| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/0335/И |
| Дугаар | 519 |
| Огноо | 2018-07-10 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 519
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.К даргалж, шүүгч Б.К, А.Л нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сагсай 5 дугаар багт оршин суух, У овогт С.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Ү.Х-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.С, иргэдийн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан худал мэдээллийг аймгийн радио, фейсбүүкээр няцаах үүрэг өгч, сэтгэл санааны болон нэр төр, алдар хүндийн хохиролд 25.000.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Намайг ажилд томилогдоход 1993 онд үйлдвэрлэгдсэн хуучин Ланд 80 маркийн машинтай байсан. Тухайн машин эвдрээд 2 жил болж байсан. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс “албан хэрэгцээнд ашиглах боломжгүй” гэх акт тогтоосон байсан. Уг асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж 2017 оны 09 дүгээр сард 40 сая төгрөгийн машин худалдан авахаар хуваарилан өгч, аймгийн Орон нутгийн өмчийн газрын харьяа худалдан авах ажиллагааны албанаас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу цахим тендер шалгаруулалт явуулж энэ оны 3 дугаар сарын эхээр Land Cruizer 100 маркийн машинтай болгосон билээ. Өөрөөр хэлбэл аймгийн орон нутгийн өмчийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тендер зарлаад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэхэд ямар ч санал ирээгүй байна. Аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд аймгийн орон нутгийн өмчийн өгсөн зөвлөмжийн дагуу шууд гэрээ байгуулсан. Машин хүлээн авах комисст намайг болон жолоочийг хүлээн авагч буюу ашиглагч байгууллагын хувьд оруулсан байсан. Комисс “тухайн машиныг унаж үзээд боломжийн байна, техникийн тодорхойлолтыг хангаж байна” гээд хүлээж авсан. Ингэхдээ 3 хоног тухайн машиныг хол газар явж үзье гээд Сагсай сумын Засаг даргын тамгын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдаж тухайн машиныг хөдөө унаж үзсэн. 100 км-т хэдэн литр бензин идэж байна гэдгийг нь хүртэл үзсэн.
Гэтэл уг машиныг авснаас хойш Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Ү.Х нь үүнийг улстөржүүлэн “сумын Засаг дарга С.Х машин авах нэрийдлээр мөнгө угааж, 15 сая төгрөгний үнэтэй машиныг 40 сая төгрөгөөр үнэлэн авч, 25 сая төгрөгийг завшин татвар төлөгчдийн мөнгөөр зугаацаж явна” гэж удаа дараа олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан намайг гүтгэн доромжилж олон нийтэд худал мэдээлэл тарааж миний нэр хүнд, ажил хэргийн маань нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна. Би залгаад “хардаж байгаа бол тендерт оролцохгүй яасан юм бэ” гэж хэлэхэд хэл амаар доромжилж “чи угаасаа мөнгө угааж байгаа биз дээ, чи авахаа авсан, битгий хуц” гэж хэлсэн. Би тухайн үед дуугараагүй. Гэхдээ би “энэ машинуудыг судалж байгаа, комиссын акт гараагүй, эзэнтэй нь тохиролцоод 3 хоног судалж байгаа, энэ хугацаанд өөр боломжийн машин байвал аваад ир, бид нар авъя, Засаг даргад уламжилж өгье” гэж мессенжерээр хэлсэн. Тэгвэл маргааш нь уулзъя гэсэн. Бид нар нөгөө машиныг аваад талбай дээр авчирсан. Намайг Засаг даргын Тамгын газрын хуралд сууж байхад над руу залгаад “чи гараад ир, би ирсэн байна, гэрээ хийе” гээд над руу залгасан. Үүдэнд жолооч сууж байсан. Жолооч бид хоёр гараад Ү.Хтэй уулзаад машин үзүүлээд үүнээс илүү машин байвал аваад ир, 3 хоног уг машиныг үзэхээр болсон гэж хэлсэн. Ү.Х “чи авах юмаа авчхаад битгий хуц, надаар машин авахуулна гэвэл аймгийн Засаг даргатай шууд гэрээ хийлгээд өг, би 40 хувийн урьдчилгаа авна, 60 хувийг дараа нь машин авчирсны дараа шилжүүлээд өг” гэж хэлсэн. Тэр нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал, тэр асуудлаа аймгийн Засаг даргад хэлж гэж хэлсэн. Ү.Х надад ”тэгэхгүй, чи идэх юмаа идчихээд завшаад хуцаж байгаа байх” гээд салаавчаа гаргах үед жолооч хажууд байсан. Намайг доромжлоод яваад өгсөн. Тэрээр “чи энэ хэвээрээ дуугарахгүй үлдэнэ гэж битгий бодоорой, би чамайг үзнэ” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ү.Х мессенжерээс намайг доромжилж янз бүрийн зүйл бичсэн. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ү.Х сүүлд интернэтээр янз бүрийн юм бичиж хүмүүст буруу ойлголт өгсөн. Тэрээр “Сагсайд 15-20 сая төгрөгийн Ланд-100 маркийн машиныг С.Х нь 40 сая төгрөгөөр үнэлж аваад мөнгө угааж байна” гэж янз бүрээр бичсэн байсан. Ү.Х ганц тэр машин биш, “ажилд авсан эмэгтэй ажилчин бүрийг надтай холбож, намайг нууц амрагаа аваад зугаалаад машинаас идсэн хэдэн төгрөгөөрөө зугаагаа гаргаад явж байна” гэж янз бүрийн зүйл бичиж ард түмэнд буруу ойлголт өгсөн. Энэ бол анхны удаа биш. Урьд нь ч гэсэн Ү.Х фейсбүүкээр доромжилж байсан.
Миний бие уг машиныг хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд ашиглагч байгууллагын төлөөлөл болж аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс дотор орсон болохоос тендер зарлах, үүнийг дүгнэх, гэрээ байгуулах эсхүл шууд худалдан авалт хийх зэрэг давуу эрхгүй этгээд мөн бөгөөд уг машины үнэ аймгийн төсвөөс гарч байгаа тул худалдах авах эрх нь аймгийн Орон нутгийн өмчийн газар, аймгийн Засаг даргад л байгаа. Машиныг хэзээ, ямар компаниас, яаж, ямар үнээр авсан талаарх бүх нотлох баримтууд нь аймгийн Орон нутгийн өмчийн газарт эх хувиараа бэлэн байна.
Зөвхөн яриад өнгөрсөн зүйл биш. Би сэтгэл санааны дарамтанд орж байсан. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурал дээр 78 хүн сууж байхад иргэн Х.Б гэдэг хүн “чи 15 сая төгрөгийн үнэтэй машиныг 40 сая төгрөгөөр үнэлж аваад унаж байгаа гэж интернэтээс уншсан, тэрний оронд өөр зүйл хийж болдоггүй юм уу, 15 сая төгрөгийн машиныг 40 сая төгрөгөөр авч унаад тансаглах шаардлага байгаа юм уу” гэж асууж байсан. Хүмүүс дээрх байдлаар ойлголттой болсон. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурал дээр 68 хүн сууж байхад А гэдэг иргэн “чамайг машинаас унагаасан 25 сая төгрөгөөр хүүхэн эргүүлээд Бээжинд явж байна гэж интернэтээс уншсан энэ ямар учиртай юм бэ” гэж асууж нэр хүндийг гутааж байсан. Ү.Хийн тавьсан нийтлэл болон коммент хэсэгт бичсэн зүйлийн талаар нотлох баримт байгаа. Миний эхнэр А “тийм асуудал гараагүй, Ү.Х бурхан харж байгаа байх, нэг ч төгрөг идсэн зүйл байхгүй” гэж хэлэхэд Ү.Х “чи тэгж байна уу, 15 сая төгрөг унагаагаад Бээжинд явж байгаа биз дээ” гэж хэлсэн. Б.Е гэх худал хаяг нээсэн. Б.Е, Ү.Х нар ээлжлээд юм бичиж, хүмүүст худал мэдээлэл тараасан.
Мөн намайг янз бүрийн хүмүүстэй нэр холбож бичихээр нь гэр бүлд сөрөг нөлөө үр дагавар бий болсон. Үр хүүхэд, эхнэр, хамаатан садан, ээж маань хүртэл дарамтанд орж, ээж даралт ихсээд унасан байсан. Иймд дээрх асуудлаас болж хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол асуудал даамжирч магадгүй гэж бодож шүүхэд хандсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байдаг.
Иймд иргэн Ү.Хт надтай холбоотой цахимаар тараасан худал мэдээллийг аймгийн радио, фейсбүүкээр няцаах үүрэг өгч, сэтгэл санааны болон нэр төр, алдар хүндийн маань хор, хохирлыг 25 сая төгрөгөөр үнэлэн хариуцагч Ү.Хээс гаргуулан өгч нэр төр, ажил хэргийн нэр төрийг маань сэргээж хохирлыг арилгуулан өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ү.Х шүүхэд бичгээр гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж нэхэмжлэгчийг мөнгө угаасан, 25 сая төгрөгийг завшсан гэсэн агуулгатай мэдээлэл тарааж байгаагүй. Энд нэг андуурал байна. Сүүлийн үед хүний нэрийг барьж цахим сүлжээг ашиглан бусдыг гүтгэсэн шинжтэй мэдээлэл тараах явдал ихэссэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд миний нэртэй ижил төстэй хаяг үүсгэх байдлаар янз бүрийн мэдээлэл түгээсэн байж болзошгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан материалуудад агуулагдсан зүйлийг хараад би ч гэсэн гайхаж байна. Энэхүү баримт жинхэнэ бодит эсэхт эргэлзэж байна. Би энэ талаар цагдаагийн байгууллагад тусдаа гомдлоо гаргаж шалгуулах болно. Надад хэн нэгэн хүнийг гүтгэх ямар ч шаардлага байхгүй, тийм ч зав байхгүй гэдгийг дахин хэлье.
Мөн үзлэг хийж өгөх шинжээч томилж өгөх тухай хүсэлтээ гаргаж байсан. Тэр үед хүсэлтийг нь хангаагүй асуудал байсан. Дараа нь А.С өмгөөлөгч уг асуудлыг тодруулж шүүхэд дахин тавьсан. Үмитхан гэх хүний нэрийг хоёр янзаар бичсэн хайлт илэрч байсан. Өөрөөр хэлбэл Хайратбек гэдэг хүний нэрийг нь барьж, зургийг нь ашиглаж өөр нэг хүний нэр төрд халдсан байж болзошгүй тул шинжээч томилж тогтоож өгөх тухай хүсэлтийг гаргаж байсан ч хүсэлтийг шүүхээс хангаагүй. Ү.Х гэдэг хариуцагчаар татагдаж байгаа хүн бол С.Хийн нэр төрд ямар нэгэн байдлаар халдах, нэр төрийг гутаах, гүтгэн доромжлох ямар ч ашиг сонирхол байхгүй. Мөн интернэтэд гүтгэн доромжилж, мэдээлэл тавьсан асуудал байгаагүй талаар албан ёсны тайлбараа ирүүлсэн. Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Үмитханы Хайратбек гэдэг хүн нэхэмжлэгч С.Х гэдэг хүнийг гүтгэсэн, доромжилсон, нэр төрд нь халдсан асуудлаар зөрчил үйлдсэн гэж тогтоогдсон асуудал байхгүй. Хэрэв уг хүн нэр төрд нь халдаж гүтгэсэн асуудал байгаа бол Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил байгаа. Уг асуудлыг Цагдаагийн газарт хандаж шалгуулаад тогтоолгох ёстой байсан. Гэтэл уг асуудал бол Цагдаагийн газарт хандах хэмжээний мэдээлэл биш байсан. Учир нь хэн бичсэн нь тодорхой бус, Ү гэх хоёр өөр хүн байж болзошгүй талаар баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, доромжилсон мэдээлэл тараасан асуудал бол тогтоогдохгүй байна. Ү.Х, У.Х гэдэг хүнийг шүүхээс хариуцагч гэж үзэж тогтоох юм бол гэж бид нар нотлох баримтаа бүрдүүлж өгсөн.
Худал мэдээлэл тараасан гэх казах хэл дээр бичигдсэн мэдээлэл байгаа юм байна. Уг мессежийг нэхэмжлэгч казах хэлнээс монгол хэл рүү орчуулж хэлэхдээ өөр утгаар орчуулж хэлж байна. Миний ойлгосноор “Монгол улс даяар Ланд-100 маркийн машин 20-25 төгрөг болж байхад 40 сая төгрөгөөр авч байна, ард түмнийг мал гэж боддог юм уу” гэх өгүүлбэрийг би олж уншсан. Казах хэл дээр бичигдсэн дээрх мэдээлэл байсан. 20-25 сая төгрөг болж байхад гэдэг Ү.Х гэдэг хаягаар бичсэн мэдээллийг хэн бичсэн ч хамаагүй, тухайн машин 20-25 сая төгрөг байсан талаар нотлох баримтаа гаргаж өгсөн. Интернэтээс хайлт хийж үзэхэд Ланд -100 маркийн машиныг 20-25 сая, 25 сая төгрөг зарна гэсэн зарын талаарх мэдээллийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өглөө. Тус машин 40 сая төгрөгийн үнэтэй гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Харин үнэлгээний асуудал тусдаа асуудал. Үнэлгээний талаар Ү.Х гэдэг нэрээр нэвтэрсэн хүн бичээгүй байсан байгаа. “Монгол улс даяар 20-25 сая төгрөгийн үнэтэй” байна гэж бичсэн байсан. Энэ нь нэхэмжлэгч болон өөр хэн нэгэн этгээдийн нэр хүндийг ноцтойгоор зөрчсөн, гутаан доромжилсон зүйл байхгүй.
Нэхэмжлэгч анх “нэр төрөө сэргээлгэж, хор хохирлыг мөнгөн хэлбэрээр буюу 25 сая төгрөгөөр арилгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа торгуулийн арга хэмжээ авахуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хассан байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дараа ч гэсэн хор хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулах гэх нэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Гэтэл өнөөдөр бас өөр шаардлага ярьж байна. Тэрээр тараасан хэлбэрээр арилгах гэх нэхэмжлэлийн шаардлагын талаар ярьж байна. Урьд нь дээрх нэхэмжлэлийн шаардлага байгаагүй тул хариуцагч энэ талаар мэдээлэлгүй байгаа. Иргэн С.Х-ийн нэр төрд нь 25 сая төгрөгийн хохирол яаж, ямар байдлаар учирсан асуудал тодорхой бус байна. Учир нь 25 сая төгрөгөөр өөр нэг газар эмэгтэй хүнтэй явалдсан гэх яриа тараасан гэх асуудал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ талаар Ү.Х, У.Х гэдэг аль нэг хаягаар хүний нэр төрийг гутаасан гэх асуудал байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ү.Х-т холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан худал мэдээллийг аймгийн радио болон фейсбүүкээр няцаах үүрэг өгч, сэтгэл санааны болон нэр төр, алдар хүндийн хохиролд 25.000.000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: ... Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авсан Land 100 маркийн машин нь 20-25 сая төгрөгийн үнэтэй байхад 40 сая төгрөгөөр худалдаж авсан болгож 15 сая төгрөгийг ашиг үзсэн гэж хариуцагч Ү.Хийн facebook хаягнаас буруу ташаа мэдээ тарааснаас болж миний нэр төр, ажил хэргийн нэр төр гутаагдсан гэжээ.
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хариуцагч Ү.Х нь өөрийн facebook хаяганд латин үсгээр “Сагсайгаас Land100 байвал авна үнэ хамаагүй 40 сая байсан ч авна. Утас 99947566 яаралтай шүү” гэж бичиж коммент хэсэг дээр ... ард түмний эрх ашгийг хамгаалах гэж гарсан даргансар бид хоёрын ах, бидний дотроос гарсан дайсан. Монгол Улс даяар Land 100 гэдэг машин 20-25 сая байхад 40 сая төгрөгөөр авч байдаг, ард түмнийг мал гэж бодож байгаа юм уу. Х Сагсай сумын ЗДТГ-т авсан Land 100 гэдэг машинаас 15 сая ашиг олсон гэсэн. Түүгээр зугаацаж явж байгаа байх. Тэр мөнгийг зовж байгаа ард түмэндээ өгөх хэрэгтэй шүү” гэж бичсэн байх ба тэр нь олон нийтэд тараагдаж түүнд хүмүүсээс янз бүрийн коммент бичиж байсан байна.
Энэ нь Ү.Хийн facebook хуудсанд бичигдсэн зүйлийн хэвлэсэн хуудас, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Ү.Хийн 99947566 дугаартай утас болон мэйл хаягаар нэхэмжлэгчийн утас мөн мэйл хаяг руу явуулсан мессежүүдээр давхар нотлогдон тогтоогджээ.
Хариуцагч Ү.Х нь 99947566 дугаарын утастай болох нь түүний шүүхэд нэхэмжлэлийн нэг хувийг гардан авсан баримтад бичсэн мөн шүүхээс шүүгчийн захирамж гардуулсан болон нөлөөллийн мэдүүлгийн маягтууд, өмгөөлөгч А.С, С.Н нартай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтад бичсэн утасны дугаартай тус тус тохирч нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагчаас миний цахим мэдээллийн хэрэгслийг ашиглаж нэхэмжлэгчийг мөнгө угаасан, 25 сая төгрөгийг завшсан гэсэн агуулгатай мэдээлэл тарааж байгаагүй, facebook хаягт миний нэртэй ижил төстэй Умитханы Хайратбек гэсэн хаяг үүсгэх байдлаар янз бүрийн мэдээлэл тараасан энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариуцагч би биш гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан этгээдийг хэлнэ” гэж нэхэмжлэгчээс хариуцагчийг тодорхойлох эрхийг хуулиараа нэхэмжлэгчид олгосон.
Мөн хариуцагчаас уг facebook хаягт миний нэртэй ижил төстэй У.Х гэсэн нэрийг ашигласан гэж байгаа боловч түүний 99947566 дугаартай утаснаас болон мэйл хаягаар нэхэмжлэгч руу Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авсан маргаан бүхий Land 100 маркийн машины талаарх бичсэн мессежүүдээр нотлогдон тогтоогдож байх тул хариуцагчийн facebook хаягт У.Х нь Ү.Х би биш, энэхүү нэхэмжлэлийн хариуцагч би биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт хэн нэгний талаарх бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр этгээдэд мэдээлсэн байдал хамаарах бөгөөд уг мэдээлэл нь олон нийтэд түгээгдсэн байдлаар илэрдэг ба хариуцагч Ү.Х-ийн facebook хуудсанд нэхэмжлэгч С.Х-ийн талаар бичигдсэн мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерийн сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг ойлгоно гэж заасан байгаагаас үзэхэд хариуцагч Ү.Х нь компьтерийн сүлжээ ашиглан facebook хуудсанд нэхэмжлэгчийн талаар мэдээлэл байршуулсан нь бодит байдалд нийцэхгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Ү.Х нь дээрх нийтлэлийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд болох 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний хорооноос аймгийн Засаг дарга А.Г-д хүргүүлсэн зөвлөмж, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Сагсай сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримханаас аймгийн Засаг дарга А.Г-д Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авах авто машиныг захиалагчид гэрээ шууд байгуулах тухай 01/40 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтаас дүгнэхэд Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авах Land 100 маркийн машины өртөг үнэ 40.000.000 /дөчин/ төгрөгийн үнэлгээтэй болох нь нотлогдож байх тул хариуцагч Ү.Хийн нэхэмжлэгчийн талаар facebook хуудсанд бичсэн мэдээ нь үнэн зөв мэдээлэл болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагчаас маргаан бүхий Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авсан Land 100 маркийн машины зах зээлийн үнэ нь 25.000.000 төгрөгийн үнэтэй гэж negdoor.mn сайтнаас татаж нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн боловч энэ нь эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэлгээний ханш биш тул маргаан бүхий Land 100 маркийн машины үнэ 25.000.000 төгрөг байна гэж үзэх боломжгүй болно.
Мөн нэхэмжлэгчээс Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авсан Land 100 маркийн 3376 БӨТ дугаартай машины зах зээлийн үнэлгээг хийлгэсэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатар хотын “Ашид Билгүүн“ ХХК-ийн Авто машин, техникийн ХУД18/425 дугаартай үнэлгээг гаргаж өгсөн ба уг үнэлгээгээр Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авсан Land 100 маркийн 3376 БӨТ дугаартай машин нь 40000000 /дөчин/ төгрөгийн үнэлгээтэй байгаа боловч уг нотлох баримт нь өнгөт принтерээр скайнарлаж гаргасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар уг нотлох баримтын эх хувийг шаардаж авах болон үзлэг хийх шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь, аймгийн Орон нутгийн өмчийн газраас Сагсай сумын Засаг даргын Тамгын газар албаны машин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай үнэлгээний хороо аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/23 тоот захирамжаар байгуулагдсан мөн Автомашины төсөв өртөг нь 40 сая төгрөг байна гэж сонгон шалгаруулалт явуулж нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах талаар Зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Харин бусдын алдар хүнд гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж бөгөөд Ү.Х нь facebook хуудсанд С.Х-ийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт авсан Land 100 маркийн машинаас 15 сая төгрөгийн ашиг үзэж зугаацаж байгаа тухай бичсэн байх тул нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр төр гутаагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ ёсчлон биелүүлэх үүргийг хариуцагч зөрчсөн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул гэм хор учруулсан гэж эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар 25 000 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан шаардлага үндэслэлээ тодорхойлж чадаагүй бөгөөд уг шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна.
Эдийн бус гэм хор учирсан талаар нэхэмжлэгч С.Х нь бодит байдалд нийцсэн тайлбар өгөөгүй, эдийн бус гэм хор 25 000 000 төгрөг гаргуулахад ач холбогдолтой нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэгчийн мөнгөн хэлбэрээр гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Х-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Х Сагсай сумын ЗДТГазарт авсан Land 100 машинаас 15 сая төгрөгийн ашиг олж зугаацаж явж байгаа” гэж бичсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй болох талаар бичиж, тараасан хэлбэр буюу facebook хуудсанд тодорхой хугацаанд байршуулж, няцаалт хийхийг хариуцагч Ү.Хт үүрэг болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн тараасан худал мэдээллийг аймгийн радио болон фейсбүүкээр няцаахыг үүрэг болгохыг хүссэн боловч шүүхээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчийн талаар олон нийтэд түгээсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан тараасан хэлбэрээр буюу фейсбүүкээр няцаалт хийхээр хариуцагч Ү.Хт үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчээс нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, эдийн бус гэм хорд 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаас эдийн бус гэм хор болох 25.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 282950 төгрөг төлж, нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг төлөөгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар С.Х-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Ү.Х-ийн facebook хуудсанд “Х Сагсай сумын ЗДТГазарт авсан Land 100 машинаас 15 сая төгрөгийн ашиг олж зугаацаж явж байгаа” гэж бичигдсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээ болох талаар тараасан хэлбэрээр буюу facebook хуудсанд 3 хоног байршуулж, няцаалт хийхийг хариуцагч Ү.Х-д үүрэг болгосугай.
2. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч С.Хийн сэтгэл санааны болон нэр төр, алдар хүндийн хохирол болох 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х. К
ШҮҮГЧИД Б. К
А. Л