Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 420

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн түр орлон гүйцэтгэгч шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг, “Д” гэх газар нутаглах, Б.Ны нэхэмжлэлтэй,

 

Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар баг, “А” гэх газар нутаглах, М.Аэд холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Атэй танилцаж, 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. 2014 онд охин Бү мэндэлсэн.  М.А нь 2016 оноос эхлэн архи ууж, хэл амаар доромжилж, охин бид хоёрыг олон хоногоор хаяад алга болдог. Охин бид хоёр айдастай амьдрах болсон. Охиноо төрсний гэрчилгээг авахдаа ааваар нь овоглож авч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Цаашид Атэй хамтран амьдрах боломжгүй тул М.Аээс охин Бүд хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан. Н бид хоёрын үзэл бодол таардаггүй, хоорондоо мууддаг.  Н нь хөдөө амьдарч чадахгүй, хэдэн малаа зараад төв рүү орж амьдарна гэдэг юм. Ээж маань хөл муутай, өндөр настай хүн байдаг, ээжийн маань хийж байгаа ажилд нь тусалдаггүй түүнээс болж мууддаг. Бү бол миний охин мөн, охиндоо тэтгэлэг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

М.А, Б.Н нар нь 2012 оноос эхлэн дотно харьцаатай болж, хамтран амьдарч, тэдний дундаас охин А.Бү нь 2014 онд төрж, эрүүл энх бойжиж байгаа болох нь А овогтой Бүгийн 2204000002 тоот төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч М.А нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч М.Аээр охин Бүг тэжээн тэтгүүлж,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1044000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29606 төгрөгийг хариуцагч М.Аээс гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Бүг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Моонон овогтой Аээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Н, М.А нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1044000 /нэг сая дөчин дөрвөн мянга/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29606 төгрөгийг хариуцагч М.Аээс гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                       П.БОЛОРМАА