Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржпаламын Сугар |
Хэргийн индекс | 147/2016/0190/Э |
Дугаар | 81 |
Огноо | 2016-11-30 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 81
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Б.Уранцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Х.Сайнбилэгт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Сайнбилэгтэд холбогдох 201617000296 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн харьяат, 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт Мөнххаан сумын 3 дугаар баг, Цагааннуур гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ЛК81120215, Жаргалант овгийн Халтарын Сайнбилэгт
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:
Яллагдагч Х.Сайнбилэгт тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 07 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Заан ширээ” гэх газарт байх иргэн Г.Дэлгэрдалайгийн өвөлжөөн дээрээс 4 метрийн урттай шургааг мод 60 ширхэг, 5 сантиметрийн зузаантай банз мод 33 ширхэгийг хулгайлж бусдад 612.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Сайнбилэгт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Батхишигийг Дэлгэрдалайгийн өвөлжөөнөөс шургааг мод авья гэж хэлсэн. Би Батхишигт “”Би Г.Дэлгэрдалай ахаас авлагатай юм. Өвөлжөөнөөс нь мод банз авья” гэж хэлсэн. Батхишиг намайг хулгай хийж байгааг мэдээгүй. Г.Дэлгэрдалайд мод банзыг бүгдийг нь тоо ёсоор нь буцааж өгсөн гэв.
- Хохирогч Г.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын дундуур сумын наадам өнгөрсний дараа өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөний хажууд байсан 60 ширхэг шургаа, 33 ширхэг банз алга болсон байсан. Тэгээд Сайнбилэгттэй очиж уулзахад авснаа хүлээж, Батхишиг гэдэг залуугийн машинтай явсан байсан. Батхишиг нь хэлэхдээ Сайнбилэгт рүүгээ чи авлагатай гээд намайг аваад явсан биз дээ гэж байсан. Миний бодлоор Батхишигтээ Сайнбилэг нь худлаа ярьсан юм шиг санагдсан. Тэгээд манайхаас авсан шургаа, банзаа бүрэн хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, / хх-н 18-19 х /
- Гэрч О.Оюунсувдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...гэртээ очиход нөхөр Сайнбилэгт нь баларсаан хүнээс өрөндөө мод авч байгаа цуг яваад өгөөч гээд Батхишигийг дагуулаад Дэлгэрдалайн өвөлжөөнөөс шургаа, банз авчихсан чинь Дэлгэрдалай мэдчихлээ гэж байсан. Тэгэхээр нь Батхишиг мэдэж байгаа юм уу гэхэд мэдээгүй, хүнээс өрөндөө авч байгаа гэж хэлсэн гэсэн. Дэлгэрдалай модоо авна гээд ирэхэд нь мэдсэн гэж байсан гэх мэдүүлэг, / хх-н 20 х /
- Иргэний нэхэмжлэгч Ж.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Уг машин миний эзэмшлийн машин байгаа юм. Одоо уг машин мотор нь эвдэрээд байгаа тул 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Гэхдээ машинаа нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-н 21 х /
- О.Батхишигийн сэжигтнээр мөрдөн байцаалтанд өгсөн: ...Сайнбилэгт ирээд чи машинаа авчих Дэлгэрдалайн өвөлжөө орж мод ачаад ирье гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд өрөндөө авч байгаа гэж хэлсэн. Дэлгэрдалайд хэлчихсэн гэхээр нь өөрийнхөө 03-71 СҮА улсын дугаартай цагаан өнгийн портер машиныг аваад Сайнбилэгтийн хамт гэрээсээ хойш Заан ширээ гэх газар руу явсан. Тэгээд Дэлгэрдалайн өвөлжөөнөөс 60 ширхэг шургаа, 33 ширхэг банзыг ачаад буцаад гэр рүүгээ явсан. 2-3 хоногийн дараа Дэлгэрдалай ирээд манай шургаа, банзыг авсан байна гэхээр нь Сайнбилэгтээ юу болоод байгаа юм бэ гэж асуухад хулгай хийчихсэн юм гэж хэлсэн. Би Дэлгэрдалайг ирэхээр нь Сайнбилэгтийг хулгай хйисэн юм байна гэж мэдсэн... гэх мэдүүлэг, / хх-н 28-29 х /
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 8-10 х /
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-н 11 х /
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ / хх-н 12-16 х /
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49 х /
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 54 х /
- Эд зүйлийн үнэлгээ / хх-н 61 х /зэрэг болно.
Шүүгдэгч Х.Сайнбилэгт нь тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 07 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Заан ширээ” гэх газарт байх иргэн Г.Дэлгэрдалайгийн өвөлжөөн дээрээс 4 метрийн урттай шургааг мод 60 ширхэг, 5 сантиметрийн зузаантай банз мод 33 ширхэгийг хулгайлж бусдад 612.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Сайнбилэгтийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Дэлгэрдалайн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Сайнбилэгт нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан шууд санаатайгаар хулгайлсан болох нь шүүгдэгч А.Сайнбилэгтийн “ Дэлгэрдалайн өвөлжөөнөөс мод авах зорилгоор Батхишигт худлаа яриад 03-71 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж авчихсан юм. Батхишиг намайг хулгай хийснийг мэдээгүй” гэх, хохирогч Г.Дэлгэрдалайн “манай өвөлжөөний хажууд байсан 60 ширхэг шургаа, 33 ширхэг банз алга болсон байсан. Тэгээд Сайнбилэгттэй очиж уулзахад авснаа хүлээж, Батхишиг гэдэг залуугийн машинтай явсан байсан.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
Шүүгдэгч Х.Сайнбилэгтэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Х.Сайнбилэгтийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Х.Сайнбилэгт нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулахаар тогтоолоо.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д, бусдад учруулсан хоирол нөхөн төлөгдсөн мөн хуулийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Х.Сайнбилэгт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу түүний хулгайлсан эд зүйл буцаан олгогдсон, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Хохирогч Х.Сайнбилэгтэд учирсан хохирол бүрэн арилсан, шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй тул Х.Сайнбилэгтийн өмчлөлийн 5 ханатай Монгол гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.10.15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Ж.Баярмаагийн өмчлөлийн 03-71 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.10.15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаргалант овгийн Халтарын Сайнбилэгтийг тээврийн хэрэгсэл ашиглан бага бус хэмжээний хохирол учруулан бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х.Сайнбилэгтийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Сайнбилэгтэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан Х.Сайнбилэгтэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Х.Сайнбилэгтэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулий 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан Х.Сайнбилэгтийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх тул уг тээвэрийн хэрэгслэлийн үнэ болох 1.000.000 / нэг/ сая төгрөгийг Х.Сайнбилэгтээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
7.Ялтан Х.Сайнбилэгт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Дэлгэрдалай нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Х.Сайнбилэгтийн өмчлөлийн 5 ханатай Монгол гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.10.15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Ж.Баярмаагийн өмчлөлийн 03-71 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.10.15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Сайнбилэгтэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч,иргэний нэхэмжлэгч,иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР