Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/554

 

 

 

 

 

      2022        06          23                                    2022/ШЦТ/554

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Баярчимэг

хохирогч Ч.Э,

шүүгдэгч М.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч Ц.З /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2211 00178 0994 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1999 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ариг интернэшнл” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 4 дүгээр гудамжны 115 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 990 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар

оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ариг интернэшнл” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхны 6 дугаар гудамжны 115в тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Фловерс 376 байрны 805 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э, Ц.З нар нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгер” байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн гүйцэтгэж “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Ч.Эыг зодож, биед нь хоншоор ясны хөндлөн шугаман хугарал, дээд баруун 1,2, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, зүүн дээд 3-р шүдний цөгц хэсгийн ташуу хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруул, эрүү, дух, баруун хацар, баруун зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруул салстад цус хуралт, шарх, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

- шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Залуучууд хоорондоо муудалцсандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохирогчоос уучлалт хүсэж байна...” гэв.

- шүүгдэгч Ц.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэв.

- хохирогч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нарт гомдол, саналгүй. Надад 3.000.000 төгрөгийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал болох имплант эмчилгээний 14.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Шүүгдэгч М.Э, Ц.З нар нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгер” байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Ч.Эыг зодож, биед нь хоншоор ясны хөндлөн шугаман хугарал, дээд баруун 1,2, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, зүүн дээд 3-р шүдний цөгц хэсгийн ташуу хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруул, эрүү, дух, баруун хацар, баруун зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруул салстад цус хуралт, шарх, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

- хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би багын найз Мөнх-Эрдэнэтэй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Tiger” нэртэй бааранд шөнийн 12 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлэн тус баарнаас шөнийн 02 цаг болж байхад гарсан. ...Баарнаас 02 цагт гарахад тус баар хаагаад олон хүн гадаа байсан бөгөөд 22 орчим настай 3 эрэгтэй баарны үүдний хэсэгт зогсож байсан. Би баарны гадаа тамхи татаад зогсож байхад тэр 3 эрэгтэйн нэг нь намайг мөрлөөд шоолоод инээгээд байсан. ...Тэгээд тэр 3 эрэгтэйтэй зодолдсон бөгөөд нэг залуу нь зодоонд огт оролцоогүй. Тэр оролцоогүй залуу нь урт буржгардуу үстэй, даруухан царайтай, хүнтэй муудалцахааргүй залуу байсан. Харин нөгөө хоёроосоо арай өндөр нуруутай, хар куртиктэй залуу нь намайг араас үсдэж газар унагааж чирээд миний нүүр лүү гутлаараа хөшиглөсөн, мөн гараараа цохиж байсан. Би үстсэн гарыг нь тавиулах гэж оролдоход чадахгүй байсан бөгөөд тэр хооронд намайг нүүр, шүд рүү хөшиглөж, гараараа цохиж байсан. ...Би их зодуулсан учир их манарсан байдалтай байсан бөгөөд зодооноос салчхаад тэр 2 залуутай хэл амаараа учраа олох гээд очтол намайг хөшиглөж байсан өндөрдүү нуруутай, хар куртиктэй эрэгтэй нь мөн миний нүүр, хамар, шүдний хэсэг рүү цохиж намайг газар унагааж ухаан алдуулсан...Би өндийгөөд сэрээд харахад миний аМны шүднүүд унасан, амнаас их цус гарсан байдалтай, шоконд орсон байсан. ...Урт буржгар үстэй, даруухан төрхтэй залуу намайг огт цохиогүй. Харин нөгөө 2 нь ээлж ээлжээрээ намайг зодсон. Миний нүүр, толгой, хамар хэсэгт хөшиглөсөн, гараараа цохисон, үстсэн, газар унагааж чирсэн. Миний биед үүдэн 4 шүд бүтнээрээ мултарч унасан, 2 шүд хугарсан, хамар хугарсан, тархины томографид үзүүлтэл мөн хоншоор яс шугаман хугаралтай болсон байсан. Тус гэмтлийн улмаас үүдэн шүднүүд зодооны явцад шууд мултарч унах нөхцөл болсон. ...Дээрх гэмтлүүдийг тухайн зодоогд оролцсон 2 эрэгтэй хоёулаа надад учруулсан. ...нийт 17 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- гэрч А.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай баараар үйлчлүүлсэн урт үстэй залуу тэр гурвыг өдөж хоргоогоод явуулахгүй байсан. Нэг нэгээр нь татаж үлдээд байхаар нь нөгөө 2 залууг явуулчих гэхэд зууралдаад хоорондоо зодолдож эхэлсэн. Араас нь манай хамгаалагч ирээд салгаад 3 залууг болиулахад цаашаа буюу замын урагшаа явсан. Тэр 3 эрэгтэйн нэгнийх нь хөмсөг сэтэрсэн, нөгөөхийн хамраас нь цус гарсан байсан. Харин манай бааранд үйлчлүүлсэн 2 залуугийн урт үстэй эрэгтэйн хамар, амнаас цус гарч байсан...тэр 3 эрэгтэйг явсны дараа урт үстэй залуу ирээд би цохиулаад шүд уначихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1850 дугаар дүгнэлтэд “...Ч.Эын биед хоншоор ясны хөндлөн шугаман хугарал, дээд баруун 1,2, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, зүүн дээд 3-р шүдний цөгц хэсгийн ташуу хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруул, эрүү, дух, баруун хацар, баруун зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруул салстад цус хуралт, шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 04/2250 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

- шүүгдэгч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед “Тайгер” гэх нэртэй баар луу орчоод гарч явсан юм. Тус баар хаагаад тэр дотор үйлчлүүлж байсан хүмүүс бүгд гараад ирчихсэн олон хүнтэй байсан. Би болон Золбоо, Төөгөө гээд Золбоогийн найзтай 3-лаа такси барих гээд төв зам руу алхаж байсан. Тэгтэл урд талд 180 см орчим өндөртэй урт үстэй, 20-23 насны нэг залуу, 170 см орчим 20-23 насны настай гэмээр нэг гээд нийт 2 залуу зогсож байсан. Тэр хоёр залуу юм ярихдаа над руу харж өдсөн байдалтай баар хаалаа, шоу дууслаа хүүхдүүд харьцгаа гэх зүйлүүд яриад зогсоод байсан. Тэгээд тэр 2 залуугийн хажуугаар гарах үед бид нар луу хараад байхаар юугаа хараад байгаа юм бэ гэж хэлтэл намхан залуу нь чам руу харахаар яадаг юм гээд намайг нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Золбоо хажуу талаас намайг өшиглөсөн залууг холдуулаад яагаад байгаа юм бэ? манай найзыг өшиглөдөг нь яаж байгаа юм гээд муудалцаж эхлэн хоорондоо барьцалдаж авсан. Би харин нөгөө өндөр урт үстэй залуутай нь зууралдаж байгаад хоорондоо зодолдсон. Би тэр залуугийн нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон...Хаяад явах гэтэл зодолдсон газарт Золбоогийн ороолт, миний малгай 2 унасан байхаар нь тэрийгээ авах гэж очтол дахин зодоон болсон. Тэгэхэд Золбоо урт үстэй залуутай би намхан залуутай нь зодолдсон. Харилцан зодолдсон болохоор яг хаашаа нь хэдэн удаа цохисноо бол нарийн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

- шүүгдэгч Ц.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө өөрийн 2 найз болох Э Т нарын хамтаар Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулах “Тайгэр” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн юм. Тэндээ бид нар 2, 2 пиво авч ууцгаасан...Бид нар баарны гадаа байрлах түцнээс Энхмэнд тамхи авчаад гарч ирээд тамхи татаад зогсож байхад энд байсан 180 см орчим өндөртэй урт үстэй, савхин хүрэмтэй, 23-25 гэмээр насны залуу болон 168-170 см орчим өндөртэй хар малгайтай шар 23-25 орчим насны залуу байсан. Жижиг биетэй шар залуу нь шоу дууссан хүүхдүүдээ харьцгаа гэж бид нарт хандан хэлсэн. Тэр үед Мэндээ түцнээс тамхи авсан гарч ирж таараад чамд ямар хамаатай юм бэ гэхэд тэр жижиг шар залуу Энхмэндийг өшиглөөд авсан. Тэгэхээр нь би тэр шар залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хажуу талаас нь урт үстэй өндөр залуу нь орж ирээд Энхмэндтэй зодолдож эхэлсэн. Намхан шар залуутай зууралдаад зогсож байхад баарны гадаа байсан танихгүй хүмүүс бид нарыг салгасан...Харин би урт үстэй өндөр том биетэй залуутай нь зодолдсон. Би тэр залуугийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохисон...Тэр 2 залуугийн биед ямар нэгэн гэмтэл шарх гэхээр зүйл байгаагүй зүгээр байсан. Бид 2-той зодолдсоны дараа том биетэй өндөр урт үстэй залуугийн нүүрэн тус газраас нь цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дахь тал/ болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Э, Ц.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч М.Э, Ц.З нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э, Ц.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийг улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 99.000 төгрөг, хохирогч Ч.Эд 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

хохирогч Ч.Э нь “...Цаашид гарах эмчилгээний зардал болох имплант эмчилгээний 14.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх боловч энэ талаар баримтгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Э, Ц.З нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Ц.З нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Ц.З нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч М.Э, Ц.З нар нь Эрүүл мэндийн даатгалын санд 99.000 төгрөг, хохирогч Ч.Эд 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.Э, Ц.З нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Ц.З нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН