Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00320

 

   Т.Б-ын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02493 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, Д.Б, Р.Х нарт холбогдох

Гэм хорын хохиролд 95 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сард миний танил Б.О нь “Т” ХХК-иас 90 000 000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг 30 000 000 төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдсэнийг нь лизингээр төлөхөөр гэрээ байгуулсан. Тэгээд Б.О надад “... цаашид би лизингээ төлж чадахгүй болчихлоо...” гэхээр нь би “үргэлжлүүлэн мөнгийг нь төлөөд дуусгая” гэж тохиролцон уг төхөөрөмжийг худалдан авахаар болсон. Би Б.О-ийн хамт “Т” ХХК-ийн захирал н.Б-тэй уулзаж, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг төлж дуусгахаар амаар тохиролцож 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 7-8 дугаар саруудад ашигтай ажиллаагүй тул мөнгөө өгч чадахгүй болсон. Гэтэл намайг “Т” ХХК-иас “...мөнгөө өг, эсвэл барьцаанд ямар нэг зүйл тавь” гэхээр зун ажиллуулж байсан LG935N маркийн урдаа шанагатай, ачигч төхөөрөмжийг компанийн хуулийн зөвлөх Р.Х, Д.Б нарт төхөөрөмжийн бичиг баримт, итгэмжлэл, 1 ширхэг түлхүүрийн хамт өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би төлбөрөө төлж, төхөөрөмжөө авахаар очиход миний төхөөрөмжийг бусдад худалдан борлуулсан байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эрхийг минь ноцтой зөрчсөн гэж цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Эхлээд прокурорын байгууллага шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тогтоол гаргасныг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1153 дугаар мэдэгдэх хуудсанд “...хариуцагч Р.Х, Д.Б, “Т” ХХК-иас гэм хорын хохирлоо гаргуулах эрх нь байна, иргэний журмаар шийдвэрлүүл, дураараа аашлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа боловч шинэ хуулиараа субьект нь тусгай болсон тул бид сэргээн шалгах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.

Нэхэмжлэгч нь уул уурхайн компанид ажил хийдэг, ажлаа үргэлжлүүлэхийн тулд өөр бусдаас урдаа шанагатай ачигч түрээслэн авч ажиллуулж, түрээсийн төлбөрөөр хохирч байна. Хариуцагч нар уг техникийг 42 000 000 төгрөгөөр худалдсан баримтаа гаргаж өгөөгүй. Иймд хохирлын хүрээнд 95 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Т” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компаниас дураар аашлан зөвшөөрөлгүй эд хөрөнгийг худалдаагүй тул нэхэмжилсэн 95 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Р.Х, Д.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Б “Т” ХХК-тай эрх зүйн харилцаанд орсон болохоос иргэн Р.Х, Д.Б нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Бид компанийг төлөөлж иргэн Т.Б-тай эрх зүйн харилцаанд орсон. Компанийн гаргасан шийдвэрийг ажилтан хариуцлага хүлээхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу бид хариуцагч биш тул жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК болон Р.Х, Д.Б нараас гэм хорын хохиролд 95 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргаан бүхий эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохоо нотолж чадаагүй гэж дүгнэжээ. Тухайн хэргээр иргэний шүүхэд хандахаас өмнө эрүүгийн журмаар хянан шийдвэрлүүлж байсан нөхцөл байдалтай холбоотой бичгийн нотлох баримтыг бусад баримтуудтай харьцуулан үнэлсэнгүй. Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1153 дугаар мэдэгдэх хуудсаар намайг хохирлоо хариуцагч нараас гаргуулах боломжтой болохыг мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, байцаан шийтгэх ажиллагаа явуулсны үндсэн дээр хариуцагч нарын гэм буруутай үйлдлийг тодорхойлж, намайг хохирсон болохыг хүлээн зөвшөөрсөн утгыг илэрхийлж байдаг. Маргаан бүхий эд хөрөнгийг надад худалдсан иргэн  Д.С намайг өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн, нотариатаар баталгаажсан бичгийн баримтыг үнэлэхээс үндэслэлгүй татгалзсан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбарт маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь намайг бус өөр этгээд болох талаар эргэлзээ төрүүлсэн баримтгүй. Би өмчлөгч биш бол миний гомдлоор хариуцагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж цагдаа, прокурорын байгууллагаас нотлох баримтууд цугларахгүй. 2015 оны 8 дугаар сард "Т" ХХК-иас Б.О 90 000 000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг 30 000 000 төгрөгийн урьдчилгаа төлөөд үлдсэнийг нь лизингээр төлөх гэрээ байгуулсан байсан. Тухайн ачигч машиныг би Д.С-аас зээлээр худалдан авч төлбөр тооцоо дуусаагүй байснаас тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугаар аваагүй. Дараа нь "Т" ХХК-д гаалийн бичиг баримт нь эх хувиар өгөгдсөн учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулах боломжгүй байтал дээрх маргаан үүссэн. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч “Т” ХХК, Д.Б, Р.Х нарт холбогдуулан гэм хорын хохиролд 95 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Иргэн Б.О 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 90 000 000 төгрөгийн алт угаах төхөөрөмжийг лизингээр авч, урьдчилгаа 30 хувь, үлдэгдэл төлбөрийг 3 хувааж төлөхөөр хариуцагч “Т” ХХК-тай тохиролцсон боловч төлбөрөө төлж чадаагүйн улмаас  нэхэмжлэгч Т.Б-т уг тоног төхөөрөмжийг өгч, тэрээр лизингийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

Маргааны зүйл болох тоног төхөөрөмж бодитойгоор байгаа эсэх үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урдаа шанагатай ачигч тоног төхөөрөмжид үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн талуудын хоорондын маргааны үйл баримттай холбоотой буюу тоног төхөөрөмжийн өмчлөгч нь нэхэмжлэгч мөн эсэхийг тогтооход хамааралтай хэргийн 51 дүгээр талд авагдсан Д.С-ийн шүүхэд гаргасан “Тодорхойлолт гаргах нь” гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч тал уг бичгийн нотлох баримтаар ямар үйл баримтыг нотлохоор хүсэлт гаргаж байгааг шүүх тодруулах шаардлагатай байв. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан бөгөөд энэхүү тодорхойлолтыг бичсэн гэх Д.С гэрч гэж үзвэл зохих журмын дагуу мэдүүлэг авах ажиллагаа хийх шаардлагатай бөгөөд хэргийн оролцогчийн энэ талаарх хүсэлтийг тодруулаагүй атлаа гэрчийн мэдүүлэг биш гэж үзсэн нь буруу.

Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэл үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг хэргийг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                   Д.БАЙГАЛМАА