Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 147/2016/0193/э |
Дугаар | 83 |
Огноо | 2016-12-05 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Б.Уранцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Я.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Чулуунбаатарт холбогдох 20161700262 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
харъяат, 1977 оны 04 сарын 05-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 3-2-т оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй /ЛД 77040515/ регистрийн дугаартай, Эрдэнэ овгийн Ядамын Чулуунбаатар.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:
Шүүгдэгч Я.Чулуунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, хийдийн 3-3 тоотод оршин суух хохирогч Л.Мөнхбаярын хашаанд байх чулуун амбаарны цоожийг эвдэн нэвтрэн орж цахилгаан хөрөө, дрилл, цахилгаан харуул, тасдагч зэрэг 400 000 төгрөгний, давтан үйлдлээр 2016 оны 07 сарын 25-ны өдөр тухайн хашаанд байдаг багажны савнаас зайгаар ажилладаг дрилл, цахилгаан харуул 200 000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авч бусдад нийт 600 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Я.Чулуунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Л.Мөнхбаяр нь манай ээжийн дүү юм. Бид хоёр хамтраад 2-3 жил амбаар сав хийдэг байсан. Би Мөнхбаяр ахыг байхгүйд нь архи уугаад багажнуудыг нь аваад дэлгүүрт архины мөнгөөр өгөөд дараа нь авна гэж хэлсэн. Би багажнуудыг буцаагаад бүгдийг нь өгч хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй... гэв,
- Хохирогч Л.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотруу эхнэрийн хамт яваад ирэхэд хашаанд байдаг чулуун амбаарын цоожийг эвдэж цахилгаан хөрөө, харуул, цахилгаан дрилл, тасдагч зэрэг нийт 4 ширхэг багаж хулгайд алдагдсан байсан. Уг багажуудыг манай хамаатны Чулуунбаатар гэх залуу сумын төвд хүмүүст архины мөнгөнөөс өгсөн байсан. 2016 оны 07 сарын 25-ны үеэр амбаараас зайгаар ажилладаг дрилл, цахилгаан харуул алдсан байсныг мөн Чулуунбаатар авчихсан байсан. Тэгээд цагдаад хэлнэ гэсэн чинь Бат-Өлзий гэдэг хүнд 20 000 төгрөгөөр дриллийг өгсөн, Алтансүх гэж хүнд харуулыг 20 000 төгрөгөөр өгсөн гэж байсан. Уг багажуудыг Чулуунбаатараар өөрөөр нь төлүүлээд багажаа авсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 /,
- Гэрч Б.Гэрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Чулуунбаатартай ярихад цахилгаан дриллийг Бат-Өлзий гэх хүнд 20 000 төгрөгөөр зарсан, харуулыг Алтансүх гэх хүнд 20 000 төгрөгөөр гэж байсан. Үүнийг сонсоод уг хүмүүст мөнгийг нь өгөөд Мөнхбаярт багажийг нь буцааж авч өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
-Гэрч Д.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сард Я.Чулуунбаатар нь модны харуул барьчихсан бага зэрэг архи уусан байдалтай манай дугуй засварт орж ирээд 10 000 төгрөгөнд авчих гээд байхаар нь авчихсан юм... тэрнээс хойш 10-аад хоногийн дараа Чулуунбаатар нөгөө харуулаа авъя гээд 10 000 төгрөг өгчихөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
-Гэрч Д.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сард гудманд явж байгаад Чулуунбаатартай таарсан чинь баттерэйтэй дрилл барьчихсан явж байсан, тэгээд намайг 20 000 төгрөгөөр авчих гэхээр нь “надад дрилл байгаа ах нь авахгүй гэсэн чинь” дүүгийнх нь хулгайн юм биш гээд байхаар нь “яагаад ийм хямдхан зарж байгаа юм бэ” гэхэд дүү нь Хэнтий явах гээд мөнгөний хэрэг гараад байна буцаагаад авна гээд байхаар нь авсан. Тэгсэн 9 дүгээр сарын эхээр Мөнхбаяр ах ирээд манай дриллийг Чулуунбаатар танайд өгсөн байна тэрийг авах гэсэн юм гээд 20 000 төгрөгийг өгөөд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
-Гэрч Я.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны хавар манай хамаатан болох Мөнхбаяр нь ирээд манай амбаарт байсан багажнууд алга байна. Тэрийг Чулуунбаатар авсан байна гэхээр нь Чулуунбаатараас асуухад 4 ширхэг багаж хулгайлаад хүмүүст мөнгөнд өгсөн байсныг нь буцааж авч өгч байсан. Одоо тэр хүмүүсийг мартчихаад байна. Сүүлд 2016 оны 07 сард Чулуунбаатар нь Мөнхбаяр ахын мөн 2 ширхэг багажийг нь аваад манай сумын Бат-Өлзий, Алтансүх гэх хүмүүст зарсан байсныг мөн авч өгч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
-Гэрч А.Баасандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сард гэртээ байж байхад Чулуунбаатар нь архи уусан байдалтай ирээд цахилгаан тасдагч барьчихсан ганц шил юм уух гэсэн юм 10 000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь Чулуунбаатарыг мужаан хийдэг гэдгийг нь мэддэг болохоор өөрийнх нь багаж байна гэж бодоод авсан. Тэгсэн 2, 3 хоногийн дараа Чулуунбаатарын хамаатан болох Мөнхбаяр нь Чулуунбаатарыг дагуулж ирээд мөнгийг нь өгөөд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
-Гэрч О.Хуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..Би 2016 оны 02 дугаар сарын үеэр Мөнххаан сумын төвд явж байхад манай 10 жилийн ангийн хүүхэд Чулуунбаатар цахилгаан харуул барьчихсан таараад энийг авчих ганц шил архи болгох гэсэн юм гэхээр нь 05 литрийн Ерөөл авч өгөөд уг багажийг нь гэртээ аваачсан. Маргааш нь Чулуунбаатарын хамаатан Мөнхбаяр ах ирээд 10 000 төгрөг өгөөд багажаа аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 05- 06/
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8, 11-12/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9, 37,39 /
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт. /хх-ийн 38/
- Я.Чулуунбаатарын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 41/...зэрэг болно.
Шүүгдэгч Я.Чулуунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Хийдийн 3-3 тоотод оршин суух иргэн Л.Мөнхбаярын хашаанд байх чулуун амбаарны цоожийг эвдэн нэвтрэн орж 100.000 төгрөгийн үнэтэй цахилгаан хөрөө, 100.000 төгрөгийн дрилл, 100.000 төгрөгийн цахилгаан харуул, 100.000 төгрөгийн тасдагч зэрэг бүгд 400.000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг, мөн давтан үйлдлээр 2016 оны 07 сарын 25-ны өдөр уг хашаанд байх багажны савнаас 100.000 төгрөгийн үнэтэй зайгаар ажилладаг дрилл, 100.000 төгрөгийн үнэтэй цахилгаан харуул, бүгд 200.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан, бусдад нийт 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Я.Чулуунбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Мөнхбаяр, гэрч Б.Гэрэлсүрэн, Д.Алтансүх, Д.Бат-Өлзий, Я.Сүнжидмаа, А.Баасандорж, О.Хуяг нарын мэдүүлгүүд, - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 05- 06/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8, 11-12/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9, 37,39 зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Я.Чулуунбаатар нь архи уух мөнгө олох зорилгоор, эзэнгүй айлын эд зүйлээ хадгалдаг амбаарын цоожийг эвдэн орж цахилгаан хөрөө, дрилл, цахилгаан харуул, тасдагч зэргийг хууль бусаар авч, бусдад мөнгөөр зарж борлуулан захиран зарцуулж, гэмт хэргийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар үйлдсэн нь түүний өөрийнх нь болон гэрч Я.Сүнжидмаагийн “ 2016 оны хавар манай хамаатан болох Мөнхбаяр нь ирээд манай амбаарт байсан багажнууд алга байна. Тэрийг Чулуунбаатар авсан байна гэхээр нь Чулуунбаатараас асуухад 4 ширхэг багаж хулгайлаад хүмүүст мөнгөнд өгсөн байсныг нь буцааж авч өгч байсан. Сүүлд 2016 оны 07 сард Чулуунбаатар нь Мөнхбаяр ахын мөн 2 ширхэг багажийг нь аваад манай сумын Бат-Өлзий, Алтансүх гэх хүмүүст зарсан байсныг мөн авч өгч байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Алтансүхийн “ 2016 оны 07 дугаар сард Я.Чулуунбаатар нь модны харуул барьчихсан бага зэрэг архи уусан байдалтай манай дугуй засварт орж ирээд 10.000 төгрөгөнд авчих гээд байхаар нь авчихсан юм. 10-аад хоногийн дараа Чулуунбаатар нөгөө харуулаа авья гээд 10.000 төгрөг өгчихөөд явсан” гэх, гэрч Д.Бат-Өлзийгийн “2016 оны 07 дугаар сард гудманд явж байгаад Чулуунбаатартай таарсан чинь батреэйтэй дрилл барьчихсан явж байсан, тэгээд намайг 20 000 төгрөгөөр авчих гэхээр нь “надад дрилл байгаа ах нь авахгүй гэсэн чинь” дүүгийнх нь хулгайн юм биш гээд байхаар нь “яагаад ийм хямдхан зарж байгаа юм бэ” гэхэд дүү нь Хэнтий явах гээд мөнгөний хэрэг гараад байна буцаагаад авна гээд байхаар нь авсан” гэх мэдүүлэг, гэрч А.Баасандоржийн “2016 оны 02 дугаар сард гэртээ байж байхад Чулуунбаатар нь архи уусан байдалтай ирээд цахилгаан тасдагч барьчихсан ганц шил юм уух гэсэн юм 10.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь Чулуунбаатарыг мужаан хийдэг гэдгийг нь мэддэг болохоор өөрийнх нь багаж байна гэж бодоод авсан” гэх мэдүүлэг, гэрч О.Хуягийн “Би 2016 оны 02 дугаар сарын үеэр Мөнххаан сумын төвд явж байхад манай 10 жилийн ангийн хүүхэд Чулуунбаатар цахилгаан харуул барьчихсан таараад энийг авчих ганц шил архи болгох гэсэн юм гэхээр нь 05 литрийн Ерөөл авч өгөөд уг багажийг нь гэртээ аваачсан. Маргааш нь Чулуунбаатарын хамаатан Мөнхбаяр ах ирээд 10 000 төгрөг өгөөд багажаа аваад явсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Я.Чулуунбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг агуулах саванд нэвтрэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял шийтгэл хүлээлгэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Я.Чулуунбаатар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, айлын байр түрээслэн амьдардаг зэргийг нь үндэслэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Я.Чулуунбаатарын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
Тэрээр тухайн гэмт хэргийг архи ууж согтуурсан үедээ, архины мөнгө олох зорилгоор хийсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн мэдүүлэх ба энэ нь гэрч Д.Алтансүх, А.Баасандорж нарын мэдүүлгээр давхар нотлогдоно.
Шүүгдэгч Я.Чулуунбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Л.Мөнхбаярт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Я.Чулуунбаатар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Я.Чулуунбаатарын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгоно.
Шүүгдэгч Я.Чулуунбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч, нөхөн төлөгдсөн, хохирогч Л.Мөнхбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзах нь зохистой гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрдэнэ овгийн Ядамын Чулуунбаатарыг агуулах саванд нэвтрэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Я.Чулуунбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Я.Чулуунбаатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан Я.Чулуунбаатарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан Я.Чулуунбаатарт хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Я.Чулуунбаатарын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай
7. Ялтан Я.Чулуунбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Л.Мөнхбаярт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Я.Чулуунбаатарт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН