Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдар,

Гэрч *** (онлайнаар),

Гэрч ***,

Гэрч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Золбоо /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ***/, Э.Алтан-Уяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ***/ нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102001660115 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо *** дугаар байрны *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Гаалийн Ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон нийтийн албан тушаалтнаар ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг, мөн Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1-д “...Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэл зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/... дараах барааг хамааруулна...”, 2.3-д “Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ...”, 2.3.2-д “Гадаад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй...”, 5.1-д “...биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно...”, 5.11-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3,000,000 төрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт 2/-аар, 3,000,001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасныг тус тус зөрчиж,

Улмаар 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд “***” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ы Монгол Улсад импортлон оруулж ирсэн автомашин дотор талд байсан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг ашиглан автомашин дотор талд байсан бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эсвэл арилжааны шинж чанартай аль нь болохыг шалгаж тогтоосны дараа татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд ***аас 100.000 төгрөгийг өгөхийг шаардсан буюу хахууль өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *** нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***ы өгсөн: “...Мэдүүлэг өгөхөд гаднаас нөлөөлсөн зүйл байхгүй. Хууль сануулсан. Бараатай холбоотой гаалийн бүрдүүлэлт хийх ёстой гэж ойлгосон. Гаалийн байцаагч тухайн бараанд бүрдүүлэлт хийхгүй 100,000 төгрөг өгөөд гар гэж хэлсэн. Энэ талаар авлигатай тэмцэх газар өгсөн өргөдөлдөө бичсэн. ...Контейнероос автомашин гаргасан. Үүний дараа гаалийн байцаагч ирж шалгасан. Дотор нь байгаа бараа шалгасан. Үүнтэй холбоотойгоор татвар төлүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх шаардлагатай гэж ойлгуулсан. Гэхдээ 100.000 төгрөг өгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүй гарч болно гэсэн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***ын өгсөн “...***г танина. ***тай 29 жил хамт ажиллаж байгаа. Тухайн өдөр ачаалал ихтэй өдөр байсан тул нэрийг санахгүй байна. Машин дотор хувийн эд зүйл байгаа, бүрдүүлэлт хий гээд байна гэж бухимдуу ярьсан. Ойлголоо эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгээд ***г дуудаж Америкаас хүн ярьж байна, наад асуудлаа журмын дагуу шийд гэж хэлсэн. Гаалийн хяналт шалгалт хамгийн сүүлд гаалийн улсын байцаагч тамга дарснаар дуусна. Гаалийн улсын байцаагч ажил үүргийн хуваарийн дагуу бараагаа шалгах ёстой. Татвар ноогдуулах үндэслэлээ хэлэх ёстой. Аж ахуй нэгж байгууллага бүрдүүлэлтээ хийгээд явна. 2019 оны зорчигчийн журам гэж байгаа. Журмын дагуу бүрдүүлэлт хийнэ. 3,000,000 төгрөгөөс дотогш бараа гэж үзвэл зорчигчийн журмаар маягт-2 бичих ёстой. Хувийн хэрэглээнд хамаарах бараанд маягт-2 бичих үндэслэл байхгүй. Над руу ярьсан хүн миний ачуулсан суудлын машин дотор хувийн хэрэглээний бараа байгаа. Гэтэл бүрдүүлэлт хий гэсэн байна гэх утгатай зүйл ярьсан. Жоохон бухимдуу ярьсан…” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***ын өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анх ээлж солигдож ажилд гарсан. Ковидын хорио цээртэй байсан учраас би жижүүр байсан. Жижүүрийн үүрэг нь хүмүүсийн хоорондын зай бариулах байсан. Тэр өдөр бид хоёр зэрэгцээд сууж байсан. Тухайн *** гэдэг залуу масктай байсан учраас царайг нь сайн мэдэхгүй байна. *** байцаагч татвар төлүүлэх зүйл яриад хоорондоо маргалдаж байсан. Татвар төлнө, төлөхгүй гэж яриад байсан. Тэгээд би ковидын үе учраас зайнаас харьц, хойшоо зогс гэж хэлсэн. Хяналт шалгалт хийхдээ тухайн барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн байна уу гэдгийг харна. Хувийн хэрэглээний зүйл мөн үү биш үү гэдгийг шалгана. Тухайн барааны тоо ширхгийг үзнэ. Арилжааны чиглэлтэй бол татварыг төлүүлнэ. Гаалийн бүрдүүлэлт хийх, маягт 2-ын аль алинаар нь татвар ногдуулахад гаалийн бааз үнээс үнийг тодорхойлно. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл бол татвар авахгүй. 6 сараас дээш гадаадад амьдарсан гэдгийг гадаад паспортыг нь шалгаж тогтооно. Камер бол хэдэн эд ангиас бүрдэх нь хамаагүй нэг багц гэж үзнэ. Би үзээгүй ч саяын ярианаас тэгж ойлгож байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ***ы машины бүрдүүлэлтийг хүлээн авч, хүлээн авагч тээвэр зуучийг байцуулан хяналтын талбай дээр очиж чингэлгийн дугаар, илгээгчийн лацыг тулган шалгаж чингэлгийг онгойлгосон. Машины мэдүүлэгтэй тулгаж шалгахад өнгө, арлын дугаар, километрийн заалт бүрэн таарч байсан. Машин дотор гаальд мэдүүлээгүй овор хэмжээ ихтэй хайрцаг савтай бараанууд байсан. Би ***д бараагаа шалгуулах шаардлага тавьсан. *** 3-4 хайрцагтай барааг шалгуулаад ихэд дургүйцсэн. Надад бүгдийг шалгах юм уу, хувийн хэрэглээний эд зүйл гэж хэлсэн. Би Америкийн Нэгдсэн улсаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд хар тамхи, мансууруулах бодис, буу сум, зэвсэг гэх мэт хориглосон, хязгаарласан бараа ирэх тохиолдол байнга гардаг учир нэг бүрчлэн шалгах шаардлагатай гэж хэлсэн. Үүний дараа *** бүх ачаагаа онгойлгож шалгуулсан. Гаалийн шалгалтаар 8 камертай хяналтын техник хэрэгсэл гарч ирсэн. Би энэ техник хэрэгсэл хэнийх вэ, ямар үнэтэй вэ, хуучин эд зүйл үү, шинэ эд зүйл үү, яагаад гаальд мэдүүлээгүй вэ гэж асуусан. Тэгэхэд *** хэний барааг гэдгийг мэдэхгүй байсан. Түүнчлэн үнийг нь мэдэхгүй. Энэ бараанд бүрдүүлэлт хийж, татвар төлөх бараа байна шүү гэж хэлэхэд яаж бүрдүүлэлт хийх вэ гэж надаас асуусан. Би бүрдүүлэлтийн ялгааг тайлбарлан өгч 3,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараанд шаардлагатай бичиг баримт бүрдүүлж, бүрдүүлэлтийн албаны бичиг баримтын хариуцсан байцаагчид үнэлгээ хийлгэж татвараа төлж гаалийн нэвтрүүлгээр нэвтрүүлж гаргана гэж хэлсэн. 3,000,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй бараанд 15,5 хувиар татвар ноогдуулж хялбаршуулсан журмаар гаалийн хуудас, маягт хоёроор татвар төлнө гэдгийг тайлбарласан. Гэтэл *** явуулсан талаасаа асууж, тодруулна гээд явсан. Тэр үед талбай дээр 5-6 чингэлэг онгойлгосон байсан. Хувь хүмүүс болон аж ахуйн нэгжийн бараанд шалгалт хийгээд ажлын ачаалалттай талбай дээр явж байхад *** дахин утсаар ярьсан гээд хүрч ирсэн. Ахаасаа асууж лавлахад ахын бараа байна гэж хэлсэн. Камерыг 499 доллароос хямдруулж аваад тэнд зөв ажиллагаатай байна уу гэдгийг шалгаж үзээд наашаа явуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би барааны үнийн дүнгээс 15,5 хувийн татвар бодогдоно, хэд болохоор байна гэж ***аас асуусан. *** барагцаагаар 50 доллар гэж хэлээд тэнд эдэлж хэрэглэсэн гэсэн. Тэгэхээр нь би ойролцоогоор 100,000 орчим төгрөг гарах юм байна. Татвараа төлөөд яваарай, ажлын өрөөнд хүлээж байгаарай, камерынхаа бичиг баримтыг олоод ирээрэй гэж хэлээд цаашаа бараагаа үргэлжлүүлээд шалгасан. Бараанд хяналт шалгалт хийгээд явж байхад *** надтай хамт дагаад яваад байсан. Байцаагчаа татвар төлмөөргүй байна, бичиг баримт олдохгүй байна гээд дагаад яваад байсан. Би “чи яагаад хүний ажил хүндрүүлээд саад болоод байгаа юм бэ гэж хэлэхэд надаар бараагаа шалгуулах гээд оочирлосон хүмүүс *** руу бид нар ачаагаа шалгуулмаар байна, чи ачаагаа шалгуулсан биз дээ гээд уурласан. Би ***д хандаж “чи яасан бүдүүлэг залуу вэ, би ажлаа хийж байхад ажил шалгалцаад яваад байх юм, чи миний ажлыг хийх юм уу” гэж хэлэхэд бичиг баримт олдохгүй байна гэж уурласан. Ахын бараа татвар төлөхгүй гармаар байна гээд явуулахгүй байсан учраас тээртэй санагдаад уурласан. Гэтэл надтай муудалцаж намайг элдвээр хэлсэн. Би арилжааны шинж чанартай зүйлээр тогтоогоогүй. Техник хэрэгсэл зорчигчийн хувийн хэрэглээнд хамаарахгүй гэсэн заалт байдаг. Техник хэрэгслээс татвар авдаг байсан учраас ажлын туршлагад тулгуурлан техник хэрэгсэл татвар төлөх юм байна гэж тодорхойлж хэлсэн. Би ***ыг татвар төлөхөөс зайлсхийж байна гэж ойлгосон. Гаалийн хяналтын талбайд ажлаа хийж дуусаад ажлынхаа өрөөнд ажлаа хийж байхад ууртай орж ирэхээр бараанд нь бичиг баримт байна уу гэж асуухад татвар төлмөөргүй байна, хувийн хэрэглээний бараа гэж уурласан. Хажуугийн ширээний Хишигбаяр байцаагч ковидын үед хэрүүл маргаан битгий хийгээд бай, зай талбайгаа баримтал гэж шаардлага тавьсан. 8 камертай техник хэрэгсэлд татвар тооцно гээд тооцохоор гаалийн мэдээллийн систем руу орж үнийн судалгаа хийсэн. Тухайн камерыг ямар үнэтэй байгаа талаар судлах гэж байхад ахлах намайг дуудсан. Америкаас *** гэдэг хүн утсаар ярьсан. Машин дотор өөрийнхөө хувийн эд зүйлийг явуулсан байхад гаалийн байцаагч нь гаалийн бүрдүүлэлт хийж, татвар төл гээд гаргахгүй байна. Бүрдүүлэлт хийгээд явбал явна гэхдээ миний эд зүйл цөөхөн ширхэгтэй байгаа тул гаалийн бүрдүүлэлт хийхгүй гэж ойлгож байна. Хурдан шуурхай шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Нэлээн ууртай хүн ярилаа шүү, хууль дүрэм журмынхаа дагуу шийдвэрлээрэй гэж надад үүрэг өгсөн. Миний татвар төлүүлэх гэж байсан 8 камертай техник хэрэгсэл маань Америк улсад амьдарч байгаа *** гэдэг хүний хувийн эд хөгшил болсон. Америк улсад амьдардаг *** гэдэг хүн гаалийн улсын ахлах байцаагч руу миний хувийн эд зүйлс гэж утсаар ярьж мэдүүлэг өгсөн. Би мэдүүлгийг нь авах гээд үнийг тогтоох гэж байсан. *** гэдэг хүн удаа дараа манай ахын бараа, хувийн хэрэглээний зүйл байгаа юм, татвар төлмөөргүй байна гэж надтай маргалдсан. Зорчигчийн журмын 2.3 дахь хэсгийн 2-т зааснаар гадаадад зургаан сараас дээш ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хувийн эд хөгшил, гэр ахуйн тавилга, бусад хэрэгсэл гэж байгаа. 1 дээшгүй татваргүй нэвтрүүлнэ гэсэн журмыг баримталж татвар төлүүлэхгүй шийдвэрлэсэн. Миний хяналтын журмаа нарийн баримталж ажилласан. Гаалийн улсын байцаагч ахлах *** хянаж зөвшөөрч хяналтын бүсээс гарах зөвшөөрлийг олгосон...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2102001660115 дугаартай хавтаст хэргээс:

1. ***аас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргасныг бүртгэсэн: “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гурвалжингийн гүүрний хойно байрлах Гаалийн импортын хашаанд АНУ-аас ирсэн RX-350 маркийн автомашиныг хүлээн авахаар ирсэн. Гэтэл тус авто машины дотор 2-3 хайрцагтай хүүхдийн тоглоом, дэр, торон уут, хуучин телевиз, хуучин камер, 9 ширхэг вино, коньяк ирсэн байсан. Ингээд автомашинаа хүлээн авах гэтэл гаалийн 1469 дугаартай эмэгтэй байцаагч нь надад 100.000 төгрөг өгвөл гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүйгээр автомашин болон эдгээр зүйлсээ авч болно гэж тулгасан. Ингээд АНУ-аас автомашин явуулсан төлөөлөгчтэйгөө ярьж гаалийн ахлах байцаагч ***тай холбогдон яриулж байж автомашин болон бусад эд зүйлсээ авсан. Иймд тус үйлдлийг гаргасан гаалийн 1469 дугаартай эмэгтэй байцаагчийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль нэхсэн гэж үзэж байгаа тул шалгаж өгнө үү” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал),

2. ***ы 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан автомашин дотор байсан бараад үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 14-18 дахь тал),

3. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би хувиараа Америкийн нэгдсэн улсаас автомашин захиалгын үйлчилгээ болон өөрийн нэр дээр болон аж ахуйн нэгжийн нэр дээр импортлон оруулж ирж, борлуулдаг бизнес эрхэлдэг. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр АНУ-аас автомашин хүлээж авсан. Тэгээд *** гэдэг гаалийн талбай дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн. ...1469 дугаартай гаалийн байцаагч миний бүрдүүлэлт гаалийн хяналт шалгалт хийхээр томилогдсон. Түүний дагуу контейнероо задлах зөвшөөрлийг олгож, байцаагч нь намайг ирэхээс нааш задалж болохгүй гэж хэлсэн. Миний машинтай хамт хоёр машин контейнерт ирсэн байсан, тэр хүмүүстэй контейнерын хажууд очоод хүлээж байхад байцаагч нь ирээд контейнер задарсан. Тэр үед байцаагч надаас “чи Америкаас машин оруулж ирдэг юм уу” гэж асуусан. Би “тиймээ, манай компанийн нэр дээр 1-2 машин ирдэг юм орж ирсэн юм” гэхэд “мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн үү, үнэлгээгээ үнэн зөв хийлгэсэн үү” гэсэн би “тиймээ, үнэн зөв бөглөсөн, үнэлгээний байцаагчтай шалгуулсан гэсэн. Тэгээд контейнерыг нээхэд миний машин дотор машин явуулсан ах маань өөрсдийн эдэлж хэрэглэж байсан хуучин дэр, нэг хайрцагтай цаасан уут, нэг хуучин телевизор байсан, хүүхдийн хоол идэхдээ суудаг ширээ, хэрэглэж байсан хяналтын камер байсан, машины наклад байсан, 9 шил вино, коньяк байсан. Тэгэхэд гаалийн байцаагч камерыг харчхаад “энэ дээрээ бүрдүүлэлт хийх юм биш үү, шинэ юм биш үү, үнийг нь чи мэдэж байгаа биз дээ” гэсэн. Тэгэхээр нь би бүх эд зүйлийг задалж үзүүлээд “би явуулсан талаасаа асууя, бүрдүүлэлт хийх бол яаж хийх вэ” гэсэн, тухайн үед би тийм зүйлийг явуулсан талаар мэдээгүй байсан. Тэгээд би асуухад камерыг 499 ам.доллароор хямдралтай байхад аваад хэрэглэж байгаад наашаа явуулсан гэж хэлсэн. Энэ байдлыг гаалийн байцаагчид хэлсэн чинь 499 ам.долларын чинь татвар 15% болно хэд болохоор байна гэхээр нь би бодоод барагцаагаар 50 ам.доллар юм шиг байна гэхэд гаалийн байцаагч би бүрдүүлэлт хийгээд суувал сууна шүү дээ, бүрдүүлэлт хийхгүйгээр надад 100.000 төгрөг өгөөд энэ бараануудаа авах юм уу гэсэн. Тэгэхээр нь би Америк руу машин явуулсан ахаасаа гаалийн байцаагч надад ингэж хэллээ гэж асуусан. Тэгэхэд ах маань ахлах байцаагчийн дугаарыг нь олоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** гэдэг ахлах байцаагчийнх нь дугаарыг аваад ахдаа өгсөн. Тэгээд манай ах маань *** байцаагчтай холбогдоод энэ байдлыг танилцуулж, нөгөө миний бараанд хяналт, шалгалт явуулсан байцаагч маань ирээд за за чиний барааг гаргахаар болсон шүү гээд би бараагаа аваад гарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал),

Гэрч ***ы 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Манай хүргэн ах *** ХХК-ийн захирал *** АНУ-д ажиллаж, амьдардаг юм. Би АНУ-аас автомашины дуудлага худалдааны сайтаас Лексус Ар Икс автомашин худалдаж аваад уг автомашиныг *** ахаар наашаа Монгол Улс руу явуулаад тэр өдөр хүлээн авсан юм. *** нь надад хэлэхдээ өөрийнхөө эдэлж, хэрэглэж байсан жижиг сажиг бараагаа явуулсан байгаа гэж хэлсэн. Тэгээд автомашиныг хүлээж аваад гаалийн хяналтын талбай дээр гаалийн улсын байцаагчийн хамтаар нээсэн. Тэгээд улсын байцаагч эмэгтэй хяналт шалгалтаа явуулсан, машин дотор байсан энэ юу вэ гэдэг байдлаар асуугаад машин дотор байсан бараануудыг би нээж үзүүлсэн. Машиныг онгойлгоход буйдангийн дэрнүүд, хуучин телевизор, хяналтын камер хайрцагт байсан түүний хайрцгийг онгойлгон гаалийн байцаагчид үзүүлсэн, вино, виски, коньякийг цаасан хайрцагтай байсныг мөн задалж үзүүлсэн. Хүүхдийн хөлд оруулдаг тэрэг, машины наклад байсан. Гаалийн байцаагч эдгээр эд зүйлүүдийг бүгдийг нь асуусан би гаалийн улсын байцаагчид энэ бол АНУ-д хэрэглэж байсан зүйлүүдээ хувийн хэрэглээндээ явуулж байгаа юмаа гэж хэлсэн. Би гаалийн улсын байцаагчаас татвар төлөх үү гэж асуусан. Тэгэхэд хяналтын камерыг харчхаад энэ камер чинь шинэ юм уу, хуучин юм уу гэх мэтээр асуугаад байсан. Тэгэхээр нь би камер дээр татвар төлөх юм байна гэж ойлгосон. Тэгсэн чинь гаалийн улсын байцаагч татвар төлөх ёстой гэж хэлээгүй, би бол татвар төлөх ёстой юм байна гэж ойлгоод яаж татвараа төлөх вэ гэж асуух гээд байж байтал гаалийн улсын байцаагч “чи надад 100.000 төгрөг өгөөд энэ бараагаа аваад гарчих, тэгэхгүй бол бүрдүүлэлт хийнэ гээд заваарсан юм болно шүү дээ” гэж хэлсэн. ...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаалийн хяналт шалгалт явуулсан улсын байцаагч эмэгтэй мөрдөгч дээр мэдүүлэг өгсний дараа над руу залгаад “эгчийн дүү чиний машины зургийг Гаалийн ерөнхий газар буцаачихсан байна, тийм учраас чи одоо автомашиныхаа зургийг аваад PDF форматад оруулаад над руу имэйлээр явуулаад өгөөч гээд би сүүлд нь дахин машиныхаа зургийг өөрийн гараашид байхад нь аваад имэйлээр явуулсан. Надад имэйл нь байгаа, хэрвээ шаардлагатай бол гаргаж өгч болно. Тэгээд сүүлд ирсэн хоёр шинжээч тэр миний сүүлд явуулсан зургийг барьчихсан явж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-27 дахь тал),

4. Гэрч *** /***/-тай Авлигатай тэмцэх газрын мөрдөгч *** албан майл хаягаар харилцсан тухай мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримт (2 дахь хавтаст хэргийн 188-190 дэх тал),

5. Хил хамгаалах ерөнхий газраас 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн ***ыг Монгол Улсын хилээр гарсан талаарх албан тоот (2 дахь хавтаст хэргийн 193 дахь тал),

 

6. Гэрч ***ын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1994 оноос хойш Гаалийн байгууллагад ажиллаж байна. 2018 оноос хойш Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байна. ...Тэр өдөр дөнгөж ээлж солигдсон өдөр байсан. Би ажлаа хийгээд байж байхад АНУ-аас утсаар миний гар утас руу залгасан хаанаас яаж миний дугаарыг олсон уу мэдэхгүй байна. АНУ-аас би өөрийнхөө унаж хэрэглэж байсан машиныг явуулсан юм, машинаа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ хууль, журмын дагуу бүрдүүлэлтээ хийгээд татвараа төлсөн байгаа, машинаа явуулахдаа би машин дотроо нь бага зэрэг өөрийн эдэлж хэрэглэж байсан хуучин зүйлс болон хэдэн шил вино хийсэн юм тэгсэн танай гаалийн хяналт шалгалт хийж байгаа байцаагч чинь хүндрэл учруулаад гаргахгүй байна, энэ асуудлыг та шийдэж өгөөч ээ гэж нэлээн өндөр дуугаар нэлээн гомдоллоод ууртай байгаа мэт ярьсан. Тэгэхээр нь би тухайн бараан дээр хяналт шалгалт явуулсан гаалийн байцаагч ***д “наад хүнийхээ асуудлыг хурдан шийдээд явуул, АНУ-аас бараа явуулсан хүн нь ярьж гомдол мэдүүлээд байна гэж хэлсэн. Тэгээд л *** хяналт, шалгалтаа хийгээд явуулсан байх, өөр зүйлийн талаар би мэдэхгүй. ...Би яг тэр барааг нүдээр харж шалгалт хийгээгүй. Угаасаа гаалийн байцаагч нар шалгалт хийдэг. ...Тэр хүн гомдол гаргаад утсаар ярихаар нь ***д хурдан шийд л гэсэн. Тэрнээс хууль, журам зөрчих талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй. Гаалийн байцаагч өөрөө хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хэрвээ тэр машин дотор их хэмжээний татвар ноогдуулах бараа байсан бол *** надад хэлэх ёстой, тийм зүйлийг надад хэлээгүй. Би яг одоо яг юу гэж ярьсан талаар нэг бүрчлэн санахгүй байна. Тэр залуу ямар ч байсан нэлээн өндөр дуугаар ууртайгаар нэлээн гомдолтой ярьсан. Нэлээн л гомдолтой цааш нь энэ талаар чинь мэдэгдэнэ л гээд байсан. Тэгэхээр тэр хүн өөрөө танай байцаагч мөнгө нэхсэн гэж байгаа бол тэгсэн байж магадгүй, гэхдээ би тэр хоёрын хооронд юу болсон талаар мэдэхгүй шүү дээ, надад тэр талаараа утсаар ярихдаа хэлсэн талаар би санахгүй байна. Хэрвээ мөнгө төгрөгийн юм ярьсан бол би санаж баймаар юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-32 дахь тал),

Гэрч ***ын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тэр өдөр ээлж солигдоод эхний өдөр байсан учраас миний хувьд байцаагч нарынхаа хуваарийг хийх, шинээр ирсэн баримт бичгийг үзэх гээд л маш их ажилтай байсан. Тэр их ажлын дунд АНУ-аас ярьж байна гээд нэг хүн ярьсан. Тэр хүн ярихдаа “танай байцаагч миний явуулсан машин дотор байсан хувийн хэрэглээний эд зүйл байгаа юм, түүнийг гаргахгүй байна” гэсэн утгатай зүйл яриад маш их ширүүн өндөр дуугаар яриад цааш нь гомдол гаргана шүү гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би тэр их ажлын дундуур ***д “чиний хяналт шалгалт хийж байгаа АНУ-аас ирсэн машин байгаа юу, тэр машиныг явуулсан хүн нь гомдол гаргаад байна шүү, наадхаа зохих журмынх нь дагуу хурдан шийдвэрлээ л гэж хэлсэн. Тэрнээс би ***гийн мэдүүлж байгаа шиг тэгж татвар авалгүй явуул гэдэг үүрэг чиглэл өгөөгүй, би тэр бараа машиныг нь ч үзээгүй, ямар машин ямар бараа байгааг нь мэдэхгүй шүү дээ, тэгчхээд би тийм шууд явуул гэдэг үүрэг өгөөгүй шүү дээ. *** зохих хууль, журмын дагуу тэр барааг гаргаж шалгах ёстой, тэгж шалгачхаад татвар ногдох уу, эсвэл зорчигчийн хувийн хэрэглээний зүйл гэж үзэх үү гэдэг дээр шалгалт хийх ёстой, хувийн хэрэглээний эд зүйлд хамаарах эсэхийг шалгах ёстой, тухайн барааны эзэн 6-н сараас дээш хугацаагаар гадаад улсад сурч, ажиллаж байсан эсэхийг, мөн тухайн бараа нь хувийн хэрэглээний эд зүйлд хамаарах эсэхийг шалгаж байж хувийн хэрэглээний эд зүйлд орох юм байна, эсвэл шалгаад хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй юм байна гэсэн нь шалгалтаар тогтоогдвол маягт 2-оор татвар ногдуулах, эсвэл гаалийн бүрдүүлэлт хийлгэх ёстой, тухайн барааны нэр төрөл, шинж чанар, тоо хэмжээнээс хамаарна. Маягт 2-оор татвар ногдуулж байгаа тохиолдолд гаалийн байцаагч барааг өөрөө үнэлж, үнийг тогтоож байж татварыг тогтоож төлүүлнэ. Ингэхдээ тухайн барааны эзнээс тухайн барааг худалдаж авсан талаар баримтыг гаргуулж авч байж үнийг тогтооно. Тэрнээс биш дураараа өөрөө үнэ тогтооно гэсэн зүйл байхгүй. ...Гаалийн улсын байцаагч нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.11 дэх хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3,000,000 төгрөгөөр дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт-2/-аар, 3,000,001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасны дагуу ажиллах ёстой. Энэ нь яах ёстой вэ гэхээр гаалийн байцаагч эхлээд барааг гаргаад шалгаад нэг бүрчлэн нүдээр үзэж шалгана гэсэн үг, тэгээд зорчигчийн хувийн эд зүйлд хамаарах эсэхийг тогтооно. Тэгээд хамаарахгүй гэж үзсэн тохиолдолд тухайн барааны эзнээс тухайн барааг худалдаж авсан баримт материалыг гаргуулан үнэлгээг тогтооно. Тэгээд тэр үнэлгээ нь 3,000,000 төгрөгөөр доош үнэтэй бол тогтоогдсон үнийн дагуу татварын хэмжээг тогтооно. Харин 3,000,001 төгрөгөөр дээш бол бүрдүүлэлт хийлгүүлэхээр буцаах юм. Хяналт шалгалт хийлгүйгээр татварыг тогтоох боломжгүй юм. Үнэлгээнээс шалтгаалж татвар өөр өөр тогтооно, барааны нийт үнийн дүнгээс 15,5%-ийн татвар ногдуулдаг. Тэгэхээр татвар барааны үнийн дүнгээс шалтгаална...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 185 дахь тал),

7. Гэрч Х.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “***” ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан. Тэрнээс хойш сургалтын үйл ажиллагаа, гадаад худалдааны чиглэлээр Япон улсаас автомашины импорт, автомашины хуучин дугуй импортолж байсан, мөн 2-3 жил барилгын тусгай зөвшөөрлөөр олгогддог ажил эрхэлж байсан. Одоо бол гадаад худалдааны чиглэлээр АНУ-аас автомашин, электрон бараа, гоо сайхны бараа импортолж, Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Би 2013 оноос хойш гэр бүлтэйгээ АНУ-д түр ажиллаж амьдарч байгаа, гэхдээ байнга Монгол Улсад ирж, очдог. *** бол манай автомашины бизнесийг Монгол Улсад хариуцан ажилладаг, мөн манай эхнэрийн хамаатны дүү байгаа юм. *** өөрөө АНУ-аас уг Лексус Ар икс 350 маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдан аваад “***” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлт хийж, Монгол Улсад 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр импортлон оруулж ирж, *** өөрөө гааль дээр хүлээн авсан байгаа. Би уг автомашиныг АНУ-руу *** руу явуулахдаа өөрийнхөө хувийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг буюу 1 ширхэг Самсунг брэндийн 55 инчийн ажиллагаагүй, эвдэрчихсэн телевизор, буйдан маань эвдрээд ашиглахаа болиод түүний 6 ширхэг дэр байсан түүнийг, мөн би өөрийнхөө Монгол Улс дахь гэрт суурилуулж ашиглах зорилгоор худалдан авсан 1 багц хяналтын камер байсан түүнийг гэхдээ уг камерыг би хэвийн ажиллагаатай эсэхийг шалгах гээд АНУ-д задлаад хэрэглэж үзсэн байсан, өөр өөр төрлийн жимсний дарснууд буюу нийт 9 шил, тухайн автомашиных нь тормозны наклад, диск, хэрэглэж байсан хүүхдийн хөлд оруулдаг тэрэг гээд эдгээр зүйлүүдийг явуулсан. Тухайн өдөр *** над руу залгаад “энэ машин доторх юмнуудыг гаалийн байцаагч нь гаргадаггүй, хуучин юм гэж мэдүүлээд тайлбарлахаар тайлбар огт сонсохгүй байна, надаас чи гаалийн бүрдүүлэлт хийвэл өчнөөн мөнгө төлнө шүү дээ 100,000 төгрөг өгчих гээд нэхээд байна, яах вэ гэж ярьсан. Тэгэхээр нь би “наад хүн чинь тайлбарлах гээд ойлгохгүй байгаа бол наад хүний чинь ажлаа яаж хийж байгааг шалгуулъя, наад байгууллагынхаа мэдээллийн самбараас юм уу ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах удирдах албан тушаалтных нь утсыг аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд *** ахлах байцаагчийнх нь утасных нь дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би ахлах байцаагчийнх нь утас руу өөрийнхөө интернэт дугаараас залгаад өөрийгөө танилцуулаад “тэр манай машиныг шалгаж байгаа гаалийн улсын байцаагчийг ажлаа хэвийн явуулж байгаа эсэхийг шалгаад өгөөч, би машин дотор өөрийнхөө хувийн эд зүйлийг явуулсан чинь гаалийн бүрдүүлэлт хийнэ гээд гаргахгүй гээд байна, гаалийн бүрдүүлэлт хийхээр бол бид нар гаалийн бүрдүүлэлтийг хийгээд явна, гэхдээ миний хувийн эд зүйл, цөөхөн ширхэгтэй байгаа учраас гаалийн бүрдүүлэлт хийхгүй гэж ойлгож байна, гэхдээ бүрдүүлэлт хийхээр байвал хийлгээд хийхээргүй байвал хурдан шуурхай шийдээд явуулаад өгөөч” гэж хүсэлт тавьж ярьсан. Тэгсэн чинь гаалийн ахлах байцаагч нь надад “аан за ойлголоо, би ажилтай нь танилцаад зохих журмаар шийдвэрлэе гэж хэлсэн. Тэгээд АНУ-ын цагаар шөнө байсан, би утсаар ярьчхаад унтаад өгсөн. Өглөө нь ***тай холбогдоход “машинаа болон машин дотор байсан бараагаа авчихсан, гэхдээ тэр гаалийн байцаагчийн надаас 100,000 төгрөг нэхсэн асуудал нь үйлдэл нь надад таалагдахгүй байна, би үүнийг ямар нэгэн байдлаар дараагийн шатны арга хэмжээ авахгүй бол энэ байдлыг өөгшүүлмээргүй байна, компанийн нэр дээр машин оруулж ирж байгаа учраас зохих байгууллагад нь гомдол гаргаад явбал сүүлд нь компанийн байдалд нөлөөлөх үү” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “зүгээрээ, компанид бол асуудалгүй, хэрвээ чи хяналт шалгалтын газарт гомдол мэдүүлэх гэж байгаа бол чи өөрөө мэдээд шийдээ гэж хэлсэн. Миний хувьд бол үнэхээр 100,000 төгрөг хууль бусаар нэхсэн бол түүнийг би хамгаалахгүй, буруу үйлдэл учраас чи өөрөө шийдээ” гэж түүнд хэлсэн. Тэгээд *** гомдол гаргаад тэр асуудал шалгагдаж байгаа. Миний хувьд бол Гааль, Татварын тухай хуулийн дагуу надад эрх байгаа гэж ойлгоод өөрийнхөө АНУ-д эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлийг тус Монгол Улсад эдэлж, хэрэглэх зорилгоор тус автомашинд хийж Монгол Улс руу илгээсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-45 дахь тал),

8. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** болон гаалийн улсын байцаагч *** хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ямар харилцаа болсон талаар мэдэхгүй байна. ...Гаалийн улсын байцаагч нар сүлжээгээр хуваарилагдсан бараанд нэг нэгээрээ гаалийн хяналт, шалгалтыг явуулдаг. Явуулахдаа тухайн барааны эзнийг байлцуулаад хяналт, шалгалтаа гаалийн хяналтын бүсийн талбай дээр явуулдаг. Гаалийн хяналтын бүсийн задгай талбай дээр гаалийн улсын байцаагч нар тус тусдаа шалгалтаа явуулж байгаа учраас нэг нэгнийхээ үйл ажиллагааг болон үйлчлүүлэгчдээ хэрхэн юу ярьж байгааг мэдэх боломжгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 64 дэх тал),

9. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** болон гаалийн улсын байцаагч *** хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ямар харилцаа болсон талаар мэдэхгүй байна. ... Гаалийн хяналт, шалгалтыг бол өглөө ахлахаасаа ажлын горим, зааварчилгаагаа аваад программд хуваарилагдсан аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг шалгаад тухайн бараанд биет үзлэгийг хийдэг. Биет үзлэгийг хийхдээ гаалийн хяналтын бүсийн гадаа талбайд тухайн барааны эзэнтэй хамт очиж, чингэлгийг нээгээд хяналт, шалгалтаа бичиг баримттай тулган шалгадаг. Хяналт, шалгалт явуулж буй гаалийн улсын байцаагч, шалгуулж буй үйлчлүүлэгч нарын хороонд ямар яриа, харьцаа үүсэж байгааг нөгөө гаалийн байцаагч мэдэх боломжгүй. Тэр чинь гадаа талбайд барааны эзнийг оролцуулаад, гаалийн байцаагч тус бүр өөрийнхөө үзлэг шалгалтаа хийгээд явдаг. Тийм учраас боломж байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 66 дахь тал),

10. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** болон гаалийн улсын байцаагч *** хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ямар харилцаа болсон талаар мэдэхгүй байна. ...Ачаа бараа авах гэж байгаа аж ахуйн нэгжийн хүмүүс татвараа төлөөд гаалийн байцаагч дээр ирнэ, гаалийн байцаагч бичиг баримтынхаа шалгалтыг хийснийхээ дараа ганцаараа өөрөө тэр бараа авах гэж байгаа хүнтэйгээ гаалийн хяналтын бүсийн гадна талбайд гарч, тэр хүнийхээ барааг шалгадаг. Шалгахдаа ганцаараа л ажилладаг. Гаалийн хяналтын бүсийн гадна талбайд гаалийн байцаагч чингэлгээ шалгаад явж байхад нэг гаалийн байцаагч нөгөө гаалийн байцаагчийнхаа шалгаж буй байдал болон бараа хүлээн авагчтай юу ярьж байгаа талаар мэдэх боломжгүй. Яагаад гэвэл талбайд гаалийн байцаагч бүр шалгалтаа тус тусдаа явуулдаг. Мөн бүгд хамтдаа гараад шалгалт явуулна гэж байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 68 дахь тал),

11. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын шинжээчийн “... “***” ХХК “Lexus RX350” маркийн суудлын автомашинд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийхэд уг машин дотор байсан гэх /иргэн ***д хадгалагдаж байсан, утас: ***/ бараануудад 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үзлэг шалгалтыг явуулсан болно.

Тус “Lexus RX350” маркийн суудлын автомашин дотор байсан гаалийн байгууллагад мэдүүлээгүй бараа гэх бараанууд нь “***” ХХК-ийн Хан-Уул дүүргийн ***-р хороонд байрлах “***” цамхагийн *** давхрын *** тоот өрөөнд байсан бөгөөд үзлэг шалгалтыг тус газарт нь явуулсан.

“***” ХХК-ийн ерөнхий менежер ***ы зүгээс үзлэг шалгалтад дараах бараануудыг хамруулсан. Үүнд:

1. Дэр, буйдангийн түшлэгийн зориулалттай-6 ширхэг

2. Зурагт, Samsung маркийн, 55 инчийн, хуучин-1 ширхэг

3. Хяналтын камер, “LOREX маркийн-1 багц

Мөн машин дотор тухайн машины 4 ширхэг урд хойд наклад, 4 ширхэг диск, 2 шил коньяк, 3 шил виски, 1 ширхэг хүүхдийн хуучин тэрэг байсан.

Наклад, дискийг машиндаа тавьсан, коньяк, виски, вино зэргийг хэрэглэчихсэн, хуучин хүүхдийн тэргийг нь хөдөө явуулчихсан өөр зүйл байгаагүй гэсэн тайлбарыг “***” ХХК-ийн ерөнхий менежер ***ы зүгээс гаргасан. /Үзлэгийн тэмдэглэл №01/

Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийхээр заасан.

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна.

Гаалийн Ерөнхий Газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл дурьдсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байна.

Үзлэг хийсэн тэмдэглэлд дээрх барааны үнэ, зардалтай холбоотой мэдээлэл бичиг, баримт байхгүй гэж мэдүүлсэн тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу гаалийн үнийг үнэлгээний бусад аргаар тодорхойлсон болно.

Гаалийн бүрдүүлэлтийн мэдээнээс үзэхэд “***” ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 02-2091017-21-I00159 дугаарын гаалийн мэдүүлгээр зөвхөн Lexus8 RX350 маркийн /он: 2016; 2T2BZMCA2GC012589 арлын дугаар, 3500сс/ суудлын автомашинд бүрдүүлэлт хийсэн байна. Өөр бараанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байна.

*** ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 02-2091017-21-I00159 дугаарын гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн Lexus, RX350 маркийн он: 2016; 2T2BZMCA2GC012589 арлын дугаар, 3500сс/ суудлын автомашины гаалийн үнийг 26670 ам.доллар, тухайн барааны тээврийн зардлыг 1030 ам.доллар, гаалийн үнэ нь 27700 ам.доллар гэж мэдүүлэн бүрдүүлэлт хийсэн байна.

Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө гэж заасан. Үүнд;

  • Гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;
  • Тээврийн бичиг баримт;
  • Тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз;
  • Хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт;
  • Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд гарал үүслийг нотлох баримт бичиг.

Дээрх гаалийн мэдүүлэгт дуудлага худалдааны бичиг баримт, үнийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн баримт, тээврийн зардлын нэхэмжлэх зэрэг бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлж бүрдүүлэлт хийсэн байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т гаалийн болон бусад татвар ногдуулах суурь нь барааны гаалийн үнэ, түүний тоо хэмжээ байна гэж заасан. Импортын бараанд гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай 1999 оны Монгол улсын их хурлын 27 дугаар тогтоолын хавсралтаар суудлын автомашин нь 5%-ийн татвартай.

Иймд Lexus, RX350 маркийн автомашины гаалийн татварт 3 946 335.9 төгрөг, Онцгой албан татварын тухай хуулийн дагуу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3500см3, 2016 оны автомашин 4 000 000 сая төгрөгийн татвар төлсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж тооцно гэж заасан. Энэ хуулийн дагуу 8687 305.39 төгрөгийн НӨАТ-ын ногдуулалтыг хийж, холбогдох татварыг төлсөн байна.

“***” ХХК /РД:***/-ийн 2021 оны 3 дугаар сарын 10-ын өдөр импортлон оруулж ирсэн Лексус Ар Икс 350 маркийн суудлын автомашин дотор байсан бараанд гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гаалийн байгууллага албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор араа тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ” гэсэн заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийлэг журам”-ын 5.23, 5.24, 5.25 дахь заалтууд болон Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалын 23 тоот хавсралтаар баталсан “Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь”-д 1-д заасан “Гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг биелүүлээгүйгээс тус машин дотор байсан бараануудад ногдох 420 721.11 төгрөгийн татвар төлөгдөөгүй байна...” гэх дүгнэлт, үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 60-64, 65-68 дахь тал),

12. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын шинжээчийн: “Гэрч Х.***ын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсарган гаргасан 6 хуудас баримт материалаас үзэхэд “***” ХХК /РД:2812037/-ийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр импортлон оруулж ирсэн Лексус Ар Икс 350 маркийн суудлын автомашин дотор байсан бараанууд гэх:

1. Самсунг маркийн 55 инчийн хуучин телевизор, буйдангийн түшлэгийн зориулалтай 6 ширхэг дэр зэрэг бараанууд нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2 дахь заалт “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан ... иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй”-д хамаарна.

2. Лорекс маркийн 1 багц 8 ширхэг хяналтын камер нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2 дахь заалт “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан ... иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй”-д хамаарна.

Иймд дээрх бараанууд нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-аар тогтоосон зорчигчоос гаалийн болон бусад татваргүй нэвтрүүлэх хувийн хэрэглээний эд зүйлд хамаарч байгаа тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-д заасны дагуу Гаалийн татвараас чөлөөлөгдөнө” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 118-119 дэх тал),

13. 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч нарын: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын шинжээч С.Төмөрбат, Ө.Пунсалдулам нарын гаргасан шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-аар зохицуулагдана.

Х.***ын АНУ-аас ирүүлсэн автомашин дотор байсан гэх бараанууд болох Самсунг маркийн хуучин телевизор, буйдангийн түшлэгийн зориулалтай 6 ширхэг дэр, Lorex маркийн 1 багц 8 ширхэг хяналтын камер зэрэг нь иргэн Х.***ын өөрийн мэдүүлсэн АНУ-д байхдаа хэрэглэж байсан, худалдаж авсан хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга учир Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2 дахь заалт “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй” гэсэн заалтад хамаарах тул гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.

Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан. Уг заалтын дагуу баталсан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2-д “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй” гэсэн заалтад хамаарна...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал),

14. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний А/275 дугаартай “Журам батлах” тухай тушаал, уг тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”,  мөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны А/223 дугаартай “Журам батлах” тухай тушаал, уг тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 159, 160-162, 163, 164-170 дахь тал),

15. Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/307 дугаартай “Танай хэлтсээс ирүүлсэн 06/6270 тоот албан бичгийн дагуу *** ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг нотлох баримтын шаардлага хангуулан хуулбарлан авах тухай 02/303 тоот албан бичгийг гаалийн хяналтын бүс эзэмшигчид хүргүүлсэн болно. “***” ХХК-аас гаалийн хяналтын камерын автомат төхөөрөмжид бичигдсэн бичлэг нь 2 сараар хадгалагддаг тул тухайн өдрийн бичлэгийг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. “***” ХХК-иас өгсөн албан бичгийг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан тоот (1 дэх хавтаст хэргийн 192-194 дахь тал),

16. Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/144 дугаартай “Танай хэлтсээс ирүүлсэн 06/33464 тоот бичгийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *** ХХК-ийн /Рег:***/-ийн нэр дээр мэдүүлсэн 02-2091017-21-I00159R тоот гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хуулбарлан хүргүүлэв” гэх албан тоот, гаалийн  хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, гаалийн бүрдүүлэлт хийх тухай албан бичиг зэрэг тээврийн хэрэгслийн бүрдүүлэлтэй холбоотой баримтууд (1 дэх хавтаст хэргийн 195-206 дахь тал),

17. Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/315 дугаартай “Танай газраас ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/6269  дугаар албан хүсэлтийн дагуу тус газрын гаалийн улсын байцаагч ***гийн ***гийн Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын хуулбар, албан тушаалын болон ажил байдлын тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлж байна” гэх албан бичиг, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 дугаартай “Албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар, албан тушаалын болон ажил байдлын тодорхойлолтын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 178, 179-191 дэх тал),

18. Гэрч ***, Х.*** нарын улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 83-84, 193 дэх тал),

19. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Энэ өдөр ээлж солигдсон байсан тул өчигдөр, уржигдрын өдрүүдийн өөр байцаагч дээр хийгдээд тэр өдрөө гарч чадаагүй мэдүүлгүүд над дээр солигдож ирсэн, маш их ачаалалтай байсан. 16 аж ахуйн нэгжийн 700 орчим нэр төрлийн барааг хяналт шалгалт хийж шалгасан байна. Тухайн өдрийн ажлын 8 цаг буюу 480 минутад ямар ч амралт чөлөө, хоол унд идэхгүйгээр 1 гаалийн бүрдүүлэлтэд 8 минут 4 секундийг зарцуулсан бөгөөд дор хаяж 57-60 орчим үйлчлүүлэгчтэй харьцсан байна. Мөн энэ өдөр гаалийн байгууллагын үйлчлүүлэгчдийг хохироохгүй, чирэгдүүлэхгүй, өөрийн биеэ дайчлан онцгой байдал, ковидын эсрэг хуулийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөж, зай барин ажиллаж байсан болно. Энэ бол миний төрийн албан хаагчийн үүрэг байсан. Тухайн өдөр болсон зүйлийн талаар гэхээр гэрч гээд байгаа мэдээлэл гаргасан *** бүрдүүлэлт хийхгүй гэдэг үгийг буруу ойлгосон байна. Учир нь би гаалийн тухай хуулийн 3.1.12-т гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсвэл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэл цогц үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулаад энэ бүрдүүлэлтийг хийхэд гаалийн тухай хуулийн 60.3 дахь хэсэгт гаалийн үнэн зөвийг тодорхойлох дараах бичиг баримтуудыг гаргаж өгдөг. Үүнд: Гадаадын худалдааны гэрээ инвойс, тээврийн бичиг баримт, тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл лиценз, хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд гарал үүслийг нотлох баримт бичиг гаалийн бүрдүүлэлт хийхээр ийм зүйлүүдийг шаарддаг юм. Тэгэхээр би энэ хүний барааг энэ заалтад хамаарахгүйгээр зорчигчийн биеэс тусдаа илгээсэн бараанд зориулсан маягт-2-оор татвар төлүүлэхээр хэлсэн юм. Энэ журам гаалийн тухай хуулийн 230-д заасны дагуу гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 тоот тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”, зорчигчийн гаалийн мэдүүлгийг маягтыг баталсан юм. Уг журмын 5.1 дэх хэсэгт “биеэс тусдаа илгээсэн бараанд зорчигчийн гаалийн мэдүүлгээр татвар төлж болно”, 5.11 дэх хэсэгт барааны мэдүүлэг, зорчигчийн мэдүүлгийг ялгааг зааж өгсөн байдаг. Үүнийг л хэлсэн чинь *** буруу ойлгосон гэж бодож байна. Би хувьдаа мөнгө авах зорилгоор юм уу, авлига авах гэсэн үг үйлдэл гаргаагүй болно. ...Шалгах явцдаа барааны эзнээс “таны машинд ямар бараа байгаа вэ” гэж асуухад “миний машинд нээх их бараа байхгүй, АНУ-д хэрэглэж байсан хуучин телевизор, хуучин хувцас хэрэгсэл гэх мэт бараа байгаа, татвар төлөх бараа байхгүй гэж хэлсэн. Уг машиныг үзэхэд хойд талын суудал дээр хэд хэдэн хайрцагтай бараа харагдсан тэгэхээр нь би татвар авах бараа байгаа юм байна гэж ойлгоод барааны эзэнд “гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр 100.000 орчим төгрөг төлөөд явах юм байна шүү гээд явсан. Дараа нь ахлах байцаагч *** бүх байцаагч нарт хандаад “бөөгнөрөл үүсгээд хүн шавуулаад дэглэм алдагдаад байна, хурдан шуурхай үйлчил, ирж байгаа суудлын автомашинд их хэмжээний арилжааны чанартай бараа байвал надад мэдэгдэж татвар ногдуулна шүү” гэж хэлж байсан. Ер нь бол бүх байцаагч нарт өдөр болгон анхааруулдаг. Ингэж анхааруулсны дагуу гаалийн талбай дээр өөр бараа тээврийн хэрэгслийг шалгаж явахдаа өмнө нь шалгасан ***ы машинд байгаа барааг дахин очиж ажиглалт хийх журмаар шалгасан. Тэгэхэд татвар ногдуулах бараа ажиглагдаагүй, барааны эзний надад хэлсэн бараанууд болох нь тодорхой байсан. Тийм болохоор би гаалийн хуулийн дагуу машинд байгаа бараа, суудлын автомашинд ажиглалт хийж гаднах байдлыг шалгаж техникийн паспорт болон гаальд мэдүүлсэн бичиг баримтын дагуу арлын дугаар, км-ийн заалт, өнгө үйлдвэрлэсэн он зэргийг шалгаад суудлын автомашины бүрдүүлэлтийг дуусгаж, гаалийн мэдүүлгийн Кайс программ дээр биет шалгалтыг дуусгасан. Би дахиж барааны эзэнтэй уулзаж, гаалийн татвар, мөнгө төгрөгийн талаар ярилцаагүй, ямар нэгэн авлигын шинжтэй үйлдэл гаргаагүй, одоог хүртэл түүнтэй уулзаагүй байна. ...Би гаалийн мэдүүлгийн дагуу автомашиныг 6 талаас зургийг авч, арлын дугаар, техникийн паспорттой нь тулган шалгаж, үйлдвэрлэсэн он, өнгө зэргээр тулган шалгаж журмын дагуу ажилласан. Автомашин дотор байсан бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний ачаа байсан. Яагаад татвар ногдуулаагүй вэ гэхээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 тоот тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дахь хэсэгт заасны дагуу зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл байсан учраас би татвар ногдуулаагүй юм. 3,000,001-ээс дээш үнийн дүнтэй бараа бол бүрдүүлэлт хийнэ. Үүнээс доош бол зорчигчийн мэдүүлгээр явна. ...Би барааны эзэнтэй хамт очоод үзэхдээ би амаар тайлбар авахад “татвар төлөх бараа байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би татвар төлөх бараа байгаа гэж бодоод гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүйгээр олон бичиг баримт шаардахгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр маягт-2-оор 100.000 төгрөг төлөөрэй гэсэн юм. ...Шинэ бараа байх магадлалтай шүү дээ. Байж магадгүй л гэж бодоод олон жилийн туршлагаараа л та гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр 100.000 төгрөгийн татварыг гаалийн маягт-2-оор тушаагаад яваарай гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 127-130 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтас хэргийн 33-35, 36-40 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 132 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал), илрүүлсэн зөрчлийн зарим зургууд (2 дахь хавтаст хэргийн 45-47 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн нөхцөл байдлын талаар тогтоогдсон үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн үндэслэл:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***г 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд “***” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ы Монгол Улсад импортлон оруулж ирсэн автомашин дотор талд байсан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг ашиглан автомашин дотор талд байсан бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эсвэл арилжааны шинж чанартай аль нь болохыг шалгаж тогтоосны дараа татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд ***аас 100.000 төгрөгийг өгөхийг шаардсан буюу хахууль өгөхийг шаардсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 2102001660115 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хуралдаанд улсын яллагч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа “...Хавтаст хэргийн хүрээнд *** нь ***аас 100,000 төгрөг шаардсан үйлдэл тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт байгаа баримтуудад Монгол Улсын хууль, дүрэм журам, захиргааны актад байхгүй байгаа зүйлүүд буюу үүргийг бий болгож түүнийг биелүүлээгүй гэж оруулж ирж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй. Хууль зүйн үндэслэл байхгүй байна. 100.000 төгрөг шаардсан уу, эсхүл татвар төл гэж шаардсан уу. Энэ байдлыг *** ойлгоогүй байна. Миний үйлчлүүлэгч ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь харин хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Золбоо “...Прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Хахуул авсан, хахууль авахаар шаардсан үйлдэл байх ёстой. Санаатайгаар үйлдэгддэг гэмт хэрэг. Прокурор санаатайгаар үйлдэгдсэн талаар ярихгүй байна. Мөн яллах дүгнэлтийн хууль зүйн үндэслэлгүй байдал бусад хуулийг иш татаж авчирсан. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж бичсэн байхад Гаалийн тухай хууль оруулж ирж, үүнийгээ тайлбарлаж байна. Ажлаа зөв хийсэн үү гэдгийг өнөөдөр энд прокурор тогтоохгүй. Авлига шаардсан үйлдлээ нотолж тогтоох ёстой. Мөнгө шаардсан гэх үйл баримт хавтаст хэрэг байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлж орж ирж байгаа бол эргэлзээгүй тогтоох хэрэгтэй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, ***г цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга дүгнэлтийг тус тус гаргав.

Мөн шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэмт хэрэг үйлдээгүй. Миний асуудлыг хууль зөрчөөгүй гэдгийг тогтоож, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн байр суурьтай оролцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дээрх дүгнэлт, мэтгэлцээн, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1. *** нь Гаалийн Ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.   

2. Гаалийн улсын байцаагч *** нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд ажиллаж байхдаа буюу ***ы Америкаас оруулж ирсэн Лексус Ар Икс 350 загварын суудлын автомашин, тус автомашин дотор байсан эд зүйлсэд гаалийн хяналт шалгалтын ажиллагаа явуулж гаалийн хилээр нэвтрүүлэхдээ автомашины дотор байсан барааг хянах, шалгах чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүйгээр ***аас 100.000 төгрөг өгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр бараагаа аваад гар гэж хууль бусаар 100.000 төгрөг шаардсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хэрэг гарсан нөхцөл байдлын талаар удаа дараа тодорхой мэдүүлсэн гэрч ***ы “...1469 дугаартай гаалийн байцаагч миний бүрдүүлэлт гаалийн хяналт шалгалт хийхээр томилогдсон. ...Контейнерыг нээхэд миний машин дотор машин явуулсан ах маань өөрсдийн эдэлж хэрэглэж байсан хуучин дэр, нэг хайрцагтай цаасан уут, нэг хуучин телевизор байсан, хүүхдийн хоол идэхдээ суудаг ширээ, хэрэглэж байсан хяналтын камер, машины наклад байсан, 9 шил вино, коньяк байсан. Гаалийн байцаагч камерыг хараад “энэ дээрээ бүрдүүлэлт хийх юм биш үү, шинэ юм биш үү, үнийг нь чи мэдэж байгаа биз дээ” гэсэн. Тэгэхээр нь би бүх эд зүйлийг задалж үзүүлээд “би явуулсан талаасаа асууя, бүрдүүлэлт хийх бол яаж хийх вэ” гэсэн, тухайн үед би тийм зүйлийг явуулсан талаар мэдээгүй байсан. Тэгээд би асуухад камерыг 499 ам.доллароор хямдралтай байхад аваад хэрэглэж байгаад наашаа явуулсан гэж хэлсэн. Энэ байдлыг гаалийн байцаагчид хэлсэн чинь 499 ам.долларын чинь татвар 15% болно хэд болохоор байна гэхээр нь би бодоод барагцаагаар 50 ам.доллар юм шиг байна гэхэд гаалийн байцаагч би бүрдүүлэлт хийгээд суувал сууна шүү дээ, бүрдүүлэлт хийхгүйгээр надад 100.000 төгрөг өгөөд энэ бараануудаа авах юм уу гэсэн. Тэгэхээр нь би Америк руу машин явуулсан ахаасаа гаалийн байцаагч надад ингэж хэллээ гэж асуусан. Тэгэхэд ах маань ахлах байцаагчийн дугаарыг нь олоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** гэдэг ахлах байцаагчийнх нь дугаарыг аваад ахдаа өгсөн. Тэгээд манай ах маань *** байцаагчтай холбогдоод энэ байдлыг танилцуулж, нөгөө миний бараанд хяналт, шалгалт явуулсан байцаагч маань ирээд за за чиний барааг гаргахаар болсон шүү гээд би бараагаа аваад гарсан...” гэх мэдүүлэг,

гэрч ***ы 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Би АНУ-аас автомашины дуудлага худалдааны сайтаас Лексус Ар Икс автомашин худалдаж аваад уг автомашиныг *** ахаар наашаа Монгол Улс руу явуулаад тэр өдөр хүлээн авсан юм. ...Би гаалийн улсын байцаагчид энэ бол АНУ-д хэрэглэж байсан зүйлүүдээ хувийн хэрэглээндээ явуулж байгаа юмаа гэж хэлсэн. Би гаалийн улсын байцаагчаас татвар төлөх үү гэж асуусан. Тэгэхэд хяналтын камерыг хараад энэ камер чинь шинэ юм уу, хуучин юм уу гэх мэтээр асуугаад байсан. Тэгэхээр нь би камер дээр татвар төлөх юм байна гэж ойлгосон. Тэгсэн чинь гаалийн улсын байцаагч татвар төлөх ёстой гэж хэлээгүй, би бол татвар төлөх ёстой юм байна гэж ойлгоод яаж татвараа төлөх вэ гэж асуух гээд байж байтал гаалийн улсын байцаагч “чи надад 100.000 төгрөг өгөөд энэ бараагаа аваад гарчих, тэгэхгүй бол бүрдүүлэлт хийнэ гээд заваарсан юм болно шүү дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

уг мэдүүлгийг нотолсон гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргасныг бүртгэсэн “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гурвалжингийн гүүрний хойно байрлах Гаалийн импортын хашаанд АНУ-аас ирсэн RX-350 маркийн автомашиныг хүлээн авахаар ирсэн. Гэтэл тус авто машины дотор 2-3 хайрцагтай хүүхдийн тоглоом, дэр, торон уут, хуучин телевиз, хуучин камер, 9 ширхэг вино, коньяк ирсэн байсан. Автомашинаа хүлээн авах гэтэл гаалийн 1469 дугаартай эмэгтэй байцаагч нь надад 100.000 төгрөг өгвөл гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүйгээр автомашин болон эдгээр зүйлсээ авч болно гэж тулгасан. Ингээд АНУ-аас автомашин явуулсан төлөөлөгчтэйгөө ярьж гаалийн ахлах байцаагч ***тай холбогдон яриулж байж автомашин болон бусад эд зүйлсээ авсан. Иймд тус үйлдлийг гаргасан гаалийн 1469 дугаартай эмэгтэй байцаагчийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль нэхсэн гэж үзэж байгаа тул шалгаж өгнө үү...” гэх тэмдэглэл,

гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр дөнгөж ээлж солигдсон өдөр байсан. Би ажлаа хийгээд байж байхад АНУ-аас утсаар миний гар утас руу залгасан хаанаас яаж миний дугаарыг олсон уу мэдэхгүй байна. АНУ-аас машинаа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ хууль, журмын дагуу бүрдүүлэлтээ хийгээд татвараа төлсөн байгаа, машинаа явуулахдаа би машин дотроо нь бага зэрэг өөрийн эдэлж хэрэглэж байсан хуучин зүйлс болон хэдэн шил вино хийсэн юм, тэгсэн танай гаалийн хяналт шалгалт хийж байгаа байцаагч чинь хүндрэл учруулаад гаргахгүй байна, энэ асуудлыг та шийдэж өгөөч ээ гэж нэлээн өндөр дуугаар нэлээн гомдоллоод ууртай байгаа мэт ярьсан. Тэгэхээр нь би тухайн бараан дээр хяналт шалгалт явуулсан гаалийн байцаагч ***д “наад хүнийхээ асуудлыг хурдан шийдээд явуул, АНУ-аас бараа явуулсан хүн нь ярьж гомдол мэдүүлээд байна гэж хэлсэн. Тэгээд л *** хяналт, шалгалтаа хийгээд явуулсан байх, өөр зүйлийн талаар би мэдэхгүй. ...Тэр хүн ярихдаа “танай байцаагч миний явуулсан машин дотор байсан хувийн хэрэглээний эд зүйл байгаа юм, түүнийг гаргахгүй байна” гэсэн утгатай зүйл яриад маш их ширүүн өндөр дуугаар яриад цааш нь гомдол гаргана шүү гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би тэр их ажлын дундуур ***д “чиний хяналт шалгалт хийж байгаа АНУ-аас ирсэн машин байгаа юу, тэр машиныг явуулсан хүн нь гомдол гаргаад байна шүү, наадхаа зохих журмынх нь дагуу хурдан шийдвэрлээ л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Х.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** өөрөө АНУ-аас уг Лексус Ар Икс 350 маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдан аваад “***” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлт хийж, Монгол Улсад 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр импортлон оруулж ирж, *** өөрөө гааль дээр хүлээн авсан байгаа. Би уг автомашиныг АНУ-руу *** руу явуулахдаа өөрийнхөө хувийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг буюу 1 ширхэг Самсунг брэндийн 55 инчийн ажиллагаагүй, эвдэрчихсэн телевизор, буйдан маань эвдрээд ашиглахаа болиод түүний 6 ширхэг дэр байсан түүнийг, мөн би өөрийнхөө Монгол Улс дахь гэрт суурилуулж ашиглах зорилгоор худалдан авсан 1 багц хяналтын камер байсан түүнийг гэхдээ уг камерыг би хэвийн ажиллагаатай эсэхийг шалгах гээд АНУ-д задлаад хэрэглэж үзсэн байсан, өөр өөр төрлийн жимсний дарснууд буюу нийт 9 шил, тухайн автомашиных нь тормозны наклад, диск, хэрэглэж байсан хүүхдийн хөлд оруулдаг тэрэг гээд эдгээр зүйлүүдийг явуулсан. Тухайн өдөр *** над руу залгаад “энэ машин доторх юмнуудыг гаалийн байцаагч нь гаргадаггүй, хуучин юм гэж мэдүүлээд тайлбарлахаар тайлбар огт сонсохгүй байна, надаас чи гаалийн бүрдүүлэлт хийвэл өчнөөн мөнгө төлнө шүү дээ 100,000 төгрөг өгчих гээд нэхээд байна, яах вэ гэж ярьсан. Тэгэхээр нь би “наад хүн чинь тайлбарлах гээд ойлгохгүй байгаа бол наад хүний чинь ажлаа яаж хийж байгааг шалгуулъя, наад байгууллагынхаа мэдээллийн самбараас юм уу ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах удирдах албан тушаалтных нь утсыг аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд *** ахлах байцаагчийнх нь утасных нь дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би ахлах байцаагчийнх нь утас руу өөрийнхөө интернэт дугаараас залгаад өөрийгөө танилцуулаад “тэр манай машиныг шалгаж байгаа гаалийн улсын байцаагчийг ажлаа хэвийн явуулж байгаа эсэхийг шалгаад өгөөч, би машин дотор өөрийнхөө хувийн эд зүйлийг явуулсан чинь гаалийн бүрдүүлэлт хийнэ гээд гаргахгүй гээд байна, гаалийн бүрдүүлэлт хийхээр бол бид нар гаалийн бүрдүүлэлтийг хийгээд явна, гэхдээ миний хувийн эд зүйл, цөөхөн ширхэгтэй байгаа учраас гаалийн бүрдүүлэлт хийхгүй гэж ойлгож байна, гэхдээ бүрдүүлэлт хийхээр байвал хийлгээд хийхээргүй байвал хурдан шуурхай шийдээд явуулаад өгөөч” гэж хүсэлт тавьж ярьсан. Тэгсэн чинь гаалийн ахлах байцаагч нь надад “аан за ойлголоо, би ажилтай нь танилцаад зохих журмаар шийдвэрлэе гэж хэлсэн. Тэгээд АНУ-ын цагаар шөнө байсан, би утсаар ярьчхаад унтаад өгсөн. Өглөө нь ***тай холбогдоход “машинаа болон машин дотор байсан бараагаа авчихсан, гэхдээ тэр гаалийн байцаагчийн надаас 100,000 төгрөг нэхсэн асуудал нь үйлдэл нь надад таалагдахгүй байна, би үүнийг ямар нэгэн байдлаар дараагийн шатны арга хэмжээ авахгүй бол энэ байдлыг өөгшүүлмээргүй байна, компанийн нэр дээр машин оруулж ирж байгаа учраас зохих байгууллагад нь гомдол гаргаад явбал сүүлд нь компанийн байдалд нөлөөлөх үү” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “зүгээрээ, компанид бол асуудалгүй, хэрвээ чи хяналт шалгалтын газарт гомдол мэдүүлэх гэж байгаа бол чи өөрөө мэдээд шийдээ гэж хэлсэн. Миний хувьд бол үнэхээр 100,000 төгрөг хууль бусаар нэхсэн бол түүнийг би хамгаалахгүй, буруу үйлдэл учраас чи өөрөө шийдээ” гэж түүнд хэлсэн. Тэгээд *** гомдол гаргаад тэр асуудал шалгагдаж байгаа. Миний хувьд бол Гааль, Татварын тухай хуулийн дагуу надад эрх байгаа гэж ойлгоод өөрийнхөө АНУ-д эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлийг тус Монгол Улсад эдэлж, хэрэглэх зорилгоор тус автомашинд хийж Монгол Улс руу илгээсэн...” гэсэн мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 дугаартай “Албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар, Албан тушаалын тодорхойлолтын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн шүүх хуралдаанд ***ыг онлайнаар оролцуулж, худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж гэрчээр мэдүүлэг авахад тэрээр “...Татварын асуудал яригдсан. Гэхдээ намайг татвар төл гээгүй, би татвар төл гэснийг буруугаар ойлгох боломжгүй. Надад 100,000 төгрөг өгөөд бүрдүүлэлт хийхгүй ачаагаа аваад гар гэж хэлсэн. Өмнө гаргасан өргөдөлдөө тодорхой бичсэн...” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтэй агуулгын зөрүүгүй мэдүүлэг өгсөн бөгөөд түүний удаа дараагийн мэдүүлэг нь тогтвортой байх ба мэдүүлгийн эх сурвалжаа шууд заан мэдүүлснийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, харин гэрч Х.***, *** нарын хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.  

Хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 02, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр тухайн автомашинд байсан Самсунг маркийн 55 инчийн хуучин телевизор, буйдангийн түшлэгийн зориулалтай 6 ширхэг дэр, Лорекс маркийн 1 багц 8 ширхэг хяналтын камер зэрэг нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2 дахь заалт “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй” гэсэн заалтад хамаарах гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд хамаарах нь нотлогдсон.

Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гаалийн улсын байцаагч нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.11 дэх хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3,000,000 төгрөгөөр дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт-2/-аар, 3,000,001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасны дагуу ажиллах ёстой. Энэ нь яах ёстой вэ гэхээр гаалийн байцаагч эхлээд барааг гаргаад шалгаад нэг бүрчлэн нүдээр үзэж шалгана гэсэн үг, тэгээд зорчигчийн хувийн эд зүйлд хамаарах эсэхийг тогтооно. Тэгээд хамаарахгүй гэж үзсэн тохиолдолд тухайн барааны эзнээс тухайн барааг худалдаж авсан баримт материалыг гаргуулан үнэлгээг тогтооно. Тэгээд тэр үнэлгээ нь 3,000,000 төгрөгөөр доош үнэтэй бол тогтоогдсон үнийн дагуу татварын хэмжээг тогтооно. Харин 3,000,001 төгрөгөөр дээш бол бүрдүүлэлт хийлгүүлэхээр буцаах юм. Хяналт шалгалт хийлгүйгээр татварыг тогтоох боломжгүй юм. Үнэлгээнээс шалтгаалж татвар өөр өөр тогтооно...” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гаалийн хяналт шалгалт хамгийн сүүлд гаалийн улсын байцаагч тамга дарснаар дуусна. Гаалийн улсын байцаагч ажил үүргийн хуваарийн дагуу бараагаа шалгах ёстой. Татвар ноогдуулах үндэслэлээ хэлэх ёстой. Аж ахуй нэгж байгууллага бүрдүүлэлтээ хийгээд явна. 2019 оны зорчигчийн журам гэж байгаа. Журмын дагуу бүрдүүлэлт хийнэ. 3,000,000 төгрөгөөс дотогш бараа гэж үзвэл зорчигчийн журмаар маягт-2 бичих ёстой. Хувийн хэрэглээнд хамаарах бараанд маягт-2 бичих үндэслэл байхгүй...” гэсэн, 

гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гаалийн хяналт шалгалтыг бол өглөө ахлахаасаа ажлын горим, зааварчилгаа аваад программд хуваарилагдсан аж ахуй нэгжийн гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг шалгаад тухайн бараанд биет үзлэгийг хийдэг. Биет үзлэгийг хийхдээ гаалийн хяналтын бүсийн гадаа талбайд тухайн барааны эзэнтэй хамт очиж, чингэлгийг нээгээд хяналт, шалгалтаа бичиг баримттай тулган шалгадаг...” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хяналт шалгалт хийхдээ тухайн барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн байна уу гэдгийг харна. Хувийн хэрэглээний зүйл мөн үү биш үү гэдгийг шалгана. Тухайн барааны тоо ширхгийг үзнэ. Арилжааны чиглэлтэй бол татварыг төлүүлнэ. Гаалийн бүрдүүлэлт хийх, маягт 2-ын аль алинаар нь татвар ногдуулахад гаалийн бааз үнээс үнийг тодорхойлно. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл бол татвар авахгүй. 6 сараас дээш гадаадад амьдарсан гэдгийг гадаад паспортыг нь шалгаж тогтооно. Камер бол хэдэн эд ангиас бүрдэх нь хамаагүй нэг багц гэж үзнэ...” гэсэн мэдүүлгүүдээр гаалийн улсын байцаагч *** нь ажил үүргийн дагууд гаалийн хилээр нэвтрүүлэх барааг шалгаж, татвар ногдуулах бараа бол үндэслэлээ тайлбарлаж, гаалийн бааз үнээс барааны үнийг тогтоож татвар авах, эсхүл 3.000.000 төгрөгөөс дотогш бараа болох нь гаалийн бааз үнээр тогтоогдвол зорчигчийн журмаар маягт-2 бичиж 15.5 хувийн татвар авах, эсхүл 6 сараас дээш хугацаанд гадаадад амьдарсан зорчигчийн хувийн хэрэглээнд хамаарах бараа болохыг холбогдох бичиг баримтыг үндэслэн шалган тогтоосны дараа гаалийн болон бусад албан татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр барааг нэвтрүүлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч *** нь дээрх албан тушаалын тодорхойлолтоор заасан гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүйгээр гэрч Л.***аас үндэслэлгүйгээр 100.000 төгрөг өгөхийг шаардсан үйл баримт нотлогджээ.  

Иймээс прокуророос шүүгдэгч ***г Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон нийтийн албан тушаалтнаар ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг, мөн Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1-д “...Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэл зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/... дараах барааг хамааруулна...”, 2.3-д “Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ...”, 2.3.2-д “Гадаад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй...”, 5.1-д “...биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно...”, 5.11-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3,000,000 төрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт 2/-аар, 3,000,001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасныг тус тус зөрчиж, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд “***” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ы Монгол Улсад импортлон оруулж ирсэн автомашин дотор талд байсан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг ашиглан автомашин дотор талд байсан бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эсвэл арилжааны шинж чанартай аль нь болохыг шалгаж тогтоосны дараа татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд ***аас 100.000 төгрөг өгөхийг шаардсан буюу хахууль өгөхийг шаардсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд Хахууль авах гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол “Хахууль авах” гэмт хэрэгт тооцохоор заасан.

“Хахууль авах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар эсхүл хээл хахууль шаардсанаар бүрэн төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болох нь эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголт болно.

Өөрөөр хэлбэл, Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хууль бус давуу талыг өөртөө олж авах болон бусдад бий болгох гэсэн шунахай сэдэл зорилго агуулж шууд хахууль өгөхийг шаардсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.  

Шүүгдэгч *** нь Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд”-ийг гэж, мөн хуулийн 4.1-т “энэ хуулийн үйлчлэлд авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу төрийн тусгай албан хаагч буюу нийтийн албан тушаалтанд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъект мөн байна.

Дээрх гэмт хэргийн “Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд” гэх объектив талын шинж нь нийтийн албан тушаалтан хууль тогтоомж, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатай огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ойлголт юм.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг”, мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад “ашиг хонжоо” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь ашиг хонжоо олох гэсэн өөрийн явцуу ашиг сонирхлын улмаас албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй өөртөө болон бусдад давуу байдал олгох хүсэл зоригийг илэрхийлэн бусдаас 100.000 төгрөг өгөхийг шаардсан үйлдэл нотлогдож байх тул “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.   

Иймд прокуророос шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч ***г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдээгүй гэж, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Т.Золбоо нар нь “...Хахууль өгөхийг шаардсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй тул цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй ба шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул дангаараа нотлох баримт болохгүй болно.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагчаас: шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд 5 жил ажиллах эрхийг нь хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагаас: Шүүхээс гэм буруутайд тооцсон. Улсын яллагч торгох ялын санал хэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийгмийн хор аюулын хувьд бага, бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Золбоогоос: Улсын яллагч торгох ялыг санал болгож байна. Уг ялын саналыг дэмжиж байна. Торгох ялын санкц нь 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно. Миний үйлчлүүлэгч насаараа төрийн байгууллагад ажилласан. Зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдож байгаагүй, авсан гавьяа шагнал, үр нөлөөтэй ажилласан зэргийг харгалзан хамгийн бага хэмжээгээр буюу 10,000 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүх шүүгдэгч ***д ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар урьд ял шийтгүүлж байгаагүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, талуудын ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 “....шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч ***г гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА