| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03707/И |
| Дугаар | 00645 |
| Огноо | 2019-03-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 00645
| 2019 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2019/00645 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г-д холбогдох,
Орон сууц ашиглалтын төлбөр болон нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 1.984.060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нарийн бичгийн дарга Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 147, 148, 149 дүгээр зүйл, Орон сууцны тухай хуулийн 13, 14, 15, 16, 17 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу 62 дугаар байрны 04 тоотод оршин суугч Ц.Г нь 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалт болон СӨХ-ны төлбөрт 634.532 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөрт 1.349.528 төгрөг, нийт 1.984.060 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. Үүний 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дулаан, ус, дулааны суурь үнэ, усны суурь үнэ буюу ашиглалтын төлбөр нь 328.582 төгрөг, 2016 оны 9 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал нь 1.655.505 төгрөг юм гэв.
Хариуцагч Ц.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөлгчдийн холбоонд төлнө” гэжээ. Гэтэл тус СӨХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зөрчин, тусгай зөвшөөрөлгүйгээр орон сууцны ашиглалт, үйлчилгээг эрхэлж байсан бөгөөд энэ талаар холбогдох эрх бүхий байгууллага болох Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ............. дугаар албан шаардлагаар тогтоосон ба хуулиараа энэ СӨХ нь сууц өмчлөгчдөөс орон сууцны ашиглалт, үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхгүй юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу СӨХ-ны төлбөрийг тогтоогоогүй байх тул СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардалд 1 сарын 42.774 төгрөгөөр тооцон 299.418 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Х-ны нэхэмжлэлтэй, Ц.Г- д холбогдох, орон сууц ашиглалтын төлбөр болон нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 1.984.060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х нь “...2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дулаан, ус, дулааны суурь үнэ, усны суурь үнэд 328.582 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...СӨХ нь шаардах эрхгүй” гэж маргажээ.
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.2.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар нэхэмжлэгч “Х нь “...ус, дулааны ашиглалтын төлбөр”-ийг шаардах эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан шаардлагаар “...Хан-Оргил СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 62, 63, 64 дүгээр орон сууцны ус хангамж, ариутгах татуургын системийн ашиглалт, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж, оршин суугчдын эрх, ашгийг хохироож байгаа зөрчлийг арилгуулахаар шаардаж” байсныг дурдав.
2. Хавтаст хэрэгт авагдсан “Х-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “...сууц өмчлөгч бүрээс сар бүр хуримтлалд төвлөрүүлэх хөрөнгийг тогтоосон хэмжээгээр мөрдөж, СӨХ-ны төлбөрийн хэмжээг тогтоосон...” гэсэн байх бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д зааснаар удирдах зөвлөлд “нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах эрх”-ийг олгоогүй болно.
Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлийн 16.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй тул нэхэмжлэгч “Х-оог “...2016 оны 9 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 1.655.505 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Ц.Г-с шаардах” эрхгүй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Х нь Хан-Уул дүүрэг, 11 хороо, 7 дугаар хэсэг, 62 дугаар байрны “нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчид ногдох хэсгийг хуваарилсан” талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-гийн “...2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардалд 1 сарыг 42.774 төгрөгөөр тооцон 299.418 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Ц.Гоос нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 299.418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.684.642 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Гоос нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 299.418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.684.642 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 9.632 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД