Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/838

 

 

 

 

 

     2022          11          09                                     2021/ШЦТ/838

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Энхбат,

Шүүгдэгч: *** өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  2202000000242 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 57 тоотод үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “***”, “***”, “***”, “***” ХХК-с 2017 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 30 ширхэг падаан, “***” ХХК-с 2018 оны 10 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 6 ширхэг падаан, “***” ХХК-с 2018 оны 8, 9 дүгээр сард хууль бусаар шивүүлсэн 11 ширхэг падаан, “***”, “***” ХХК-с 2019 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 12 ширхэг падаан, “***” ХХК-с 2020 оны 7 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 4 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 4.124.841.818.18 /дөрвөн тэрбум, нэг зуун хорин дөрвөн сая, найман зуун дөчин нэгэн мянга, найман зуун арван найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 68 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсван мэтээр нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланг харъяа Татварын хэлтэст тайлагнаж, 4.124.841.818.18 /дөрвөн тэрбум, нэг зуун хорин дөрвөн сая, найман зуун дөчин нэгэн мянга, намйан зуун арван найман төгрөг арван намйан мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч, ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...***” ХХК-ны хувьд 2017-2020 оныг дуустал хүртэлх хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компаний хувьд 412.484.181.82 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “***” ХХК-ны хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулсан. ...Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 412.484.181.82 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “***” ХХК нь илгээсэн байдаг. ...***” ХХК нийт 10 аж ахуйн нэгжээс 68 падаанаар 412.484.181.82 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна... “***” ХХК нь НӨАТ-ын тайлангаа залруулсан байгаа дээрх дүнгээр буруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

“Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...*** ХХК-ний татварын нэгдсэн систем баталгаажсан НӨАТ-ын тайлан, төлбөрийн баримтыг тулган шалгахад “***”, “***” ХХК-с 2017 онд 18 удаагийн 1.045.533.636.36 төгрөгийн худалдан авалтын төлбөрийн баримт тайлагнасан байна. Дээрх худалдан авалтаар тайлагнасан 1.045.533.636.36 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 22/10-87 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна. ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “***” ХХК-ний тайлагнасан “***” “***” ХХК-ний тайлагнасан “***”, “***” ХХК-н төлбөрийн баримтаар 2017 онд 104.553.363.64 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-г бууруулж тайлагнасан байна...” гэжээ /хх 1-н 72-78/,

Татварын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 тоот дүгнэлтэд: “...Татварын хяналт шалгалтаар нийт 54,577,566,913.41 /тавин дөрвөн тэрбум, таван зуун далан долоон сая, таван зуун жаран зургаан мянга, есөн зуун арван гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн.

Хавсралтаар: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж, хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус “***” ХХК юм. 2017 онд 27,849,892,034.45 (хорин долоон тэрбум, найман зуун дөчин есөн сая, найман зуун ерөн хоёр мянга, гучин дөрвөн төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн бараа, материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа НӨАТ-ын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж, ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар ногдох орлого, НӨАТ ногдох орлогыг хуурамчаар тусгасан” гэжээ /хх 1-н 87-90/,

Татварын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 тоот дүгнэлтэд: “...Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 52,642,576,428.3 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэгт бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.

Хавсралтаар: Татварын хяналт шалгалтаар нийт 52,642,576,428.3 (тавин хоёр тэрбум, зургаан зуун дөчин хоёр сая, таван зуун далан зургаан мянга, дөрвөн зуун хорин найман төгрөг) төгрөгийн зөрчил илэрсэн. 2017 онд 26,335,816,350.81 (хорин зургаан тэрбум, гурван зуун гучин таван сая, найман зуун арван зургаан мянга, гурван зуун тавин төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн борлуулалтын орлогыг нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 1140 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж, бусдад НӨАТ төлөхөөс зайлсхийх боломж олгосон” гэжээ. /хх 1-н 156-160/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан, Цахим татварын мэдээллийн сан, Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг. Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Etеx.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем. Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулиийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно. Харин 4.1.18 “Бүтгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ. Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...***” ХХК-ний удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие юм. Надаас өөр ямар нэгэн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани У.Алтанзаяа гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2018 онд тайлангаа залруулж зөвтгөсөн. Одоо манай компани улсад ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй, улсад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хяналтын прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, би хяналтын прокурорын тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32-37/,

“Мөнх тэнгэр консракшн” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт (хх 1-н 93-127/,

“Алтан гадас майнинг” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт /хх 1-н 161-172/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх 1-н 1-3/, “***” ХХК-тай холбоотой баримтууд /хх 1-н 39-40, 47-65/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 41-43/,  

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 57 тоотод үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “***”, “***”, “***”, “***” ХХК-с 2017 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 30 ширхэг падаан, “***” ХХК-с 2018 оны 10 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 6 ширхэг падаан, “***” ХХК-с 2018 оны 8, 9 дүгээр сард хууль бусаар шивүүлсэн 11 ширхэг падаан, “***”, “***” ХХК-с 2019 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 12 ширхэг падаан, “***” ХХК-с 2020 оны 7 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 4 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 4.124.841.818.18 /дөрвөн тэрбум, нэг зуун хорин дөрвөн сая, найман зуун дөчин нэгэн мянга, найман зуун арван найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 68 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсван мэтээр нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланг харъяа Татварын хэлтэст тайлагнаж, 4.124.841.818.18 /дөрвөн тэрбум, нэг зуун хорин дөрвөн сая, найман зуун дөчин нэгэн мянга, найман зуун арван найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлэг, гэрч ***ийн мэдүүлэг, аудитын дүгнэлт, Татварын Улсын байцаагч нарын дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь *** ХХК-ний удирдах албан ташаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлхийх зорилгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй компаниудаас нийт 4.124.841.818.18 төгрөгийн орлого, эд хөрөнгө, баруу үйлчилгээг зориуд худал тодорхойлж тавар төлөхөөс зайлсхийсэн нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Татвар төлөхөөс зайлсхийх нь Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн үйлдэлийн улмаас 412.484.181.82 төгрөгийн хохирол учирсан ба тухайн хохирлыг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан Татварын Ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР