Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2018/00002

 

     Х.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 666 дугаар шийдвэртэй, А-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Енар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: “2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин нийт 9216000 төгрөг гаргуулах” тухай.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Намайг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус А сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан О нь сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Ногоон байгууламж, Хүүхдийн парк”-ийн сахиулаар түр хугацаагаар авч ажиллуулсан. Хугацаа дуусаад талууд гэрээ цуцлах санал тавиагүй тул О нь надад “Чи одоо үндсэн ажилчин болсон” гэж хэлснээр би уг хүүхдийн паркийн сахиул манаачаар одоо хүртэл ажиллаж, паркийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллаж байна. Намайг анх ажилд түр томилсон тушаалд сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцон олгож ирсэн бөгөөд миний бие 2014 оны 8 дугаар сарыг дуустал сар бүр 192000 төгрөгөөр бодож авч ирснийг Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 5 дугаар 23-ны өдрийн 380 дугаартай архивын лавлагаа гэрчилж байна. Би өөрөө осолд 2 удаа орж тархиндаа гэмтэл авсан ба заримдаа өөрийн үйлдлээ санах чадваргүй болдог. Энэ байдлаас болж би Засаг даргын Тамгын газрын дарга асан О-д очиж “миний охин М нь 2017 оны хавар 12 дугаар ангиа төгсгөж их, дээд сургуульд сурах тул сургалтын төлбөрт өгнө. Энэ хооронд цалин маань танай санхүүд байж байг.” гэж О-д хүсэлт болгож хэлсэн ба бид хоёр тохирсон. Бичгээр тохирох гэхэд О нь “чиний цалинг бүтнээр нь өгөх болно. Хэн ч авахгүй” гэж хэлснээр би түүнд итгэсэн. Ингэж тохирсноор би 2013 оны цалинг нийтэд нь 1152000 төгрөгийг авсан. Гэтэл О нь ажлаас чөлөөлөгдөж, Г томилогдсон бөгөөд тэрээр цалинг чинь олгох боломжгүй гэж хэлсэн. Миний нэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын нэрстэй хамт цалингийн цэсэд бичигдэж би гарын үсэг зурж авдаг байсан. Би цалингийн цэсэд 2014 оны 9 дүгээр сараас хойш гарын үсэг зурж цалин аваагүй байгаа нь бидний хэлэлцэж тохирсныг нотолно. Сумын Засаг даргын Тамгын газраас намайг ажлаас минь чөлөөлсөн тушаал гаргаагүй бөгөөд намайг одоо хүртэл тус паркад сахиулаар ажиллуулж байгааг бүгд гэрчлэх тул энэ байдал нь миний хөдөлмөрийн цалин хөлсийг бүрэн бүтэн авах эрхтэйг минь давхар нотолж байгаа. Иймд А сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс миний 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд паркийн сахиулаар ажиллаж байсны цалин хөлс болох 9216000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Х.А-д Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын Тамгын газраас цалин олгох ямар нэгэн үндэслэл байхгүй. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтсээс “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 14 иргэнийг нийтийг хамарсан ажилд авч ажиллуулсан. Үүнд зориулж 4.3 сая төгрөг манай Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд орж ирсэн. Энэ мөнгө Засаг даргын Тамгын газрын үндсэн дансанд орж ирээгүй учраас хөтөлбөрт арга хэмжээний зардал мөн гэж ойлгож болно. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 3.893.900 төгрөгийн нэмэлт санхүүжилт орж ирсэн. Тэр үед 8 иргэнийг нийтийг хамарсан ажилд ажиллуулсан. Энэ үед Х.А нь 2014 оны 7,8 дугаар саруудад 192.000 төгрөгөөр тооцож 2 сарын хөлс болгож цалин авсан. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын ажилчдад холбоотой зардлаас ямар ч мөнгө гараагүй. Зөвхөн нэмэлт санхүүжилтийн данснаас гаргуулж ажиллуулсан. Тэр нь Хөдөлмөрийн хэлтсээс орж ирсэн мөнгө болно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэв.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 666 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны цалин хөлс нийт 9216000 (есөн сая хоёр зуун арван зургаан мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С овогт Хийн А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Х.А би одоо хүртэл тус Паркад сахиулаар ажиллаж эд хөрөнгийг нь хамгаалж, обьектийг цэвэрлэж, амралт, баярын үед паркад үйлчлүүлэгч хүлээн авч ажиллуулж байгаа ба паркийн хаалганы түлхүүр надад байна.  Анхан шатны шүүх хурал будлиантай болж  гэрчүүд хууль сануулсанд ач холбогдол өгөлгүй худал хуурмаг хандсанд шүүх итгэж шийдвэр гаргасан байна.  

1. Намайг ажилд авсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны №12 дугаар тушаалд “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд ажилд авсныг бичээгүй байхад энэ төсөл, хөтөлбөрийн хүрээнд Х.А нь ажиллаж байгаад хугацаа нь дууссан тул ажлаас шууд гарсан гэж шүүх ойлгож намайг нэхэмжлэх эрхгүй мэтээр хандаж шийдвэрлэсэн.

2. Одоогийн Засаг даргын Тамгын газрын дарга Г-ын “Х.А нь сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хүүхдийн парк, ногоон байгууламжийн манаач сахиулаар одоо ажиллаж байгаа нь үнэн” гэсэн баримт, тодорхойлолтыг өгсөн байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүйгээр хэргийг хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3. Өмнөх ажиллаж байсан Засаг даргын Тамгын газрын дарга О-тай би сарын цалингаа бөөндөж авч байхаар тохирсны нотлох баримт болох цалингаа 1.152.000 төгрөгөөр нэг удаа авч байсан цалингийн цэс, мөн 7, 8 дугаар саруудын бөөндөж авсан 2 сарын цалингийн цэс зэрэг нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. Энэ баримтууд нь Засаг даргын Тамгын газрын дарга бид хоёрын цалингийн талаар хэлэлцэн тохиролцсоныг гэрчилж нотолж байгаа.

4. Хууль болон гэрээнд зааснаас гадуур ажил олгогчтой ажилтан нь харилцан тохиролцсон нь нотлогдож байхад шүүх харилцан тохирсон байна гэж үзэж хэргийг шийдвэрлээгүйд гомдож байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан маргааныг шийдвэрлэх хугацаа хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх үзсэн. Үүнд эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж шүүхэд хандаагүй гэж байгаа ба ажил олгогч, ажилтны хоорондоо тохирсон байсныг хууль зөрчсөн гэж үзэж хуулийг буруу тайлбарласан байна.

6. Шүүх цалин олгож байсан цагийн бүртгэл, цалингийн цэсийг нэхэмжлэгч гаргаж өгсөнгүй бөгөөд нотолж чадаагүй гэж үндэслэх хэсэгт дурджээ. Харин ч хариуцагч тал намайг ажилладаггүй гэж цагийн бүртгэл гаргаж өгч чадаагүй нь надад ашигтай байсан, хариуцагч тал паркад өөр манаач ажилладаг гэж шүүх хуралд тайлбарлаж байсан мөртлөө ажиллуулдаг манаач нарыгаа нотолж чадаагүй зэрэг нь хариуцагч буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй байгааг харуулж байна. Энэ байдлыг шүүх анхаарч үзээгүй.

Нэгэнт би одоо хүртэл тус паркад сахиул, манаачаар ажиллаж байгаа маань үнэн тул хөдөлмөрлөснийхөө үнэ хөлсийг авах эрхтэй байхад шүүх миний энэ эрхийг хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 666 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүх иргэн Х.А-ын нэхэмжлэлтэй А сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.” гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 9216000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөдөлмөрийн гэрээний дагуу Х.А нь 2014 оны 7,8 дугаар саруудад нийтийг хамарсан ажилд ажилласан бөгөөд тухай бүрд нь цалинг олгосон” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч Х.А нь  А  сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Ногоон байгууламж, Хүүхдийн парк”-ийн сахиулаар 2014 оноос эхлээд одоог хүртэл ажиллаж байна, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд цалингаа бөөгнүүлж байгаад Тамгын газрын санхүүгээс авдаг байсан гэх боловч түүний А сумын Засаг даргын Тамгын газарт “Хүүхдийн парк”-ийн манаачаар ажиллаж байсан гэх, мөн цалингаа бөөндөж авч байхаар тохирсон гэх үйл баримтууд тус тус нотлогдон тогтоогдохгүй байгаа бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримтыг нотолж чадаагүй тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162604 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164604 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

Д.КӨБЕШ