Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0567

 

 

                                               

 

 

 

    2021         09           03                                  128/ШШ2021/0567

                                                 

                                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.НЧ, Б, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “П э” ХХК                                                              

Хариуцагч: “НХОГ” ОНӨААТҮГ, БШУЯ

Нэхэмжлэлийн шаардлага: НХОГ болон БШУЯ нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/” НХААГ-180074-2 дугаартай захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгож, тус гэрээний 5-ын b, 6-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсний дагуу нэмэлт ажлын төлбөр болох 280,829,358.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П э” ХХК-ийн төлөөлөгч Д.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “П э” ХХК нь “НХОГ” ОНААТҮГ-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 125-р цэцэрлэг”/ НХААГ-180074 дугаартай гэрээ байгуулсан.

Тус гэрээний дагуу “П э” ХХК нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж байнгын ашиглалтад оруулаад байна.

Уг цэцэрлэгийн барилга нь он дамжин хэрэгжиж санхүүжиж байгаа бөгөөд ажлын алдагдал төсөв нь улсын төсөвт Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2019-2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад 800.000.000 төгрөгөөр батлагдсан. Цэцэрлэгийн барилгын захиалагчийн үүргийг чиг үүргийн дагуу “НХОГ” ОНААТҮГ гүйцэтгэж, санхүүжилтыг БСШУЯ олгодог болно.

Ажил гүйцэтгэх явцад зураг төсөлд тусгагдаагүй, гэрээний үнийн дүнд ороогүй боловч гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөл байдал болон Захиалагчийн хүсэлт шаардлагын дагуу нэмэлт ажлуудыг гүйцэтгэхэд 280.829.358 төгрөгийн зардал гарч байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2020.06.08-ны 01/15 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн.

Уг хүсэлтийг захиалагч хүлээн авч 2020.06.09-ны өдрийн хамтарсан хурлаар захиалагч “НХОГ” ОНААТҮГ-ын инженерүүд “тус нэмэлт ажлыг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байгаа”, “төсвийн үнийн дүн 280.829.358 төгрөгийг хяналтын инженерүүд хянаж шалгасны үндсэн дээр энэ хурлаар хэлэлцүүлж байгаа” зэргийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар тус өдрийн хурлаар нэмэлт ажлын төсөвт Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэсний үндсэн дээр БСШУЯанд хүргүүлэн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр тогтсон.

Өмнө хэлэлцэж тохирсны дагуу шаардлагатай нэмэлт хөрөнгийг шийдвэрлэж өгөөгүй тул 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/17 тоот албан бичгээр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад уг санхүүжилтийн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт өгсөн.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан  барилгын ажлыг яаралтай дуусгах дуусгах шаардлагаар манай компанийн зүгээс нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн. Захиалагчийн зүгээс бодит нөхцөл байдалд зайлшгүй хийгдэх газар шорооны болон буулгалтын ажил хийх, хүүхдийн эрүүл аюулгүй, ая тухтай байдлыг хангахтай холбогдуулан тавьсан санал, улсын комисс болон мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлага зэргийн үндсэн дээр зураг төсөл, төсөвт багтаагүй дараах нэмэлт ажлууд гүйцэтгэгдээд байна. Үүнд:

-Буулгах ажил. Улсаас олгосон газарт байсан хуучин 6 том байшингийн бетонон суурийг нурааж бусад хуримтлагдсан их хэмжээний хогийн хамт зөөж хаях.

-Дотор заслын ажил. Ангиудад тусгаарлах ханын шкаф хийх, гал тогооны угаалтуурын тавиур хийх мөн ослын гарцад давхар вакум хаалга хийх гэх мэт бусад.

-Тохижилтын талбайн далангийн ажил. Шороо зөөж авчран газар тэгшилж, авчирсан шороог дагтаршуулах.

-Гадна тохижилтын ажил. Явган замын өнгөт хавтан суурилуулах, бетонон тэгшилгээ хийх, түшиц хана цутгах, хамгаалалтын хайс хийх, резинэн хавтангаар талбай бүрэх, гадна талбайд резинэн будаг будах, хүүхдийн багц тоглоом угсрах.

-            Гадна холбоо. Холбооны тулгуур босгох.

-            Суурийн ажил. Усны нөөцийн савны суурь цутгах.

Дээрх нэмэлт ажлуудын үнэлгээг зураг төсөл зохиогч “ТГТ” ХХК нь төсөвт өөрчлөлт оруулсныг Барилгын хөгжлийн төв 2020 оны 09 дүгээр сарын 23-ны 1781/2020 тоот Магадлалын нэгтгэсэн дүгнэлт гаргаж баталгаажуулсан. Магадлал хийгдсэн төсвөөр бид нэмэлтээр 280 829 358 (хоёр зуун наян сая найман зуун хорин есөн мянга гурван зуун тавин найм) төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохын баталсан.

Улмаар нэгэнт гаргаж гүйцэтгэсэн санхүүжилтыг шийдвэрлэн нөхөн олгуулахаар захиалагчид хандаж 2020.10.01-ны өдрийн хамтарсан хурлаас захиалагчийн зүгээс “Уг ажлын захирамжаар баталсан хөрөнгө нь 2.500.000.000 төгрөг, энэ нэмэлт ажлын 280.829.358 төгрөгийг нэмэхэд 2.424.815.783 төгрөг болж байгаа тул хэмнэсэн хөрөнгөөс шийдвэрлүүлэх боломжтой” гэж үзсэн. Иймээс “2020 оны улсын төсвийн уг ажлын санхүүжилт 800.000.000 төгрөг бүтэн байршсанаас тендерийн хэмнэлт болох 356.013.575 төгрөгийн үлдэгдэл байгаа тул уг хөрөнгөөс нэмэлт ажлын 280.829.358 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр БШУЯ-нд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2020.10.08-ны 2/3990 тоот албан бичгээр төсвийн хэмнэлтээс нэмэлт ажлын 280.829.358 төгрөгийг гаргаж олгуулахаар Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн.

Албан бичгийн дагуу БСШУЯ, НХОГ ОНӨААТҮГ болон манай компани 2020.11.06-ны өдөр хамтарсан уулзалт хийхэд талууд тус ажлууд зайлшгүй хийгдэх ёстой байсан бөгөөд тус шаардлагын улмаас төсөв нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч сангийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу гэрээнд өөрчлөлт оруулж нэмэлт санхүүжилт олгох эрх хэмжээ байхгүй гэж тайлбарласан.

Захиргааны Ерөнхий хуулийн 58.1-д заасныг журамлан Иргэний хуулийн 343.1, 344.2, 345.2-д тус тус заасны дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 280.829.358 төгрөгийг НХОГ ОНӨААТҮГ, БСШУЯнаас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. ...Гэрээний дагуу ажлаа хийгээд дуусгасан. Бусад янз бүрийн байдлаар цэцэрлэгийг ашиглалтад оруулахгүй өнөөдрийг хүртэл бид нарт барих нөхцөл боломж эрх нь байсан. Гэрээгээ сунгаад хүлээж бай гэсэн Боловсролын яамны хурлын тэмдэглэлийн тайлбарт байдаг.

НХОГ бол улсын төсвөөр хэрэгжиж байгаа барилга байгууламжийн үйл ажиллагаанд хяналт тавих газар. Энэ байгууллага маш сайн ажилласан. Манай байгууллага дээр хийгдсэн ажил дээр гэрээний нэг тал болж орсон учраас манай байгууллага Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг хари

+*9+*/

+уцагчаар татсан. Энэний эцсийн хөрөнгийг шийдвэрлэдэг газар бол Боловсрол соёл шинжлэх ухааны яам буюу Боловсролын яамны харьяа барилга байгууламж цэцэрлэгийн барилга байсан.

Хөрөнгө оруулалтын газар энэ талаар сайн ажилласан. Барилга байгууламжаа ашиглалтад оруулсан, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Тэгэхдээ гэрээний нэг тал гэдэг утгаараа нэхэмжлэлд оруулсан. Үндсэндээ хариуцагч тал үгүйсгэсэнгүй. 2020 оны 01 дүгээр сард Сангийн яамнаас чиглэл өгсөн гэж байгаа тэр чиглэлийнхээ нийтэд нь дүүрэг, чиглэл гээд задлаад явуулсан бол тодорхой хэмжээний эрсдэл нь бага байх байсан болов уу. Сангийн яам манай байгууллагатай ямарваа нэгэн байдлаар холбогдоогүй гэрээний нэг тал болж ороогүй, үүрэг хариуцлага хүлээгээгүй. Хөрөнгө оруулалтын газар бол боломжоороо ажилсан. Нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл байхгүй.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “П э” ХХК НХОГ, ОНААТҮГ-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн НХААГ-180074 дугаартай цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн гэрээ байгуулсан. Энэ ажлыг 2019-2020 онуудад үе дамжиж гүйцэтгэсэн. Улмаар тухайн гэрээ нь захиалагч нь НХОГ тухайн гэрээний санхүүжилт нь бол улсын төсөв Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд нэхэмжлэлийн хүрээнд явагдсан ажил байсан. Ажил гүйцэтгэх явцад зураг төсөлд тусгагдаагүй гэрээний үнийн дүнг бодолцоогүй боловч гэрээ байгуулахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан.

Барилгын тухай хуулийн 11.1.1, 11.1.3 дахь хэсэгт зааснаар үндсэн зарчим байдаг. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу барилгын захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодорхой чиглэл өгөөд хийлгэсэн байгаа. Ажил гүйцэтгэх явцад зураг төсөлд тусгагдаагүй гэрээний үнийн дүнд ороогүй,гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөл болон хүсэлт шаардлагын дагуу нэмэлт ажлуудыг гүйцэтгэхэд 280,829,358 төгрөгийн зардал гарч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01/15 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар НХОГ тус нэмэлт ажлыг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байгаа гэснийг хүлээн зөвшөөрсөн.

Тухайн хурлаар нэмэлт ажлын төсөвт барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэсний үндсэн дээр Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлж хөрөнгийг шийдвэрлүүлэхээр тогтоосон. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/17 тоот албан бичгээр санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт өгсөн. Хичээл эхлэхдээ холбоотой манай компани нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Хүүхдийн эрүүл аюулгүй ая тухтай байдлыг хангахтай холбогдуулан санал тавьсан, улсын комисс болон мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагын үндсэн дээр улсаас олгосон 6 том байшингийн бетонон суурийг нурааж хуримтлагдсан хогийг зөөж хаях, ангиудад ханын шкаф хийх, гал тогооны угаалтуурыг тавиур хийх давхар вакум хаалга хийх, шороо зөөж авчран газар тэгшилж, авчирсан шороог дагтаршуулах, явган замын өнгөт хавтан суурилуулах, тэгшилгээ хийх, хана цутгах, хамгаалалтын хайс хийх, резинэн хавтангаар талбай бүрэх, хүүхдийн багц тоглоом угсрах, холбооны тулгуур босгох, усны нөөцийн савны суурь цутгах гэх ажлуудыг хийсэн.

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1781/2020 тоот магадлалын нэгтгэсэн дүгнэлт гаргаж баталгаажуулсан. Захиалагчид хандаж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хамтарсан хурлаас захиалагчийн зүгээс 2,500,000,000 төгрөг, нэмэлт ажлын 280,829,358 төгрөгийг нэмэхэд 2,424,815,783 төгрөг болж байгаа тул хэмнэсэн хөрөнгөөс шийдвэрлүүлэх боломжтой. 2020 оны улсын төсвийн уг ажлын санхүүжилт 800,000,000 төгрөг, хэмнэлт 356,013,575 төгрөгийн үлдэгдэл байгаа тул 280,829,358 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/3990 тоот албан бичгээр 280,829,358 төгрөгийг гаргаж олгуулахаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хамтарсан уулзалт хийхэд талууд тус ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан. Гэвч Сангийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу гэрээнд өөрчлөлт оруулж нэмэлт санхүүжилт олгох эрх байхгүй гэж тайлбарласан.

Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Иргэний хуулийн 343.1, 344.2, 345.2 дахь хэсэгт заасны дагуу манай компанийн хийсэн ажлын төлбөр 280,829,358 төгрөгийг НХОГ, Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гаргаж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Хариуцагч НХОГ, ОНААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... НХОГ нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд НХОГ нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчил аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн гүйцэтгэлийн хянаж баталгаажуулан санхүүжилт олгох эрх

Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээний санхүүжилт нь улсын төсвийн хөрөнгөөр буюу БСШУЯны сайдын багцад багтсан байдаг бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дүрэм болон хуулиар төсөв хөрөнгө шийдвэрлэх эрхгүй юм. Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...П э” ХХК-ийн нэмэлт ажил дээр маргасан зүйл байхгүй. Нэмэлт ажлын хөрөнгө нь НХОГ шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш. Энэ талаараа 3,4 удаа Боловсролын яаманд бичиг хүргүүлсэн байгаа.” гэжээ.

Хариуцагч БШУЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сангийн яамны сайд 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 9/221 дугаартай хүсэлтийг хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Сангийн яамнаас тодорхой чиглэл өгсөн байгаа. Энэ чиглэлийн хүрээнд ямар нэгэн нэмэлт санхүүжилт олгохгүй гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Тухайн үед бид нар ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийх шийдвэр гаргасан тохиолдолд Сангийн яам санхүүжилт олгохгүй байсан. Нэхэмжлэгч компаниас тухайн төлөөлөл хуулийн зөвлөл Д******* гэдэг хүн хамтран гаргах буюу Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газрын дарга Энх-Амгалан тодорхой хэлсэн. Тийм учраас энэ гэрээг хийгээгүй.” гэжээ.

Хариуцагч БШУЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдаж эрх шилжсэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг “П Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 180074 дугаартай гэрээ байгуулан гүйцэтгэсэн. Тус түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд барилга угсралтын ажлыг нийт 2,143,986,425,0 төгрөгөөр гүйцэтгэж 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өдөр ашиглалтад оруулахаар тусгасан.

2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр хавсралтын 12.1.1.174 дэх хэсэгт цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор төсөвт өртөг 2,500,0 сая төгрөг санхүүжих дүн 800,0 сая төгрөг байхаар батлагдсан. Барилгын санхүүжилтийг ажил гүйцэтгэлээр 2019 онд 1,699,999,999,0 төгрөг, 2020 онд 443,986,426,0 төгрөгийг олгож нийт санхүүжилтийг бүрэн авсан. Цэцэрлэгийн барилгыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БА-110/2020 дугаар бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан. Цэцэрлэгийн барилга угсралтын явцад нэмэлт ажлууд гарсан талаар П Э ХХК-аас 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/17 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/20 тоот албан хүсэлтэд дурдсан.

 Нэмэлт ажлын тоо хэмжээнд барилгын хөгжлийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 178/2020 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр 280,829,358,0 төгрөг хянагдаж баталгаажсан. Боловсрол шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/24 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурлаар “П Э” ХХК-ийн ирүүлсэн албан хүсэлтийн дагуу хэлэлцэж, тухайн жилд буюу 2020 онд Сангийн яамнаас улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга угсралтын бүх ажилд нэмэлт санхүүжилт олгохгүй байх тухай мэдэгдсэн тул 280,829,358,0 төгрөгийн нэмэлт санхүүжилтийн гэрээг байгуулах боломжгүй байгааг гүйцэтгэгчид мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “П Э” ХХК нь тус шүүхэд хандан “Захиргааны Ерөнхий хуулийн 58.1-д заасныг журамлан Иргэний хуулийн 343.1, 344.2, 345.2-д тус тус заасны дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 280,829,358.00 төгрөгийг НХОГ ОНӨААТҮГ, БСШУЯнаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гарсан байсныг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/03 тоот албан бичгээр “НХОГ болон БШУЯ нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/” НХААГ-180074-2 дугаартай захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгож, тус гэрээний 5-ын b, 6-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсний дагуу нэмэлт ажлын төлбөр болох 280,829,358.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгуулах” гэж тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “П Э” ХХК нь НХОГ ОНӨААТҮГ-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/” НХААГ-180074 дугаартай гэрээ байгуулсан.[1]

1.2. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр НХААГ-180074-1 дугаартай сунгалтын гэрээг байгуулсан.[2] Энэхүү нэмэлт гэрээгээр барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын болон барилга угсралтын ажлын хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

1.3. Талууд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр НХААГ-180074-2 дугаартай сунгалтын гэрээг байгуулсан.[3] Энэхүү нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлын хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

1.4. Дээрх гэрээний нийт үнийн дүн нь 2,143,986,425.00 /хоёр тэрбум нэг зуун дөчин гурван сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөг байна.

1.5. Нэхэмжлэгч “П Э” ХХК нь дээрх барилгын ажлын хүрээнд нэмэлт ажлуудыг гүйцэтгэж, тус нэмэлт ажлын зардлын төсөв нь нийт 280,829,358.00 /хоёр зуун наян сая найман зуун хорин есөн мянга гурван зуун тавин найман/ төгрөг болсон нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1781/2020 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтээр тогтоогдсон.[4]

1.6. Сонгинохайрхан дүүргийн 125 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын өргөтгөлийг хүлээн авсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БА-110/2020 дугаартай гарсан.[5]

1.7. Нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн зүгээс захиалагч НХОГ болон БШУЯны эрх бүхий этгээдэд хандан нэмэлт ажлын зардлыг олгох талаар удаа дараа хандсан бөгөөд үүний дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаан[6], 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хамтарсан хуралдаан[7], 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан хуралдаанаар[8] тус тус нэмэлт ажлын зардал болох 280,829,358.00 төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч БШУЯаар шийдвэрлүүлэх, мөн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдэд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтсон байна.

1.8. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор[9] уг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон.

1.9. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, тус гэрээний 5-ын b, 6-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсэн нэмэлт ажлын зардлыг олгохгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн эс үйлдэхүй, түүний хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заажээ.

2.2. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3 дахь заалтад зааснаар дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээ байгуулж болохоор зохицуулжээ.

2.3. Дээр дурдсан хуулийн хэм хэмжээний дагуу нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн зүгээс НХОГ ОНӨААТҮГ-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/” НХААГ-180074 дугаартай гэрээ нь нийгмийн суурь үйлчилгээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн зорилготой, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдсан захиргааны гэрээ байх бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор нэгэнт дүгнэсэн байна.

2.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “П Э” ХХК нь барилгын ажил гүйцэтгэгч болохынхоо хувьд Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад “барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” үүргийнхээ дагуу, мөн хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасан барилгын ажилд тавигдах шаардлагуудыг хангаж, гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлуудыг, тухайлбал, буулгах ажил /Улсаас олгосон газарт байсан хуучин 6 том байшингийн бетонон суурийг нурааж бусад хуримтлагдсан их хэмжээний хогийн хамт зөөж хаях/, дотор заслын ажил /Ангиудад тусгаарлах ханын шкаф хийх, гал тогооны угаалтуурын тавиур хийх мөн ослын гарцад давхар вакум хаалга хийх гэх мэт/, тохижилтын талбайн далангийн ажил /Шороо зөөж авчран газар тэгшилж, авчирсан шороог дагтаршуулах/, гадна тохижилтын ажил зэргийг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

2.5. Дээрх байдлаар гэрээний нийт үнийн дүнд багтаагүй нэмэлт ажлыг гүйцэтгэж, нэмэлт ажлын зардалд нийт 280,829,358.00 /хоёр зуун наян сая найман зуун хорин есөн мянга гурван зуун тавин найман/ төгрөгийг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү ажлын гүйцэтгэл, чанарын талаар хэргийн оролцогчдын хооронд ямар нэг маргаан байхгүй байна.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:” гээд мөн зүйлийн 11.1.2 дахь заалтад “захиргааны гэрээ” гэж зааснаас үзвэл захиргааны гэрээ байгуулах ажиллагаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэрийн нэг байх бөгөөд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заажээ.

2.7. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн Тавдугаар бүлэгт заасан захиргааны гэрээнд холбогдох зохицуулалтаас гадна тухайн захиргааны гэрээний хувьд тус хуульд өөрөөр зохицуулсан болон нарийвчилсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй тохиолдолд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг нөхөн тохируулж хэрэглэхийг зөвшөөрдөг.

2.8. Талуудын хооронд байгуулсан “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлын гэрээ” нь хэдийгээр захиргааны гэрээ боловч тус гэрээний зүйл, тохиролцооны агуулга нь тодорхой “ажлын үр дүн”-д чиглэж байгаа шинжээрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжтэй адил байх тул 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/” НХААГ-180074 дугаартай гэрээний хувьд Иргэний хуулиар зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний холбогдох зохицуулалтыг нөхөн тохируулж хэрэглэх боломжтой гэж үзнэ.

2.9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж, мөн зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.

2.10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан үндсэн ажлыг гүйцэтгэхэд хамааралтай ажлын төсвийн хэмжээ нь гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас нэмэгдэж болох бөгөөд тэр тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагчид мэдэгдсэнээр ажлын нэмэлт төсвийг шийдвэрлэх бөгөөд тийнхүү шийдвэрлэсэн хөлс /зардал/-ийг төлөх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

2.11. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн сунгалтын гэрээний 5 дугаар зүйлд уг гэрээний салшгүй хэсгийг тохиролцсон байх бөгөөд тус зүйлийн а-д “үндсэн гэрээ болон гэрээний сунгалтууд”, b-д “техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл” гэж зааснаар эдгээр нь тус гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд ажил гүйцэтгэгчээс нэмэлт ажлын зардал гарсан гэдгийг захиалагчид удаа дараа мэдэгдэж, захиалагчийн зүгээс уг нэмэлт ажлын зардлыг хүлээн зөвшөөрсөн болох нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаан, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хамтарсан хуралдаан, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байна.

2.12. Түүнчлэн нэхэмжлэгч “П Э” ХХК нь захиалагчийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж, нэмэлт ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн, нэмэлт ажлын төсөвт магадлал хийлгэж тогтоолгосон, уг барилгын нэмэлт ажлын гүйцэтгэл, чанар болон нэмэлт ажлын төсвийн хэмжээний тухайд хариуцагч нар маргахгүй байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдож байхад хариуцагчийн зүгээс гэрээний хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа, түүнийг шийдвэрлэхгүй байгаа үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэж үзнэ. Түүнчлэн дээр дурдсан хуулийн холбогдох зохицуулалтуудаар хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж, нэмэлт ажлын зардлыг нэхэмжлэгчид төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэх тул энэхүү эс үйлдэхүйг хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2.13. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч нараар НХОГ ОНӨААТҮГ болон БШУЯыг тодорхойлсныг дараах үндэслэлээр үндэслэл бүхий гэж шүүх үзсэн болно.

2.14. Тодруулбал, маргаан бүхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд захиалагч буюу гэрээний нэг тал нь НХОГ болох нь маргаангүй, түүнчлэн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дахь заалтад “төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” ойлгоно гэж зааснаар маргаан бүхий гэрээний нэмэлт ажлын зардлын санхүүжилтийн төсвийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь БШУЯ байх тул эдгээр байгууллагуудын хэн аль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасны дагуу хариуцагч этгээд болно гэж дүгнэлээ.

2.15. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч БШУЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Сангийн яамнаас 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга угсралтын бүх ажилд нэмэлт санхүүжилт олгохгүй байх” агуулгатай мэдэгдлийг БШУЯанд ирүүлж байсан учраас тэрхүү мэдэгдлийг гаргуулан авах талаар дурдсан бөгөөд энэхүү мэдэгдэл нь маргаан бүхий гэрээний хөлс төлөх үүргийн гүйцэтгэлтэй хамааралтайгаар нэхэмжлэгчийн шаардаж буй нэмэлт ажлын зардал болох 280,829,358.00 төгрөгийг гаргуулах шаардах эрхийн агуулгад шууд хамааралтай баримт биш байх тул нотлох баримтаар гаргуулан авах нь хэрэгт ач холбогдолгүй гэж шүүх дүгнэлээ.

2.16. Мөн шүүхээс шаардсаны дагуу Сангийн яамнаас ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9/4927 тоот албан бичигт[10] “... Мөн Сангийн яамнаас БШУЯанд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн барилга угсралтын бүх ажилд нэмэлт санхүүжилт олгохгүй талаар мэдэгдсэн албан бичиг, баримт материал байхгүй болно” гэсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 52.2.3 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1, 345.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НХОГ болон БШУЯ нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/” НХААГ-180074-2 дугаартай захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, тус гэрээний 5 дугаар заалтын b, 6 дугаар заалтад заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан хурлын тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсний дагуу нэмэлт ажлын төлбөр болох нийт 280,829,358.00 /хоёр зуун наян сая найман зуун хорин есөн мянга гурван зуун тавин найман/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч НХОГ ОНӨААТҮГ болон БШУЯанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,562,096.79 /нэг сая таван зуун жаран хоёр мянга ерэн зургаан төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НХОГ ОНӨААТҮГ болон БШУЯнаас тус бүр 781,048.39 /долоон зуун наян нэгэн мянга дөчин найман төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 12-13 дахь тал

[2] Хх 14-16 дахь тал

[3] Хх 17-19 дэх тал

[4] Хх 28-36 дахь тал

[5] Хх 20-23 дахь тал

[6] Хх 24-25 дахь тал

[7] Хх 26-27 дахь тал

[8] Хх 121-126 дахь тал

[9] Хх 65-66 дахь тал

[10] Хх 119 дэх тал