Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Бд холбогдох  

 

Эрүүл мэндэд учирсан хохирол 1 214 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч И.Бы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн стадион Оргилын ойролцоо хорооллын үүдэнд явж байтал төв замаас 13-43 УНҮ улсын дугаартай Делика Д:5 маркийн автомашин гарч ирэн, явган зорчигчид зам тавьж өгөх замын хөдөлгөөний дүрэм зөрчиж намайг мөргөсөн. Миний бие хэсэг хугацаанд ухаан алдаж толгойгоороо унасан. Эмнэлэг явж /ГССҮТөв/ зураг авахуулсан боловч 3 хоног даралт ихсэж хэвтрийн дэглэм сахьсан. Иймд нарийн шинжилгээ оношилгоо хийлгэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Иймд иргэн И.Баас эмчилгээний зардал болон шинжилгээ өгсөн зардал, эм тарианы үнэд нийт 1 214 6920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1343 УНН улсын дугаартай автомашин жолоодож явахдаа иргэн Б.Н гуайг шүргэсэн. Тухайн үед миний бие Б.Н гуайг гэмтсэн эсэхийг асууж, өөрийн унаагаар гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч үзүүлсэн. Тэр үед Б.Н ухаан алдаагүй байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд Б.Нийн биеийг рентгенд харж, гэмтэлгүй гэж гарсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ил харагдах шар, гэмтэлгүй байсан. Мөн толгойн КТГ-ын зургийг авахуулсан. Эмний мөнгө 12 300 төгрөг, КТГ-ын төлбөр 80 000 төгрөгийг төлсөн. Уг зургийг авахуулахад хариу нь ямар нэгэн цус хуралт, битүү гэмтэл байхгүй гэж гарсан. Миний бие шүүхэд Б.Нийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Баас 829 620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 33 701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24 461 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч И.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хариуцагчаас 829 620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгчид учирсан хохирол шалтгаант холбоотой байна гэсэн байх боловч гэм хор учирсан гэх эмчилгээний зарим зардал хоорондын шалтгаант холбоог шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн тогтоогоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:       

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

 

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч И.Бд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 214 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч И.Б нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хурд хорооллын баруун гарц дээр Делика маркийн 13-43 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Нийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэр ногдуулсан тухай хуудас, банкны гүйлгээний баримт зэргээр тогтоогдсон, хариуцагч нь осол болсон үйл баримтын талаар маргаагүй байна. /хх 2-6, 7, 8-9/ 

 

Хэрэгт нэхэмжлэгч Б.Нийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн зөвлөгөөний дагуу өөрийн биед учирсан гэмтэл, зовиурыг шинжлүүлэхээр 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүзүүний КТГ шинжилгээ өгч 120 000 төгрөг, “Интермэд” эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авч 35 000 төгрөг, тус эмнэлэгт MRI, рентгенд харуулж 663 000 төгрөгийг тус тус төлсөн, мөн эм, тарианы зардалд 11 620 төгрөг зарцуулсан талаарх баримтууд авагдсан байх тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Бы буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд, гэм хор учирсан шалтгаант холбоотой гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 829 620 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН