Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/02437

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/02437

               Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Т-д холбогдох,

Аялал жуулчлалын гэрээний хохирол /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл/-д 2.970.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, аялал жуулчлалын гэрээний хохиролд 1.762.311 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн Э.Т болон түүний гэр бүлийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Оросын Холбооны Улсын Сочи хотод болох Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзүүлэхээр Э.Ттэй 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээний хавсралт болох аялалын хөтөлбөртэй танилцуулж гарын үсэг зуруулсан. Үйлчлүүлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутад Москва-Улан-Үд чиглэлд нисэх хуваарьтай байсан ба О ХХК-ийн хөтөч Москвагийн нисэх буудал дээр 20 цаг 00 минутад хүргэж өгсөн. Гэвч үйлчлүүлэгч нь өөрийн хайхрамжгүй буруутай үйлдлээс болж онгоцноосоо хоцорсон ба билет авах мөнгөгүй болчихлоо, очоод өгье, билет захиалаад өгөөч гэсний дагуу 2.970.500 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Үйлчлүүлэгчийг Улаанбаатар хотод ирсний дараа удаа дараа уулзаж, утсаар ярьсан боловч мөнгийг өгөөгүй. Иймд үйлчлүүлэгчийн буруугаас үүдэн гарсан хохирол болох 2.970.500 төгрөгийг Э.Тгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр О ХХК-ийн захирал Н.Д нь өөрөө 19 цаг 40 минутын нислэгтэй байсан учир 19.00 цагт Э.Т болон түүний гэр бүлийг Москвагийн нисэх онгоцны буудалд хүргэж өгөөд өөрөө онгоцондоо суусан. Э.Т нь тээшээ ачаанд өгсөн боловч өөрийн буруугаас онгоцондоо сууж чадаагүй. Э.Т болон түүний гэр бүлийг нисэх буудал хүргэж өгснөөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” дуусгавар болох юм. Иймд 2.970.500 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэж байгаа учир зээлийн төлбөрийг Э.Тгээс шаардаж байна гэв.

Хариуцагч Э.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О ХХК-ийн нэхэмжилсэн 2.970.500 төгрөгийг манай гэр бүл төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд гадаад улс оронд зорчиж үзээгүй, хэл мэдэхгүй, анх удаагаа онгоцоор аялаж байгаа учир аялалыг сайн мэдэхгүй гэдгээ хэлж, 2018 оны 4 дүгээр сараас эхлээд О ХХК-ийн хүмүүстэй уулзаж ярьсан. Гэр бүлтэйгээ анх удаа гадаадад аялаж байгаа учир өөрийн нөхцөл байдлаа сайн ойлгуулж хэлсэнийг О ХХК-ийн хүмүүс мэдэж байгаа. Ингээд аялалын багцыг сонгож үнийг нь бүрэн төлсөн юм. Гэтэл аялалын компани гэрээгээр хүлээсэн үүргээ алхам дутамдаа зөрчиж, биднийг маш их чирэгдүүлсэн болно. Улмаар аялалын талаар ямар ч зөвлөгөө өгөөгүй, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хөтөч байхгүй, О ХХК-ийн захирал Н.Д нь халамцуу, өөрөө биднийг нисэх буудал хүргэж өгөөд хаясан. Миний болон манай гэр бүлийн хувьд анх удаа гадаад улс оронд зорчиж байгаа, хэл мэдэхгүй, онгоцоор явж байгаагүй хүмүүс юм. Захирал Н.Д нь биднийг 20 цаг 00 минутад хүргэж өгсөн ба онгоцоо олоод суух гэтэл 20 цаг 15 минутад сүүлчийн зорчигчоо авсан байсан. Ингээд бид онгоцноосоо хоцорсон юм. Мөн захирал Н.Д ч бас өөрөө онгоцноосоо хоцорсон байсан. Ингээд бид онгоцноосоо хоцорсон нь танай байгууллагын буруутай үйл ажиллагаа гэдэг талаар тайлбарлахад биднийг хэл амаар доромжилсон. Бид үйлчилгээний хөлсийг бүрэн төлсөн, онгоцноос хоцорсон нь О ХХК-ийн буруу учир бид нэмж мөнгө төлөхгүй. Мөн О ХХК-иас мөнгө зээлээгүй, тэд өөрийн буруугаас нэмэлт зардал гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т миний бие гэр бүлийн хамтаар 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ-ын Сочи хотод үзэх зорилгоор аялал жуулчлалын мэргэжлийн үйлчилгээг О ХХК-иас авах, хөлсөнд 7.410.000 төгрөг төлөхөөр тохирч 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулж байхдаа бид хаашаа ч явж үзээгүй, мөн эрсдэлгүй явахын тулд танайхыг сонгож үйлчлүүлж байгаа гэдгээ удаа дараа хэлж байсан, тэрч байтугай онгоцоор нисэж үзээгүй гэдгээ маш тодорхой хэлж, гэрээ байгуулсан. Үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.7-д: “Гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийг онгоц болон галт тэрэгнээс угтах болон үдэн гаргах, тоглолт болох ордонд хүргэж өгөх үйлчилгээгээр хангах үүрэгтэй”, энэхүү гэрээний хавсралтад хонох газар буюу буудлын захиалга хийх, онгоц болон галт тэрэгнээс тосох, хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэх үүргийг гүйцэтгэгч хариуцаж, эдгээр үйлчилгээний төлбөр нь гэрээний төлбөрт багтахаар харилцан тохиролцсон. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ОХУ-ын Улан-Үд хотод автобусаар ирж бууснаас хойш О ХХК-ийн амласан үйлчилгээ байхгүй болохыг мэдэрч эхэлсэн. Улан-Үд хотод хөтөч бид гурвыг тосч буудалд хүргэж өгөх байсан боловч тосч аваагүй. Бид Улан-Үдийн согтуу хөлчүү хүмүүс холхисон авто вокзал дээр 22 цаг 51 минут хүртэл 2 цаг гаруй хүлээсний дараа тосч авах хөтчөөс өөр хүн ирж тоссон боловч буудал захиалагдаагүй бид шөнөжингөө буудал хайж, өөрсдөө 1500 рубль буюу 60.675 төгрөг төлж буудалд хоносон. Энэ тухайгаа О ХХК-ийн ажилтан н.А-т утсаар мэссэж бичин мэдэгдэж, туслалцаа хүсч байсан бөгөөд уг ажилтан өөрсдөө буруугаа хүлээн, Улаанбаатар хотод ирэхээр буудлын мөнгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө гэж амласан. Маргааш өглөө нь мөн хөтөч ирээгүй урд өдрийн тосч авсан хүнээрээ хоорондоо тохиролцож нисэх онгоцны буудал хүргүүлсэн. Ингээд 6 дугаар сарын 22-ны өдөр Москва хотын нисэх буудалд буухад мөн хөтөч тосч аваагүй, оюутан охиноор газарчлуулж онгоцны буудлаас гарсан. Улмаар хөтөч биднийг тухайн өдрийн 00 цаг 34 минутаас Москва-Сочи орох галт тэргэнд суулгаж өгөх байсан боловч хөтөч ч байхгүй, тасалбар ч байхгүй орхиод явсан. Бид 3 яаж суухаа мэдэхгүй байсан тул ахиж эргэж ярьж суулгаж өгөхийг шаардсаны дагуу бас л танихгүй өөр хүн ирж галт тэргэнд суулгаж өгсөн. Гэрээгээр “Премиум” ангилалын галт тэргэнд захиалга өгөхөөр тохиролцсон боловч энгийн галт тэргээр 00-ийн өрөөний хажууд маш тухгүй бүтэн 1 өдөр, 14 цаг явсан. Москва хотод буцаж ирээд 6 дугаар сарын 26-ны өдөр бидний буудал дээр хөтөч эрт ирж Внуково онгоцны буудалд хүргэж өгөхөөр тохиролцсон боловч О ХХК-ийн захирал Н.Д нь 19 цагийн орчимд ирээд, би та нарыг замаараа хүргэж өгье гээд яаравчлан явсан боловч 20 цаг 00 минутад онгоцны буудлын гадна хаалган дээр дөхүүлж буулгаад, би өөрөө нислэгтэй гээд биднийг хаяад явсан. Бид өөрсдөө хүн гуйж зам заалгасаар онгоцны бүртгэл, шалган нэвтрүүлэхээр гүйсээр 20 цаг 24 минутад онгоцонд суух гарах хаалганд очсон боловч оруулаагүй, онгоцноос хоцорсон. Ингээд бид аргаа барж О ХХК-ийн хүмүүст хандаж, энэ тухайгаа хэлж, Москвад дахин нэг өдөр буудалд хонож, 88.187 рубль буюу 3.538.944 төгрөгөөр Москвагаас Эрхүү орох онгоцны тасалбар авсан. Үүнийг авахын тулд бидэнд мөнгө байхгүй байсан учир компанид хэлж, уг компаниас 2.970.500 төгрөг авч, үлдэгдэл 568.444 төгрөгийг өөрт байсан рублийг шавхаж төлсөн. Онгоцноос хоцорсноор Улан-Үд-Улаанбаатарын чиглэлд явах галт тэрэгний билет мөн хүчингүй болсон. Бид 6 дугаар сарын 27-нд Эрхүүд ирээд О ХХК-ийн ямар ч хүнтэй холбогдоогүй, биднийг хаясан учраас өөрсдөө Эрхүү хотоос Улан-Үд хүртэл хувийн автобусаар, Улан-Үд хотоос Монгол Улсын Алтанбулаг боомт хүртэл хувийн машинаар, Алтанбулгаас Улаанбаатар хот хүртэл бас хувийн хөлсний машинаар дамжиж явсан. Энэ хугацаанд биднээс Эрхүү-Улан-Үд 121.440 төгрөг, Улан-Үд-Алтанбулаг 97.152 төгрөг, Алтанбулаг-Улаанбаатар 105.000 төгрөг буюу нийт 393.592 төгрөгийн зардал гарсан. Аялал жуулчлалын компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ОХУ-ын Улан-Үд хотод хоносон төлбөр 60.675 төгрөг, онгоцноос хоцроод Москвад хоносон төлбөр 809.600 төгрөг, Москва-Эрхүүгийн онгоцны тасалбарын зөрүүнд төлсөн 568.444 төгрөг, Эрхүү-Улаанбаатар хүртэлх замын зардал 323.592 төгрөг, нийт 1.762.311 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж байна гэв.

Нэхэмжлэгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үйлчилгээ үзүүлэх гэрээтэй хамааралгүй бөгөөд харин өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас үүсч гарсан зардал гэж үзэж байна. Учир нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутад Э.Т гэр бүлийн хамтаар Москва-Улан-Үдийн чиглэлийн онгоцонд суух хуваарьтай байсан бөгөөд О ХХК-ийн захирал Н.Дий хамтаар тус өдрийн 19 цаг 00 минутад Москвагийн нисэх буудал дээр очсон бөгөөд Э.Т нь өөрийн ачаа тээшийг онгоцонд өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс онгоцондоо 20 цаг 40 минутад  суух ёстой гэдгийг мэдэж байсан төдийгүй талуудын хооронд байгуулсан гэрээ, мөн тус өдрийн онгоцны билет дээр маш тодорхой харагдаж байгаа. Харин Э.Т нь буудлын ойролцоох дэлгүүр хэсч яваад өөрийн буруугаас онгоцноосоо хоцорсон байдаг. Мөн Э.Т нь онгоцноос хоцорсон, бидэнд ямар ч мөнгө байхгүй, билетийн мөнгө зээлээч, очоод өгнө хэмээн авсан байтал сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан 1.762.311 төгрөгийн зардал хувиасаа гаргасан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үнэн эсэх талаар эргэлзээ төрүүлж байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь өөрийн хайхрамжгүй үйлдлээс үүдсэн, мөн баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний улмаас өөрт учирсан хохирол гэх агуулгаар, мөн уг гэрээний үүрэг дуусгавар болсон учир талуудын хооронд шинээр зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр хариуцагч Э.Тгээс 2.970.500 төгрөг /шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2.971.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж 2.970.500 төгрөг шаардсан/-ийг нэхэмжилжээ.

Хариуцагч Э.Т нь аялал жуулчлалын компани буюу нэхэмжлэгч компани өөрөө гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар  нэхэмжлэгчийн шаардсан 2.970.500 төгрөгөөс илүү гарсан зардал гэх 1.762.311 төгрөгийг О ХХК-иас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 1.2-т: “Энэхүү гэрээний зорилго нь гүйцэтгэгч талаас санал болгож буй үйлчилгээнээс үйлчлүүлэгч сонгож, хөл бөмбөгийн тэмцээн үзэх тасалбар захиалга хийх, зөвлөгөө өгөх, тээвэр болон буудал захиалга, хөтөчийн үйлчилгээ зэрэг талуудын хоорондын харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн гэрээний 3.7-д: “Гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийг онгоц болон галт тэрэгнээс угтах болон үдэн гаргах, тоглолт болох ордонд хүргэж өгөх үйлчилгээгээр хангах үүрэгтэй”, 1.3-т: “Үйлчлүүлэгч тал нь 7.410.000 төгрөгийн аялалыг гүйцэтгэгч талд захиалсан болно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч О ХХК нь аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлэх, хариуцагч Э.Т нь харилцан тохиролцсон багц үйлчилгээний үнийг төлөх үүрэг хүлээж, Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасан аялал жуулчлалын гэрээг байгуулсан гэж үзэхээр байна. /хх 8 дугаар тал/

Талууд дээрх гэрээг байгуулахдаа гэрээний нөхцлийг нэг бүрчлэн тохиролцож тогтоогоогүй, жуулчин нь аялал жуулчлал зохион байгуулагч О ХХК-ийн урьдчилан бэлдсэн аялалын багц хөтөлбөрөөс сонгож, тус компанийн санал болгосон гэрээнд гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал, 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, Оросын Холбооны Улсын Москва-Улан-Үд чиглэлийн орон нутгийн нислэгээс хоцорсон явалд хариуцагч буюу жуулчин өөрөө буруутай гэж үзжээ. Аялал жуулчлалын компанийн төлөвлөсөн хуваарьт нислэг болох Москва-Улан-Үдийн чиглэлийн Dp-425 дугаартай нислэг зорчигчдоо орон нутгийн цагаар 20 цаг 15 минутад суулгаж, 20 цаг 40 минутад нисэх байсан нь баримтаар тогтоогдсон байна. /хх 53 дугаар тал/    

Аялал жуулчлал зохион байгуулагч О ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа жуулчныг 20 цаг 00 минутад нисэх буудлын үүдэнд хүргэж өгсөн гэж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд 19 цаг 00 минутад хүргэж өгсөн гэж хоёр өөр, зөрүүтэй тайлбар гаргажээ. Ийнхүү нэг үйл баримтын талаар хоёр өөр тайлбар гаргаж байгааг “эргэлзээгүй, үнэн, зөв” гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг ба энэ үүргээ биелүүлээгүй эрсдлийг тухайн тайлбар гаргасан этгээд өөрөө хариуцдаг тул жуулчныг боломжит хугацаанд нисэх буудалд хүргэж өгсөн, гэрээнд заасны дагуу нисэх буудлын журам, нисэх онгоцонд суух хүртэлх маршрутын талаар зохих ёсоор зөвлөж, жуулчныг үдэж өгсөн гэж үзэх боломжгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.11-д заасан: “ үйлчлүүлэгч нь онгоц нисэхээс 2-оос доошгүй цагийн өмнө товлосон газарт бэлэн байна ...” гэж жуулчинд үүрэг хүлээлгэсэн заалт нь уг гэрээний 3.7-д заасан онгоц болон галт тэргээс угтах, онгоц болон галт тэргэнд үдэн гаргах, холбогдох зөвлөгөөг өгөх тухай аялал жуулчлалын компанид үүрэг хүлээлгэсэн заалттай зөрчилдөж байна. Стандарт нөхцөл бүхий гэрээний нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар, санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарладаг тул маргаж буй гэрээний агуулгыг жуулчинд ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй юм.  

Дээрх үндэслэлээр гэрээний агуулгыг тайлбарлавал, аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчныг нисэх буудалд 2-оос доошгүй цагийн өмнө хүргэх үүрэгтэй байсан гэж үзэхээр байх ба аялал жуулчлал зохион байгуулагч нь ийнхүү гэрээнд заасан хугацаанд жуулчныг хүргээгүй болох нь нэхэмжлэгчийн “...20 цаг 00 минутад хүргэсэн...”, “...19 цаг 00 минутад хүргэсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд жуулчин нислэгээсээ хожимдсон явдалд аялал жуулчлал зохион байгуулагч компанийг буруутай гэж үзнэ. Нөгөө талаас, аялал жуулчлал зохион байгуулагч нь аялалын цогц үйлчилгээ санал болгосныг жуулчин хүлээн авсан, хөтөч, буудал, үзвэр, тээврийг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцахаар тохиролцсон, мөн аялалын явц дахь зайлшгүй шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгөх үүрэг хүлээсэн, энэ цогц үйлчилгээний төлөө жуулчин хөлс төлсөн байх тул аялал жуулчлалын компанийг зөвхөн “нисэх буудлын үүдэнд хүргэх” үүрэг хүлээсэн, жуулчин нь нисэх буудалд бууснаас хойш нисэх онгоцонд суух хүртэл өөрөө өөртөө газарчлах, хөтөч хийх, зайлшгүй шаардлагатай мэдээллийг өөрөө олж авах /ачаагаа хүлээлгэж өгөх, тасалбараа баталгаажуулах, орон нутгийн нисэх онгоцонд суух хаалга хүрэх зэрэг/ үүрэг хүлээсэн гэж үзэж, жуулчныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1-д зааснаар аялал жуулчлал зохион байгуулагч нь аливаа доголдлыг гаргахгүйгээр аялалыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байдаг ба энэ үүргээ биелүүлээгүй байх тул жуулчин буюу хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, түүнээс хохирол шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь 2.970.500 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа аялал жуулчлалын гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш /жуулчныг нисэх буудлын үүдэнд хүргэж өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн/ нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж, 2.970.500 төгрөгийг хариуцагчаас авсан, Монгол Улсад очоод эргүүлж төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзжээ.

Хариуцагч Э.Т нь, нисэх буудлаас аялал жуулчлал зохион байгуулагч руу ярьж нисэх онгоцны тасалбарын үнэ 2.970.500 төгрөгийг шилжүүлэхийг хүссэн, Монгол улсад очоод төлнө гэж хэлж байсан талаар болон 2.970.500 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ.

Аялал жуулчлал зохион байгуулагч болон жуулчин нь дээрх зээлийн тохиролцоог хийх үед Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах зарчим хэрэгжсэн гэж үзэхээргүй байна. Тухайлбал, жуулчны хувьд хуваарьт нислэгээсээ хоцорсон, нислэгийн тасалбар захиалах мөнгөгүй болсон, гадаад улсад зорчиж байсан, гэр бүлийн хамт аялаж байсан зэрэг нөхцөл байдлууд нь түүнийг мөнгө зээлэх талаар аялал жуулчлал зохион байгуулагчид хүсэл зоригоо “чөлөөтэй”, “эрх тэгш” нөхцөлд илэрхийлсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх эргэлзээгүй тогтоогдсон үйл баримтыг үнэлэх учиртай. Иймд “мөнгө зээлэх хүсэлгүй байсан”, “Монгол улсад очоод гэрээг дахин дүгнэх бодолтой байсан” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжтой байна.

Дээр дурдсанаар талууд мөнгө зээлэхээр харилцан тохиролцох үед Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан  иргэний эрх зүйн харилцааны суурь зарчмууд зөрчигдсөн байх тул уг “зээлийн гэрээ”-г хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзнэ. Хууль зөрчиж байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байдаг тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах боломжгүй юм.

Хэлцэл хүчин төгөлдөр бус болсон бол талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шилжүүлсэн хөрөнгөө харилцан буцааж өгөх үүрэгтэй ба уг үүргийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчээс авсан 2.970.500 төгрөгийг хариуцагч нь аялал жуулчлал зохион байгуулагчийн хүлээсэн үүргийн зөрчлийг арилгахад зарцуулсан байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч нь мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг мөнгийг буцаан шаардах боломжгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг аялал жуулчлалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, аялал жуулчлал зохион байгуулагч О ХХК-иас өөрт учирсан хохиролд 1.762.311 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Э.Т нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлд дурдагдсан зардал хариуцагчаас гарсан болох нь баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Э.Тгээс 2.970.500 төгрөг гаргуулах тухай О ХХК-ийн нэхэмжлэл болон О ХХК-иас 1.762.311 төгрөг гаргуулах тухай Э.Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.486 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР