Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 01685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Е” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

             Хариуцагч: Г.М/РД: /-д холбогдох

 

2 320 465 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Е” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Г.М нь 2017 оны 08 сарын 22-ны өдөр манай компанитай ЗГ0503170373 тоот зээлийн болон барыдааны гэрээ байгуулж 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй Isuzu Bighorn маркын 77-79 УБТ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг манай компаний нэр дээр шилжүүлэн, зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж, 1 400 000 /Нэг сая дөрвөн зуун мянган төгрөг/ зээлсэн.

Зээлдэгч Г.Мөнхсолонгыг зээл, хүүгээ төлөхийг манайх удаа дараа шаардахад “удахгүй төлнө” гэсээр зээлээ төлөөгүй гэрээний графикт хугацааг 303 хоног хэтрүүлсэн.

3ээлдэгч Г.М/ТИ86102567/ нь үндсэн зээл 1 400 000 төгрөг төлөхөөс огт төлөөгүй. Үндсэн хүү 2017 оны 08 сарын 22-ноос 2018 оны 06 сарын 21 өдөр хүртэл 303 хоногийн 494 900 төгрөг төлөхөөс огт төлөөгүй.

Алданги 2017 оны 09 сарын 22-ноос 2018 оны 06 сарын 21-ний өдөр хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацааг 272 хоног хэтрүүлсэн алданги 425 565 төгрөг төлөхөөс төлөөгүй.

Иймд зээлдэгч Г.Мос үндсэн зээлийн үлдэгдэл 1 400 000 төгрөг, хүү 494 900 төгрөг, алданги 425 565 төгрөг, нийт 2 320 465 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна.

Улсын тэмдэгтийн хураамжинд 52 077 төгрөгийг нэхэмжлэгч манай компани урьдчилан төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.М миний бие “Есөн жижир” ХХК-тай 2017 оны 8 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ хийж, миний данс руу 1 400 000 төгрөг шилжүүлсэн боловч би зээл авахаа болиод, тэр дороо буцаагаад 1 400 000 төгрөг шилжүүлсэн байтал, одоо надаас 1 400 000 төгрөгийг шаардаж байгаад гайхаж байна.

Тиймдээ ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй. Машиныхаа нэрийг тэгж байгаад шилжүүлж авъя гээд завдахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

2017 оны 08-р сарын 22-нд буцаан төлөлтийг хийсэн, дансны хуулгыг хавсаргасан байгаа. Мөнгөө Хаан банкны интэрнэт банкаар шилжүүлсэн байдаг. 15 цаг 10 минутад Е ХХК-иас зээл олгосон. 12 цаг 12 минутад М нь зээлийг хаав гээд зээлээ буцааж шилжүүлээд хаалгасан байдаг. Одоо өр зээлийн асуудал байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.Мөнхсолонгын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь мөнгөний хэрэг шаардлагагүй болсон болохоор авсан мөнгөө буцаагаад шилжүүлсэн байдаг. Өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл байсан гэж байгаа боловч, 1 400 000 төгрөг төлөх ёстой байсан шүү гэдгийг нотлохгүй байна. 2017 оны 08-р сарын 22-ны өдрийн 7779 УБТ дугаартай машиныг барьцааны гэрээнээс харахад дуусгавар болсон нь харагдаж байна. Мос 1 400 000 төгрөгийг шилжүүлэхдээ зээлийг хаав гэдгээс харахад 2017 оны 8-р сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр хааж байгаа нь харагдаж байгаа юм. Яагаад 2012 оны баримттай холбоотой баримт гаргаагүй бэ гэхээр нэхэмжлэлийн шаардлагатай л баримт шүүхэд бид гаргаж өгч байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Е” ХХК нь хариуцагч Г.Мд холбогдуулан зээл 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хүү 494 900/дөрвөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг, алданги 425 565/дөрвөн зуун хорин таван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг, бүгд 2 320 465/хоёр сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.М нь зээл авахаа болиод, тэр дороо буцаагаад 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ0503170373 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон ЗГ0503170373 дугаар Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зээлийн гэрээний 1-ийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 12/арван хоёр/ сарын хугацаатай, сарын 3.5/гурав аравны тав/ хувийн хүүтэй хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн № 102800119 дугаар Кассын зарлагын ордерын хуулбар, Хаан банкин дахь 5016408154 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг авсан өдрөө буцаан шилжүүлсэн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т “... гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгөх зөвшөөрөл өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нь 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг өмнөх 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг төлж барагдуулах зорилгоор авсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь хариуцагч нь Исузу маркийн Биг хорн загварын 77-79 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өөрийн өмчлөлд буцаан аваагүй үйлдэл, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцаан гэрээний хуулбар, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Мөнгөний зарлагын баримтын хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар шаардах хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буцаан шилжүүлсэн болох нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцаан гэрээний хуулбар, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Мөнгөний зарлагын баримтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 10/арав/ сарын үндсэн хүүнд 329 882.14/гурван зуун хорин есөн мянга найман зуун наян хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг, зээлд 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээл, хүүний хамт буцаан төлсөн хуваарь, Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 425 565/дөрвөн зуун хорин таван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүүгээс алданги тооцсон болох нь Зээл, хүүний хамт буцаан төлсөн хуваариар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 425 565/дөрвөн зуун хорин таван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас зээл 1 400 000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, үндсэн хүү 329 882.14/494900-165017.86=329882.14/ /гурван зуун хорин есөн мянга найман зуун наян хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг, бүгд 1 729 882/1400000+329882=1729882/ /нэг сая долоон зуун хорин есөн мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 590 582/2320465-1729882=590582/ /таван зуун ерэн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мос бүгд 1 729 882/нэг сая долоон зуун хорин есөн мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” ХХК-д олгон, үлдсэн 590 582/таван зуун ерэн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мос бүгд 1 729 882/нэг сая долоон зуун хорин есөн мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” ХХК-д олгон, үлдсэн 590 582/таван зуун ерэн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Е” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мос улсын тэмдэгтийн хураамжид 42 628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДаргалагЧ, шҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ