Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0305

 

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0305

Улаанбаатар хот

 

 

“ОС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У

 

Нэхэмжлэгч: “ОС” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гуравдагч этгээд: "ГБП" ХХК

 

    Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалын “ОС” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0185 дугаартай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0004/З

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1. Нэхэмжлэгч “ОС” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан ““ОС” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дүгээр зүйлийн 1 /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “ГБП” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалын “ОС” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсгийг “ОС” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У давж заалдах гомдолдоо:

3.1. Нэхэмжлэгч “ОС” ХХК-аас анх шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш32023/0043 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “ОС” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлагыг огт шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг тодорхойлон зааж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана”, 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж шүүхийн шийдвэрийн агуулгыг хуульчилжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан 3 шаардлагын 2 шаардлагыг нь хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зармыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй буюу огт шийдвэрлээгүй, шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт маргаан бүхий “ОС” ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тухай: Шүүхээс “... хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй, “ГБП” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй” гэж дүгнээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалын “ОС” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсгийг “ОС” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тодруулбал, Нэхэмжлэгч “ОС” ХХК-ийн газар ашиглах эрх хүссэн хүсэлт нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд тухайн хүсэлтийг шийдвэрлээд Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/5429 дүгээр албан бичгээр “... хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр кадастрын системээс шүүж үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын цуцлагдсан газартай давхцалтай тул хаасан” гэх хариуг өгсөн. Хэдийгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаар албан бичгээр бусдын газартай давхцаагүй гэдэг боловч энэхүү нөхцөл байдал нь зөвхөн тухайн үеийн буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тодорхойлсон, үүнээс хойш 3 жил өнгөрсөн, нөхцөл байдал өөрчлөгдсөн байхад шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй. “ГБП” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20/107 дугаартай албан бичгээр аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан бөгөөд хууль, журмын дагуу шаардлагатай бүхий л баримтуудыг хавсарган өгсөн. Улмаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2050 тоот саналыг тус тус үндэслэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс нутаг, Түргэний аманд байрлах 12737 м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон бөгөөд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0201415 дугаартай гэрчилгээг авсан.

Гуравдагч этгээд “ГБП” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20201121 тоот гурвалсан гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулж, газрын төлбөрт нийт 49,668,282 төгрөгийг төлсөн, газрын зориулалтын дагуу ашиглахаар Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан.

-“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан яг ямар үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон эсэх нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон тус харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн алинд нь ч эхэлж хүсэлт гаргасан компанид газар ашиглах эрх олгоно гэж хуульчлаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг нэгэнт шийдвэрлэсэн, тухайн шийдвэртэй нэхэмжлэгч нь маргаагүй, хэрэгт хангалттай нотлох баримтууд цугларсан, хэргийн нөхцөл байдал маш тодорхой, цаашид нэмж тодруулах зүйлгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрээгүй байхад шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр маргаан бүхий актын биелэлтийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.3. Мөн нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг шүүхээс хүчингүй болгоогүй буюу хэвээр байгаа энэ тохиолдолд дахин “ОС” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
  2. Дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч “ОС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  3. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалын “ОС” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” гэснийг хариуцагчаас болон гуравдагч этгээд нараас эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Маргааны үйл баримтын талаар;
    1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “ОС” ХХК нь маргаан бүхий 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 160 дугаар албан бичгээр дэмжсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлсэн боловч яам 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/5429 дүгээр албан бичгээр “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр кадастрын хэлтсээс давхцалтай эсэхийг шалгуулахад иргэн ААН байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан” гэж цахим системд тэмдэглэсэн” гэж, үүний дараа нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин хүсэлт гаргасныг мөн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчихөөр байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу тус тус өгсөн байна.
    2. Харин гуравдагч этгээд “ГБП” ХХК-аас дээрх маргаан бүхий газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 12736.7 м.кв газрыг ашиглахаар хүсэлт гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2051 дүгээр албан бичгээр дэмжсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/1** дугаар тушаалаар Хан уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгохоор шийдвэрлэж, 03 дугаар сарын 04-ний өдөр 0201415 дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

  1. Хууль зүйн үндэслэлийн тухайд;
    1.  Нэхэмжлэгч “ОС” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлагын тухайд;

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах тухай гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр саналыг уламжилсан боловч хариуцагч шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч дахин 2019 оны 04 дүгээр сард болон 2022 оны 10 дугаар сард гаргасан хүсэлтийг хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

    1.  Тодруулбал, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна” гэж, 4 дүгээр зүйлийн 1/-д “өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг;”, 5/-д “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг, 16 дугаар зүйлийн 1/-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд энэхүү хууль нь төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл (хүсэлт)-ийг шийдвэрлэх ерөнхий харилцааг зохицуулсан бөгөөд уг хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуульд зааснаар 30 хоногийн дотор, удирдах албан тушаалтан сунгасан бол нийт 60 хоногийн дотор шийдвэрлэж, хариу өгөх журамтай байна.
    2.  Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, нэг этгээдээс газар ашиглах хүсэлт гаргасныг 30 хоногийн дотор, эсхүл удирдах албан тушаалтны шийдвэрээр сунгаснаар 60 хоногийн дотор шийдвэрлэхээр байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд байрлалтай 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар удаа дараа гаргасан хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчихөөр байна” гэх хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
    3.  Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгох боломжгүй талаарх үндэслэлээ хариуцагчаас “иргэн Ж.Эрдэнэбулганд олгосон газартай давхцалтай” гэж тайлбарлах боловч тус яамны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08/1690 дугаар албан бичиг /1хх-ийн 101, 102 дахь талд/-ээр ирүүлсэн лавлагаагаар “...гуравдагч этгээд ““ГБП” ХХК-д олгосон 12737 м.кв талбай нь өмнө нь иргэн Ж.Эрдэнэбулганд олгосон ... газрыг... ашиглах эрхийг дуусгавар болгосон 3,0 га газартай хэсэгчилсэн давхцалтай байсан ...” гэснээс үзэхэд, гуравдагч этгээдэд газар ашиглуулах эрх олгох үед энэхүү давхцалтай нөхцөл байдал арилаагүй байхад хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь хууль бус бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
    4.  Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах хүсэлтийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан хүсэлтийг уг захиргаанаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №161, №160 албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу “... төсөл хэрэгжүүлэх 5000 м.кв газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй... “ОС” ХХК-ийн ...ашиглах төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж саналыг хүргүүлэв”, “... 5000 м.кв талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй болно” гэсэн хариу саналыг өгсөөр байхад хариуцагч хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу шийдвэрлээгүй буруутай байна.
    5. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

  1. Нэхэмжлэгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд;
    1.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Ерөнхий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/459 дүгээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2050 тоот саналыг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 12737 м.кв газрыг гуравдагч этгээд “ГБП” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгожээ.
    2.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, 3-т “аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заажээ.
    3.  Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, нэг этгээдээс газар ашиглах хүсэлт гаргасныг 30 хоногийн дотор, эсхүл удирдах албан тушаалтны шийдвэрээр сунгаснаар 60 хоногийн дотор шийдвэрлэх явцад өөр этгээдээс давхцуулан газар ашиглах хүсэлт гаргаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл үүссэн гэж үзэж, хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглуулах эсэх шийдвэр гаргах бөгөөд харин дурдсан хугацаанд өөр этгээдээс уг газарт давхцуулан газар ашиглах хүсэлт гаргавал мөн хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж, хуульд заасан нөхцөлүүдийг харгалзан сонголт хийх эрх үүснэ гэж үзнэ.
    4.  Түүнчлэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах талаар нэг этгээд хүсэлт гаргавал хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн ашиглуулах шийдвэр гаргахаар, харин тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглахаар хүсэлт гаргавал дээр дурдсан хэд хэдэн нөхцөлийг хэрхэн хангаж байгааг харгалзан сонголт хийх эрх нь захиргааны байгууллагад үүсэх агуулгатай байна.
    5.  Нэхэмжлэгчээс газар ашиглах хүсэлт гаргаснаас хойш 10 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гуравдагч этгээдээс газар ашиглах тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд цаг хугацааны хувьд газар ашиглах хүсэлтийг нэхэмжлэгч нь түрүүлж гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож буй энэ тохиолдолд гуравдагч этгээдэд маргаан бүхий газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
    6.  Тодруулбал, нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг ашиглахаар гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаар албан бичиг дэх саналыг харгалзалгүй, бусад этгээдийн газартай давхцалтай гэсэн хариу өгсөн атлаа гуравдагч этгээд “ГБП” ХХК-д 12737 м.кв газрыг ашиглах эрх олгож шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
    7.  Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан кадастрын зураглалаар “ОС” ХХК-ийн хүсэлт гаргасан 5000 м.кв талбай бүхий газар нь “ГБП” ХХК-ийн ашиглаж буй 12737 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон дээрх маргаан бүхий актын нэхэмжлэгч “ОС” ХХК-ийн хүсэлт гаргасан 5000 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар ....эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцнэ.
    8.  Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад “...хариуцагчаас “ОС” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай, “ГБП” ХХК-ийн ашиглалтын газартай давхцалтай гэх үндэслэлүүдээр татгалзах үндэслэл байхгүй ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ... 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалын ... холбогдох хэсгийг “ОС” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.” гэх дүгнэлт хийж, маргаан бүхий актыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй.
    9.  Дээрхээс үзэхэд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан яг ямар үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон эсэх нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй.” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
    10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дүгээр зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0185 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дүгээр зүйлийн 1 /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглахаар гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/1** дүгээр тушаалын “ОС” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосугай” гэж, Тогтоох нь хэсгийн “3” гэсэн дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                                                З.ГАНЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                                    Т.ЭНХМАА