Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/ШШ2024/0028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол  Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технилогиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана”, “мөн тогтоолын хавсралтаар баталсан дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Ц.О, Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, А.Б, Т.М, С.Я, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, гуравдагч этгээд С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээд Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, иргэдийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

Хэргийн индекс: 221/2023/0086/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О ” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад дараа үеийн харилцаа холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлах хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана” гэж заасныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж маргасан.

2. Нэхэмжлэгч “О ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2.1. “Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг баталжээ. Уг журмын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад ДҮХХ-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана гэж заасан нь Монгол Улсын холбогдох хууль, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчиж байна. Маргаан бүхий заалтад радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд “шилжүүлэн” ажиллуулах тухай заажээ. Радио давтамжийн зурвасыг ашиглах сүлжээ гэдэг нь тухайн радио давтамжаар үйлчилгээгээ хүргэхдээ ямар технологи ашиглахыг хэлж байгаа. Сүлжээний төрөл буюу ашиглагдах технологи нь 2G, 3G, 4G, 5G хэмээн ангилагдаж байгаа бөгөөд одоо бүр 6G технологи судлагдаж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын 9.8-д “радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах” тусгай зөвшөөрлийг Зохицуулах хороо сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгохоор заасан. Радио долгионы тухай хуулийн 9.2-т “Тусгай зөвшөөрөлд радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, хучин чадал, технологи, зөвшөөрлийн хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана” гэж заасны дагуу радио давтамжийн зурвас ашиглах “технологи” нь тусгай зөвшөөрлийн үндсэн нөхцөлд хамаарна. Мөн тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.2-т “техник, технологийн сонголт, үзүүлэлт” нь сонгон шалгаруулалтын үнэлгээнд харгалзан үзэх гол нөхцөлийн нэг байна. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд “шилжүүлэн” ажиллуулах нь агуулгын хувьд радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл “олгох” үйлдэл болж байна.

2.2. Радио долгионы тухай хуулийн 5.2.6-д “үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох” бүрэн эрхийг Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон байх ба түүний дагуу Цахим хөгжил харилцаа холбооны яам буюу сайд 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр А/42 тоот тушаалаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан. Зөвшөөрлийн тухай хуульд сонгон шалгаруулалтаар олгохоор заасан тусгай зөвшөөрөл болон тус Хуваарилалтын хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгохоор заасан радио давтамжийн зурвасыг маргаан бүхий заалтаар сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлэх замаар олгохоор зохицуулсан нь хууль зөрчсөн байна. Одоогоор Монгол Улсанд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 5 оператор компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр нь эзэмшиж байгаа давтамжийн тоо хэмжээгээр хэт ялгаралтай буюу шударга бус хуваарлалттай байгаа билээ. Жишээ нь Ю ” ХХК нь хамгийн олон давтамж эзэмшдэг буюу тус зах зээлд сүүлд орж ирсэн “О ” ХХК-тай харьцуулахад ойролцоогоор 4 дахин их давтамж эзэмшиж байгаа. Өмнөх үеийн технологид ашиглагдаж байх үед үүссэн давтамжийн тэгш бус, шударга бус хуваарилалтын тогтолцоо дараа үеийн технологид шилжихэд хадгалагдан үлдэж шударга бус өрсөлдөөнийг үргэлжлүүлэх нөхцлийг Маргаан бүхий заалт бий болгож байна.

2.3. Шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хууль тогтоогч Зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуульд холбогдох өөрчлөлтүүдийг 2023 оны 1 дүгээр сард оруулж улмаар Цахим хөгжил харилцаа холбооны яам Үндэсний хүснэгт батлан мөрдүүлсний үндсэн дээр сонгон шалгаруулалтын журмаар радио давтамж хувиарлагдахаар байтал шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэг бүхий, Зохицуулах хороо чиг үүргээ умартан маргаан бүхий заалт оруулан дээрх журмыг баталж зах зээлд давамгай байдалтай, хамгийн их давтамж эзэмшиж байгаа аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн давтамжаа дараа үед ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн, тусгай зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвасыг шилжүүлэн ашиглахыг зөвшөөрсөн хуулийн ямар ч зохицуулалт байхгүй байна. Иймд хууль зөрчсөн Маргаан бүхий заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч О ” ХХК-иас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

3.1. Харилцаа холбооны зохицуулах хороо ны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага-ын 4.3-т “ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасын хуваарилалтыг хийхдээ Олон Улсын хөдөлгөөнт холбооны стандартчиллын 3GPP байгууллагаас баталсан РД-ийн зурвасын хуваарилалтыг мөрдөнө (Хүснэгт 2) гээд Хүснэгт 2-тоо ДҮХХ-ны системийн радио давтамжийн зурвасын хуваарилалтыг заасан, мөн 4.8-д ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасууд нь Монгол Улсын хэмжээнд болон газар зүйн байршлын хувьд ялгаатай бүсүүдэд хуваарилагдана гээд Хүснэгт 3-т ДҮХХ-ны системийн РД-ийн зурвасын хамрах хүрээг зааж өгсөн. Журмын 2, 3 дугаар хүснэгт нь ДҮХХ Журмын зохицуулж буй үндсэн харилцааны нэг байх бөгөөд түүн дотроо журмын 4.3 дах заалтын Хүснэгт 2, 4.8 дах заалтын Хүснэгт 3 нь төлөвлөлт, хуваарилалтын агуулгатай нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ буюу “журам” байна. Гэтэл Радио долгионы тухай хуулийн 5.2.3-т “радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах журам батлах” гэж заасны дагуу тус бүрэн эрх нь зөвхөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамд олгогджээ. Харин Зохицуулах хороо нь Радио долгионы тухай хуулийн 5'1.2-т заасны дагуу радио давтамж, радио давтамжийн зурвасын “хуваарилалт хийх” буюу яамны хуваарилсан журамд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэгтэй. Иймд Зохицуулах хороо нь ДҮХХ-ны системд ашиглах радио давтамж ашиглах техникийн нөхцөл шаардлага” батлах замаар өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн нь хууль бус байна.

3.2. ... “О ” ХХК нь үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Зохицуулах хорооноос давтамж зурвас авахаар удаа дараа хүсэлт гаргасан хэдий ч олгохоос татгалзсан байдаг. Энэ нь Зохицуулах хороо радио давтамжийг субьектив байдлаар төлөвлөж, үр ашиггүй хуваарилалт хийсэнтэй шууд холбоотой төдийгүй давтамж олгодог байгууллага нь төлөвлөж, хуваарилалт хийх замаар давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд илүү их хэмжээний давтамж олгосон байна. “О ” ХХК нь хязгаартай нөөц болох радио давтамжийн зурвасаас эзэмшдэг хувиараа бусад өрсөлдөгч компаниудтай харьцуулахад хамгийн бага хувийг эзэмшдэг бөгөөд цаашид радио давтамжийн нөөц ихтэй буюу их зурвас эзэмшдэг компаниудтай 50 технологийн зах зээл дээр шударгаар өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхолтой.

3.3. Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд лах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5, 4.3 дахь заалтын Хүснэгт 2, 4.8 дах заалтын Хүснэгт 3-ийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. “...Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны сүүлийн үеийн техник, технологиудыг нэвтрүүлэх, шинэ технологийг цаг алдалгүй ашиглах хэрэглэгчдийн сонирхол, эрх ашгийг хамгаалах зорилгоор Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын 2020 оны А/45 дугаар тушаалын хавсралтаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг батлан гаргасан. Энэхүү бодлогын чиглэлийн 4.7-д “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгч нь технологиос үл хамаарах зарчмыг баримтлан өөрт тусгай зөвшөөрлөөр олгогдсон өмнөх үеийн хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасыг газарзүйн байршлын хувьд ялгаатай бүсэд Зохицуулах хорооноос баталсан радио давтамжийн зохицуулалтын дагуу дараа үеийн хөдөлгөөнт холбооны сүлжээнд шилжүүлэн ашиглаж болно” гэж тодорхойлсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дугаар тушаалын хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан. Энэхүү хүснэгтийн 1 дүгээр баганад “Дэлхийн радио холбооны дүрмээр тодорхойлсон 42 төрлийн радио холбооны үйлчилгээнд хуваарилсан 8.3 кгц-ээс 1000 ггц-ийн хоорО х радио давтамжийн зурвас’’-ыг тодорхойлсон бол 5 дугаар баганад “1-р баганад тодорхойлсон радио давтамжийн зурвасыг тусгай нөхцөлөөр олгох нөхцөл”-ийг зааж өгсөн ... Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дугаар тушаалаар Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсон хүчин төгөлдөр эзэмшиж байгаа радио давтамж, радио давтамжийн зурвасын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлсүгэй” гэж заасан байна

4.2. Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т “радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих”, 51.1.8-д “хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” заалтуудыг Харилцаа холбооны зохицуулах хороо нь хэрэгжүүлэх эрхтэй билээ. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд Зохицуулах хороо нь төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Бодлогын чиглэл, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тус тус үндэслэн “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан. “О ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий заалт нь уг бодлогын чиглэлд заасан агуулгын хүрээнд шилжүүлэн ашиглах харилцааг тус хорооноос баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д дараах  байдлаар нарийвчлан тусгасан. “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд “хэсэгчлэн” болон “одоо ашиглаж байгаа бүрэн зурвас”-аар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль, журмын дагуу оруулж ашиглана” гэж заасан. Энэхүү 4.5 дахь заалт нь бодлогын чиглэлийн дагуу оператор компаниуд нь өмнөх үеийн хөдөлгөөнт холбоо буюу 2G, 3G-д одоо ашиглаж буй радио давтамжаа уг тусгай зөвшөөрлийнхөө хүчинтэй хугацаандаа дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу 4G, 5G сүлжээнд шилжүүлэн ашиглах боломжтойг сануулсан заалт юм.

4.3. Иймд “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүйгээс гадна радио давтамжийн эрэлт хэрэгцээ, үр ашгийг нэмэгдүүлэх, радио давтамжийн бодлогын заалт тул “О ” ХХК-иас тус хороонд холбогдуулан гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 106 дугаар хавсралтаар батлагдсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.4. ... Радио долгионы тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.3-т “Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам”-ыг батлах эрх нь Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу одоогийн Цахим хөгжил, харилцаа холбооны яам юм. Тус журам нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын А/48 тоот тушаалаар шинэчлэн баталсан байх бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4782 дугаарт бүртгэгдэж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болсон. Уг журмаар Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үндэслэн радио давтамжийн зурвасыг төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд уг журмын 2.1-т “Радио давтамжийн зурвасын төлөвлөлт, дахин төлөвлөлтийг Дэлхийн радио холбооны дүрмийг үндэслэн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан бөгөөд ЦХХХЯ нь радио давтамжийн зурвасын төлөвлөлт, дахин төлөвлөлтийг агуулсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг тухай бүр баталдаг.

4.5. Харин тус журмын 2.2-т “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Радио давтамжийн зурвасын бодлого, төлөвлөлтөд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан радио давтамжийн зурвасыг хуваарилах ба дахин төлөвлөх, шилжүүлэх, чөлөөлөх арга хэмжээ”, 2.6-д “Радио давтамжийн зурвасын төлөвлөлтийн дагуу Зохицуулах хороо нь радио давтамжийн сувгийн хуваарилалт, зохицуулалт, техникийн шаардлага, техникийн норматив бичиг баримт боловсруулж, батална” гэж тус тус тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.3, 5.2.6 заалтаар ЦХХХЯ нь Радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх төрийн бодлого боловсруулах, Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах журам болон Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг тус тус батална гэж заасан.

4.6. Харин Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 заалтаар Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийн дагуу радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалтыг хийх харилцааг зохицуулсан. Энэхүү эрхийнхээ хүрээнд Зохицуулах хороо нь дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвасыг салган авч, зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлж баталдаг. Иймд нэхэмжлэгч талын ихэсгэсэн шаардлагад дурдсан “Зохицуулах хороо нь Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамж ашиглах техникийн нөхцөл шаардлага батлах эрх олгогдоогүй, эрх мэдлийг хэрэгжүүлсэн нь хууль бус байна” гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

4.7. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулиар олгосон эрхийн хүрээнд радио давтамжийн зурвас/сувгийн хуваарилалтыг хийж байгаа тул “О ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Гуравдагч этгээд Скайтел” ХХК шүүхэд гаргасан хариу ирүүлсэн тайлбартаа:

5.1. “… Нэхэмжлэгчийн маргаж буй Зөвшөөрлийн тухай хуульд сонгон шалгаруулалтаар олгохоор заасан радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын журмын маргаан бүхий заалтаар сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлэх замаар олгохоор зохицуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болох нь дараах байдлаар тодорхой байна. Тодруулбал Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу радио давтамжийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулатын журмаар олгох зохицуулалт нь Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө олгогдсон, зөвшөөрлийн хүчинэйт хугацаа дуусаагүй тусгай зөвшөөрлийн хувьд хүчинтэй байх хугацаанд маргаан бүхий заалтад заасны дагуу шилжүүлсэн ашиглах боломжтой. Харин хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмаар олгохоор байна.

5.2. ... Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дараа үеийн буюу 4G сүлжээний хувьд оператуудад олгогдсон давтамжийн нөөц ойролцоо байдаг. Харин дараа үеийн буюу 5G сүлжээний радио давтамжийн тухайд Харилцаа Холбооны зохицуулах хорооноос сонгон шалгаруулалтаар олгохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл радио давтамжийн хувьд бүгд тэгш гараанаас гарна гэж ойлгож байна.

5.3. Иймд “О ” ХХК-ийн “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага 4.5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.4. ... Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Харилцаа холбооны зохицуулах хороо зөвхөн радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх эрхтэй, хуваарилалтаас бусад радио давтамжийн журам батлах, радио давтамжийн зурвасыг цараа тус бүрээр бүлэглэн хуваах эрх хэмжээ нь зөвхөн Цахим хөгжил харилцаа холбооны яаманд буй мэтээр тайлбарлаж буй нь огт үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, холбогдох жуомаао тусгайлан олгосон рэх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг баталсан гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Ю ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

6.1. ... Маргаан бүхий заалт нь аливаа хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд харин ч Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, дэлхийн бусад орнууд, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд баримталдаг жишгийн дагуу хийгдсэн зохицуулалт юм. Нэхэмжлэгчээс баримтал буй Радио давтамжийн хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон Үндэсний радио давтамжийн хүснэгтийн зохицуулалт нь шинээр радио давтамж хүсэх тохиолдолд хэрэгжих бөгөөд үүрэн холбооны оператор компаниуд 5G үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасаа сонгон шалгаруулалтаар авахаар тус бүртээ бэлтгэлээ хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарлах 5G үйлчилгээний радио давтамж олгох сонгон шалгаруулалтаа хүлээж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дугаар тушаалаар үндэсний радио давтамжийн хүснэгтэд тодорхойлсон, одоо эзэмшиж байгаа радио давтамжийн хүчинтэй хугацаа нь дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмаар дахин олгохоор болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

6. Гуравдагч этгээд М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

6.1. ... Тус хэм  хэмжээний актын төслийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос урьдчилан боловсруулж, харилцаа холбооны салбарын компаниудад төслийг хүргүүлэн санал авсан. Шаардлагын төсөл нэхэмжлэгч компаниас хамгийн их буюу 35 санал гаргасан. Нэхэмжлэгч компани нь тус шаардлагын боловсруулалтад өөрөө оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

6.2. ... Нэхэмжлэгч О ” ХХК-иас дээрх заалтыг хүчингүй болгуулж бусад компаниудын ашиглах эрх авсан радио давтамжийг сонгон шалгаруулалтаар олгох ёстой мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Нөгөөтэйгүүр харилцаа холбооны салбарын компаниуд хуулийн шаардлагын дагуу тодорхой хугацаанд ашиглах эрхтэй авсан радио давтамж бүхий тусгай зөвшөөрлүүдээ техник технологийн шинэчлэлийн дагуу сайжруулан ашиглах нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус харилцааг зохицуулсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалт холбогдох хуульд нийцсэн болно.

6.3. Иймд нэхэмжлэгч О ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “О ” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол  Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технилогиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана” гэж заасныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

3. Нэхэмжлэгчийн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол  Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технилогиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G,5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана” гэж заасныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.3-т “харилцаа хобооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэнд хяналт тавих” гэж тус тус заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо төрөөс баримтлах бодлогын хүрээнд журам батлах эрхтэй байна.

3.2. Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 51.1.2-т “радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэнд нь хяналт тавих” гэж заасны дагуу хяналт тавих эрхтэй байхаар хуульчилсан.

3.3. Харилцаа холбооны зохицуулах хороо 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолоор “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг батлан, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг байна.

3.4. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 106 дугаар тогтоолоор баталсан Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4.7-д заасны дагуу технилогиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохцуулах хороонд хүсэлт гаргаж, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана” гэж заасан нь аливаа хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

3.5. Дээрх хэм хэмжээний актын төслийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос урьдчилан боловсруулж, харилцаа холбооны салбар компаниудад төслийг хүргүүлэн санал авсан байх бөгөөд нэхэмжлэгч “О ” ХХК-иас 35 санал гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлснээс 25 саналыг нь хүлээн авч тусгажээ.

3.6. Мөн дээрх Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 106 дугаар тогтоолоор баталсан Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д бодлогын чиглэлийн дагуу оператор компаниуд нь өмнөх үеийн хөдөлгөөнт буюу 2G, 3G-д одоо ашиглаж буй радио давтамжаа уг тусгай зөвшөөрлийнхөө хүчинтэй хугацаандаа дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу 4G, 5G сүлжээнд шилжүүлэн ашиглах боломжтой талаар зохицуулсан байх ба тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд 5G технологид сонгон шалгаруулалтын журмаар шинээр олгохоор байна.

3.7. Иймд “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5 дахь заалт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид бодитоор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Нэхэмжлэгчийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Журмын дээрх 2, 3 дугаар хүснэгт нь дараа үеийн хөдөлгөөнт холбооны журмыг зохицуулж буй үндсэн харилцааны нэг байх бөгөөд түүн дотроо журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын хүснэгт 2, 4.8 дахь заалтын хүснэгт 3 нь төлөвлөлт, хуваарилалтын агуулгатай нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ буюу журам байна ... Зохицуулах хороо нь Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамж техникийн нөхцөл шаардлага батлах замаар өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн нь хууль бус байна” гэж тайлбарлажээ.

4.2. Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 5.2.1-д “радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи төрийн бодлого боловсруулах”, 5.2.3-д “радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам батлах”, 5.2.6-д “үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох” гэж тус тус зааснаас үзэхэд Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Цахим хөгжил, харилцаа холбооны яам байна. Уг яам нь Радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх төрийн бодлого боловсруулах, Радио давтамжийн зурвасын ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах журам болон Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг тус тус батлахаар заажээ.

4.3. Радио долгионы тухай хуулийн 51-д “Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх” гээд 51.1.2-д “радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж зааснаас үзэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио давтамжийн хуваарилалтыг хийх харилцааг зохицуулдаг ба өөрт тусгайлан олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх журмыг баталсан гэж үзэхээр байна.

4.4. Өөрөөр хэлбэл, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороог Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамж техникийн нөхцөл шаардлага-г батлах эрх хэмжээгүй, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

5. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч “О ” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол  Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технилогиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана”, “мөн тогтоолын хавсралтаар баталсан дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн “... Шударга өрсөлдөөнийг хангаж ажиллахгүй байгаатай нэхэмжлэгчтэй санал нэг байна. Нэхэмжлэл үндэслэлтэй” гэх дүгнэлтийг авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Радио долгионы тухай хуулийн 5.1 дугаар зүйлийн 51.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О ” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д “Үйлчилгээ эрхлэгч нь Монгол  Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын дагуу технилогиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу оруулж ашиглана”, “мөн тогтоолын хавсралтаар баталсан дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага-ын 4.3-ын хүснэгт 2, 4.8-ын хүснэгт 3-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ