Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 00713

 

    Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1938 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 81 настай,  Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуутад оршин суух, Б овогт Ш.Д  /,

Нэхэмжлэгч: 1977 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай,  бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг, Бүхтэд оршин суух, Б овогт Д ийн Р  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,

Хариуцагч: Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар,

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, “Өндөр хүр” ХХК-д тус тус холбогдох

Гэм хорын хохирол 19 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00338/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч М.Ууганчимэг, нэхэмжлэгч Д.Р , нэхэмжлэгч Ш.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1944 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 75 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, Булган аймгийн Булган  сумын 1 дүгээр баг, Ар шар чулуутад оршин суух, Н овогт Т.Ц

Хариуцагч: 1958 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Өндөр хүр” ХХК-ийн захирал, Я овогт Д.Б түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч: Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1975  онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 43  настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын  дугаар 5 дугаар баг, 18-1-9 тоотод оршин суух, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн лаборторийн нян судлаач ажилтай, Д овогт Б.Э 1965 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн хэлтсийн дарга, Х овогт Л.Ц  , 1967 онд төрсөн, 51 настай эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эм био-бэлдмэл хариуцсан мэргэжилтэн , Д овогт Ш. Б

Хариуцагч: Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1990 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ажилтай, Г овогт Д.Б

Төрийг төлөөлж оролцсон прокурор: Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 216 тоотод оршин суух, Булган аймгийн Прокурорын газар хяналтын прокурор ажилтай, Түшээ овогт Цэнд-Аюушийн Сувдаа , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Р , Ш.Д  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2016 оны эцсийн мал тооллогоор Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн иргэн Шаравжамцын Д т 58 тооны, Д ын Р д 24 тооны үхэр тоологдсон. Эдгээр үхрийн нас хүйсний задаргаа, малын “А” дансаар харагдана. 2017 оны 02 дугаар сард Ар шар чулуут гэдэг газар өвөлжиж байхад хотонд гэнэт 4 үхэр үхсэн учир аймаг руу дуудлгага өгсөн. Дуудлагаар “Өндөр хүр” ХХК-ийн малын эмч Д.Б очиж үзлэг хийгээд “Цусан халдвар” өвчний шинж тэмдэгтэй гэж онош тавиад нэг үхрийн зэмнээс дээж авч явсан. Ингэж явахдаа халуурсан шинж мэдэгдсэн үхрийг тарь гэж 2 шил тарилга орхисон. Ингээд үзлэг, шинжилгээ хийж хариу нь гарснаар 02 дугаар сарын 24-ний өдөр болон 03 дугаар сарын 08-ны өдөр вакцины тарилга үхэрт хийсэн. Анхны мал эмнэлгийн тусламж ирж тарилга хийх хүртэл 6 үхэр, 02 дугаар сарын 24-ний өдөр эхний вакцин тарьснаас хойш 18 толгой үхэр, 03 дугаар сарын 08-ны өдөр дараагийн вакцин тарьснаас хойш 26 толгой үхэр үхсэн. Нэгэнт үхрийн өвчний онош нь батлагдаад байхад эмчилгээг ном ёсоор нь хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон гэж үзэж бид Булган аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргаж уг асуудлыг шалгуулсан. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хяналт шалгалтыг биечлэн хийж бидэнд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 8/1526 тоот албан бичгээр хариу өгсөн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын явуулсан хяналт шалгалтаар “Өндөр хүр” ХХК-ийн нэгжийн малын эмч Д.Б өвчний урьдчилсан оношийг тогтоосон боловч эрүүл малыг нэмж өвчлүүлэхгүй байх, вакциныг журмын дагуу хийх, өвчилсөн малыг эмчлэн эрүүлжүүлэх ажиллагааг тогтоосон журам зааврын дагуу хийгээгүй, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс аймгийн төвийн хажууд өвчин гарч байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч мэдсэн боловч төрөөс хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, худал акт баримт бичсэн зэрэг нь тогтоогдсон болно.

Бид нийт үхсэн 50 үхрээс дуудлага өгөхөөс өмнө болон тарилга хийлгэхээс өмнө үхсэн 6 үхрийг хасч бусад үхсэн 44 үхрийн хохирлыг буруутай мал эмнэлэг болон төрийн байгууллагуудаас нэхэмжилж байна.

Иймд "Өндөр хүр" ХХК-иас нийт хохирлын 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 20 хувь буюу 3 960 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны өвөл Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг, Ар шар чулуут гэдэг газар өвөлжиж байхад 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр манай хотонд гэнэт 4 үхэр үхсэн байсан. Аймаг руу дуудлага өгөхөд дуудлагаар “Өндөр хүр” ХХК-ийн малын эмч Д.Б очиж үзлэг хийгээд “Цусан халдвар” өвчний шинж тэмдэгтэй гэж онош тавиад нэг үхрийн зэмнээс дээж авсан. Ингээд Бужмаагийн хамт мал эмнэлэг орж 100 граммтай 2 тариа зээлээр авсан. Д.Б эмчээр 2 дугаар сарын 23-ны өдөр 9 үхэрт, дараа нь 3-4 үхэрт тариа хийлгэсэн. Арга, чарга хайж хүмүүс рүү ярьж асууж байсан. Д.Б эмчтэй утсаар ярихад ариутгалын бодис, вакцин ирээгүй байна, Л.Ц даргатай ярь гэж хэлж байсан. Цэнгэлмаатай ярих гэхээр утас нь болохгүй байсан тул хүнээр дамжуулж нэг удаа ярьсан.  Шинжилгээний хариу удааширч, ариутгал хийгдээгүйгээгээс бүх мал халдвар авсан. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Б эмч очиж вакцин хийсэн. Харин ариутгал хийгээгүй. Вакцин хийснээс хойш үхэр ихээр үхэж эхэлсэн. Эхний вакцин хийсний дараа 18 үхэр үхсэн. 2 дахь вакциныг 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Д.Б эмч очиж хийсэн. Энэ вакцины дараа 26 үхэр үхэж манайхаас нийт 50 тооны үхэр үхсэн. Надад сэтгэл гаргасан бол би ингэж явахгүй байсан. Бид нийт үхсэн 50 үхрээс дуудлага өгөхөөс өмнө болон тарилга хийлгэхээс өмнө үхсэн 6 үхрийг хасч бусад үхсэн 44 үхрийн хохирлыг буруутай мал эмнэлэг болон төрийн байгууллагуудаас нэхэмжилж байна. Мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Ц надад туслах болов уу гэж бодсон боловч бие бие рүүгээ түлхэж арга хэмжээ авахгүй байсаар ийм байдалд хүрсэн.  

Иймд "Өндөр хүр" ХХК-иас нийт хохирлын 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 20 хувь буюу 3 960 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Р  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дуудлагаар “Өндөр хүр” ХХК-ийн малын эмч Д.Б очиж үзлэг хийгээд “Цусан халдвар” өвчний шинж тэмдэгтэй гэж онош тавиад нэг үхрийн зэмнээс дээж авч явсан. Одоо ямар арга хэмжээ авах вэ гэхэд 7 хоногийн дараа вакцин ирнэ гэсэн. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эхний вакцин хийгээд хоногт 2-3 үхэр үхэж эхэлсэн, ингээд 3 дугаар сарын 8-ны өдөр дараагийн вакцин хийсэнээс хойш өдөрт 5-6 үхэр үхэж эхэлсэн. Бид нийт үхсэн 50 үхрээс дуудлага өгөхөөс өмнө болон тарилга хийлгэхээс өмнө үхсэн 6 үхрийг хасч бусад үхсэн 44 үхрийн хохирлыг буруутай мал эмнэлэг болон төрийн байгууллагуудаас нэхэмжилж байна.

 Иймд "Өндөр хүр" ХХК-иас нийт хохирлын 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 20 хувь буюу 3 960 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “Өндөр хүр” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр малчин Д.Р гийн хотонд үхэр үхсэн дуудлага авч очиход үхсэн 4 үхэр байсан. 3 үхрийн хүүр өмхийрсөн байсан тул арай гайгүй 2 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө үхсэн гэх үхрийн хүүрнээс дээж авсан. Авсан дээжээ аймгийн төв рүү оруулж лаборторт өгсөн. Цэнд гуай надтай хамт орж ирсэн бөгөөд  Анар төв дээр байрлах эмийн сангаасаа примавлин-ЛА-300 гэдэг 30 мл-тэй 2 шил тариаг нэг үхэрт 15-мл-ээр 3 өдөр дараалан тариарай гэж зөвлөн зээлээр өгсөн. Цусан халдвар өвчний эхэн үед антибиотик, ийлдэс хоёрыг хавсран хийх нь үр дүнтэй байдаг. Ийлдэс байхгүй учир примавлин 10 хувийн 100-мл-ээр савлагдсан тариаг үхрийн судсаар хийж эмчилгээ хийдэг. Лаборатори шинжилгээний хариунаас шалтгаалан дараагийн арга хэмжээг авна гэж хэлсэн. Лаборатори шинжилгээний хариу 2 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш гарч 2 дугаар сарын 22-ны өдөр Булган сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мэдээлэл хүргүүлсэн. Дахин дуудлага ирэхээр нь Цэнд гуайн хамт Р гийнд очсон. Үхрийн халууныг үзээд судсаар нь тариа хийж өгөөд явсан. Энэ тариа маш хүчтэй тариа бөгөөд 3-4 хоног, зарим тариа 4-6 хоног үйлчилдэг тариа байдаг. Өвөлжилтийн байдал хүнд, цас их орсон, өвс тэжээл муутай, зутруу маягтай байсан. Ядруу үхэр нь бэлчээрт яваагүй гаднаа байсан. Тусдаа хашаанд хашсан байсан. Хашаа хороо нь нэлээд муудсан, эвдэрсэн байдалтай байсан. Тухайн үед манай аймгийн 2017 оны захиалгат эм бэлдмэл нийлүүлэгдээгүй байсан. 2017 оны 2 дугаар сарын 23-ны орой вакцин, ариутгалын бодис хотоос ирж 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн вакцин, ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан их эмч Жамсранжавын  хамт малчин Д.Р гийнд очсон. Малчин Д.Р  үхсэн малыг хотноосоо зайлуулаагүй, малын байр, орчны эрүүл ахуй, муу, өвсгүй, усгүй байсан. Үхсэн малын сэг зэмийг зайлуулах талаар хэлэхэд би ганцаараа хаанаа ч хүрэлцэхгүй байна, төвөөс хүн ирэхгүй байна. Малын сэг зэмийг жижиг трактор асааж /ногоон пад/ зайлуулна даа гэж байсан. Ариутгал хийх гэтэл Р гийнд ус байхгүй байсан. Р  мөс хайлна гэхээр нь би түүнийг  аймгийн төв рүү усанд явуулсан. Жамсранжав эмч ариутгал хийж, би үхэрт вакцин хийсэн. Энэ талаарх акт үйлдэж, аймгийн Мэл эмнэлгийн хэлтэст өгсөн. Халуунтай малын халууныг үзээд вакциныг хийж байсан. Тухайн үед надтай хамт Цэнд гуай яваагүй, хүү Бат-Өлзий нь явсан. Ингээд малын хорогдол зогсохгүй байна гэж багийн Засаг дарга надад хэлэхэд нь сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Соёлмаад дуудлага өгөх талаар хэлсэн. Би сумын Мал эмнэлэг үржлийн тасаг, аймгийн мал эмнэлгийн хэлтэст танилцуулан ажлын хэсэг ажиллуулах санал гаргасан. Санал хүсэлтийн дагуу 3 дугаар сарны 06-ны өдөр ажлын хэсэг томилогдон малчин Д ын эхнэр Цэндийг авч Р гийнд очсон. Ажлын хэсэг очиж үхсэн үхэрт задлан хийхэд усны дутагдалд орсон, нарийн гэдэс нь цагаан болсон, хутгаар зүсэхэд ус  гарахгүй хатаж аргасан байсан. Мал хоол тэжээлийн дутагдалд орохоор амьд явна гэж байхгүй. Задлан хийсэн үхрээс дээж авч лабораторийн шинжилгээнд оруулсан бөгөөд уг шинжилгээгээр ямар нэг халдварт өвчний үүсгэгч илрээгүй гэсэн хариу 3 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Цусан халдварт өвчин малын өөрийнх нь биед гүйлсэн булчирхайд байрлаж байдаг бөгөөд мал даарч ядрах, өлсөж сульдсанаас болж идэвхиждэг өвчин юм.

Өвөлжилтийн байдал хүнд, цас их орсон, малын бэлчээр нүд гараагүй, нөөц өвсгүй, мал услах усгүй, уснаас маш хол, мал нь турж эцсэн, их ядруу, ажиллах хүч дутмаг, ганцаараа олон малтай байсан. Энэ нь Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.2.2, 14.2.9-т зааснаар малчин үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Миний зүгээс эмчилгээ үйлчилгээг журмын дагуу үзүүлсэн бөгөөд малчин Ш.Д , Д.Р  нарын сууриас үхсэн малыг өвчнөөр үхсэн гэж үзэх үндэслэлгүй. Мал нь олон хоног тэжээл, ус болон арчилгаа, маллагааны дутагдалтай байснаас болж хорогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч К.З  ирээд мал эмнэлгийн стандартыг шалгасан бөгөөд манайхыг гэрээ байгуулахгүйгээр ажилласан байна гэж 100 000 төгрөгөөр торгосноос биш эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй гэж торгоогүй. Р гийнд очиж ажилласан талаар акт дүгнэлт гаргасан гэж хэлээгүй, энэ талаар танилцуулаагүй  гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Өндөр хүр” мал эмнэлгийн малын эмч Д.Б 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган сумын 1 дүгээр багийн малчин Ш.Д ынхаас үхсэн үхрийн дээж авч, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторт хүргүүлж лабораторийн шинжилгээгээр 2 дугаар сарын 21-ний өдөр цусан халдварт өвчин оношлогдсон тул Булган умын Мал эмнэлэг, үржлийн тасагт хариуг өгч цусан халдварт өвчинтэй тэмцэх зааврыг мөрдөж ажиллахыг зөвлөсөн. Тухайн үед аймгийн захиалгат цусан халдвартын вакцин ирж, Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт вакциныг өгсөн.

Малчин Ш.Д ын гэрээт “Өндөр хүр” мал эмнэлгийн малын эмч Д.Б вакциныг хийж Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан эмч Г.Жамсранжав хашаа, хороонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна.

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөн малчин Ш.Д ын үхрийн хорогдол зогсохгүй байна гэсэн дуудлагаар тус газрын Мал эмнэлэг, ариутгалын халдвартын эмч Р.Түмэн-Эрдэнэ, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эрхлэгч, шинжлэгч эмч Б.Энхболд нарыг ажиллуулсан.

Малын эмч Р.Түмэн-Эрдэнэ, Б.Энхболд нарыг малчин Ш.Д ын хотонд очиход 80 гаруй үхэр өвөлжсөнөөс 20 гаруй үхэр үхсэн байсан. Үхрийн саравчинд 1 үхэр үхэж, 1 үхэр орчноо мэдэхгүй хавтгайгаараа 3 хонож байсан тул үхсэн үхрийг задалж дээж авч шинжилгээ хийхэд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 31/34 тоот шинжилгээний дүнгийн хуудсаар халдват өвчин оношлогдоогүй байна.

Малын эмч нарыг очиход бяруунууд болон бэлчээрт явах боломжгүй /ядруу/ үнээгээ хашиж бусад үхэр бэлчээрт явсан байсан. Тухайн жил цас ихтэй малчин Ш.Д ын өвөлжөөний орчим битүү цасан бүрхүүлтэй мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байсан ба хотонд нь өвс тэжээл байхгүй байсан учир Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргад өвс, тэжээл олгох хүсэлт тавьсан байсан  гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Өндөр хүр” мал эмнэлгийн малын эмч Д.Б 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган сумын 1 дүгээр багийн малчин Ш.Д ынхаас үхсэн үхрийн дээж авсан. Манай шинжилгээний хариу доод тал нь 3 хоногийн дотор гардаг. Ингээд Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторт хүргүүлж лабораторийн шинжилгээгээр 2 дугаар сарын 21-ний өдөр “цусан халдвар” өвчин оношлогдсон. Вакцин, ариутгалын захиалгыг Улаанбаатар хот руу явуулж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр вакцин ирээд Д.Б эмч вакцин тарихаар, ариутгал хийлгэхээр Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан эмч Г.Жамсранжавыг явуулсан. Үүнээс  хойш малын хорогдол зогсохгүй байна гэсэн дуудлага ирсэн тул дахин ажлын хэсэг томилж явуулсан. Ажлын хэсэг газар дээр нь очиж үзлэг хийж, дээж авч үзлэгийг зурагаар баримтжуулж танилцуулсан. Энэ үзлэгийн байдлаас харахад өвөлжилт хүндэрч, мал өвс тэжээлийн дутагдалд орсон, арчилгаа маллагаа дутагдсан байдал харагдаж байсан. Дээжийг шинжилгээнд хамруулахад цусан халдаврын шинж илрээгүй. 2017 оны 5 дугаар сард Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.А , Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч К.З  нарын хамт Ш.Д  гуайн хотонд очиж нөхцөл байдалтай танилцсан. Биднийг очиход малын хотонд үхсэн малын сэг зэм, үс ноос ихтэй, ойролцоо жалга судгаар нь малын сэг зэм ихээр хуримтлагдсан байсан. Бид энэ нөхцөл байдалтай танилцаад Орхон сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг өгч малын сэг зэмийг устгах, зайлуулах арга хэмжээ авсан. Бидний зүгээс шаардлагатай арга хэмжээг авч малыг вакцинжуулах, ариутгал халдаргүйжүүлэлтийг хийсэн. Ажлаа үнэнчээр хийснийхээ төлөө ингэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цусан халдвар өвчин малын өөрийнх нь биед гүйлсэн булчирхайд байрлаж байдаг бөгөөд мал даарч ядрах, өлсөж сульдсанаас болж идэвхиждэг өвчин юм. Тухайн үед өвөлжилт хүнд байсан, малчин өвөжилтийн бэлтгэл ажлаа сайн хангаагүйгээс мал ихээр хорогдсон. Иймд хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тус газраас нэхэмжилсэн 7 920 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллаганы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Ц гуай надруу утсаар ярьж “би шинжилгээ хийлгэхээр дээж өгсөн байгаа” гэж хэлсэн. Ингээд шинжилгээгээр 2 дугаар сарын 21-ний өдөр “цусан халдвар” өвчин оношлогдсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдож 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ш.Д ийн хотонд очиж нөхцөл байдалтай танилцаж ажилласан. Тус газар ажлын хэсгийг очиход цас ихтэй, замын хажуугаар малын сэг зэм ихээр хаясан байсан. Ш.Д , Д.Р  нарын өвөлжөөнд очиход тэжээлийн хашаанд ямарч тэжээл байгаагүй, үхэр хэд хэдээр үхсэн, сэг зэм их байсан.  Биднийг очиход хашаанд 2 үхэр үхсэн байсан бөгөөд нэг үхэрт задлан хийж шинжилгээнд хамруулахаар дээж авсан. Энэ үйл ажиллагааг зургаар баримтжуулж ирсэн. Задлан хийж үзэхэд үхэр өвс тэжээлийн дутагдалд орсон байдалтай, нарийн шулуун гэдсэнд ямар ч хоол тэжээл байхгүй, хийгээр дүүрсэн байсан. Мөн усны дутагдалд орсон, махны гадаргуугаар өөхөн бүрхүүл үүсээгүй, шар хальстай байсан. Дээж авахад Т.Ц гуай би өөрөө шинжилгээнд өгнө гээд бас дээж авч байсан. Авсан дээжийг шинжилгээнд хамруулахад  цусан халдвар өвчин илрээгүй гэв

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2 дахь удаагийн шинжилгээгээр халдварт өвчин оношлогдоогүй, цаанаа бас ямар нэг өөр шалтгаантай байсан гэж бодож байна. Гэрч Б.А  замын хажуугаар малын сэг зэм хаясан байсан гэж мэдүүлсэн. Баталгаат вакцин 2 дугаар сарын 23-ны орой ирж малыг вакцинжуулсан гэв. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5.1, 4.5.4, 4.5.10, 6.1.7 дахь заалтын хэрэгжилтийг хангаагүй, хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж ажиллаагүй “Өндөр хүр”, “Хулсан шарга” мал эмнэлгийн нэгжүүдийг шалгаж тус бүр нь хугацаатай албан шаардлага өгсөн. Удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй мал эмнэлгийн албаны дарга Л.Ц 50 000 төгрөг, ажилдаа хариуцлагагүй хандсан “Өндөр хүр” мал эмнэлгийн нэгжийн малын эмч Д.Бужмааг 100 000 төгрөгөөр торгож, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга, Орхон сумын Засаг дарга нарт улсын байцаагчийн албан шаардлага өгч ажилласан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны нэгдсэн хяналт шалгалтын үеэр мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.З  өргөдлийн дагуу шалгаж хяналт шалгалтын тэмдэглэл үйлдээгүй, эрхийн акт үйлдсэн гэж Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.А т арга хэмжээ тооцох тухай албан бичгийг тус газар хүргүүлснээр тухайн байцаагчид Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/26 дугаар тушаалаар сануулах арга хэмжээг авч ажилласан.

Тус газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Бат-Очирын Б.А аар иргэн Ш.Д , Д.Р  нарын нэхэмжлэлд хариу тайлбар гаргасныг үзэхэд нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөр нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хяналтын албан эрх үүрэгт хамааралгүй тул манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Ш.Д , Д.Р  нарын нэхэмжлэлд эмчилгээг ном ёсоор нь хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон гэх  нь мал эмнэлэг, үржлийн нэгжид хамааралтай, тухайн нэгжийг Хүнс, хөдөө аж ахуйн газар удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.

-2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Д ын гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалт хийхэд малчин өөрөө нэг сумаас нөгөө сумруу зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн хийсэн. Ш.Д , Д.Р  нар нь “Өндөр хүр”, “Хулсан шарга” мал эмнэлгийн нэгжүүдтэй гэрээ хийж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй. Тухайн бүс нутагт цас их орсноос хотонд нь мал үхэж хорогдож байхад хотноосоо зайлуулаагүй, цэвэрлэгээ үйлчилгээг хийгээгүй, өвс тэжээлийн хангамж дутмаг байсан, мал ядарч доройтоход малчны арчилгаа маллагаа тэжээллэгийг сайжруулаагүй байсан байна.

Иймд хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тус газраас нэхэмжилсэн 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгч Б.Бадам шүүх хурлдаанд гаргасан хариу тайлбартаа: “Өндөр хүр”, “Хулсан шарга” мал эмнэлгийн нэгжүүдийг шалгаж тус бүр нь хугацаатай албан шаардлага өгсөн. Өвөжилтийн бэлтгэл ажлаа хангаагүй нь гэрчийн мэдүүлэгээр нотлогдож байгаа. Иймд хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тус газраас нэхэмжилсэн 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлаж байна. Үүнтэй санал нэг байна. Иргэний хэрэгтэй танилцхад нэхэмжлэгч нар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Энэ мэдэгдэх хуудсанд хамаарал бүхий нотлох баримт байхгүй байна. Уг мэдэгдэх хуудсанд олон зүйлийг хольж сольж бичсэн байна. Үүнд Б.А , Л.Ц , К.З  нар 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр малчин Р гийнд  очиход өвөлжөөний ойролцоо болоод жалганд үхсэн малын сэг зэм байсан бөгөөд түүнийг Мэргэжилийн хяналтын ерөнхий газрын 01 тоот актаар устгасан гэж байгаа боловч энэ актыг хэргийн материалд ирүүлээгүй байна. Мэдэгдэх хуудаст дүгнэхдээ "Өндөр хүр" ХХК-ийн эмч Д.Б халдвар өвчинд авах шаардлагатай арга хэмжээг аваагүй, мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Ц аж ахуй нэгжийг удирдлага арга зүйгээр хангаж чиглэл өгөөгүй, малын халдварт өвчтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, малд эмчилгээ хийхэд хугацаа алдсан зэрэг учир дутагдалтай дүгнэлтийг хийсэн. Гэтэл үүнийг цаг хугацаа, орон зайгаар харахад тэр даруйд нь арга хэмжээ авч байсан нь нотлогдож байгаа урчаас энэ дүгнэлт хийсвэр дүгнэлт байна. Тухайн үед өвөлжилтийн бэлтгэл байдал хангагдаагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ өвчин нь дээрхи нөхцөл байдлаас үүдэн идэвхижиж мал ихээр хорогдох нөхцөл байдал болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д , Д.Р  нар нь “Өндөр хүр” ХХК, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт тус тус холбогдуулан гэм хорын хохирол 19800000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн малчин Ш.Д , Д.Р  нарын мал хорогдож 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Өндөр хүр” ХХК-ийн малын эмч Д.Б дуудлагаар очиж үзлэг хийхэд “цусан халдвар” өвчний урьдчилсан онош тавьж үхсэн малаас дээж аван шинжилгээнд явуулжээ. Уг шинжилгээрээр малын цусан халдвар өвчин болох нь тогтоогдож Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/45 дугаартай захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. /хх-ийн 48-53, 95, 163/

 Нэхэмжлэгч нарын 44 толгой үхэр үхсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд  энэ талаар талууд маргаагүй, харин хариуцагч нар эмчилгээ оношлогоог журмын дагуу хийсэн, өвс тэжээл, арчилгаа маллагааны дутагдлаас үүдэн цусан халдварын вирус идэвхижиж мал ихээр хорогдсон гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 8/1526 дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан бичигт дурдсанаар  хариуцагч нар гэм буруутай болох нь тогтоогдсон гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх амь нас эрүүл мэнд нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заажээ.

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гэм хорын хохирлын 20 хувь буюу 3 960 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийг өвчин гарсан гэдгийг мэдсэн боловч Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор баталсан улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийн 2.23.2-2.23.5-д заасан  хяналтаа хэрэгжүүлээгүй худал акт бичсэн гэж буруутгасан байна.

Тус дүрмийн 2.23.2-т “мал эмнэлгийн хорио цээр хязгаарлалт тогтоох, мал амьтны өвчинтэй тэмцэх, малын сэг зэмийг устгах, талаар Засаг дарын гаргасан шийдвэр түүний биелэлтэнд хяналт тавих”, 2.23.3-т “мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг биелүүлэх, өвчилсөн мал амьтныг зохих журмын дагуу устгасан эсэхэд хяналт тавих, 2.23.4-т “өвчнийг оношлох эмчлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал амьтныг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавих”,  2.23.5-д “мал амьтныг арчлах, маллах, тэжээх, үржүүлэх үеийн эрүүл ахуй, бэлчээр, хашаа бууц, уст цэгийн орчны ариун цэврийн талаар гарсан дүрэм, журам зааврын хэрэгжилтэнд хяналт тавих” гэжээ.

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нэхэмжлэгч нар гомдол гаргасан гэх бөгөөд уг гомдлын дагуу тус газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.А  2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр малчин Д.Р гийнд очиж нөхцөл байдалтай танилцаж хяналтаа хэрэгжүүлэхдээ хяналт шалгалтын тэмдэглэлийг хөтлөөгүй, эрхийн актаа үндэслэлгүй гаргасан гэж тус газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар  сануулах арга хэмжээ авагдсан байна. /хх-ийн 65/ Мөн улсын байцаагч Б.А  2017 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн хэлтэс болон  мал эмнэлгийн нэгжүүдэд хяналт шалгалт хийж Улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүлж “Өндөр хүр” мал эмнэлгийн эмч Д.Бужмааг 100 000 төгрөгөөр, эмч Л.Ц г 50000 төгрөгөөр торгох арга хэмжээг тус тус авсан байна. /хх-ийн 66-72/

Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас гэм хорын хохирлын 40 хувь буюу 7920 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс аймгийн төвийн хажууд өвчин гарч байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль“-ийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэжээ.

Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шинжилгээнд ирүүлсэн дээжийг хүлээн авч шинжлэн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариуг гарган хүргүүлж, Улсын мал эмнэлэг, үржлийн газарт вакцины захиалга өгч 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр малчин Д.Р гийн малыг вакцинжуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, Булган сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон нь шинжилгээний дүнгийн хуудас, явуулсан баримт бичгийн бүртгэл, дээж хүлээн авах тухай журнал, нян судлалын шинжилгээний журнал, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, халдваргүйжүүлэлтийн акт, Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/45 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ажлын хэсэг томилогдож дахин үзлэг шинжилгээг хийсэн байх бөгөөд давтан шинжилгээгээр цусан халдвар өвчний үүсгэгч илрээгүй болох нь шинжилгээний хуудас, малчин Ш.Д ийнд дуудлагаар ажилласан ажлын илтгэх хуудас, задлан шинжилгээ хийсэн тухай зураглал /плаш/ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 87-103, 160, 163, 165/

Иймд Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрыг 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах тухай хууль“-ийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, цусан халдварт өвчтэй тэмцэх зааврын 8.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

“Өндөр хүр” ХХК-иас гэм хорын хохирлын 40 хувь буюу 7920 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтйн шаардлагын тухайд:

“Өндөр хүр” ХХК-ийн нэгжийн малын эмч Д.Б өвчний урьдчилсан оношийг тогтоосон боловч эрүүл малыг нэмж өвчлүүлэхгүй байх, вакциныг журмын дагуу хийх, өвчилсөн малыг эмчлэн эрүүлжүүлэх ажиллагааг тогтоосон журам, зааврын дагуу хийгээгүй буруутай гэжээ.

2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль“-ийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т “орон нутгийн үйлчилгээний нэгж нь мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар сум дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллана” гэж, 6.4.6-д “өвчтэй малыг хяналтанд авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах устгуулах, үндэслэлээ сум дүүргийн Засаг даргад уламжлах” гэж, Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн а/67 тоот тушаалаар баталсан “цусан халдвар өвчинтэй тэмцэх заавар”-ын 8.3.2-т “Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийх”, 8.3.3-т “Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх”, 8.3.4-т “Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих”, 8.3.7-д “Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх”, 8.3.8 “Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах” гэж тус тус заажээ.

“Өндөр хүр” ХХК-ийн мал эмнэлгийн нэгж нь Булган аймгийн Булган сумын Засаг даргатай 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байна. /хх-ийн 161-162/ Харин малчин Ш.Д ийнхтай гэрээ байгуулаагүй боловч малчны өгсөн дуудлагын дагуу 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр очиж өвчтэй малд үзлэг хийн “цусан халдвар өвчин” гэсэн урьдчилсан оношийг тогтоож, үхсэн малаас дээж авч Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэг, ариун цэврийн лаборторид хүргүүлжээ. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “цусан халдвар  өвчний үүсгэгч илэрсэн“ гэх шинжилгээний хариу гарч 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дахин үзлэг хийж өвчтэй малд тарилга /прималин 100/ хийж, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалтыг хийсэн нь зохигчдын тайлбар, шинжилгээний дээж хүргүүлэх дагавар бичиг, вакцинжуулалтад хамрагдсан малчин өрхийн цуваа, халдварт өвчний журнал, эм тариа олгосон тухай тооцооны хуудас, халдваргүйжүүлэлт хийсэн акт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 48-53, 59/

Нэхэмжлэгч нар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр вакцин тарьснаас хойш 18 толгой үхэр, 2017 оны  03 дугаар сарын 08-ны өдөр вакцин тарьснаас хойш 26 толгой үхэр үхсэн. Үхрийн өвчний онош  батлагдсан  байхад эмчилгээг журмын дагуу хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон гэжээ.

2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.2.2-т малчин малын байр, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, арчилгаа, маллагаа, тэжээллэг, эдэлгээ нь технологийн шаардлага хангасан байх”, 14.2.9-т “малаа гамшгаас хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлж, тухайн бүс нутагт мөрдөх бэлчээр, тэжээлийн нөөцийн зохистой хэм хэмжээг хангасан байх” гэж тус тус заасан.

Зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нарын мал нь өвс тэжээлийн болоод арчилгаа маллагаа дутгагдсанаас үүдэн их хэмжээгээр хорогдсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, малын өвс тэжээлийг хангалттай бэлтгээгүй, арчилгаа маллагаа дутмаг байдал нөлөөлсөн байхаас гадна Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн цаг агаарын нөхцөл байдлын тухай мэдээгээр өвөлжилтийн байдал хүндэрч, цас ихээр орсон нөхцөл байдлууд нөлөөлсөн байна. /хх-ийн 241-242/

Нэхэмжлэгч нарт 44 тооны үхэр хорогдож хохирол учирсан нь тогтоогдож байх боловч хохирол учирахад хариуцагч нарын үйлдэл нөлөөлөөгүй, шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон  “Өндөр хүр” ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохирол 19800000 /арван есөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Д , Д.Р  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон  “Өндөр хүр” ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохирол 19800000 /арван есөн сая найман зуун мянган/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Д , Д.Р  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256950 /хоёр зуун тавин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг  Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчдоос нотлох баримтаар ирүүлсэн плаш /1 ширхэг/-ыг хэрэгт хавсаргасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                               О.ОДОНЧИМЭГ                                                                                             

                                                                Л.АРИУНЦЭЦЭГ