Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00173

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 10 өдөр                    Дугаар 102/ШШ2019/00173                            Улаанбаатар хот

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, “Хилчид”-26, “Корунд” ХХК-ийн байранд байрлах “Алтан шургуул” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      

Хариуцагч Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 24 тоотод оршин суух Боржигон овогт Найданзулын Хүрэлбаатарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.675.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Т.Ганболд, хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Алтан шургуул” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Н.Хүрэлбаатартай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ-17091801 дугаартай “Зээлийн гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан.

Зээлийн гэрээгээр Н.Хүрэлбаатар 5.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 сарын 6 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17091801 дугаартай “Фидуцийн гэрээ”-г байгуулж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд зааснаар “Тоёота приус-20” маркийн, 01694210 Гэрчилгээний дугаартай, NHW207786747 арлын дугаартай, 24-91 УНВ улсын дугаартай, суудлын зориулалттай, цайвар ногоон өнгийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 2.500.000 төгрөг, хүү 1.675.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 6.675.000 төгрөгийг Н.Хүрэлбаатараас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно.

Харицагч Н.Хүрэлбаатар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан.

Гэрээний дагуу үндсэн зээлд 2.500.000 төгрөг, хүүд эхний 3 сарын хүү төлсөнийг хүлээн зөвшөөрнө.

Одоо хариуцагчаас үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 2.500.000 төгрөг, хүү 1.675.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 6.675.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Н.Хүрэлбаатар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Алтан шургуул” ХХК-тай ЗГ-17091801 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг тухай бүр хийж байсан.

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн төлөлтийг төлөлгүй 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Алтан шургуул” ХХК-ийн байранд зээлийг бүгдийг төлж дуусгахаар очиход зээл, хүүг буруу бодоод илүү мөнгө нэхэмжилж, хүү, алданги эхэлж авна гээд байхаар нь зээлээ төлөхгүй явсан.

Иймээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс зээл, хүүд 2.950.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч алданги нэхэмжлэх үндэслэлгүй. Хүн зээлээ хаая гээд очиход буруу бодоод аваагүй тул зөвшөөрөхгүй. Зээлэнд хариуцагч нийт 3.251.000 төгрөгийг төлсөн байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Алтан шургуул” ХХК, хариуцагч Н.Хүрэлбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.675.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

   

Хариуцагч зээлэнд 2.950.000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

          

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Алтан шургуул” ХХК, хариуцагч Н.Хүрэлбаатартай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, “Фидуцийн гэрээ”-гээр “Тоёота приус-20” маркийн 24-91 УНВ улсын дугаартай, суудлын зориулалттай, цайвар ногоон өнгийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, ЗГ17091801 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан болох нь “Зээлийн гэрээ”, “Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

     

Хавтас хэрэгт авагдсан 0001680 дугаартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээгээр нэхэмжлэгч тус барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь нотлогдож байна.

 

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчид зээл авсан, аваагүй талаараа маргаагүй бөгөөд зээлийн төлбөр төлөх үүргийн дүнд хариуцагч маргаж, зээлийн гэрээний салшгүй хэсэг болох зээл эргэн төлөх хуваарийг зөрчин, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй нь тогтоогдож байх тул харицагч зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

          

          Иймээс нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөрт 6.675.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу төлбөрийг тооцоход:

         

          1.Хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийг аваад, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1.135.000 төгрөгийг төлсөн байна.                 

         - 5.000.000 төгрөг х 6%=300.000 төгрөг / сарын хүү/

         - 1.135.000 төгрөг-300.000 төгрөг = 835.000 төгрөг үлдсэнийг үндсэн зээлээс хасахад 5.000.000-835.000=4.165.000 төгрөг /үндсэн зээл/

        

      2.Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.083.000 төгрөгийг төлжээ.         

          -4.165.000 төгрөг х 6%= 249.900 төгрөг /хүү/

          -1.083.000 төгрөг-249.900 төгрөг =833.100 төгрөгийг үндсэн зээлээс хасахад

          -4.165.000 төгрөг-833.100 төгрөг = 3.331.900 төгрөг /үндсэн зээл/

        

      3.Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1.033.000 төгрөгийг төлсөн байна.        

           -3.331.900 төгрөг х 6%=199.914 төгрөг /хүү/

           -1.033.000 төгрөг - 199.914 төгрөг =833.086 төгрөгийг үндсэн зээлээс хасах

           -3.331.900 төгрөг-833.086 төгрөг=2.498.814 төгрөг /үндсэн зээл/

 

       4.  -2.498.814 төгрөг х 6%=149.928 төгрөг / сарын хүү/

      Талуудын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хүү төлөөгүй үлдсэн тул 149.928 төгрөг х 3=449.784 төгрөг /хүү/, 2.498.814 төгрөгийн 0.5 хувийн алданги 1.249.407 төгрөг,

    

       5.Хариуцагчаас 2.498.814 төгрөг /үндсэн зээл/+449.784 төгрөг /хүү/+1.249.407 төгрөг  /алданги/ = 4.198.005 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.476.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.198.005 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 82118 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

        

        1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Найданзулын Хүрэлбаатараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.198.005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтан шургуул” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.476.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.        

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 82118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА