэмжлэгч талын гэрээ цуцлах саналыг хариуцагч хүлээж авсан. Орон сууцны захиалгын гэрээний дагуу карказ угсарлтын ажил гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр 7 байраар төлөх санал анх захиалагч тал гаргасан. Хариуцагч тал барилгыг улсын комиссод хүлээлгэж өгсний дараа М.Хүдэрбат 2016 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энхбагана констракшн ХХК үлдэгдэл 614.000.000 төгрөгөнд таарсан аль давхар, аль тоотод хэдэн м/к байр зарагдаагүй үлдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй. 7 орон сууцны талаарх мэдээллийг анх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Хариуцагч гэрээнд заасан 4.200.000.000 төгрөгийн төлбөрийн 50 хувиас илүү зардал гарч талууд 2.050.000.000 төгрөгөөр ажлаа дүгнэж, нэхэмжлэгч талаас нийт бэлэн болон бэлэн бусаар 1.435.221.450 төгрөг өгсөн байна. Үлдэгдэл 614.000.000 төгрөгийн төлбөрт 7 байр өгөхөөр захиалагч тал тохирсон. Тухайн үед талууд энэ асуудлаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулсан. Энхбагана констракшн ХХК, М.Хүдэрбатаас үлдэгдэл төлбөрөө авахын тулд эрх, үүргээ ухамсарлаж, нэхэмжлэгчтэй 7 байраар тохирч гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч талын ярьсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан төөрөгдөж хэлцлийн учир холбогдлыг ойлгохгүй, талуудын хооронд хүчээр хэлцэл байгуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу захиалагч, гүйцэтгэгчээс хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын зардал болон барилгын нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч хариуцна. Энэхүү үнийн дүн нийт төлбөрт багтсан байна гэж талууд тохирсон. Нэхэмжлэгч гэрээ цуцалснаас хойш өөр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний төлбөр, харуул хамгаалалтын төлбөр хариуцагчаас нэхэмжилсэн. Тухайн байр бүрэн гүйцэд баригдаж дууссаны дараа харуул хамгаалалт тавих эсэх нь захиалагч таны асуудал энэ төлбөрийг яагаад гүйцэтгэгч компаниас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гэрээ цуцалснаас үүссэн төлбөр хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн нь шууд шалтгаант холбоогүй байна. Талууд гэрээ дүгнэсэн акт байгуулъя, үлдэгдэл төлбөрт 7 орон сууц өгөх саналыг захиалагч талаас гаргасанучраас талуудын гэрээ дүгнэсэн акт хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Захиалагч орон сууц захиалгын төлбөр 100 хувь төлж барагдуулснаар захиалагчийн үүрэг дуусгавар болох ёстой. Иймд захиалагчийн үүрэг дуусгавар болгосныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд 7 орон сууцны гэрээний дагуу Энхбагана констракшн ХХК-ийг уг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч эдгээр орон сууцыг аль хэдийн өөр хүмүүст зарсан. Та нарт орон сууц өгөх боломжгүй гэж 5 гэрээ хэргийн материалд өгсөн байдаг. Нэхэмжлэгч талын гэрээний үүргээ зөрчиж байр зарсан асуудалд бид цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийг эдгээр орон сууцыг захиран зарцуулахаас сэргийлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авах хүсэлт гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүгчийн захирамж гарч 7 орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл нэхэмжлэгчийг захиран зарцуулахыг хориглосон байдаг. Гэтэл М.Хүдэрбат шүүгчийн захирамж гарснаас хойш 5 орон сууц зарчихсан. Үлдэх 2 орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гарахаас өмнө бусдад худалдан борлуулсан байдаг. Энэ асуудал манай талаас гомдол гаргаж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээнд заасныг дагуу үлдэгдэл төлбөр болох 614.500.000 төгрөг, М.Хүдэрбат, Энхбагана констракшн ХХК-ийн захирал Б.Энхболдоос мөнгө авсаар нийт 16.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулах. М.Хүдэрбат, Б.Энхболдоос 16.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гэрээ дүгнэсэн актад энэ талаар тусгасан байдаг. М.Хүдэрбатаас нийт 630.500.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Хүдэрбат миний бие Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дээрх өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихаар төлөвлөж, эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрөл, зураг төсөл гаргуулсан. Барилга усралтын Энхбагана констракшн ХХК-ний захирал Б.Энхболд нь 2014-08-30 өдөр 12 давхар бүхий үйлчилгээтэй 66 айлын орон сууцны барилгыг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай 4.200.000.000 /дөрвөн тэрбум хоёр зуун сая/ төгрөгт барьж гүйцэтгэнэ гэж хамтран ажиллах санал тавьсныг би хүлээн авч, 2014 оны 8-р сарын 30-ны өдөр №01 дугаартай орон сууц захиалгаар барьж, ашиглалтанд оруулах тухай гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч Энхбагана констракшн ХХК нь барилгын ажлыг гэрээгээр тохирсон хугацаандаа чанартай гүйцэтгэлтэйгээр өөрсдийн тохиролцсон төсөвтөө багтааж дуусгаж чадахгүй нь илэрхий болж орон сууц захиалагч нийт 66 иргэнийг хохироох нөхцөл бүрдсэн байсан тул барилгын захиалагч М.Хүдэрбат 2014 оны 8-р сарын 30-ны өдөр №01 дугаартай орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах тухай гэрээний 2.3, 2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцалсан. 2015 оны 7-р сарын 03-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл гүйцэтгэгч Энхбагана констракшн ХХК-д өгсөн. 2015 оны 7-р сарын 06-ны өдөр Энхбагана констракшн ХХК-н захирал Б.Энхболд гэрээ дүгнэсэн акт гэж өөрсдийн бичиж бэлдсэн акт болон орон сууц захиалгын 7 гэрээнд гарын үсэг зурахыг тулган шаардсан. Хэрэв дээрх акт болон гэрээнүүдэд гарын үсэг зурахгүй бол ажилчдаа барилгаас гаргахгүй, краныг буулгахгүй гэх мэтээр сүрдүүлж ажилд саад учруулж эхэлсэн тул миний бие гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн түүний хэлсэн 7 байрыг өгнө гэсэн санаа зорилгогүй ажлаа саадгүй үргэлжлүүлэх үүднээс, мөн орон сууц захиалсан 66 айлын эрх ашгийн үүднээс гарын үсэг зурсан. Захиалагч М.Хүдэрбат миний бие "Энхбагана констракшн ХХК-тай 2014 оны 8-р сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж, ашиглалтанд оруулах тухай гэрээ байгуулахдаа төлбөрөө хуваарийн дагуу мөнгөн төлбөрөөр хийхээр тохиролцсоноос бус байр оролцуулж төлбөр хийхээр тохироогүй, мөн Энхбагана констракшн ХХК нь орон сууц захиалагч бол бусад захиалагчийн нэг адил бэлэн мөнгөөр төлбөр хийх үүрэгтэй. Гэтэл ямар ч мөнгөн төлбөр төлөөгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ийм тохиролцоо хийгээгүй байтал өөрсдийн дураар ийм гэрээ хийж албан шахалтаар гарын үсэг зуруулж авсан. Энхбагана констракшн ХХК нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тэрхүү гэрээ дүгнэсэн актыг үндэслэн 2015 оны 7-р сарын 10-ны өдөр орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүд нь анхнаасаа хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхийг хүсээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд 2015 оны 7-р сарын 10-ны өдрийн орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Хүдэрбат 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, өөрт учирсан хохирол 139.424.041 төгрөг гаргуулах, 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2015.07.10-ны өдрийн Энхбагана констракшн ХХК, М.Хүдэрбат нарын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн актыг хүчингүйд тооцуулахаар шаарджээ.

Хариуцагч Энхбагана констракшн ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээнүүдийн дагуу 7 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, нэхэмжлэгчээс 12 давхар барилгын карказ угсралтын зардлыг үлдэгдэл 614.500.000 төгрөг, М.Хүдэрбатад зээлсэн 16.000.000 төгрөг, нийт 630.500.000 төгрөг гаргуулахаар шаардажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, М.Хүдэрбат, Энхбагана констракшн ХХК-тай байгуулсан 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 56.1.4.-т зааснаар үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн, 56.1.10.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ болохыг тогтоолгох,

Энхбагана констракшн ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсантай холбоотойгоор М.Хүдэрбат надад учирсан хохирол 139.424.041 төгрөгийн шаардлагаа багасгаж, 123.243.193 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

 

2015.07.10-ны өдөр хариуцагчийн хууль бус тулган шаардалтан доор гэрээ дүгнэсэн тухай акт үйлдсэнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл байх тул гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д заасны дагуу 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгохоор тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах тухай 01 тоот гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Энхбагана констракшн ХХК уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо Намянжүгийн гудамж, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай, иргэн М.Хүдэрбатын үйлчилгээтэй, 66 айлын 12 давхар орон сууцын барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ.

Энхбагана констракшн ХХК орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээний дагуу 12 давхар орон сууцны барилгын ажлын 12 давхарын карказын ажил буюу нийт 2.050.000.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар гэрээ дүгнэсэн актыг 2015.07.10-ны өдөр байгуулсан байна.

Уг барилгын 12 давхар карказын ажлын үнийн дүн дээр талууд маргалдаж шүүх хүсэлт гаргасны дагуу Уран Асар ХХК-ийг шинжээчээр томилоход уг карказын ажил 2.148.531.592 төгрөгөөр гүйцэтгэсэн гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 217-227 дугаар тал/

Шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, 12 давхар барилгын карказын ажил 1.918.657.916 төгрөгийн төсөвт өртөг зарцуулагдсан талаар дүгнэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 2-19 дүгээр тал/

Нэхэмжлэгч М.Хүдэрбат, Энхбагана констракшн ХХК-тай байгуулсан 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх боловч өөр ямар хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Мөн 2015.07.10-ны өдөр хариуцагчийн хууль бус тулган шаардалтан доор гэрээ дүгнэсэн тухай акт үйлдсэнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл байх тул гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байх боловч сэтгэл санааны бухимдал, уцаараас үүдэн хийсэн хүсэл зоригийн илэрхийллээр хэлцэлд хөнгөмсөг хайхрамжгүй хандаж буйгаа илэрхийлж гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн уг 2015.07.10-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг нотариатаар батлуулсан байна.

Энэ талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээг хариуцагчийн хууль бус тулган шаардалтан доор хийсэн бол гэрээг нотариатаар батлуулах үедээ нотариатчид мэдэгдэх боломжтой байсан ба энэ талаар баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-д заасан 2015.07.10-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ гэх боловч 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах тухай 01 тоот гэрээ хүчин төгөлдөр байгаа болно.

Нэхэмжлэгч 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй болно.

Хариуцагч Энхбагана констракшн ХХК гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсантай холбоотойгоор М.Хүдэрбат надад учирсан хохирол 123.243.193 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байх ба 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот гэрээний 2.3 эрх бүхий байгууллагаас баталсан холбогдох журмын дагуу ажлын гүйцэтгэлийг тухай бүр шалган санхүүжүүлэх бөгөөд батлагдсан үураг төслийг зөрчиж, буруу дутуу чанаргүй хийсэн ажлыг засуулах, гүйцээн хийхийг шаардах, шаардлагыг үл биелүүлвэл санхүүжилтийг зогсоох, шаардлагатай гэж үзвэл гэрээг цуцлах давуу эрх эдлэнэ, 2.4 зураг төсөл, барилгын норм ба дүрэм, стандартыг зөрчсөн, чанарын гологдол гаргасан, санхүүжилтийг зориулалтыг бусаар ашигласан, материал, тээвэр, механизмын зардал, үнийн зөрүүг буруу тооцсон зэрэг тохиолдолд захиалагч нь эрх бүхий байгууллагаар хяналт хийлгэх, гарсан хохирол, зардлыг гүйцэтгэгчээр төлүүлэх, шаардлагатай тохиолдолд байгуулсан гэрээг дангаар цуцлах эрх эдлэнэ гэх заалтуудыг зөрчсөн тул гэрээ цуцалсан гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний уг заалтуудыг зөрчсөн гэх боловч тэрээр Энхбагана констракшн ХХК-ийг санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан гэх бөгөөд тэрээр 12 давхарын карказ угсарлатын ажлын хөрөнгө оруулалтанд 1.438.221.450 төгрөгийг оруулсан талаар зохигчид маргаагүй ба уг барилгын ажлын гүйцэтгэлд тухайн үед буюу гэрээ цуцлах үед нэхэмжлэгчийн өөрийн оруулсан гэх шинжээч Ц.Сарангэрэл 1.746.990.671 төгрөг зарцуулсан талаарх баримт хэрэгт авагджээ. /1 дүгээр хавтас хэргийн 113-122 дугаар тал/

Нэхэмжлэгч М.Хүдэрбатын оруулсан хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар буюу хариуцагч нь Өмнөговь, Сүхбаатар аймагт барилга барьж байсан түүн лүү миний оруулсан хөрөнгө оруулалтыг шилжүүлж байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн 12 давхарын карказын барилгын угсарлтын зардалд өөрийн оруулсан гэх шинжээч Сарангэрэлийн гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэр гаргах үндэслэлд болгоогүй, үнэлээгүй.Учир нь уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй гарсан дүгнэлт болно.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д заасны дагуу 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч шаардажээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зохих үүргийг гүйцэтгэх гэдэг нь зөвхөн үүрэг гүйцэтгэх үйлдэл бус харин үүрэг гүйцэтгэгч тодорхой үр дүнг бий болгох буюу үүргийн гүйцэтгэлийн үр дүнг гаргах явдлыг ойлгоно. М.Хүдэрбат Энхбагана констракшн ХХК-нд хөрөнгө оруулалтыг шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд үүнийг хөрөнгөө бүрэн оруулсан байдлаар гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэгчийн хувьд тэрээр уг хөрөнгийг оруулснаар үүрэг гүйцэтгэх үйлдэл төгсөх юм.

Гэтэл тэрээр 12 давхар карказ угсралтын барилгын ажилд орсон хөрөнгийг хариуцагч Энхбагана констракшн ХХК-нд бүрэн оруулаагүй байх тул түүний буюу захиалагчийн үүрэг дуусгавар болсныг тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Хүдэрбатын Энхбагана констракшн ХХК-тай байгуулсан 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээнүүд нь хариуцагчийн хууль бус тулган шаардалтан доор гэрээ дүгнэсэн тухай акт үйлдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 56.1.4.-т зааснаар үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн, 56.1.10.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ болохыг тогтоолгох, Энхбагана констракшн ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсантай холбоотойгоор М.Хүдэрбат надад учирсан хохирол 139.424.041 төгрөгийн шаардлагаа багасгаж, 123.243.193 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д заасны дагуу 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд М.Хүдэрбаттай ажил гүйцэтгэх гэрээний дагуу 12 давхар барилгын карказ угсаралтын ажилд Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр 1.918.657.916 төгрөг зарцуулагдсан байх бөгөөд үүнээс захиалагчийн албаны зардал 33.607.601, магадлашгүй ажлын 2 хувь буюу 33.607.601 төгрөг нь захиалагчаас гарах зардалд хамаарахыг шинжээч Ц.Хэрлэн шүүх хуралдааны явцад тайлбарласан байх тул 1.918.657.916 төгрөгөөс захиалагчийн гаргах зардал 67.215.202 төгрөгийг хасч тооцоход 12 давхар барилгын карказ угсралтын ажил нийт 1.851.442.714 төгрөгийн төсвөөр босчээ.

Уг 1.851.442.714 төгрөгөөс нэхэмжлэгч буюу захиалагчийн хөрөнгө оруулсан 1.438.221.450 төгрөгийг хасахад 413.221.264 төгрөгийг М.Хүдэрбат Энхбагана констракшн ХХК-нд төлөхөөр байна.

Харин сөрөг нэхэмжлэлд дурдсан 16.000.000 төгрөгийг Энхбагана констракшн ХХК М.Хүдэрбатад зээлсэн талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан гэх боловч уг баримтаар Хүдэрбат нь 16.000.000 төгрөгийг ямар гэрээний үлдэгдлээс хэнээс, хэний төлбөрт хасч байгаа нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч Энхбагана констракшн ХХК-ийн 630.500.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 413.221.264 төгрөгийг хангаж, үлдэх 217.278.736 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Уран Асар ХХК-ийн шинжээчийн зардал 4.042.500 төгрөгийг шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлт гаргасан нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлэхээр заасан зохицуулалттай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар 2017.11.21-ний өдрийн 102/ШЗ2017/15481 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2017/00496 дугаар шүүгчийн захирамжууд нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 56.1.4., 56.1.10., 236 дугаар зүйлийн 236.1.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар Энхбагана констракшн ХХК-нд холбогдуулан 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээ, 2015.07.10-ны өдрийн гэрээ дүнгэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Энхбагана констракшн ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 123.243.193 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай М.Хүдэрбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар М.Хүдэрбатаас 413.221.264 төгрөг гаргуулж, Энхбагана констракшн ХХК-нд олгож, үлдэх 217.278.736 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Хүдэрбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 7.386.170, хариуцагч Энхбагана констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.338.670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Хүдэрбатаас 2.224.056 төгрөг 32 мөнгө гаргуулан хариуцагч Энхбагана констракшн ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч М.Хүдэрбатаас шинжээчийн дүгнэлтийн зардалд 4.042.500 төгрөг гаргуулан Уран асар ХХК-нд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар 2017.11.21-ний өдрийн 102/ШЗ2017/15481 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2017/00496 дугаар шүүгчийн захирамжууд нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО