| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/01032/и |
| Дугаар | 135/ШШ2018/01205 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2018/01205
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, - тоотод оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын - тоотод оршин суух, *******-д холбогдох
Үндсэн зээл 27 390 000 төгрөг, түүний хүү 4 610 000 төгрөг нийт 32 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
*******- нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 11,000 долларыг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Долларын ханшийг 2490 төгрөгөөр тооцож 27,390,000 төгрөг, хүү 4,610,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг нэхэмжилсэн. Мөнгөө өгөхгүй байж байгаад 2018 оны 3 сард 2 сая төгрөг авсан. 32,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаад 30,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч *******- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би анх 2017 оны 5 сарын 5-ны өдөр 9000 доллар зээлж аваад 7 сард мөнгийг нь өгч чадаагүй тэгээд 2 сарын хүү нэмээд 11,000 доллар авсан гээд бичээд өгсөн. Би 2017 оны 9 сард 2,740,000 төгрөг, 10 сард 2,740,000 төгрөг, 11 сард 2,740,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед энэ мөнгийг зээлийн хүү гэж өгсөн. 2018 оны 2 сард 1,000,000 төгрөг өгсөн. 2018 оны 3 сард 2,000,000 төгрөг өгсөн. Нийт 11,220,000 төгрөг өгсөн. Өгсөн 11,220,000 төгрөгөө хасаад үлдэгдэл 16,170,000 төгрөг зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан 11 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 2490 төгрөгөөр тооцож 27 390 000 төгрөг, түүний хүү 4 610 000 төгрөг нийт 32 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******- нь долларын ханшийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцохыг зөвшөөрч, зээлийн төлбөрт нийт 11 220 000 төгрөг төлсөн тул хасаж тооцох, 10 170 000 төгрөгийг зөвшөөрч, хүү тооцоогүй тул 4 610 000 төгрөгийн шаардлага болон үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хэрэгт авагдсан Баталгаа гэх баримтад ...*******-аас 11 000 долларыг 2017 оны 7 дугаар сарын 05-нд авч 2017 оны 8 сарын 15-нд өгөхөөр тохирч зээлсэн болно, 2017 оны 8 сарын 15-наас хэтэрсэн тохиолдолд сарын хүүг тооцож өгөх болно Баталгаа гаргасан *******- гэсэн баримтыг хариуцагч бичиж өгсөн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь 9000 ам долларыг аваад хүүг нь оролцуулаад 11 000 ам доллар гэж бичиж өгсөн, зээлийн төлбөрт 2017 оны 8 дугаар сард хүү 2 740 000 төгрөг, 2017 оны 9, 10, 11 сард 8 220 000 төгрөг, 2018 оны 2 сард 1 000 000 төгрөг, 2018 оны 3 сард найз Галт-Эрдэнээс 2 000 000 төгрөг нийт 11 220 000 төгрөг өгсөн гэж тайлбар гаргасныг, нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөг авсан болох нь гэрч С.Галт-Эрдэнийн мэдүүлэг болон нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч үлдэх 9 220 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч нь зээлийн төлбөрт 2017 оны 8, 9, 10, 11 сард нийт 8 220 000 төгрөг, 2018 оны 2 сард 1 000 000 төгрөг төлсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч *******-ын нэр дээр Пруйс 30 маркийн автомашин шилжүүлсэн боловч 6 сар унаад буцаагаад ******* хүүд өгсөн тул 6 000 000 төгрөг хасуулна гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, гэрч ******* ...*******- манай хүүд машиныг өгсөн гэсэн мэдүүлэгээр хэн хэний хооронд хичнээн төгрөгөөр машин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч машины төлбөр гаргуулах сөрөг шаардлага гаргаагүй тул дээрх гэрчийн мэдүүлэг болон тайлбар нь хэрэгт хамааралгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээл олгосон зээлийн хүү 4 610 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тусгаагүй байх тул хүү шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******-ас зээлийн төлбөр 27 390 000 төгрөгөөс зээлийн төлбөрт шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хасч үлдэх 25 390 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч *******-ас 25 390 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгож, 6 610 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 317950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 284 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА