Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 339

 

Б.О, А.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 740 дүгээр магадлалтай, Б.О, А.Б нарт холбогдох 201625012317 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү, шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ын О,

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А-ын Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос Б.О, А.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж, Б.О, А.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.О-д 6 жил хорих ял, А.Б-д 5 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү, Н.Баттогтох, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо “...Хэрэг гарах үед миний бие хохирогч Л.М-д ямар нэгэн байдлаар санаатайгаар гэмтэл учруулья гэсэн санаа зорилго байгаагүй. Би болж өнгөрсөн үйл явдалд туйлын их харамсаж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би ээж, ах, дүү нарынхаа хамт амьдардаг. Ээж маань толгойны хүнд хагалгаанд ороод удаагүй байгаа, мөн ах маань намайг хэрэгт холбогдсоны дараа уушгины сүрьеэгээр хүнд өвдсөн. Ээж, ах хоёр маань хоёулаа эмчийн хяналтад байдаг, би ажил хийж гэр бүлдээ их тус дэм болдог байсан, надаас өөр тус нэмэр болох хүн байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн ар гэрийн минь нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасны дагуу ялын доод хэмжээнээс доогуур ял оноож, ялыг минь хөнгөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Б.Борхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн тогтоолд дурдсан нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд А.Б нь хохирогчийн гарыг барьж, мөргөсөн, өшиглөсөн үйлдэл бүрэн тогтоогдохгүй, гэрчүүд гарыг барьсан, барьцалдсан гэх мэт зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн хохирогч тухайн үед ямар хувцастай явсан, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан ханцуйг нь атгаж барьсан тухай асуудлыг шалгаагүй зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. Мөн хохирогчийн хамгийн сүүлд мэдүүлсэн мэдүүлгийг шүүх авч хэлэлцээгүй, бүлэглэсэн гэх асуудлыг бүрэн нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. А.Б-г санаатай нэгдэж уг гэмт хэргийг үйлдсэн тухай баримт хэрэгт байхгүй байхад бүлэглэсэн гэж үзэж хэтэрхий туйлширсан. Мөн үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байгаа бол А.Б нь үнэхээр хөдөлгөөнийг нь хорьсон, Б.О-г цохих гэж байгааг мэдсэн, мэдсээр байж үйлдлээ үргэлжлүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шууд бүлэглэсэн гэж үзэж болохгүй ба хуулийг буруу хэрэглэж, хууль бусаар ял шийтгэл оногдуулж, хэлмэгдүүлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба хохирогчтой төлбөр тооцооны асуудал байхгүй, хохирогч манай үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг бүрэн ойлгосон, холбогдсон хэрэгтээ гэмшиж, ажлаа хийж төлбөрөө төлсөн, хамт олны дунд нэр хүнд сайтай, ирээдүй нь сайн сайхан зүйлээр төсөөлөгдөж байгаа хүүхдэд шүүх ял төлөвлөхдөө Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэлгүй, хэрэглэх боломжтой хуулийн заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг шинжлэн үзэж, үнэн бодит эргэлзээгүй талаас нь үнэлж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч нар 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө “Алтан цайз” бааранд орж үйлчлүүлж байх үедээ үл таних 2 эмэгтэйтэй танилцсан ба нэг эмэгтэй нь Б.О-д манай найз явчихлаа, эгч нь их согтсон байна, таксинд суулгаад өгөөч гэж гуйсан. Баарнаас гараад явахад нөгөө 2 эгчийг татаад буудал руу авч орох гээд байхаар нь боль гээд А.Б, гэрч Б нар цаашаа явсан. Тэр эмэгтэйг орхиод очих үед “Наран” буудлын урд А.Б хохирогч Л.М-тэй барьцалдаад байж байхаар нь би зодолдоод байгаа юм байх гэж бодоод хойноос нь очоод хохирогчийн араас нэг удаа тоосгоор цохьсон гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа тогтвортой мэдүүлдэг. Хэрэг шалгагдаж эхлэх үеэс шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар удаа дараа тэр бааранд хамт байсан гэх 2 эмэгтэйг олж гэрчээр асууж өгөөч гэх хүсэлтийг гаргасан боловч олдохгүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Дээрх 2 эмэгтэйг олж байцаалт авсан бол хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт, гэм буруугийн байдал тодорхой болох ёстой байсан. Хэргийн байдлаас харахад шүүгдэгч нар танхайрч бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулаагүй, харин 2 эмэгтэйг булаалдаж хувийн таарамжгүй харьцаа, үл ойлголцол үүсэж, улмаар зодоон болсон. Б.О гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их гэмшиж, хохирогчийг эмнэлэгт хэвтэхэд нь эргэж, шаардлагатай тусламж үзүүлж ор хоног, эмчилгээний зардал зэргийг өгч уучлалт гуйж байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал, хохирлыг нөхөн төлсөн, Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн 3 дугаар дамжаанд сурдаг зэрэг нөхцөл байдлуудыг анхааран үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, хохирогчид учирсан гэмтлийн шинж, хор уршиг зэргийг тал бүрээс нь харгалзан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О, А.Б нар нь үл таних хоёр эмэгтэйг авч явлаа гэх шалтгаар А.Б нь хохирогч Л.М-н гарыг барьж хөдөлгөөнийг нь хязгаарлаж мөргөх, өшиглөх зэргээр зодож, Б.О нь тоосгоор толгойн тус газарт нь хоёр удаа цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нотлох баримтуудад үндэслэн тогтоогдсон, үндэслэсэн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.

Прокурор дээрх хууль бус үйлдлийг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцжээ.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Б.О, А.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 буюу “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн зүйлчлэлд шилжүүлж, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хэрэглээгүй явдлыг хууль хэрэглээний алдаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү, шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 740 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү, шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН