Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 531

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 байр, 701 А тоотод байрлах Е Ш  ХХК /РД: 2873109/-ийн   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Хадат гудамж, 1-40А тоотод оршин суух Айраг овогт Ганзоригийн Мөнхсолонго /РД: ТИ 86102567/-д  холбогдох

 

            2.320.465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, Б.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Г.М  нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 7779 УБТ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг манай нэр дээр шилжүүлж, унаж явах нөхцөлтэйгээр барьцаалж, 1.400.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Г.М  нь өнөөдрийг хүртэл зээл болон хүү, төлбөрөөс төлөөгүй. Иймд үндсэн зээл 1.400.000 төгрөг, үндсэн хүү 494.900 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 425.565 төгрөг, нийт 2.320.465 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга хэрэгт авагдсан. Зээлийн дансны хуулгыг харахад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Г.М  нь 1,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээл авахдаа тус зээлээ төлж, хаасан. Ингэж хааснаар тухайн зээл үлдэгдэлгүй болсон. Хариуцагчийн ярьж байгаагаар 2017 оны зээлийг буцааж төлсөн гэж байгаа нь огт үндэслэлгүй. Учир нь хэрэгт зээл олголтын хуудас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний зээл олголтын хуудас болон холбоотой баримтууд авагдсан байгаа. Үүнд төлбөр төлөгч Г.М  нь төлбөрөө Е Ш  ХХК-ийн Хаан банкны 5016408154 тоот данс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл 1.400.000 төгрөгийг 5007882444 буюу өмнөх зээлийн гэрээний харилцах данс руу шилжүүлсэн байгаа. Тиймээс хариуцагч талын ярьж буй 1.400.000 төгрөг авч, буцаагаад хаачихсан гэдэг нь нотлогдохгүй байна. Хоёрдугаарт хариуцагч тал өнөөдрийг хүртэл зээл төлсөн, хаачихсан, асуудалгүй байсан юм бол 2 жилийн хугацаанд яагаад машинаа шилжүүлж аваагүй юм бэ. Барьцаа хөрөнгийн тухайд 2012 оны гэрээнд анх барьцаалж өнөөдрийг хүртэл манай нэр дээр байгаа. 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1.400.000 төгрөгөө дуусгачхаад үргэлжлүүлэн 2017 оны 08 дугаар сарын 22-ны 1.400.000 төгрөг хүлээж авсан гэрээнд барьцаалсан. Хариуцагч өмнөх зээлийн гэрээ хамааралгүй гэх боловч хариуцагч татгалзлаа нотлох ёстой. Хариуцагч тал өмнөх гэрээний асуудал яаж дууссаныг нотолж чадахгүй байна. Мөн хэрэгт авагдсан үүрэг гүйцэтгэх дансаар хангалтай нотлогдож байна гэж манай зүгээс үзэж байна. Хариуцаг Г.М  нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр 1.400.000 төгрөг бэлнээр хүлээж авсан байдаг. Тиймээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Үйлчлүүлэгч Г.М  2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан нь үнэн. Тэгэхдээ өөр эх үүсвэрээс зээл бүрдсэн учраас зээлийг буцаагаад хийсэн. Дансны хуулгыг хэргийн материалд хавсаргасан. Тиймээс ямар нэгэн төлөх төлбөр байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өр төлбөргүй байсан учраас өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1.400.000 төгрөг гаргуулъя гэх шаардлага гаргасан байгаа. Сүүлд өгсөн тодруулга нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж байна гэж өмнөх шаардлагаа дэмжсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ингэж тодорхойлж байгаа учраас бид нар ч мөн адил 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан, авсан зээлээ тэр өдрөө буцаагаад шилжүүлсэн. Буцааж шилжүүлсэн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Буцааж төлсөн асуудлыг нэхэмжлэгч тал тайлбарлахдаа 2012 оны үүргийн гүйцэтгэл гэж тайлбарладаг боловч тэр нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. 2012 оны үүргийн гүйцэтгэл гэж байгаа бол тэр үлдэгдэл нь 1.400.000 төгрөг байсан, үүнийг төлөхөөр тохирсон гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт байхгүй. 2017 оны үүргийн гүйцэтгэл байхгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн татгалзал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л яригдана. 2017 онд 1.400.000 төгрөгийн зээл авсан түүнийг шаардаж байгаа юм бол бид нар 2017 онд авсан зээлээ буцааж төлсөн гэх татгалзлын хүрээнд л нотолно. Ингээд 2017 онд авсан зээлээ буцааж төлсөн гэх татгалзлыг банкны гүйлгээгээр нотолчихсон. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг 2012 оны үүргийн гүйцэтгэлээ төлсөн гэдгийг нотлохгүй байна гэж байна. Бидний хувьд 2012 оны зээлийн гэрээтэй холбоотой маргаан өрнүүлэх, 2012 оны зээлийн гэрээний үлдэгдэл хэд байсан, үүнийг төлсөн эсэх асуудал ярих нь илүүц. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага биш. 2012 оны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Машинаа өөрөө унаж байсан учраас нэр дээр шилжүүлэхгүй явсаар сүүлд зээл авахдаа дахин барьцаалсан байдаг. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Е Ш ” ХХК нь хариуцагч Г.М д холбогдуулан зээл 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хүү 494.900 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг, алданги 425.565/ дөрвөн зуун хорин таван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг, бүгд 2.320.465 /хоёр сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ0503170373 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу шаардаж байгаа, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 140/1 дугаартай Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

 

Хариуцагч Г.М  нь олон газраас зээл асууж байсан бөгөөд өөр газраас бүтсэн тул зээл шилжиж орсны дараа шууд буцаагаад 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн, зээлийн гэрээнээс үүсэх үүрэй байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ0503170373 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 12 /арван хоёр/ сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэв.

 

Уг зээлийн гэрээний дагуу ЗГ0503170373 дугаартай “Барьцааны гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Исузу бигхорн /isuzu bighorn/ маркийн 77-79 УБТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, хариуцагч унаж явах нөхцөлтэйгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч Е Ш  ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хариуцагч нь 1.400.000 төгрөгийг нэхэмжлэгч Е Ш  ХХК-ийн Хаан банкны 5007882444 тоот дансанд буцаан шилжүүлсэн болох нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн № 102800119 дугаар Кассын зарлагын ордерын хуулбар, Хаан банкин дахь 5016408154 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /талууд дээрхи үйл баримтад маргаагүй болно/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хариуцагч Мөнхсолонго нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ0503170373 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулахдаа өмнөх 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3.500.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах зорилгоор авсан гэж тайлбарлах боловч дээрхи үйл баримтыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 140 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Исузу Бигхорн маркийн 77-79 УБТ улсын дугаартай авто машиныг чөлөөлсөн, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ0503170373 дугаартай “Зээлийн гэрээ”-нд, болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3.500.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах тухай тохиролцсон байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Хэдийгээр хариуцагч нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу шаардаагүй гэж тайлбарлах боловч, уг зээлийн гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр байсан эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

 

2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 140/1 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний дагуу 3.500.000 төгрөгийг /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг, 3 /гурван/ сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон, мөн зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Исузу бигхорн /isuzu bighorn/ маркийн 7779 УБТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, хариуцагч унаж явах нөхцөлтэйгээр тохиролцжээ. /хх-ийн 28-31 дэх тал/

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 140/1 дугаартай Зээлийн гэрээг 3 дугаар нийт 31 сарын хугацаагаар сунгасан гэж тайлбарлах атлаа зээлийн гэрээний сунгалтын гэрээг баримтаар шүүхэд гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Г.М  нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 140/1 дугаартай Зээлийн гэрээний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт үндсэн төлбөрт 2.100.000 төгрөг, зээлийн хүүнд 4.344.263 төгрөг, алдангид 1.184.892 төгрөг, нийт 7.639.155 төгрөгийг төлсөн болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр нотлогдож байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 140/1 дугаартай Зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ0503170373 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу 1.400.000 төгрөгийг зээл аваагүй. Хариуцагч Г.М  нь зээл авсан даруйдаа 1.400.000 төгрөгийг буцаан төлсөн” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д хариуцагч нь цаг хугацааны хувьд зээл авсны дараа уг зээлийг буцаан төлсөн байх тул үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хариуцагч Г.М ос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.320.465 төгрөг гаргуулах тухай Е Ш  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 140/1 дугаартай Зээлийн гэрээний үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М ос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.320.465 төгрөг гаргуулах тухай Е Ш  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Е Ш ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52.077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР