Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00392

 

  Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Г овогт Э.П ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сум, 5 дугаар багт байрлах “Булган АЗЗА” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай 132/2018/00303/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.П , түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1962 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Булган АЗЗА” ТӨХК-нд нярав ажилтай, Б овогт Ш. Н хариуцагч байгууллагын өмгөөлөгч О.Энхсаруул, Д.Булганчимэг,

Гэрч: 1981 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, “Булган АЗЗА” ТӨХК-нд хүний нөөц ажилтай, , Ч овогт Б. У

Гэрч: 1984 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, “Булган АЗЗА” ТӨХК-нд ерөнхий инженер ажилтай, Б овогт Э. М нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.П  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах болсон учир нь “Булган АЗЗА” ТӨХК-нд хуулийн зөвлөх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад “Сахилга хариуцлага дэг журмыг хэвшүүлэх тухай” Б/30 дугаар бүхий тушаалыг хэрэгжүүлэх ажилд хариуцлагагүй хандаж байгууллагын дотоод ажилд санаатайгаар саад учруулан энэ талаар удирдлагаас бичгээр болон амаар өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй нь захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байдлаар нотлогдож байгаа тул 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажилаас халсугай" гэх үндэслэлээр үндэслэлгүйгээр халагдсан. Би хөдөлмөрийн болон сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Харин 2017 оны 7 дугаар сараас гүйцэтгэх захирал Б.Батсайхантай муудалцсан. Үүнээс хойш удирдлагын зүгээс надад шахалт дарамт үзүүлж эхэлсэн. 2017 онд надад хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдээгүй. Намайг ажлаас халсан 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/59 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул тус тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн томилуулах хүсэлтээ илэрхийлж байна. Мөн ажилгүй байх хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Булган АЗЗА” ТӨХК-ийн Дашинчилэн сум дахь Замын хэсэгт 2013 оноос эхлэн мэргэжилтэн хэсгийн дарга, аж ахуйн няравын ажлыг хийж байгаад 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компаний захирал ээлжийн амралтаа аваад цаашид эмчилгээ хийлгэх болсонтой холбогдуулан гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон. Гүйцэтгэх захиралтай байгуулсан контракт гэрээний дагуу захирал 30 хоногоос дээш хугацаагаар эзгүй байх тохиолдолд компаний ТУЗ-ийн даргатай зөвшилцөн түр орлон гүйцэтгэгчийг томилдог юм. Миний хувьд энэ жил анх удаагаа үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд үүнээс өмнөх хугацаанд нэхэмжлэл гаргагч Э.П  захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байдаг. Би томилогдон ажилласан хугацааныхаа тайланг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үүрэг гүйцэтгэсэн хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж, тушаал шийдвэр гаргаж байсан эсэх, энэ талаар ямар нэг санал гомдол байсан эсэхийг гүйцэтгэх захирал Б.Батсайхан захирлын зөвлөлийн гишүүдээс асуухад тийм асуудал байхгүй болохыг 100 хувийн саналаар дэмжсэн болно. Үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хугацаанд компаний дотоод асуудалтай холбоотой бүхий л асуудлаар тушаал шийдвэр гаргах, санхүүгийн гүйлгээнд 1 дүгээр гарын үсэг зурах зэрэг гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг шилжүүлэн авч ажилласан. Миний хувьд компаний дотоод ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлт, ажилтнуудын сахилга хариуцлага, ажил хариуцах чадварыг сайжруулах, компаний хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм журмыг шинэчлэх сайжруулах, ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зэрэг ажилд анхаарлаа чиглүүлж ажилласан. Ялангуяа МУ-ын Засгийн газрын 2017 оны "Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 1 дүгээр албан даалгаврыг тус компани дээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд тушаал, төлөвлөгөө гарган хариуцах эзнийг томилон хэрэгжилтийг тухай бүр захирлын зөвлөлийн болон удирдах ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэн ажилласан. Мөн намайг үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд аймгийн төвд шүлхий өвчин гарсан тул аймгийн Онцгой комиссын гишүүнээр ажиллаж өгсөн үүрэг даалгаврыг байгууллага дээр хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангаж ажилласан. Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд тус компаний удирдах албан тушаалтнууд болох ерөнхий инженер, ерөнхий нябо болон бусад ажилтнууд надтай хамтран ажилласан. Гагцхүү ХАБЭА-н ажилтан Э.П  санаачлан хийж байгаа ажлыг шүүмжлэх, эсэргүүцэх, хэрэгжүүлэхгүй байх зэрэг асуудлыг удаа дараа гаргаж компаний дотоод ажилд саад учруулж ирсэн. Тэр ч байтугай захирлын зөвлөлийн хурал дээр болон албан өрөөнд минь "балай авгай минь зайлаарай. Наад суудал дээрээ удаан суухыг чинь харна" гэх мэтээр намайг хэл амаар доромжлох, заналхийлэх байдлыг удаа дараа гаргаж байсан. Үүнийг захирлын зөвлөлийн гишүүд болон бусад ажилтнууд мэднэ. Энэ тухайд өөрт нь төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэх ажилд саад учруулахгүй хамтран ажиллах, ажлаа удирдлагад танилцуулах талаар амаар болон албан мэдэгдлээр хэд хэдэн үүрэг өгсөн боловч ямар ч хариу ирүүлээгүй, мөн анхааруулсан хугацаатай мэдэгдэл өгснийг ч үл ойшоосон болно. Миний хувьд Э.П тэй ямар нэг өс хонзон байхгүй урьд өмнө бидний хооронд маргаан, үл ойлголцол гарч байгаагүй энгийн нөхөрсөг харилцаатай хэдэн жил ажиллаж ирсэн тул аль болох ойлголцохыг хичээж ажилласан боловч энэ хүн ер хүлээж аваагүй нь намайг үүрэг гүйцэтгэгчээр томилогдсонтой холбоотой, эсхүл гүйцэтгэх захирал Б.Батсайхантай ямар нэг асуудал байгаагийн улмаас асуудлыг зориуд санаатайгаар хурцатгаж байсан гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэл гаргагч Э.П  нь 2017 оны 11,12 дугаар сард олон хоногийн хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ажил хийдүүлэх явдлыг гаргаж байсан бөгөөд ажилдаа ирж ажлаа хийхийг холбогдох албан тушаалтнуудаар хэлүүлж шаардуулж байсан ба компаний удирдлагын тухайд ахуй амьдралыг нь харж үзэн ажил тасалсан зарим хоногийг ээлжийн амралтад тооцох шийдвэр гаргаж байсан. Нэхэмжлэл гаргагчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоногоор ажил таслах, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, ажилдаа хариуцлагагүй хандсан тухайд нь анхааруулах сахилгын шийтгэл ноогдуулах захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэх зэргээр удирдлагын зүгээс бүхий л арга хэмжээг авч ажилласан боловч Э.П  энэ тухайдаа дүгнэлт хийж зөрчлөө засаагүй тул холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан болно. Иймд нэхэмжлэгч Э.П ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Б.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Булган “АЗЗА” ТӨХК-нд хүний нөөц ажилтай. Манай компаний гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/30 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэх тухай” тушаалын хэрэгжилтийг ажил хариуцсан албан тушаалтнуудаас шаардаж, хэрэгжилтийг дүгнэх гэтэл Э.П  өөрийн хариуцсан ажлаа хийж гүйцэтгээгүй байсан. Түүнд амаар болон бичгээр мэдэгдэл өгсөн. Өөрөө бол ажлаа хийж байгаа гэдэг боловч хийсэн ажлаа огт танилцуулдаггүй байсан. Э.П  нь олон хоногоор ажлаа тасалдаг байсан гэв.

Гэрч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Булган “АЗЗА” ТӨХК-нд ерөнхий инженер ажилтай. Э.П  нь 2017 оны сүүлчээр нилээд олон хоног ажилдаа ирээгүй. Захирлын тушаалаар Э.П ийн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар сонссон. Байгууллага тендэрт орох гэж байгаа тул тушаалд гомдол гаргахгүй гэх зүйл ярьж байсныг мэднэ гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.П  нь “Булган АЗЗА” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.П  нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч “...Э.П  нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил тасалдаг...” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.П , хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр дууссан, дахин мөн хугацаагаар хөдөлмөрийн гэрээг сунгаж ажилтан ажлаа гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/59 тоот тушаалаар цуцлажээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

Хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/59 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын  6.1.1-д заасныг баримтласан ба ажлаас халсан үндэслэл нь “гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Сахилга хариуцлага дэг журмыг хэвшүүлэх тухай” Б/30 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажилд хариуцлагагүй хандаж байгууллагын дотоод ажилд санаатайгаар саад учруулан, энэ талаар удирдлагаас бичгээр болон амаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэжээ. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгох ба эдгээр зөрчил тус, тусдаа баримтаар нотлогдсон байвал зохино.

Э.П ийг ажлаас халах тухай шийдвэр гарахаас өмнө түүнд сануулах, цалингийн хэмжээг 2 сарын хугацаанд 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь “Булган АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/132 тоот “Арга хэмжээ авах тухай”, захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/28 тоот тушаалуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 23 хоног ажиллахаас 9 хоног ажилласан /үүнээс 14 хоног тасалсан/, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 21 хоног ажиллахаас 0 хоног ажилласан /21 хоног тасалсан/, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 21 хоног ажиллахаас 6 хоног ажилласан /15 хоног тасалсан/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 22 хоног ажиллахаас 6 хоног ажилласан /12 хоног тасалсан/, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 20 хоног ажиллахаас 13 хоног ажилласан /7 хоног тасалсан/ болох нь ажил олгогчоос гаргасан цагийн бүртгэлээр нотлогдож байх ба энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Олон хоногоор ажил тасалсан үйлдлийг байгууллагын удирдлагатай муудалцсан гэж, захирлын тушаалд гомдол гаргаагүй шалтгаанаа байгууллагаа бодсон гэж тайлбарласан.

Э.П ийн ажлын цаг тасалсан, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан үйл баримт нь цагийн бүртгэлээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авсан нь үндэслэлтэй болжээ.

Харин Булган АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/87 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд хариуцагч тал түүнийг ямар зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, уг тушаалыг зөрчил гаргагчид мэдэгдсэн болохоо баримтаар нотлогдоогүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан хуулийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч Э.П  нь Булган АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/30 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэх тухай” тушаалыг хэрэгжүүлэх ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр үүрэгт ажлаас халагдсан байна.

Булган АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/30 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэх тухай” тушаалын хэрэгжилтийн хүрээнд  Э.П  нь “Захирлын зөвлөлийн хурлын журмыг шинэчлэн боловсруулж, батлуулах”, “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-д өөрчлөлт оруулах ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй болох нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл”, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл”, Гүйцэтгэх захирлын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хурлын 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тэмдэглэл, үүрэг даалгаврын биелэлт, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01/110 тоот “Даалгавар хүргүүлэх тухай” албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Үүгээр нэхэмжлэгч Э.П ийг сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон гэж үзнэ.

Э.П ийг ажлын цаг хийдүүлсэн, удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлага биелүүлээгүй, шалтгаангүй ажил тасалсан ажлын хариуцлага алдсан үндэслэлээр сануулах, цалин бууруулах арга хэмжээ авсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болохоор заасан байдаг.

Өмнө дурдсанчлан, Э.П  нь ажлын цаг тасалсан, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн өдрийн Б/59 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн ажлаас халах тушаал гаргасныг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь сахилгын зөрчил гаргасан, сахилгын зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйлийг тушаалд дурдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулгыг илэрхийлсэн байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Э.П ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь: 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.П ийн нэхэмжлэлтэй, “Булган АЗЗА” ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       О.ОДОНЧИМЭГ