Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
Хэргийн индекс | 152/2016/0078/э |
Дугаар | 85 |
Огноо | 2016-11-30 |
Зүйл хэсэг | 245.2., |
Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 85
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овгийн Жүүхээгийн Батбаярт холбогдох эрүүгийн 201520000202 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261дүгээр зүйлийн 261.1 хэсгүүднд зааснаар 2 жил 1 сар хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:ОВ83031312, Булгадар овгийн Жүүхээгийн Батбаяр.
Хэргийн товч утга:
Шүүгдэгч Ж.Батбаяр нь давтан үйлдлээр /хулгайн гэмт хэрэгт ялтай байх хугацаандаа/ 2016 оны 02 дугаар сарын дундуур Улаангом сумын 9 дүгээр баг 0-09 тоотод оршин суух иргэн Б.Сүрэнгийн гэрээс эмэгтэй хүний хуучин савхин дээл, самсунг галакси загварын гар утас, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлж бусдад 316.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9-р тал/,
2. Хувцас, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 11, 13-14-р тал /,
3. Хохирогч Б.Сүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 03-нд хөдөө яваад мал дээр байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Манайх хашаандаа ганц гэрээрээ байдаг бөгөөд би явахдаа гэрийн хаалгыг Монгол цоожоор түгжиж хашааны хаалгыг хаймран ременээр баглаж хүлсэн байсан. Манай гэрт орсон хулгайч манай гэрээс савхин куртик, гар утас, мөнгөн бүс зэрэг эд зүйлүүд хулгайлсан байсан ба тухайн үед хаврын мал төллөлтийн ажил ихтэй байсан учраас зохих байгууллагад хэлж мэдэгдэлгүй орхичихсон. Миний алдсан эд зүйлийн онцлог содон зүйл гэвэл савхин куртикийг 2014 онд шинээр худалдаж авсан, хавар намрын, урт загвартай, хар өнгийн, эмэгтэй хүний савхин материалтай дээл бөгөөд ямар нэгэн урагдаж сэмэрсэн зүйлгүй байсан. Самсунг /Galaxy/ загварын гар утас нь мобиком сүлжээний, боронзон шаргал гадартай, товчлууртай, хагарч цуурч гэмтсэн зүйлгүй, 1 жилийн өмнө 85.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан утас байсан. Бүсний хувьд суран ба мөнгөн тоногтой, эмэгтэй хүний бүс байсан бөгөөд би куртикаа 250.000 төгрөгөөр, гар утсаа 100.000 төгрөгөөр, мөнгөн бүсийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хулгайч манайд орохдоо тооноор орсон байсан ба ямар нэгэн ул мөр гэх зүйл байгаагүй. Хашааны гаднах ременийг хутгаар хэрчээд хаячихсан байсан. Тухайн үед гэрээс өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан. Уг нь гэрээс аваад гарчихаар өөр бусад эд зүйлүүд олон байсан ч дээрх алдагдсан зүйлээс өөрөөр ямар нэгэн эд зүйл аваагүй байсан. Тухайн үед манай гэрийн авдар цоожгүй байсан. Би хөдөө явахдаа хажуу талын айлын хүн болох Батбуян ахад манайхыг харж байгаарай захиж үлдээгээд явсан байсан. Батбуян ах манай гэрт хулгай орсон гэдгийг мэдээгүй байсан бөгөөд намайг ирэхээс 2 хоногийн өмнө манай гэрийг эргэхэд зүгээр байсан гэсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 17-р тал/,
4. Гэрч Ц.Сурвалжлагчийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.Батбаяр нь манай багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаяган дээрээ байдаггүй. Ж.Батбаяр нь тэнүүлч амьдралтай, ах эгч нарынхаа үгэнд ордоггүй, ганцаараа амьдрах сонирхолтой, хаана ч хамаагүй амьдарч явдаг хүн юм. Түүний нэг төрсөн ах нь Хилийн цэргийн албанд ажиллаж байсан Батхуяг гэдэг хүн байдаг ч тэрнийхээ үгэнд ерөөсөө ордоггүй, тоодоггүй бөгөөд хааяа нэг гэрээр нь орж гардаг юм шиг байна лээ. Ажил хий гэхээр ажил хийх сонирхолгүй, тодорхой орлогогүй, зуугуул /тэнүүлч/ амьдрал, хэв маягийг чухалчилдаг юм байна лээ. Халамжийн байгууллагаас нэн ядуу болон шүүхээр ял шийтгэгдэж байсан иргэдийг нийгэмшүүлэхэд тус нэмэр болох зорилгоор 1.2 сая төгрөгийн тусламж олгодог бөгөөд тэр мөнгийг нь авах зорилгоор материал бүрдүүлж өгч байсан. Тэр мөнгөө аваад харин үр ашиггүй зарцуулсан байх. Ж.Батбаяр нь зан төлөвийн хувьд догшин ширүүн, хэрцгий зан авир байдаггүй. Хүн юм хэлэхээр хүлээцтэй сонсоод ойлгоод байгаа юм байдаг боловч тэрнийгээ амьдралд хэрэгжүүлдэггүй юм шиг санагдсан. Хүнд үнэн сэтгэлээсээ хандаж юм хэлдэггүй, болохгүй зүйл байвч тэрнийгээ нээж яриад байдаггүй, дотогшоо гэмээр зан ааштай залуу байдаг. Мөн дутагдалтай тал гэвэл архи уух зуршилтай юм шиг байсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө, гэр орон байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
5. Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хувьд Ж.Батбаяр гэх залууг зүс танина. Хүнээс сонсоход өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэгдэж байгаад өршөөлөөр суллагдсан гэж байсан. Хааяа гадуур таарахад голдуу захын тэр хавиар явж таардаг юм. Миний бие захын гуанзнуудад шаахайгаар ус зөөх ажил хийдэг юм. Миний санаж байгаагаар 2016 оны 06 дугаар сарын 24-26-ны өдрийн аль нэгэнд нь байх Ж.Батбаяр нэг савхин куртик барьчихсан “Зармаар байна” гэж хэлээд явж байсан тул би сонирхож үзэхэд эмэгтэй хүний, өвдөгний үе орчмоор татдаг, хар өнгөтэй, хуучин, ямар нэгэн уранхай, цоорхойгүй куртик байсан тул би Ж.Батбаярт 6000 төгрөг өгөөд худалдаж авсан. Би түүнээс ямар учиртай куртик болохыг нь асуухад “Манай эгчийнх” гэж хэлсэн байх. Тухайн үед Ж.Батбаяр “Надад мөнгөний хэрэг гараад байна. Ганц юм авч уух гэсэн юм” гэж хэлэхээр нь би тэр куртикийг хуучин, хэрэгцээгүй, комиссын барааны куртик юм байна гэж бодоод худалдаж авсан юм. Тухайн үед би ганцаараа байсан бөгөөд би худалдаж авсан куртикийг гэртээ хадгалж байсан. Одоо манай гэрт байгаа. Би хямдхан куртик таарахаар нь худалдаад авчихсан бөгөөд надад Ж.Батбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
6. Гэрч О.Батбуянгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх одоо байгаа хашаандаа 3 жил орчим оршин сууж байна. Манай арын хашаанд Б.Сүрэнгийнх байдаг бөгөөд Сүрэн хөдөө явахдаа бид нарт хашаагаа захиж үлдээгээд явдаг юм. Харин Сүрэн хавар 2 дугаар сарын эхээр хөдөө яваад 3 дугаар сарын дундуур ирсэн. Яг хэдний өдөр яваад хэдний өдөр ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Сүрэн нь байнга л хөдөө явж байдаг бөгөөд хөдөө явсан хойгуур нь би гэрээсээ гарахдаа тэдний хашаа болон гэрийн ерөнхий байдлыг нь харж, орой унтахдаа дахин харчихаад унтдаг юм. Сүрэн нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хашаандаа 1 гэрээрээ байдаг юм. Хавар Сүрэн хөдөөнөөс ирчихээд 1 хоногийн дараа байх, надад “Би авдраас савхин дээлээ авч өмсөх авах гэтэл байдаггүй. Гэрт хулгай ороод эд зүйл алдагдчихсан байна” гэж хэлсэн. Мөн “Дээлтэй хамт хуучин мөнгөн бүс, гар утас алдагдсан байна” гэж хэлж байсан. Тэр үед би тэдний гэрт хулгай орсныг мэдээгүй байна лээ. Би тэдний хашааны хаалга өрх зэргийг нь анзаарч хараагүй. Ерөнхийд нь гаднаас нь харчихаад явчихдаг байсан бөгөөд гэр нь цоожтой л байгаад байдаг байсан. Сүрэн бид хоёр айл хөрш гэдэг утгаар нэг нэгнийгээ таньж мэдэхээс нэг нэгнийхээ гэрээр орж гараад байдаггүй юм. Миний хувьд Сүрэн нь ямар хувцас өмсөж, ямар гар утас ашиглаж, мөнгөн бүс эдэлж хэрэглэж байсан эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,
7. Гэрч М.Дэгдээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Сүрэн нь миний зээ дүү юм. Сүрэнд “Samsung” загварын, товчлууртай, шар өнгийн гадартай, хуучин гар утас байсан. Мөн эмэгтэй хүний суран, сурны гадна хэсгээр мөнгөөр тоноглосон бүс байдаг байсан. Баяр ёслолын үеэр тэр бүсийг бүсэлж хэрэглэдэг байсан бөгөөд энэ талаар манайхан бүгд мэдэж байгаа. Харин тэр эд зүйлүүдийг хавар хөдөө яваад бараг 1 сар гаран болоод иртэл хулгай авчихсан байсан гэж хэлж байсан. Гар утас, мөнгөн бүс, савхин дээл зэргийг хулгайд алдсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
8. Гэрч Б.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Сүрэн эгч бид хоёр садан төрлийн холбоотой хүмүүс бөгөөд би тэдний гэрээр очих, тэр манайхаар ирэх зэргээр байнга л уулзаж байдаг юм. Сүрэн эгчийн гэрт ямар эд зүйл, тавилга байдаг, Сүрэн эгч ямар хувцаж өмсөж хэрэглэдэг талаар би мэднэ. Сүрэн эгчид “Samsung” загварын, товчлууртай, шар өнгийн гадартай, хуучин гар утас, эмэгтэй хүний, суран, сурны гадна хэсгээр мөнгөөр тоноглосон бүс байсан. Тэгээд Сүрэн эгчтэй өнгөрсөн хавар уулзахад тэрээр надад “Хөдөө яваад 1 сар болоод иртэл гэрт хулгай орсон байна, гар утас, мөнгөн бүс, савхин дээл алдагдсан байсан” гэж хэлж байсан. Сүүлд сонсоход савхин дээлээ буцааж авсан гэж байсан. Б.Сүрэн эгч хүүхдүүдтэйгээ байдаг бөгөөд ихэвчлэн хөдөө явчихдаг учир тэднийх хавар, зуны улиралд голдуу эзэнгүй шахам, хашаандаа ганц гэрээр байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,
9. Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.Батбаяр 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд юм. Увс аймагт байгаа төрсөн ах нь миний нөхөр бөгөөд бусад ах, дүү нар нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Ж.Батбаяр нь байнгын хулгайн хэрэгт ял шийтгэгдэж байсан. Хулгай хийж болохгүй, хэрэггүй гэхээр “За” гэж худлаа хэлдэг. Архи уухаараа гарт таарсан юу ч байсан хамаагүй аваад явчихдаг бөгөөд манайхаар хааяа л ирдэг. Ажил хий гэхээр ажилд дургүй, гадуур хий дэмий сэлгүүцэж, тэнүүчилж явах дуртай. Уг нь түүнд халамжаас тэтгэмж авч гэр тааруулж өгсөн боловч бас л амьдарч чадаагүй. Тэр гэрээ яасан болохыг нь мэдэхгүй. Ер нь их архи уух дур сонирхолтой. Гадуур гараад таарсан хүмүүстэйгээ уулзаж архидаад явчихдаг, ах, дүү нарынхаа үгэнд ордоггүй болохоор зөнд нь орхисон. Бид нар өөрсдөө амьдралтай учир одоо түүний талаар санаа зовж төлбөр мөнгийг нь өгч чадахгүй. Ж.Батбаярт өөрийн гэсэн ямар нэгэн эд хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
10. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 378 тоот “Эд зүйлс үнэлсэн тухай” тайлан / хх-ийн 36-37, 41-42-р тал /,
11. Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан Тодорхойлолт /хх-ийн 61-р тал/,
12. Шүүгдэгч Ж.Батбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р тал/,
13. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 95 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 77-78-р тал/,
14. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 118 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 80-р тал/,
15. 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1340 тоот Өршөөл үзүүлэх комиссын Өршөөл үзүүлэх тухай Тогтоол /хх-ийн 81-р тал/,
16. Хорих ангиас суллагдсан хүмүүст олгодог Тодорхойлолт №36 /хх-ийн 82-р тал/,
17. Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 39 тоот Магадлал /хх-ийн 83-85-р тал/,
18. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 85-88-р тал/,
19. 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч Ж.Батбаярын зан байдал, засрал хүмүүжил, ял, хэргийн талаарх Тодорхойлолт /хх-ийг 89-р тал/,
20. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 75 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 90-92-р тал/,
21. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 395 тоот “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” Шүүгчийн захирамж /хх-ийн 92-93-р тал/,
22. Шүүгдэгч Ж.Батбаярын ял шийтгэлийн талаар ЦЕГ-ын цахим сангаас авсан лавлагаа /хх-ийн 95-97-р тал/,
23. Шүүгдэгч Ж.Батбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би надад холбогдуулан сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би зарим нэг зүйлийг санахгүй байна. Би нэг айлаас 1 куртик хулгайлж аваад 6000 төгрөгөөр зарсан. Хэн гэдэг ямар хүнд зарсан гэдгээ мэдэхгүй байна. Мөн тэр куртикийг хулгайлсан сар, өдрийг санахгүй байна. Би ихэвчлэн гадуур тэнүүчилж амьдардаг бөгөөд хааяа төрсөн ахынхаа гэрт очдог юм. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би савхин куртик л авсан бөгөөд гар утас, мөнгөн бүс аваагүй, мэдэхгүй байна. Би хааяа архи уучихдаг учраас зарим зүйлээ санадаггүй юм. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч зарим эд зүйлийг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би айлын тооноор орж эмэгтэй хүний савхин хүрэм л хулгайлсан. Өөр зүйл буюу гар утас, мөнгөн бүс аваагүй” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Ж.Батбаяр нь 2016 оны 02-03 дугаар сарын үед Улаангом сумын 9 дүгээр баг 0-09 тоотод оршин суух хохирогч Б.Сүрэнгийн гэрт нэвтрэн орж эмэгтэй хүний хуучин савхин дээл, самсунг галакси загварын гар утас, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлж, нийт 316.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Сүрэн, гэрч Б.Гантөмөр, О.Батбуян, М.Дэгдээ, Б.Бадамсүрэн нарын мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Эд зүйлс үнэлсэн тухай тайлан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Батбаяр нь “Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч зарим эд зүйлийг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 9-р багт 1 айлын гэрийн тооноор орж эмэгтэй хүний савхин хүрэм хулгайлсан. Тэр айлаас өөр зүйл буюу гар утас, мөнгөн бүс аваагүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал: хохирогч Б.Сүрэн нь хар өнгийн савхин куртка, мөнгөн тоноглолтой суран бүс, “Samsung Galaxy” маркийн гар утас эзэмшиж, эдэлж хэрэглэж байсан, түүнчлэн уг эд зүйлсийг 2016 оны 2-3 дугаар сарын үед гэрээсээ хулгайд алдсан, тухайн үед хохирогч өөрөө гэртээ байгаагүй буюу эзэнгүй байсан, хохирогч гэрээсээ гар утас, савхин куртика, суран бүс зэргийг хулгайд алдсан талаар бусдад ярьж хэлж байсан зэрэг нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон гэрч М.Дэгдээгийн “Б.Сүрэн нь миний зээ дүү юм. Сүрэнд “Samsung” загварын, товчлууртай, шар өнгийн гадартай, хуучин гар утас, эмэгтэй хүний суран, сурны гадна хэсгээр мөнгөөр тоноглосон бүс байдаг байсан. Баяр ёслолын үеэр тэр бүсийг бүсэлж хэрэглэдэг байсан бөгөөд энэ талаар манайхан бүгд мэдэж байгаа. Харин тэр эд зүйлүүдийг хавар хөдөө яваад бараг 1 сар гаран болоод иртэл хулгай авчихсан байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Бадамсүрэнгийн “Сүрэн эгчид “Samsung” загварын, товчлууртай, шар өнгийн гадартай, хуучин гар утас, эмэгтэй хүний суран, сурны гадна хэсгээр мөнгөөр тоноглосон бүс байсан. Сүрэн эгчтэй өнгөрсөн хавар уулзахад тэрээр надад “Хөдөө яваад 1 сар болоод иртэл гэрт хулгай орсон байна. Гар утас, мөнгөн бүс, савхин дээл алдагдсан байсан” гэж хэлж байсан ” гэх мэдүүлэг, гэрч О.Батбуянгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай арын хашаанд Б.Сүрэнгийнх байдаг бөгөөд Сүрэн хөдөө явахдаа бид нарт хашаагаа захиж үлдээгээд явдаг юм. Сүрэн хавар 2 дугаар сарын эхээр хөдөө яваад 3 дугаар сарын дундуур гэртээ ирсэн. ..Сүрэн хөдөөнөөс ирчихээд 1 хоногийн дараа байх, надад “Би авдраас савхин дээлээ авч өмсөх авах гэтэл байдаггүй. Гэрт хулгай ороод эд зүйл алдагдчихсан байна” гэж хэлсэн. Мөн “Дээлтэй хамт хуучин мөнгөн бүс, гар утас алдагдсан байна” гэж хэлж байсан. Тэр үед би тэдний гэрт хулгай орсныг мэдээгүй байна лээ. Би тэдний хашааны хаалга өрх зэргийг нь анзаарч хараагүй. Ерөнхийд нь гаднаас нь харчихаад явчихдаг байсан бөгөөд гэр нь цоожтой л байгаад байдаг байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд шүүгдэгч Ж.Батбаярыг хохирогч Б.Сүрэнгийн гэрт нэвтрэн орж “Samsung” загварын гар утас, мөнгөн тоноглолтой суран бүс, эмэгтэй хүний савхин куртка хулгайлсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Батбаяр нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргүүдэд бүгд 4 жил хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013-10-16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 395 тоот “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Тэрээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт буюу хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн суллагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ж.Батбаярыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Батбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сүрэнд 316.000 төгрөгийг хохирол учирсан болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн эд зүйлс үнэлсэн тухай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.Батбаярын хохирогч Б.Сүрэнгийн гэрээс хулгайлсан, 215.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний савхин курткыг хохирогч Б.Сүрэнд таниулах ажиллагаа хийж буцаан өгсөн болох нь таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Б.Сүрэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Батбаяраас “Samsung Galaxy” маркийн гар утасны үнэ 56.000 төгрөг, мөнгөн тоноглолтой суран бүсний үнэ 45.000 төгрөг, нийт 101.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Сүрэнд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Батбаяр нь энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Батбаярт ял оногдуулахад хуулинд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булгадар овгийн Жүүхээгийн Батбаярыг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заансаар шүүгдэгч Ж.Батбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батбаярт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Батбаярын энэ хэрэгт цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батбаяраас 101.000 /нэг зуун нэг мянга/ төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 0-09 тоотод оршин суух Б.Сүрэнд олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д зааснаар шүүгдэгч Ж.Батбаярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН