Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2019/00156

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 02 25 138/ШШ2019/00156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6-р багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2-р баг *******гийн 4-18 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ЖИ66042514 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4064600 /дөрвөн сая жаран дөрвөн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2016 оны 2-р сараас эхлэн манай барьцаалан зээлдэх газраас барьцаалан зээлдэх гэрээгээр сарын 8 хувийн хүүтэй 3368800 төгрөг зээлдэн авсан. Г.******* нь манай ажилтан *******гийн эцэг бөгөөд ******* нь мөнгө зээлдүүлэхдээ барьцаатай болон барьцаагүй, барьцааны зүйл мөнгөн дүндээ хүрэхгүй гэхчилэн янз бүрийн байдлаар гэрээ байгуулсан байна. Манай байгууллагын ажилтан нар байгууллагын мөнгийг завшиж, үрэгдүүлсэн хэргээр цагдаагийн газар эрүү үүсгэгдэн шалгагдаад Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай болох нь тогтоогдсон. Г.******* нь ******* нарт холбогдох хэргийг шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгч энэ мөнгийг өөрөө зээлдэн авсан болохоо мэдүүлсэн тул ажилтан *******гийн бусдад зээлдүүлсэн мөнгийг эрүүгийн хэргийн хохирлоос хассан. Г.*******ын зээлдэн авсан мөнгө нь *******гийн байгууллагад төлөх хохирлын хэмжээнээс хасагдсан. ...Иймд Г.*******аас манай байгууллагаас зээлдэн авсан зээлийн гэрээний үндсэн мөнгө 3368800 төгрөг, зээлийн гэрээний хүүнд 695800 төгрөг, бүгд 4064600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Г.*******аас зээлийн гэрээний үүрэг 4064600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагын ажилтан ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хариуцагч Г.******* нь 2100000 төгрөг миний дансанд шилжүүлсэн тул манай байгууллагаас авсан барьцаалан зээлдэх гэрээний үүргийн зарим хэсгийг хангасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2100000 төгрөг хасаж, үлдэгдэл 1964600 төгрөгийг авах ба 2100000 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2015 оны сүүлээр Кибер барьцаат зээлийн газраас үнэт эдлэлээ барьцаалан 4-5 удаа зээл авч байсан. Нийт авсан зээл нь 1700000 төгрөг болно. Эдний ломбардынхан бидэнтэй ярилцалгүй хугацааг өөрсдөө сунгаад хүү тооцоод явдаг юм билээ. Сувдаа нь үндсэн мөнгөө төлөөгүй үед өөрөө хугацааг сунгаж, дахин дахин зээл олголоо гэж загнуулахаас айгаад хүү, алдангийг нь оруулаад, нэг баримтанд нийлүүлж шинээр үйлчилгээний баримт нээгээд хуучныг нь хаасан гэсэн. Түүнээс биш 2016 оны 2 сарын 24-ний өдөр 1970000 төгрөг авсан асуудал огт байхгүй. Энэ 1970000 төгрөгөнд хүү алданги бүгд орсон байгаа. Энэ баримтыг бид нар мэдээгүй. Охин Сувдаа хэрэгт ороод цагдаагийн газар шалгагдахад мэдсэн. Шинжээч баримтыг шүүж үзээд *******ын хариуцах нь 1970000 төгрөг, 1 сарын хүү ороод 2127600 төгрөг байна гэхээр нь би үндсэн авсан 1700000 төгрөгөн дээр хүү нэмээд нийт 2100000 төгрөгийг 2017 оны 2 сарын 9-ний өдөр захирал Б.Эрдэнэчимэгийн дансанд нь хийсэн. Мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө ч энэ талаар мэдүүлсэн байгаа. Энэ 1970000 төгрөгийн баримтан дээр би ч, манай эхнэр ч гарын үсэг зураагүй. Миний хувьд өөрийн хариуцсан төлбөрөө төлсөн учраас одоо нэхэж байгаа мөнгийг төлөхгүй. Хүүгээс хүү бодоод бичсэн юм шиг байна. Би уг ломбардаас зээл авахдаа сүлжсэн мэт хээтэй өргөн монетон гинж нэг ширхэг, нарийн монетон гинж, кулон нэг ширхэг, алтан ээмэг бөгж зэргийг барьцаанд тавьсан. 2016 оны 3 сард миний бие муудаад эмчлүүлж байгаад 5 сарын эхээр эмнэлгээс гарч, 6 сарын сүүлээр ломбардны газар очиход миний барьцаалсан үнэт эдлэлүүдийг зарсан байсан. Эдгээр эд зүйлээ авмаар байна.

...Бат-Амгалан, Ичинхорлоо гэж хүмүүсийн нэрний ард намайг хариуцана гэж бичсэн байсан. Би мөрдөн байцаагчид энэ мөнгийг мэдэхгүй, зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4064600 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2100000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан шаардлагаа 1964600 төгрөг болгосон.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.******* нь Кибер барьцаат зээлийн газрын ажилтан охин Ц.Сувдаагаар дамжуулан мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг, тус компани мөрдөн байцаалтын шатанд санхүүгийн анхан шатны бүх баримтаа өгсөн, дээрх баримтуудыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтээр Г.******* 4064600 төгрөг төлөөгүй нь нотлогддог, мөрдөн байцаалтанд гэрчээр асуугдахдаа уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг, ... Г.******* нь З.Бат-Амгалан, Ш.Ичинхорлоо нарын нэр дээр авсан 2 сая төгрөгийн зээлээ төлсөн, 1964600 төгрөг төлсөн талаар нотолж чадаагүй учир нэхэмжлэлээ дэмжинэ... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... мөрдөн байцаалтанд З.Бат-Амгалан, Ш.Ичинхорлоо гэх хүмүүсийн нэр дээр зээл авч байгаагүй гэдгээ хэлсэн, эхнэр Эрдэнэтуяа бид 2 нийлээд 1700000 төгрөг зээлсэн, бидний бүх зээл хүүтэйгээ 1970000 төгрөг болсон байна гэж мөрдөн байцаалтын үед ойлгоод 2017 оны 2 сарын 09-ний өдөр 2100000 төгрөг төлсөн, ...1970000 төгрөгийн баримтан дээр эхнэр бид хоёр гарын үсэг зураагүй, миний барьцаанд тавьсан үнэт эдлэлийг ломбард надад хэлэлгүй зарсанд гомдолтой, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нь хариуцагч Г.******* тус компанийн Кибер барьцаалан зээлдэх газраас 4 удаагийн үйлдлээр 3368800 төгрөг зээлсэн болох нь тус компанийн ажилтнуудын хууль бус үйлдлийг эрүүгийн журмаар шалгах явцад гарсан 2017 оны 1 сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 4 сарын 25-ны өдрийн 79 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарладаг.

2017 оны 1 сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтын 6, 11 дүгээр хүснэгтэнд З.Бат-Амгалан, Ш.Ичинхорлоо нарын зээлсэн мөнгийг Г.******* хариуцахаар бичсэнийг хариуцагч эс зөвшөөрч дээрх хүмүүсийн нэр дээр зээл авч байгаагүй гэж маргадаг.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Г.******* нь ямар үндэслэлээр, ямар баримтыг үндэслэн дээрх нэр бүхий хүмүүсийн авсан гэх зээлийг төлөх үүрэг хүлээсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, З.Бат-Амгалан, Ш.Ичинхорлоо нарын зээлсэн мөнгийг Г.******* хариуцан төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь ******* ХХК болон хариуцагч Г.******* нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээтэй холбогдуулан гараагүй, харин хариуцагчид зээл олгосон тус барьцаалан зээлдэх газрын ажилтан *******гийн хууль бус үйлдлийг тогтоох зорилгоор гарсан байна. Иймд шинжээчийн дүгнэлт болон Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээр хариуцагч Г.*******ыг тус компанийн Кибер барьцаалан зээлдэх газраас 4 удаагийн үйлдлээр 3368800 төгрөг зээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал нь шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа санхүүгийн анхан шатны баримтуудаа өгсөн, 1 жилийн хугацаа өнгөрсөн учир эх баримтуудыг устгасан гэсэн шалтгаанаар хариуцагч Г.*******тай байгуулсан зээлийн гэрээний хувийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд харин хариуцагч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэнд тооцдог бөгөөд талуудын хооронд хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулагдсан нь нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү 695800 төгрөг авах эрхээ алдсан байна.

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д ...барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Г.******* нь тус компанийн Кибер барьцаалан зээлдэх газраас 1700000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч, хүүг тооцон 2100000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг бөгөөд дээрх мөнгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар /2100000 төгрөг төлсөн талаар/, 2017 оны 2 сарын 09-ний өдрийн орлогын мэдүүлгээр батлагдаж байх тул ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79984 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.*******аас гэрээний үүргийн биелэлт 4064600 /дөрвөн сая жаран дөрвөн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79984 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ