Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02448

 

Т К- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02584 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т К- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 4 272 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т К- ХХК, иргэн Д.Баатаржав нар 2016 оны 9 сарын 20-ны өдөр Бараа материал нийлүүлэх LUH18-16 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 2.1.1-д зааснаар захиалагч 9 сарын 20-нд 20 000 000 төгрөг шилжүүлсэн, нийлүүлэгч нь гэрээний 1.5-д зааснаар бүтээгдэхүүнийг 2016 оны 10 сарын 10-ны дотор нийлүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй. Янз бүрийн шалтгаан тавьж 2016 оны 11 сарын 11-ний өдөр 7 500 000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 27 500 000 төгрөг авсан боловч бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй байсан тул манай компани 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 51/18 тоот албан бичгээр гэрээг цуцалж, илүү шилжүүлсэн төлбөр болох 4 272 728 төгрөгийг буцааж төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй байна. Иймд Ц.Б-аас 4 272 728 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч Ц.Б-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Т К-" ХХК нь надтай 2016 оны 9 сарын 20-ны өдөр БНХАУ-аас бараа материал нийлүүлэх гэрээ байгуулан 240 суултуур, 240 угаалтуур, 120 ванн нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүн 51 600 300 төгрөгөөс захиалагч нь урьдчилгаа 20 000 000 төгрөг, 2016 оны 9 сарын 26-нд 15 000 000 төгрөг, үлдэх 16 600 000 төгрөгийг Шинэ налайх хорооллын 69,6 м.кв үйлчилгээний талбайг төлбөрт тооцон шилжүүлнэ гэж тохиролцсон. Гэрээ байгуулахдаа 20 000 000 төгрөгийг авсан. Гэрээгээр Т К- ХХК-д 2016 оны 09 сарын 24-ны өдөр 23 850 000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Илүү нийлүүлэлттэй явж байхад Т К- ХХК нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлэлгүй удсанаас манай хэвийн үйл ажиллагаанд доголдол үүссэн. Гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлж 2016 оны 11 сарын 11-ний өдөр 7 500 000 төгрөгийг  шилжүүлсэн ба тэр үед нь үлдэгдэл 1 700 000 төгрөгийн барааг нийлүүлсэн. 2016 оны 09 сарын 22-нд Т К- ХХК-ийн дэд захирал Б.Аюурзана нь надруу залгаад манайх орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгөх гээд байгаа тул бараагаа яаралтай авах хэрэгтэй байна гэсэн. Би бараагаа 10 сард нийлүүлнэ шүү дээ танай захиалсан бараа арай ирээгүй байна гэж хэлсэн. Гэтэл Б.Аюурзана одоо бэлэн танайд ямар бараа байна гэхэд би Yisi брэндийн арай үнэтэй суултуур /Yisi код 3020/ 150 000 төгрөг, угаалтуур /Yisi код 232/ 70 000 төгрөгийнх байна гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 09 сарын 22-нд Налайхт байрлах Шинэ налайх хороололд Yisi 3020 суултуур 65 ширхэг, Yisi 232 угаалтуур 70 ширхэг хүргэж өгсөн. Тухайн үед хүргэж өгсөн бараа нь гэрээнд заасан бараанаас 4 000 000 төгрөгийн зөрүү үнэтэй болсон. Миний бие Т К- ХХК-д төмөр ванн 170x170 см 120 ширхэг нэг бүрийн үнэ 110 000 төгрөгөөр нийт 13 200 000 төгрөг, суултуур 101 ширхэг нэг бүрийн үнэ 120 000 төгрөг, угаалтуур 10 ширхэг нэг бүрийн үнэ 50 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг, Yisi 3020 суултуур 65 ширхэг нэг бүрийн үнэ 110 000 төгрөг, Yisi 232 угаалтуур 70 ширхэг нэг бүрийн үнэ 50 000 төгрөг нийт 10 650 000 төгрөг. Нийтдээ 25.550.000 төгрөгийн барааг нийлүүлсэн. Гэрээгээр нийлүүлэхээр тохиролцсон Segoda гэдэг суултуур, угаалтуур нь манай нийлүүлсэн Yisi брэндийн бараанаас хямд үнэтэй учир үнийн зөрүү суултуур нэг бүрээс 40 000 төгрөг, угаалтуур нэг бүрээс 20 000 төгрөг нийт 4 000 000 төгрөгийн зөрүүтэй байна. Иймд нийлүүлсэн бараа нийт 29.550.000 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Надтай НӨАТ-ийн талаар огт тохироогүй байж надаас НӨАТ нэхэж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас 4 272 278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т К- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83320 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, Ц.Б-аас 83320 төгрөгийг гаргуулж "Т К-" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийт нэхэмжлэгчээс 27 500 000 төгрөг хүлээн авч 25 550 000 төгрөгийн барааг агуулахаас зарлагын падаанаар хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэрэгт байгаа бөгөөд хариуцагч би НӨАТ-ыг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлгүй. Анхан  шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийн НӨАТ-ын 2 322 727 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтыг буруу дүгнэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Т К-” ХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр дутуу нийлүүлсэн барааны үнэ 1 950 000 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварт 2 322 728 төгрөг, нийт 4 272 728 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нийлүүлсэн бараанд 4 000 000 төгрөгийн үний зөрүү гарсан, НӨАТ төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ШН 18-16 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч буюу нэхэмжлэгчээс хариуцагчид 27 500 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь 25 550 000 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлсэн үйл баримт мөн шилжүүлсэн баримт, дансны хуулга, бараа хүлээн авсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон болно. /хх-ийн 4-6, 8-9/

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч гэрээний дийлэнх хэсэг нь биелэгдсэн нийт дүнтэй харьцуулахад ялимгүй хэмжээний бараа нийлүүлээгүй зөрчил байхад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасантай нийцэхгүй.

 

Хариуцагч Ц.Б- нь гэрээгээр тохирсон эд хөрөнгөөс 1 950 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нэхэмжлэгчид шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон бараа хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 16-18/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай тул худалдагч буюу хариуцагч гэрээгээр тохиролцсон тоо, хэмжээнээс дутуу бараа нийлүүлснийг хүлээн авсан тохиолдолд нэхэмжлэгч буюу худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар дутуу эд хөрөнгийн  үнийг  худалдагч  Ц.Б-аас буцаан шаардах эрхтэй гэж үзнэ. 

Харин НӨАТ-ын төлбөр болох 2 322 728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу юм. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар татвар төлөх үүрэг үүсэн бөгөөд татварыг гэрээний талууд бус, харин татварын байгууллага шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч зохих эрх бүхий байгууллагад НӨАТ төлөөгүйтэй холбоотойгоор хохирол хүлээсэн гэх баримт нотолгоог гаргаагүй байхад хариуцагчаас татварын үнийн дүнг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.  Татвар төлөх үүрэг үүссэн эсэх, уг үүргийг төлүүлэхээр шаардах эрх байгаа эсэх нь татварын эрх зүйн маргаан байх бөгөөд энэ маргааны үндэслэлд хамааралгүй юм.

 

Талуудын гэрээний 2.1-т “...НӨАТ-ыг Т К- ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө” гэж заасан байгаа боловч уг заалтад заасан үүргээ хариуцагч Ц.Б- хэрхэн зөрчсөн, үүнээс хохирол учирсан талаарх баримт хэрэгт байхгүй талууд шүүхэд гаргаагүй болно.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дах хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлаа нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардах эрх үүсээгүй тул 2 322 728 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02584 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1” гэснийг хасч, “4 272 278” гэснийг “1 950 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2 322 728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “Ц.Б-аас 83 320” гэснийг “46 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                       Ш.ОЮУНХАНД