Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Уранбайгаль, шүүгдэгч Л.О*** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00381 0492 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А***  овгийн Л***ын  О*** , *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, хүүхдүүдийн хамт С*** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.О***нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 58 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Шөнийн захын урд замд Toyota Prius 20 маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 56 настай, эрэгтэй Н.Т***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1. 1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, А***  овгийн Л***ын  О***  нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 58 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Шөнийн захын урд замд Toyota Prius 20 маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 56 настай, эрэгтэй Н.Т***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.​​​​​​​2. Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12, 14-15 дахь тал),

- Шүүгдэгч Л.О***ийн “...жолооны үнэмлэхийн төлөв-хүчинтэй, үнэмлэх олгосон огноо 2019/09/05, үнэмлэх хүчинтэй огноо 2029/09/06, зөрчлийн оноо 5, ангилал В...” гэсэн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал),

- Хохирогч Н.Т***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...шөнийн зах замынхаа урдаас хойшоо чиглэлтэй гарцгүй газраар зам гарахаар болоод н.Б***, н.Э*** нар нь надаас түрүүлээд сугадалцаад явсан. Би араас нь дагаад зам гарах гээд явж байтал 2 дугаар эгнээнд автомашин ирж байгааг 10 метрийн зайнаас харчхаад урд явсан хоёр хүнийг хүлээгээрэй гэж хэлээд араас нь алхаж явтал цагаан өнгийн Тоёота приус маркийн автомашин намайг мөргөсөн. Нэг сэрсэн 103-ын автомашинд явж байсан. Надтай хамт явсан н.Э***, н.Б*** хоёрыг сайн танихгүй, зүс таньдаг хүмүүс юм. Гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н***ы “...Н.Т*** нь миний төрсөн эх н.Н***ын төрсөн ах нь бөгөөд осолд орсноос хойш гэртээ ганцаараа эмчилгээ хийлгээд гарах боломжгүй байгаа юм. Н.Т*** ахын өмнөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр надаас өөр оролцох хүн Улаанбаатар хотод байхгүй, Н.Т*** ахын эхнэр, хүүхдүүд нь гадаад улсад байдаг юм. Би Н.Т*** ахын өмнөөс хэрэгтэй танилцаж, шүүх хуралд оролцох хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9432 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Н.Т***ын биед баруун шилбэний шаант болон, зүүн 6-р хавирганы далд хугарал, духанд шарх, дух, зулай, мөр, өвдөг, хэвлийд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 999364 дугаартай дүгнэлтийн “...уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч бутарсан нь зам тээврийн осол болох үед үүссэн харин бусад эвдрэл гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байж болох эвдрэл гэмтэл байна. Дээрх тээврийн хэрэгслийн гэрлийн хүч нь тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй нь уг осол хэрэгт нөлөөлөхөөр бол үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдоогүй. Зогсоолын тоормос баруун хойд тал нь ажиллахгүй...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 63-66 дахь тал),

- Гэрч П.Э***ийн мэдүүлэг бүхэлд нь (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

- Гэрч Ц.Б***ийн мэдүүлэг бүхэлд нь (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

- Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Л.О***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 58 минутын орчим би өөрийн нэр дээр байдаг Toyota Prius 20 маркийн *** УБК улсыг дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 22-11в тоотоос, Чингис хаан онгоцны буудлаас нөхөр А***ыг тосохоор 3 настай охин н.А***ы хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 21-ийн гэрлэн дохиотой уулзвараар ертөнцийн зүгээр хойноосоо баруун эргээд 100 метр орчимд, 1 дүгээр эгнээнд 38-40 км/цаг хурдтай явж байтал эсрэг урсгалын автомашины гэрлүүд дундаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй согтуу хүмүүс бие биетэйгээ сугадалцан явж байснаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явдаг замыг өнгөрөөд миний явж байсан чиглэлийн 1 дүгээр эгнээ рүү гэнэт ороод ирэхээр нь би 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү шилжсэн. Энэ үед нэг эрэгтэй нь сугадаж байсан хүнээсээ гараа татаж аваад хойшоо ухран миний машины баруун урд талын буферт мөргүүлж, тохойгоороо баруун урд салхины шилний доод булан хэсэгт тохойлдож цохиод зам дээр унасан. Би автомашинаа зогсоогоод буугаад очтол 50 гаран насны эрэгтэй, согтуу хүн байсан. Тухайн эрэгтэй нь толгойн баруун дээд хэсэгтээ 1-1.5 см шархтай байсан. Тухайн үед миний гар утас нэгжгүй байсан тул зам дагуу явж байсан хүнээр 102, 103 руу дуудлага хийлгэсэн. Ингээд түргэн тусламжийн машин 30 минутын дараа ирж гэмтсэн хүнийг авч явсан ба дараа нь цагдаа нар ирж хэргийн газарт хэмжилт хийсэн. Мөргүүлсэн эрэгтэйтэй хамт явж байсан хүмүүс хэлэхдээ “бид нар урьд нь хоёр ч удаа машинд мөргүүлж байсан, тохиролцоод салсан” гэж хэлсэн ...” (хавтаст хэргийн 39 дэх тал) гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй бөгөөд би мөрдөн байцаалтын үед хэргийн талаар тодорхой мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй...” хэмээн мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.О***нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9432 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.О***ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тус хуулийн өөр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Харин хохирогч Н.Т*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-а заалтад “...үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн үйлдэл нь уг гэмт хэргийн гарах шалтгаан нөхцөл болсныг дурдах нь зүйтэй. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.О***ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н*** нь 152,150.0 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн ба шүүгдэгч Л.О***нь сайн дурын үндсэн дээр 2,050,000.0 төгрөгийг хохирогч Н.Т***д нөхөн төлж барагдуулжээ.

Шүүх хохирогч Н.Т***ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байгааг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Т***ын цаашид гарах эмчилгээний зардал буюу гэм хорын үлдэх хохирлыг өөрт нь хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хот суурин газарт явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарах нь авто замын гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох нь түгээмэл байгааг дурдахын зэрэгцээ явган зорчигч зорчих хэсгийн бүх хэсгээр дураар зорчих хууль эрх зүйн эрхгүйг хохирогч Н.Т***д шийтгэх тогтоолоор дамжуулан анхааруулах нь зүйтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.О***ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 100 дахь тал), нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дэх тал),  хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (хавтаст хэргийн 102 дахь тал), тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 103 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 105-108 дахь тал), зээлийн мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 109-110 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дэх тал), нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 112 дахь тал) зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Л.О*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л.О***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгж буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

2.2. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О***бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.А***  овгийн Л***ын  О***ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О***д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О***д  оногдуулсан таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох 3 дотор төлүүлэхээр тогтсугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.О***д сануулсугай.

5.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогч Н.Т***д учирсан бусад гэм хорын төлбөрийг өөрт нь хариуцуулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА