Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/698

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          9            16                                     2022/ШЦТ/698

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч С.Га, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************Га-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102002850236 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, *************** их эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Га нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа:

- Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг,

- Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 8.2 дахь хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг,

- Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,

- 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.Мө-т түүний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ********** тоот дансаар дамжуулан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Га мэдүүлэхдээ: “...2018 онд К.Ба гэх хүн ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, яагаад миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн талаар санахгүй байна. 2020 онд үзлэгийн өрөөнд өвчтөн Мө нь орж ирээд тань дээр 2 жилийн өмнө хагалгаанд ороод эдгэсэн. Одоо дахин тань дээр хадуулсан хадаасаа авхуулмаар байна. Өмнөх хагалгаа сайн болсон, хурдан эдгэсэн, баярлалаа “та надад дансаа өгөөч” гэхээр нь би юм бодолгүй дансаа өгсөн нь миний буруу болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэрч Ж.Мө:

 “...Талийгаач анх 2018 оны 05 дугаар сард хотод эмчлүүлж байгаад хөдөө гэртээ ирээд “Гэмтлийн эмнэлгийн Га гэдэг эмчид 500.000 төгрөг өгсөн” гэж ярихаар нь “хөлтэй л болж байвал мөнгө яах вэ” гэж хэлж байсан. Дүү Мөнхтуяа нь 500.000 төгрөгийг Га-ад бэлнээр өгсөн гэж байсан. ...2020 оны 06 дугаар сарын эхээр шарил хадгалах өрөөнөөс шарилыг нь авах гээд Гэмтэл согог судлалын төвийн гадаа бид нарыг зогсож байтал миний араас нэг хүн татах шиг болохоор нь эргээд хартал Га гэдэг эмч нэг гартаа 10.000 төгрөгийн дэвсгэртүүд барьчихсан миний гарт атгуулах гээд байхаар нь би “аваагүй, би хуулийн өмнө наадахыг чинь шийднэ, та нар хүн алчхаад яах гээд байна” гэчхээд шарил хадгалах өрөө рүү алхаад үүдээр нь орох гэтэл араас татаад миний дээлийн өвөрт тэр мөнгөнүүдээ чихчхээд юу ч ярилгүй зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

2. Гэрч Ц.То:

“...2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор Мөнхцэцэг надад “Га эмчид 200.000 төгрөг өгье гэсэн чинь 300.000 төгрөг өг гээд байна гээд надаас 200.000 төгрөг байна уу, Га эмчид өгөх гэсэн юм” гэхээр нь би 200.000 төгрөг бэлнээр Мөнхцэцэгт өгсөн. Мөнхцэцэг намайг “энд сууж бай” гэж үлдээгээд мөнгөний машин дээр очиж өөрийнхөө данс руу надаас авсан мөнгөө хийгээд, “Га эмч рүү 300.000 төгрөг шилжүүлчихлээ” гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараад гэртээ хариад байж байтал Мөнхцэцэгийн утсаар яриад “Га эмч байна, ирж эмнэлэгт хэвт гэж байна” гээд бид хоёр Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хамт явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

3. Гэрч М.Мөн:

“...Мөнхцэцэг эгч хөлийн ясаа хадуулах мэс засалд орсныхоо дараа над руу утсаар залгаад “эгчдээ 500.000 төгрөг байвал өгөөч, эмчдээ өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь 500.000 төгрөгийг бэлнээр эгч Мөнхцэцэгт аваачиж өгсөн. Дараа нь асуухад “500.000 төгрөгөө Га эмчид өгсөн” гэж ярьж байсан. ...2020 оны 05 дугаар сард талийгаач эгч маань хөлийнхөө хадаасыг авхуулахаар хотод ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр талийгаач, манай нагац эгч Тогоохүүтэй хамт эмнэлгээр явж шинжилгээ өгсөн бөгөөд тэр өдрөө манай гэрт ирж хоносон. Тэгэхэд эгч “маргааш хагалгаанд орохоор боллоо. Га эмчид 300.000 төгрөг өгөхөөр боллоо. 200.000 төгрөг өгье гэж гуйсан чинь багадаж байна, заавал 300.000 төгрөг өг гэж байна” гэж ярьсан. Тэгээд маргааш нь талийгаач Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд, маргааш өдөр нь нас барсан. ...Би тухайн үед машинд сууж байхад аав Мөнхдалай машинд орж ирж суугаад “нөгөө эмч нь энгэр рүү 300.000 төгрөг хийчхээд яваад өгөх юм” гээд уйлаад 10.000 төгрөгийн дэвсгэртүүд харуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

4. Гэрч Ц.Тү:

 “...2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед манай эгч Тогоохүү над руу залгаад “Мөнхцэцэг хагалгааны өрөө рүү орчихлоо, би гадна нь хүлээгээд сууж байна” гэж ярьсан. Тэгээд байж байтал өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас миний төрсөн дүү Мөнхбаясгалан над руу залгаж “Мөнхцэцэг одоо болтол халгаанаас гарч ирээгүй гэж байна, чи ажил гайгүй бол очсон нь дээргүй юу” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад 16 цаг өнгөрч байх үед гэмтлийн эмнэлэгт нөхөр Даваадоржийн хамт очсон. Намайг очиход Тогоохүү эгч сахиурын солих хувцас авах гээд гэр рүүгээ явсан байсан тул Тогоохүү эгчийг хүлээж байгаад ирэхээр нь уулзсан. Тэгээд Тогоохүү эгч ганцаараа дотогш орсон бөгөөд коронагийн хөл хорио гээд би орж чадаагүй. Тогоохүү эгч дотроос над руу залгаж шаардлагатай гэх эм тариа захиж авхуулсан. Тэгээд байж байтал орой 20 цагийн үед Тогоохүү эгч над руу залгаад “найдваргүй гэж байна, ар гэрийнхнээ дууд гэж байна” гэсэн. Ингэж байж байгаад шөнийн 00 цагийн үед талийгаач нас барсан. Тэгээд талийгаачийн аав Мөнхдалай нь тэр даруй хот руу гарсан бөгөөд бид нар шөнийн 02 цагийн үед тосож авсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн үед гэмтлийн эмнэлгийн мооргоос шарилыг нь авах гээд манай гэр бүлийнхэн ирсэн. Талийгаачийн шарилийг манай нөхрийн машинд хийж авч явна гээд мооргийн үүдэнд машинаа байрлуулсан байсан бөгөөд би багажны хаалгыг онгойлгоод зогсож байсан. Мооргийн үүдэнд Мөнхдалай ах зогсож байсан бөгөөд тэр үед нэг нүдний шилтэй, бордуу өнгийн куртиктэй 30 орчим насны залуухан эрэгтэй хүн ирээд Мөнхдалай ахын дээлийн энгэр рүү нь юм хийчхээд яваад өгсөн. Мөнхдалай ах “хүүе, хаая” гээд үлдсэн. Тэр үед мооргоос шарил гарч ирж байсан болохоор бид нар юм хэлж чадалгүй, яаж ч чадалгүй үлдсэн юм. Шарилыг ачсаны дараа би Мөнхдалай ахаас “саяны хүн юун хүн бэ” гэж асуухад Мөнхдалай ах “нөгөө 300.000 төгрөг авсан эмч нь энэ байна, 300.000 төгрөгөө миний өвөр рүү хийчхээд яваад өглөө” гэхээр нь би “яах гэж авсан юм, нүүр рүү нь шидэхгүй яасан юм” гэж хэлж байсан. Тэгээд бид хэд талийгаачийн шарилыг аваад нутаг руугаа явцгаасан. Тогоохүү эгчээс сонсоход тэр 300.000 төгрөгийг хагалгаанд орохын өмнө Га гэгч эмч талийгаачаас авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

5. Гэрч Х.Ца:

 “...2020 оны 06 дугаар сарын эхээр талийгаачийн шарилыг гэмтлийн эмнэлгээс гаргасан. Би тэгэхэд бага зэрэг хоцорч очсон. Манай хамаатнууд талийгаачийн шарилыг аваад нутаг руугаа явсан бөгөөд би явалгүй хотод үлдсэн. Тухайн үед манай дүү Түмэншүр, талийгаачийн аав Мөнхдалай нар “өвөрт нь 300.000 төгрөг хийчихлээ, яах гэж авсан юм, буцаагаад өгөхгүй яасан юм” гэх зүйл ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

6. Гэрч Б.Ба:

 “...Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан эрүүл мэндийн даатгалаас төлбөрийг нь олгох тусламж үйлчилгээний жагсаалт байдаг. Уг жагсаалтад орсон тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр төлөх бөгөөд өвчтөн зөрүү төлбөрийг нь өөрөө төлөх ёстой байдаг. Харин өндөр настан, насанд хүрээгүй хүн, группт байдаг хүнд тусламж үйлчилгээг төлбөргүй үзүүлэх ёстой. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/293 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Төлбөрийн жишиг хэмжээ журам батлах тухай” журам байдаг. Уг журамд нийцүүлэн эмнэлгүүд өөрсдийн төлбөртэй тусламж үйлчилгээний журмыг батлан гаргадаг. Манай эмнэлгийн хувьд хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн захирлын 315/А тушаалаар төлбөртэй, тусламж үйлчилгээний журмыг баталсан байдаг. Уг журамд зааснаар зарим тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх бөгөөд жишээлбэл гоо заслын болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, гэмтэл согогийн бус оношилгоо эмчилгээ, үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр авч буй нэмэлт тусламж үйлчилгээ /өрөөний нөхцөл/ зэрэг ордог. Бусад эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас төлөх бөгөөд, үйлчлүүлэгч төлбөрийн 15 хувийг нь өөрөө төлдөг юм. Өвчний түүхээс харахад талийгаач М.Мөнхцэцэг 2018 онд шилбэний хугарлыг хадах мэс засалд орсон байна. Эмчлэгч эмч С.Га байсан байна. Талийгаач 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай эмнэлэгт шилбэний хадаасыг авхуулахаар хэвтээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хагалгаа эхлэх явцад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Эмчлэгч нь мөн С.Га байсан байна. Үйлчлүүлэгч эмнэлгийн кассын ажилтанд зөрүү төлбөрөө төлөх бөгөөд, кассаас НӨАТ-ын баримтыг үйлчлүүлэгчид өгдөг. Эмч эмнэлгийн төлбөр тооцооны асуудалд оролцох ёсгүй. Эмчилгээний төлбөрийг кассын ажилтнуудад л төлөх ёстой...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/, 

7. Гэрч К.Б:

 “...Манай эхнэр Мэндбаяр 2018 оны 05 дугаар сард зам тээврийн осолд орж Гэмтлийн эмнэлэгт хөлөө хадуулах мэс засалд орж байсан. Тэр үед эхнэрийн эмчлэгч эмч нь С.Га гэх эмч байсан. Эхнэрийг би эмнэлэгт сахиж хамт хэвтэж байсан бөгөөд эхнэрийн хэвтэж байсан өрөөнд Өвөрхангайгаас нэг малчин охин мотоциклийн осолд орсон гээд ирж хэвтэж байсан. Тэр охиныг нөхөр нь гэх залуу сахиж байсан. Тэр охины нэрийг Мөнхцэцэг гэж байсан санагдаж байна. Тэр охин ...манай эхнэртэй адил хөлөө хадуулах мэс засалд орж байсан байхаа. ...2018 оны 05 дугаар сард намайг эхнэрээ сахиад хэвтэж байх үед Мөнхцэцэг гэх охин намайг гуйж миний данснаас уг 500.000 төгрөгийг Га эмчийн данс руу шилжүүлсэн. ...Тухайн үед Мөнхцэцэгт “Га эмчийн данс руу энэ мөнгийг хийчихмээр байна” гэхээр нь би шилжүүлж байсан санагдаж байна. Мөнхцэцэг надад бэлнээр 500.000 төгрөг өгч байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

8. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

9. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 315/А дугаар тушаал /хавтаст хэргийн 80-88 дахь тал/,

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 60-66, 71-77 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Га-ыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Га-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Га нь:

“Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа:

- Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг,

- Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 8.2 дахь хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг,

- Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,

- 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.Мөнхцэцэгт түүний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5540372625 тоот дансаар дамжуулан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн хахууль авсан болох нь гэрч Ж.Мө, Ц.То, М.Мө, Ц.Тү, Х.Ца, Б.Ба, К.Ба нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, М.Мөнхцэцэг, С.Га нарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг ханГатай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл хахууль өгөгчийн ашиг сонирхол гэж “Хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэх эрмэлзэл”-ийг, 

Албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд гэж “Хууль тогтоомжоор тогтоосон албан үүргийг зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөл”-ийг, 

Хахууль авсан гэж “Албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсан”-ыг тус тус ойлгоно.

 Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн болон хувийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд байх ба шүүгдэгч С.Га нь “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс хахууль авах” нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Га-ыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгчийн үйлдсэн “Хахууль авах” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Га-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эмчлэгч эмчийн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Түүнчлэн хувийн байдал, цалин хөлсний байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү, мөн Эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Га нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Га-ыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2102002850236 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Га нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Га-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөнх овогт Сүхбатын Га-ыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Га нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Га-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ДАЛАЙХҮҮ