Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж.М***, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2103 00197 0312 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б*** овгийн Ж***ын М***, 1973 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х*** аймгийн М*** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Х*** аймгийн М*** сум, Ү*** баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.М*** нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ 4257” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн орчим тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г***нь “HOWO ZZ 4257” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б*** овгийн Ж***ын М*** нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Магнай трейд шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ 4257” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт эвдрэл гарсны улмаас зайлшгүй зогсолт хийх болж тэрээр тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн баруун гар талын шороон хөвөөг шахаж зогсоожээ. Түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хүнд даацынх бөгөөд ачаатай, харин зорчих хэсгийн хажуу нь далантай байсан учир тэрээр тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргах боломжгүй байв. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр 04 цагийн үед тус замаар Улаанбаатар хот руу зорчиж байсан жолооч В.Г***нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин хэт ядарсан үедээ “Nissan Terrano” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад жолоодлого алдан замын хажуу руу шахаж байрлуулсан байсан “HOWO ZZ 4257” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас жолооч В.Г***ын өөрийнх нь амь нас хохирсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагч шүүгдэгч Ж.М***ын гэм бурууг шүүхийн өмнө нотлох байр суурьтай төрийн нэрийн өмнөөс оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-14 дэх тал),

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 120-123 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н***ийн“...зогсож байсан машины жолооч машиныхаа аваарын гэрэл гэгээг асаагаад, гадна талдаа ослын гурвалжин тэмдгээ байрлуулсан байсан бол ийм осол болох байсан гэхэд итгэхгүй, би энэ асуудал дээр гомдолтой байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 150 дахь тал),

- Гэрч Н.Т***ын “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ж.М*** хот руу орж ирж байна гэж утсаараа 15 цагийн үед утсаараа 15 цагийн үед надтай ярьсан...би орой хоол идэх гээд 22 цагийн үед хуучин 22-н товчооны тэнд зам дагуу хоолны газарт хоол идэх гээд ортол Ж.М*** ах хоол захиалаад сууж байсан. Би мэнд мэдээд юу хийж байгаа талаар асуухад “машин Эмээлтийн замд эвдрээд зогссон, араандаа орохгүй байна. Яасныг нь сайн мэдэхгүй байна. Очоод үзээд өгөөч гэсэн. Би харанхуй шөнө яаж үзэх вэ дээ, маргааш үзэж өгье, одоо ядраад байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Гэрч Б.У***ын “...би 2021 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед Нарны хорооллоос гэрээсээ Говь-Алтай явахаар манай нөхөр, 6 хүүхэд *** улсын дугаартай Hammer H3 маркийн автомашинтай бид хэд Эмээлтийн замаар бензин колонк арай ороогүй явж байтал гэнэт юм тэсрэх чанга дуу гарсан тэгээд колонк өнгөрөөд явж байтал нэг том машин замын урд зогсож байгаа харагдсан. Хойд хэсэгт очиход нэг машин том машины хойд хэсгийг мөргөсөн, машинаас нь утаа гараад, зогсоо зайгүй сигнал чихэгдсэн байх дуугараад, өөр ямар нэгэн дуу чимээ байхгүй, машины гадна хүн харагдаагүй. Тэгээд бид хэтэрч яваад буцаж эргэсэн. Тухайн замд урдаас машины хөдөлгөөн ихтэй байсан. Бид нар мөргөсөн цагаан өнгийн машины ард талд нь ирж зогсоод машин дотроосоо би өөрийн *** дугаарын утсаар 04 цаг 11 минутын үед эхлээд 103 дуудаад, хэсэг байж байгаад цагдаа дуудаад байж байтал...”, “...30 гаран минутын дараа 103 түргэн тусламж ирээд нөгөө хүнийг нас барсан байна гээд цуг явсан эмээд эм өгөөд тайвшруулсан. Тэнд байсан хүмүүс “том машины жолооч нь машин дотроо байсан байна” гэж ярилцаж байгааг сонссон, жолоочийг нь хараагүй, тэгж байтал цагдаа ирээд бид өөрсдийгөө тэмдэглүүлээд цаашаа хөдөө Говь-Алтай аймаг явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1520 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой, суурт хэсэг, хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, тархины эдийн голомтлог няцрал хоёр нүдний ухархайн дээд хана, хамар яс, дээд доод эрүү яс, өвчүү ясны далд хугарал, сэмж, чацархайн цус хуралт, толгойн хуйх, нүүр, цээж, дээд доод мөчид цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд шууд хүргэх гэмтэл болно. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-63 дахь тал),

- Техникийн шинжээчийн 09/13 дугаартай “...Хариулт 2. HOWO ZZ 4257 маркийн *** улсын дугаартай автомашины жолооч Ж.М*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. Хариулт 3. HOWO ZZ 4257 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.М*** нь 14.10 дугаар заалт, Nissan Terrano маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г***нь 3.7а заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” (хавтаст хэргийн 116-117 дахь тал) зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ж.М***ыг цагаатгах байр суурьтай оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хохирогч Б.Н***ийн“...Улаанбаатар хотоос 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гараад Өвөрхангай аймгийн нутаг Өгий нуур гэх газар очиж 2 хоноод 29-ний өдөр буцаад Улаанбаатар хот руу 11 цагийн үед гарсан байх. Талийгаач нөхөр В.Г***машин жолоодож явсан. Замдаа Хархорин сум дээр очиж хоол унд идчихээд 17 цаг болж байхад хөдлөөд шууд явсаар байгаад Урьхан гэх зоогийн газар ирж хоол унд идээд, тэгээд хөдлөөд товчоогоор орж ирж байснаа санаж байна. Тэрнээс хойш би санахгүй, унтсан байх. Товчооноос гараад нэлээд явж байгаад миний нуруу өвдөөд байхаар нь өвгөндөө хэлсэн чинь за чи хойшоо жаахан хажуулдаад амар гэсэн санагдаж байна. Манай зээ хүү Н.С*** 24 настай, хойд суудал дээр унтаад явж байсан...Урьхан хүртэл бараг 7 цаг явсан. Замдаа хоёр удаа бие зассан. Тэгээд амралтгүй явсаар байгаад Урьхан зоогийн газар дээр миний хүү н.Г*** талийгаач аавдаа та ядраад байвал манай машинд ороод суучих. Би таны машиныг бариад явъя гэж хэлсэн чинь манай талийгаач нөхөр “зүгээр, өөр хүнээр машинаа бариулахгүй. Жолоогоо шилжүүлээд хэрэггүй” гэсэн. Манай нөхөр 72 настай, ер нь хөгшин хүмүүс чинь орой үдэш даралтын эм уудаг байхгүй юу. Тэр өдөр манай нөхөр өглөө нэг каптопирил гэх нэртэй 0,25 доозтой даралтын эм нэг ширхэг уугаад Урьхан зоогийн газар орохын өмнө бас нэгийг уусан. Өөр эм тариа хэрэглээгүй. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Хааяа нэг даралт нь ихсэж багасдаг....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- Гэрч Н.Т***ын “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ж.М*** хот руу орж ирж байна гэж утсаараа 15 цагийн үед утсаараа 15 цагийн үед надтай ярьсан...би орой хоол идэх гээд 22 цагийн үед хуучин 22-н товчооны тэнд зам дагуу хоолны газарт хоол идэх гээд ортол Ж.М*** ах хоол захиалаад сууж байсан. Би мэнд мэдээд юу хийж байгаа талаар асуухад “машин Эмээлтийн замд эвдрээд зогссон, араандаа орохгүй байна. Яасныг нь сайн мэдэхгүй байна. Очоод үзээд өгөөч гэсэн. Би харанхуй шөнө яаж үзэх вэ дээ, маргааш үзэж өгье, одоо ядраад байна гэж хэлсэн. Яриан дундуураа замаа чөлөөлсөн үү гэхэд чөлөөлсөн. 4 эгнээ замын захын цагаан зураасыг даваад чөлөөлөөд тавьсан. Хажуугаар баруунаас зүүн тийш явах урсгалын 2 эгнээ бүрэн чөлөөтэй байгаа гэж хэлсэн. Би ослын зогсолтын тэмдэг тавьсан уу гэхэд тавьсан, хөлөөрөө 15 алхаад тавьсан гэж хэлж байсан. Мөн манай дүү Н.Т*** 2021 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн үед баруун тийш явах замд Цанын бааз орж ачааны машиндаа түлш авч өгчхөөд буцаад явж байхдаа Ж.М***ын машин ослын зогсолтын тэмдэг тавьчихсан, Эмээлтийн замд зам чөлөөлөөд зогсож байсантай таарсан гэж надад маргааш нь ярьсан. Мөн Булган аймаг руу Н.Т***ын ачааг ачсан жолооч н.Б*** гэх ах ачаагаа ачаад явж байхдаа ослын зогсолтын тэмдэг тавьсан байсныг харсан гэсэн. Ер нь том ачааны автомашины жолооч нар ослын зогсолтын тэмдэг байнга тавьдаг юм. Хол замд явж байхдаа осол, хэрэгтэй их таардаг учир урьдчилан сэргийлэх зорилгоор байнга тэмдэг тавьдаг...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Гэрч Г.Н.С***ийн “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг 00 минутын орчим би эмээ, өвөөтэй цуг Nissan terano маркийн *** улсын дугаартай автомашинтай Архангай аймагт байрлах Өгий нуур дээр амрахаар гарсан. Бас манай ах н.Г*** эхнэр хүүхдийн хамтаар Toyota Prius маркийн автомашинтай явсан. Өгий нуур дээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны 18 цагийн орчим очиж амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим буцаж Улаанбаатар хот орох зорилгоор хөдлөөд явсан. Тэгээд замдаа явж байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний 21 цагийн орчим Элсэн тасархай дээр бөөнөөрөө зогсоод ах н.Г*** “бөөнөөрөө хоноод өглөө явъя” гэхэд өвөө одоо явна гэхээр нь ах машиныг чинь би бариад явъя гэхэд өвөө үгүй гээд өөрийнхөө машиныг бариад хөдөлсөн. Тэгээд би замдаа унтаж байгаад миний утсанд 23 цагийн үед дуудлага ирэхэд би хальт сэрчхээд утсаа хараад, дараа нь өвөөг хартал эвшээж байхаар нь нээх юм бодоогүй буцаад унтаад өгсөн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

- Шүүгдэгч Ж.М***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...тухайн үед миний машин гэнэт эвдрээд би шууд замаа чөлөөлж зогссон. Миний машинд өмнө нь тий гэмтэл гарч байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэд намайг замаа бүрэн чөлөөлөөгүй гэж бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна ба маш их гомдолтой байна. Би бичгээр хүсэлт гаргасан нь хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дахь тал),     

- Техникийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09/13 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 116-117 дахь тал),

- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 120-123 дахь тал), 

- Шүүгдэгч Ж.М***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг бүхэлд нь (хавтаст хэргийн 144-145 дахь тал) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэхдээ шүүх хавтаст хэргийн 116-117 дахь талд авагдсан техникийн шинжээчийн 09/13 дугаартай дүгнэлтийг хэсэгчлэн үнэлэв. Учир нь, тус дүгнэлтэд “...HOWO ZZ 4257 маркийн ***улсын дугаартай автомашины жолооч Ж.М*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн...” гэсэн хариулт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Ж.М***ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн яллаж буй заалтыг хууль зүйн агуулгаар нь хэрхэн ойлгож тайлбарлах талаар тус тогтоолын эрх зүйн дүгнэлт хэсэгт тусгалаа.

Хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан гэрч Н.Т***ын “...Ж.М*** ах...замаа чөлөөлсөн. 4 эгнээ замын захын цагаан зураасыг даваад чөлөөлөөд тавьсан. Хажуугаар баруунаас зүүн тийш явах урсгалын 2 эгнээ бүрэн чөлөөтэй байгаа...ослын зогсолтын тэмдгийг хөлөөрөө 15 алхаад тавьсан гэж хэлж байсан. Мөн манай дүү Н.Т*** 2021 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн үед баруун тийш явах замд Цанын бааз орж ачааны машиндаа түлш авч өгчхөөд буцаад явж байхдаа Ж.М***ын машин ослын зогсолтын тэмдэг тавьчихсан, Эмээлтийн замд зам чөлөөлөөд зогсож байсантай таарсан гэж надад маргааш нь ярьсан...” гэсэн мэдүүлэг, 35 дахь талд авагдсан гэрч Н.Т***ын “...Хойноо ослын зогсолтын тэмдэг 1 дүгээр эгнээний баруун гар талд хөвөө хэсэгт тавьсан байсан. Ослын зогсолтын тэмдэг нь холоос бүрэн харагдаж байсан. Ойролцоогоор 20 орчим метр газарт тавьсан харагдсан. Машин нь замаа бүрэн чөлөөлчихсөн, би приус 30 машинтай тухайн машины хажуугаар гарахдаа 1 дүгээр эгнээгээр гарч явахад ямар нэгэн хүндрэлгүй байсан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ж.М*** нь зайлшгүй зогсолт хийсэн болох нь тогтоогдож байна.

Харин жолооч /амь хохирогч/ В.Г***нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь хохирогч Б.Н***ийн“...Өвөрхангай аймгийн нутаг Өгий нуур гэх газар очиж 2 хоноод 29-ний өдөр буцаад Улаанбаатар хот руу 11 цагийн үед гарсан байх. Талийгаач нөхөр В.Г***машин жолоодож явсан. Замдаа Хархорин дээр очиж хоол унд идчихээд 17 цаг болж байхад хөдлөөд шууд явсаар байгаад Урьхан гэх зоогийн газар ирж хоол унд идээд, тэгээд хөдлөөд товчоогоор орж ирж байснаа санаж байна. Манай зээ хүү Н.С*** 24 настай, хойд суудал дээр унтаад явж байсан. Урьхан хүртэл бараг 7 цаг явсан. Замдаа хоёр удаа бие зассан.Тэгээд амралтгүй явсаар байгаад Урьхан зоогийн газар дээр миний хүү н.Г*** талийгаач аавдаа та ядраад байвал манай машинд ороод суучих. Би таны машиныг бариад явъя гэж хэлсэн чинь манай талийгаач нөхөр “зүгээр, өөр хүнээр машинаа бариулахгүй. Жолоогоо өөр хүнд шилжүүлэхгүй” гээд жолоогоо өөрөө барьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), гэрч Н.С***ийн “...Өгий нуур дээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны 18 цагийн орчим очиж амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим буцаж Улаанбаатар хот руу буцсан. Тэгээд замдаа явж байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний 21 цагийн орчим Элсэн тасархай дээр бөөнөөрөө зогсоод ах н.Г*** “бөөнөөрөө хоноод өглөө явъя” гэхэд өвөө “одоо явна” гэхээр нь ах “тэгвэл машиныг чинь би бариад явъя” гэхэд өвөө “үгүй” гээд өөрөө машинаа бариад хөдөлсөн. Тэгээд би замдаа унтаж байгаад миний утсанд 23 цагийн үед дуудлага ирэхэд би хальт сэрчхээд утсаа хараад, дараа нь өвөөг хартал эвшээж байхаар нь нээх юм бодоогүй буцаад унтаад өгсөн. Тэгээд Урьхан орчхоод хоол идчихээд хөдлөх үед Н.Г***  ах өвөөгийн машиныг барья гэхэд бас л зөвшөөрөөгүй цааш өөрөө бариад явсан..., ...Би өвөөг зүүрмэглэсэн гэж бодож байна. Намайг харахаар эвшээлгээд байсан, мөн замын нүх ихтэй дайраад явж байсан. Манай эмээ Б.Н***  өвөөд хандаж “одоо амарч байгаад явж болдоггүй юм уу, хүүхдүүдийнхээ сэтгэлийг бодооч” гэж зөндөө хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), 1950 оны 06 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн В.Г***/72 настай/-ын нас барсны гэрчилгээ (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэв. Түүнчлэн, жолооч В.Г***нь жолоодлого алдсан болохыг хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зэргээс дүгнэж болохоор байх бөгөөд ялангуяа 4, 11 дугаартай гэрэл зургаас Nissan Terrano маркийн тээврийн хэрэгслийн жолоодлого алдсан байдал нь тодорхой харагдаж байгаа болно.

1.3.      Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.      Эрх зүйн дүгнэлт    

Улсын яллагчийн яллаж буй нотолгооны үндсэн гол нотлох баримт болох хавтаст хэргийн 116-117 дахь хуудсанд авагдсан техникийн шинжээчийн 09/13 дугаартай дүгнэлтэд “...HOWO ZZ 4257 маркийн ***улсын дугаартай автомашины жолооч Ж.М*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна...” гэж хариулсан байх боловч шүүх тус заалтыг зөрчсөн эсэхийг тогтооход техникийн тусгай мэдлэг шаардагдахгүй, харин хэм хэмжээний бүтцээр буюу хууль зүйн задлан шинжилгээний аргаар тайлбарлан хэрэглэх ёстой гэж үзэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.” гэж, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.” хэмээн хууль тогтоогч эрх шилжүүлэн хуульчилсны дагуу Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталсан байх тул тус дүрэм нь хуульчилсан хэм хэмжээ бүхий хууль тогтоомжийн актад хамаарна.

Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэм хэмжээг хэрэглэх, агуулгыг нь тайлбарлуулахаар шинжээч томилохыг хуулиар хориглосон гэж үзнэ. Тус дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэж заасныг тайлбарлахад хэм хэмжээний бүтцээр нь задлан шинжлэх шаардлагатай.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т зааснаар Зайлшгүй зогсолт гэж ... техникийн эвдрэл ... бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн үйлдлийг зогсоосон үйлдлийг хэлэхээр байх бөгөөд зайлшгүй зогсолт хийсэн эсэх талаар талуудын хооронд мэтгэлцээн өрнөөгүй болно.

Улсын яллагч шүүгдэгч Ж.М***ыг “...зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн үүргээ биелүүлээгүй тул гэм буруутай гэж ялласан боловч уг үүрэг бий болох урьдач нөхцөл буюу гипотез хэсэг болох “хориглосон газарт” гэсэн нөхцөлийг огт тооцож үзсэнгүй.   

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт” гэдэг урьдач нөхцөл бий болоогүй үед жолоочид тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх хууль зүйн үүрэг бий болохгүй. Учир нь, энэхүү хууль зүйн үүрэг /диспозец/ нь хэм хэмжээний бүтцийн хувьд “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч” гипотез буюу урьдач нөхцөлийг шаардахаар зохицуулагдсан байна.

Дээрх заалтын урьдач нөхцөл болсон “хориглосон газар” гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д заасан түр зогсохыг хориглосон, мөн дүрмийн 14.9-т заасан удаан зогсохыг хориглосон газруудыг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.М*** нь хориглосон газарт зогссон эсэхийг шалгахад талуудаас шинжлэн судалсан нотлох баримт хүрэлцээтэй байсан тул шүүх 14.8, 14.9-д тус тус ялган заасан хориглосон газар бүрээр нь дүгнэлт хийв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 заалтын а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20м, гарцад 10м-ээс ойр зайд; б/ явган хүний гарц, унадаг дугуйн замын огтлолцол дээр болон тэдгээрийн өмнө 5м-ээс ойр зайд; в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр; г/ чиглэлийн тээврийн хэрэгслийн болон унадаг дугуйн эгнээнд; д/ төмөр замын гарам дээр болон түүнд 20м-ээс ойр зайд; е/ гүүрэн дээр болон доор; ж/ хонгил дотор; з/ замын тэмдэг, гэрлэн дохиог бусад жолоочоос халхлах газарт; л/ 5.29 тэмдэг бүхий ослын зогсолтын зурвас дээр гэсэн газруудад зайлшгүй зогсолт хийгээгүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс тодорхой байна. Харин тус заалтын и/, к/, м/-д тус тус заасныг хэргийн газрын хэмжилттэй харьцуулан шалгахад, нийт 4 эгнээтэй, хоёр урсгалтай, 15.20м өргөнтэй зам байсан бөгөөд зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн урд хэсэг 20см /нэг төө/, хойд хэсэг 30см /нэг төө нэг мухар сөөм/ хэмжээтэй зорчих хэсэг рүү орсон байгаа нь и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт хамаарахгүй, мөн том оврын тээврийн хэрэгслийн урд хэсгээс замын эсрэг талын зах хүртэл 15м, хойд хэсгээс 14.90м байх тул к/-д заасан хориглосон газарт хамаарахгүй, 1-4 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтээс харахад зайлшгүй зогсолт хийсэн том оврын тээврийн хэрэгслээс хоёр тийш үзэгдэх орчин 100м-ээс дээш зайд саадгүй байх тул м/-д заасан хориглосон газарт мөн адил хамаарахгүй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.9 заалтын а/ нь 14.8 заалтыг иш татсан байх тул нөхцөл тус бүрээр нь шалгасан гэж үзнэ. Тус заалтын б/ төмөр замын гарамд 100м-ээс ойр зайд; в/ сургууль орчмын бүс дотор зорчих хэсэг дээр зайлшгүй зогсолт хийгээгүй болох нь мөн тодорхой харагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан бөгөөд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нь үйлдлийн шалгуур буюу объектив талын шинжид хамаарна. Хэрэв үйлдэл, эс үйлдэхүй нь тусгай ангид заасан объектив талын шинжийг хангахгүй бол гэмт хэрэгт тооцох боломжгүй юм.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.М***ыг “хориглосон газарт” зайлшгүй зогсолт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэнэ. Харин эсрэгээрээ жолооч В.Г***нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас замын хажууд хориглоогүй газарт зайлшгүй зогсолт хийсэн том оврын тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар өөрийнхөө амь насыг хохироосон хэрэг явдал гарчээ.  

Жич: Ослын зогсолтын тэмдэг байрлуулсан эсэх асуудал нь шүүгдэгч Ж.М***ын гэм бурууг хэлэлцэхэд хамааралгүй гэж шүүх үзсэн болно. Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 дэх заалтын а/, б/ аль алинд нь хамаарах нөхцөл байдал үүсээгүй байсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн 2103 00197 0312 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.М***ыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-д “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж зааснаар гэм хорын асуудлыг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, шүүхээс цагаатгах тогтоол гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6, 36.9 дүгээр зүйлийн 2.4-д тус тус зааснаар “шүүгдэгч Ж.М*** нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, мөн Х*** Улаанбаатарын хооронд гарсан зардал, олох байсан орлого, цалин хөлс, сэтгэл санааны гэм хор зэрэг өөрт учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтойг тогтоолд тусгав.

Шүүхээс цагаатгах тогтоол гарсан тул шүүгдэгч Ж.М***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 127441 дугаартай ВСDE ангиллын жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгох  нь зүйтэй. Харин битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М*** нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалт, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00197 0312 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.М***ыг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Ж.М*** нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, энэ хэргийн улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.

3.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай.

5.Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.М***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 127441 дугаартай ВСDE ангиллын жолоочийн үнэмлэхийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.БАТАА